Жулиан Ассанж интернэтгүй болжээ
Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд байгаа Wikileaks
сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн интернэтэд орох эрхийг хаасан гэдгийг
Эквадорын эрх баригчид баталлаа. “Сүүлийн үед Wikileaks сайтад АНУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд нөлөөлж болохуйц мэдээ материал
нийтлэгдэж байна. Эквадор улс бусад улсын хэрэгт оролцохгүй, сонгуулийн үйл
явцад нөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байна” хэмээн тус улсын Гадаад хэргийн
яамны мэдэгдэлд онцолжээ. АНУ-ын дарамт шахалтаар Ассанжийн интернэтэд орох
эрхийг хассан гэдэг мэдээллийг тэд няцаасан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн
сонгуульд дэвшиж байгаа Хиллари Клинтонтой холбоотой материал нийтлүүлэхгүй
байхыг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Эквадор улсаас хүссэн гэсэн
мэдээлэл түгсэн юм. Хиллари Клинтоны АНУ-ын тэргүүлэх банкируудын өмнө хийсэн
хаалттай илтгэлийг Wikileaks нийтэлсэн билээ. Экадор улс Ассанжид улс төрийн
орогнол олгох шийдвэр дээрээ хэвээр байна.
Конгод 16 хүн амиа алдлаа
Ардчилсан бүгд найрамдах Конго улсад үндэстэн хоорондын
мөргөлдөөн гарч 16 хүн амь насаа алдлаа. Тус улсад тансаг хэрэглээнд тооцогддог
өт авгалдайн худалдаанд хэд хоногийн өмнө татвар ногдуулсны улмаас мөргөлдөөн
үүсчээ. Өт авгалдай худалддаг хүмүүс татвар төлөхөөс татгалзаж, татвар авахаар
ирсэн луба омгийн хэд хэдэн хүмүүсийн аминд хүрсэн аж. Луба омгийнхон хариу
довтолж пигмей омгийн 13 хүнийг алжээ. Конго улсад 10 см урт хар өтийг хоол
хүнсэнд өргөн хэрэглэдэг. Тэдгээрийг модноос түүж буцалгаж, шарж хүнсэнд
хэрэглэдэг ажээ. Өт авгалдай түүх ажлыг пигмей овгийнхон хийдэг бөгөөд тэдний
орлогын гол эх үүсвэрийн нэг юм.
Хятадын эдийн засаг 6.7 хувиар өсчээ
Хятадын эдийн засаг гуравдугаар улиралд өмнөх оны мөн
үетэй харьцуулахад 6.7 хувиар өслөө хэмээн тус улсын Статистикийн хорооноос
мэдээлэв. Өмнөх улиралтай харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн 1.8 хувиар
өсчээ. Жилийн эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.7-гоос 7.1 хувьд хүрнэ
хэмээн эрх баригчид найдаж байна. 2016 оны есдүгээр сарын байдлаар Хятад дахь
хөрөнгө оруулалтын өсөлт 9.1 хувьтай байна. Сүүлийн таван жилд тус улс дахь
үйлдвэрлэгчдийн үнийн инпекс анх удаа өссөн дүн гарчээ. Хятадын эдийн засагт
тодорхойгүй хүчин зүйл их байгаа тул энэ өсөлтийг тогтвортой гэж дүгнэж
болохгүй хэмээн эдийн засагчид үзэж байна.
No comments:
Post a Comment