Украины Ерөнхийлөгч 104 компанитай
Ерөнхийлөгч Петр Порошенко дотоод, гадаадад 104 компани
эзэмшдэг нь Украины Авлигатай тэмцэх үндэсний агентлагт ирүүлсэн мэдүүлгээс
харагдаж байна. Тэрээр 2015 онд хамтын эзэмшлийн бизнесээс 2.6 сая долларын
ашиг олжээ. Дээрх компаниуд бүгд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө байгуулагдсан
хэмээн Порошенко мэдүүлэв. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, орон сууц, газар,
автомашин, уран зураг гээд бүгдийг төрийн алба хашихаасаа өмнө худалдаж авсан
аж. Украины Ерөнхийлөгч банкинд 26 сая долларын хадгаламжтай, гэртээ бэлэн 60
мянган доллартай гэжээ. Түүний гэр бүл мөн хэд хэдэн зуслан, Одесс хотод
амралтын газартай, найман автомашин, зургаан бугуйн цаг, хоёр булган дээл,
эмэгтэй хүний гурван цүнх, 84 уран зургийн цуглуулгатай. Петр Порошенког чихэр,
шоколадны Roshen
компанийн эзэн гэдгээр дэлхий нийт мэддэг билээ.
National Geographic-ийн нүүрийг чимж байсан бүсгүйг
суллажээ
Пакистаны эрх баригчид National Geographic сэтгүүлийн
нүүрэнд заларч дэлхий нийтэд алдаршсан афган бүсгүй Шарбат Гулаг долоо хоног
саатуулсны эцэст суллажээ. Түүнийг хуурамч бичиг баримтаар Пакистанд амьдарч
байна хэмээн буруутгасан ч тэрээр үүнийг няцааж байна. Гулаг хүнлэг энэрэнгүйн
үүднээс сулласан хэмээн Дотоод хэргийн сайд Чаудри Нисар мэдэгдэв. Гэвч энэ
хэрэг хаагдаагүй, хэд хэдэн түшмэлийг холбогдуулан шалгаж байгаа аж. 12
настайдаа Пешавар дахь афган дүрвэгсдийн хуаранд амьдарч байсан Шарбат Гулагийн
зураг 1985 онд National Geographic сэтгүүлийн нүүрэнд гарч дайны улмаас зовж
шаналж буй олон мянган хүнийг төлөөлснөөр тэрээр дэлхий нийтэд алдаршсан юм. Америкийн
гэрэл зурагчин Стив Маккарри энэ зургийг даржээ. Шарбат Гулаг баривчилж хорьсон
нь иргэний эрхийг зөрчсөн хэрэг хэмээн гэрэл зурагчин үзэж байна.
Молдавын сонгуульд ОХУ-ын талыг баримтлагч тэргүүлж байна
Молдавын Ерөнхийлөгчийн сонгуульд социалистуудын тэргүүн
Игорь Додон тэргүүлж байна. Нийт саналын 73.52 хувийг боловсруулан гаргахад
тэрээр 51.45 хувийн санал аваад байна. Хамгийн ойрын өрсөлдөгч, барууны эвслийн
Майе Санду 35.16 хувийн санал авчээ. Сонгуулийн ирц хуулинд заасан хэмжээнд
хүрсэн, элдэв ноцтой зөрчил, маргаан гараагүй тул сонгуулийг хууль ёсны дагуу
болж өнгөрлөө гэж үзжээ. Молдавын Ерөнхийлөгчийн сонгуульд есөн нэр дэвшигч
өрсөлдөв. Эхний шатанд шууд ялалт байгуулахад 50-аас дээш хувийн санал авсан
байх ёстой. Игорь Додон өөрийгөө ОХУ-д итгэдэг цорын ганц молдав улстөрч хэмээн
нэрлэдэг аж. Тус улсад сүүлийн 16 жилд анх удаа Ерөнхийлөгчөө ард түмний шууд
санал хураалтаар сонгож байна. Тэрээр НАТО-той ойртон нөхөрлөх, Европтой
нэгдэхийг эсэргүүцэж, Оросын зах зээлгүйгээр Молдав улс хөгжихгүй гэж үздэг.
No comments:
Post a Comment