Saturday, October 15, 2016



Алеппо хотын хүүхдүүд: Бид та нарыг хэзээ ч өршөөхгүй

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Жон Керри нар Швейцарийн Лозанн хотод уулзаж Сирийн хямралыг зохицуулах талаар дөрвөн цаг гаруй ярилцсан ч үр дүнд хүрсэнгүй. Энэ хооронд Сири болон ОХУ-ын онгоцууд Алеппо хот дахь босогчдын байрлалыг бөмбөгдсөөр байна. Энэ довтолгоонд энгийн иргэд, тэр тусмаа хүүхдүүд амь насаа алдсаар байгааг хүний эрхийн байгууллагууд мэдэгдсээр байгаа юм. Сүүлийн хоёр хоногт тэнд 150 энгийн иргэн амиа алдсаны дотор цөөнгүй хүүхэд байгаа аж. ВВС-ийн сурвалжлагч Марк Томпсон Алеппо хотод амьдардаг ах дүү Виссам (12 настай), Зейн (11 настай) нартай холбогдож ярилцжээ.

Зейн: - Өдөр нь бид тоглож, зурж, уншиж, чөлөөт цагаараа ямар нэг юм хийж өнгөрөөдөг. Янз бүрийн тоглоом тоглож, заримдаа дуулдаг. Харин бөмбөгдөлт эхлэхэд бид өрөөнөөс гарч хонгил руу очиж нуугддаг.
ВВС: - Зейн, та нарт гэрийн тэжээвэр амьтан байдаг уу? Нохой, муур ч юм уу?
Зейн: - Ямар ч амьтан байхгүй. Би энэ хотод ямар ч амьтан хараагүй. Бүгд бөмбөгдөлтөөс зугтаад явчихсан байх.
ВВС: - Найзуудтайгаа тоглож, зугаацаж чадаж байна уу?
Виссам: - Заримдаа л, дандаа тоглоод байж чаддаггүй. Тоглох гээд гарахаар л бөмбөгдөөд эхэлдэг. Миний бараг бүх найз Сирийг орхиод явчихсан.
Зейн: - Бидний амьдрал маш хүнд байна. Арай гэж л амьдарч, аргацааж байна. Би тэсрэх бөмбөгийн чимээг дарах гэж оролддог.
ВВС: - Яаж?
Зейн: - Чихээ алгаараа дарж, толгойгоо дэрээр бүтээдэг. Тэгэхгүй бол унтаж чадахгүй хэцүү байдаг.
Виссам: - Нэг удаа ээж маань төрөл төрөгсөд рүүгээ явчихаад бид хоёр ээжийг хүлээгээд гэрийнхээ гадаа байж байлаа. Гэнэт нэг пуужин хажуу талын байшинг оносон. Хүмүүс хашгирч, уйлж, гүйлдэж, нуранги дор байгаа хүмүүсийг хайж эхэлсэн. Үнэхээр аймшигтай байсан.
ВВС: - Та нарт сургуульд явах боломж байдаг уу?
Зейн: - Сүүлийн нэг сар сургуульд явсангүй. Хичээлд яваад эхлэхээр л агаараас довтолж эргэн тойрны бүх юмыг сүйтгээд хаячихдаг. Одоо онгоцны чимээг сонсоод л нисдэг тэрэг үү, бөмбөгдөгч, сөнөөгч онгоц уу гэдгийг шууд мэддэг болсон. Тэдгээр онгоцыг сайн танихын тулд интернэт рүү орж харсан юм. Бөмбөгдөлт эхлэнгүүт бид хоргодох байр руу орж онгоцны чимээ алга болох хүртэл шаланд нүүрээ нааж хэвтдэг.
ВВС: - Дайн болж байгааг мэдэж байгаа юу?
Виссам: - Тийм ээ, ойлгож байгаа. Энэ бол бидний эрх чөлөө, ирээдүйн үеийн төлөөх дайн.
ВВС: - Чи том болоод юу хийх вэ?
Зейн: - Би уран барилгач болохыг хүсдэг. Тэгвэл би Башар Асадын эвдлэн сүйтгэсэн бүхнийг сэргээн босгож чадна.
ВВС: - Дэлхий нийт та нарын төлөө юу хийгээсэй гэж боддог вэ?
Зейн: - Дэлхийн бүх лидер нэгдэж Сири дахь дайныг зогсоогоосой. Та нар үүнийг хийхгүй бол дайн үргэлжилсээр байх болно. Аллах та нарыг хэзээ ч өршөөхгүй. Би ч, миний найзууд ч та нарыг хэзээ ч өршөөхгүй. Та нар одоо ч, эцсийн шүүгдэх өдөр ч өршөөл эрээд хэрэггүй болно.
ВВС: - Ерөнхийлөгч Асад болон түүний холбоотон Орос, Ираны цэргийнхэнд юу хэлэхсэн бол?
Зейн: - Сирийн Ерөнхийлөгчид ингэж л хэлнэ: Аллах чамайг онилох болно.
Виссам: - Би чамайг хэзээ ч өршөөхгүй, хэдэн зуун өнгөрсөн ч. Чи хийсэн бүх гэм буруугаа Аллахын өмнө хариуцах болно.
ВВС: - Энэ ярилцлагыг харж байгаа дэлхийн хүүхдүүдэд юу гэж хэлмээр байна?
Виссам: - Сири хүүхдүүд эх орноо орхин явах хэрэгтэй гэж хэлж байгаа хүмүүс буруу ярьж байгааг хэлчихье. Бид эндээ, эх орондоо үлдэх болно.

Зейн: - Бид энд байна, биднийг битгий мартаарай. Бид амь насаа алдаж байна, бид үхэхийг биш, амьдрахыг хүсч байна.

No comments:

Post a Comment