Ф.Олланд нөхрөө хөнөөсөн эмэгтэйг өршөөжээ
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нөхрөө алсан хэргээр
10 жилийн ял эдэлж байгаа 68 настай Жаклин Саважийг өршөөх зарлиг гаргалаа.
Жаклины нөхөр нь олон жилийн турш эхнэр, охиноо зодож, нүддэг байжээ. Мөн
хүүгээ харааж, загнаж байсны улмаас хүү нь амиа хорлосон аж. Хүү нь амиа
хорлосны дараагийн өдөр Жаклин нөхрөө алжээ. Энэ хэрэг Франц даяар шуугиан
дэгдээж 400 мянган хүн түүнийг өршөөхийг уриалж гарын үсэг цуглуулсны дараа
Ерөнхийлөгч эмэгтэйг өршөөх шийдвэр гаргасан байна.
Дамаскт олон хүний амь үрэгдэв
Сирийн нийслэл Дамаскт болсон халдлагын улмаас 60 гаруй
хүн амиа алдаад байна. 110 орчим хүн шархдаж бэртлээ хэмээн ВВС мэдээлэв. Амиа
золиослогч этгээдүүд энэ халдлагыг үйлджээ. Дамаск хотын Куу-Ас дүүрэг дахь
Саид Зейнаб лалын сүмийн гадаа дэлбэрэлт болсон аж. Халдлагыг “Исламын улс”
бүлэг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрөөд байна. Хэд хоногийн өмнө Хомс хотод
дэлбэрэлт болж 19 хүн амиа алдсан юм.
“Синалоа” мафид том цохилт өглөө
Мексикийн цагдаа Америкийн тусгай албадын тусламжтайгаар “Синалоа”
гэмт бүлэглэлийн 24 гишүүнийг баривчилжээ. Тус бүлэглэл нь хар тамхи, хүний
наймаа эрхэлдэг томоохон мафи юм. “Чөтгөрийн буухиа” хэмээн нэрлэсэн тусгай
ажиллагаа “Синалоа” мафийн удирдлагыг устгахад чиглэгдсэн ажээ. Гэвч
баривчлагдсан хүмүүсийн нэр, албан тушаалыг ихээхэн нууцалж байна. Тусгай
ажиллагаа Америк-Мексикийн хил орчимд явагдаж хар тамхины мафид томоохон цохилт
өгчээ. “Синалоа” мафийн толгойлогч Хоакин Гузман хэд хоногийн өмнө
баривчлагдсан юм.
Лоуренс Ф.Кастрогийн амрагийн дүрд тоглоно
Холливуд улс төрийн нөхцөл байдалд үргэлж мэдрэмжтэй
ханддаг билээ. АНУ, Кубын харилцаа сайжирч байгаа өнөө үед Фидель Кастро,
Марита Лоренц нарын хайр сэтгэлийн холбооны талаар кино хийхээр болжээ.
1959
онд 19 настай Марита Лоренц Кубад хөл тавьсан юм. Америкийн хөлөг онгоцны
герман ахмадын охин Марита энэ үеэр 33 настай Фидельтэй танилцсан аж. “Бусдаасаа
өндөр нэг залуу байсан. Би түүнээс “Та хэн бэ” гэж асуухад “Би куба хүн.
Командлагч Фидель Кастро” гэж хариулж билээ. Би түүнд дурласан... Дараа нь
түүнийг алах гэж оролдсон” хэмээн эдүгээ 76 настай Марита ТТГ-ын тусгай
ажиллагааны тухай баримтат кинонд дурсан ярьж байна. Маритаг АНУ-д буцаж очсоны
дараа ТТГ түүнийг элсүүлж Кубын хувьсгалын лидерийг хортой нүүрний тосоор
хордуулж алах даалгавар өгч байжээ. Гэвч хайр сэтгэл дийлж, Марита даалгаврыг гүйцэтгэх
гэсэн ч гар нь хөдлөөгүй юм. Тэгвэл Холливуд энэ түүхээр уран сайхны кино
хийхээр болж Маритагийн дүрд “Оскар”-ын шагналт, 25 настай Женнифер Лоуренсийг
тоглуулахаар сонгож авчээ. Дашрамд сонирхуулахад Марита Лоренц Венесуэлийн
дарангуйлагч Маркос Перес Хименестэй амраглаж, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедийн
аллагад нэр холбогдож явжээ. Мөн ХМТ-ны тагнуулчаар олон жил ажиллаж, социалист
орнуудын дипломат ажилтнуудыг тагнаж явсан юм.