Sunday, November 8, 2015



Airbus А321-ыг дэлбэлсэн хүнийг нэрлэжээ

ОХУ-ын зорчигч тээврийн Airbus А321 агаарын хөлгийг Египетэд дэлбэлсэн хэргийн болзошгүй зохион байгуулагч нь “Вилаят Синай” террорист бүлгийн тэргүүн Абу Усама аль-Масри хэмээн Британийн The Sunday Times сонин өөрийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Лондоны эрх баригчид энэ мэдээллийг баталсан ба уг террористыг баривчлах, эсвэл устгахад ОХУ, эсвэл Египетийн талд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн бичжээ. Ийм алхам хийх шийдвэр гарвал Их Британи Агаарын тусгай хүчний (SAS) цэргүүдээ тусгай ажиллагаанд татан оролцуулах аж. The Sunday Times-т бичсэнээр, Абу Усама аль-Масри нь лалын шашны “Аль-Азхар” их сургуулийг төгссөн Египетийн шашны зүтгэлтэн бололтой. Британийн тагнуулын албаны олж авсан мэдээллээр, Оросын агаарын хөлөгт Шарм-эль-Шейхийн нисэх буудалд ажилладаг “Вилаят Синай” бүлгийн нэгэн гишүүн тэсрэх бөмбөг оруулсан аж. Тэр этгээд одоо болтол эрх чөлөөтэй явж байж магадгүй хэмээн Лондон үзэж байна.
Оросын нисэх онгоцонд дэлбэрэх төхөөрөмж тавьж дэлбэлсэн гэх таамаглалыг АНУ-ын Барак Обама дэмжиж байна. Вашингтон энэ хэрэг явдлын талаар өөрийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж юу олсныг тодруулна хэмээн Обама мэдэгджээ. Харин Москва дээрх бүх яриаг зөвхөн нэг таамаг, нэг хувилбар хэмээн үзэж байгаа юм. А321 онгоц алан хядах ажиллагааны улмаас осолдсон гэх анхны хувилбарыг Британийн Гадаад хэргийн сайд Филип Хаммонд арваннэгдүгээр сарын 4-нд дэвшүүлсэн билээ. “Исламын улс” бүлгийн заавраар ажилладаг террорист бүлэг дэлбэрэлтийг зохион байгуулсан хэмээн мэдэгдэж байв.
Оросын онгоцны ослын талаарх бүх хувилбарт нотолгоо байхгүй байна хэмээн Египетийн иргэний нисэхийн газраас мэдэгджээ. Airbus А321 агаарын хөлгийн ослын шалтгааны тухай илтгэл бэлэн болоход дөрвөн долоо хоног шаардлагатай хэмээн Египетийн Засгийн газар үзэж байна. Онгоцны хар хайрцаг ямар байдалтай байгаагаас ихээхэн зүйл шалтгаалах аж. Оросын онгоцыг Синайд унагасан хэргийн хариуцлагыг “Исламын улс”-ын хяналтад байдаг бүлгийнхэн хүлээсэн юм.
ОХУ-ын “Когалымавиа” авиакомпанийн Airbus A321 онгоц Египетийн Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург руу хөөрөөд 23 минутын дараа радараас алга болжээ. Онгоц Синайн хойгт унаж сүйрсэн байв. Онгоцонд явж байсан 224 хүн бүгд амь үрэгджээ. 210 нь Шарм-эль-Шейхт амраад буцаж явсан Оросын иргэд байсан юм. Синайн хойгт төвлөрдөг “Вилаят Синай” нь Сири, Иракт хүчээ аваад байгаа “Исламын улс” бүлэгт үнэнчээ илэрхийлсэн террорист бүлэглэл ажээ.
Оросын онгоцыг алан хядагчид дэлбэлсэн гэх мэдээлэл түгсэний дараа Европын агаарын тээврийн томоохон компаниуд болох Lufthansa, AirFrance-KLM Синайг хойг руу хийдэг нислэгээ зогсоожээ. Үүний дараа Etihad Airways, Air Arabia, Qatar Airways, Jazeera Airways, Gulf Air, AirBerlin, мөн Оросын Red Wings, “Уральские авиалинии”, “Оренбургские авиалинии”, Nordwind Airlines, “Когалымавиа” авиакомпаниуд Синай руу нислэгээ зогсоогоод байна. 

No comments:

Post a Comment