Saturday, November 28, 2015




ОХУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авна

Сирийн хойд хэсэгт ОХУ-ын Су-24 байлдааны онгоцыг унагасан Анкарагийн эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэж байсан. "Туркийн эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээний багцыг боловсруулах Ерөнхийлөгчийн зарлиг манай Засгийн газарт ирлээ" хэмээн тэрээр өчигдөр мэдэгдэв. Үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарт тохиролцоонд хүрэхээр Анкаратай хийж байсан хэлэлцээг зогсоож буйгаа Оросын гүйцэтгэх засаглалын тэргүүн зарлалаа. Мөн ОХУ-ын газар нутаг дээр Туркийн пүүс, компаниудын үйл ажиллагааг хязгаарлах, хориглох Ерөнхийлөгчийн санаачилгыг даруй хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.
Хориг арга хэмжээний багцад Турк улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт орж байна. Европын холбооны хориг арга хэмжээнд орсон Москва Европыг Туркаар сольж, тэндээс ихээхэн хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авах болсон юм. Су-24 онгоцны хэрэг явдлын улмаас туркууд хүчирхэг худалдан авагчаа алдахад хүрээд байна. Мөн ОХУ Турктай байгуулсан эдийн засаг, санхүү, худалдааны хамтын ажиллагаагаа зогсоож, хориг арга хэмжээнд өртөөгүй турк барааны гаалийн татварыг нэмж магадгүй хэмээн Ерөнхий сайд Д.Медведев анхаарууллаа.
Төрийн мэдлийн "Ростуризм" агентлаг улсынхаа аялал жуулчлалын компаниудад хандаж Туркийн аялалыг сурталчлахгүй, санал болгохгүй байхыг даалгажээ. Арваннэг, арванхоёрдугаар сард Туркт хамгийн их зочилдог хүмүүс нь оросууд юм. Аравдугаар сарын 31-нд Синайн хойгт Оросын зорчигч тээврийн онгоц алан хядлагад өртөн сүйрсний дараа ОХУ Египет рүү хийдэг нислэгээ зогсоосон. Үүний дараа ОХУ-ын аялагч, жуулчдын урсгал Турк руу чиглээд байсан билээ. Туркт лугшиж буй террорист аюул заналын улмаас тийшээ аялахгүй байхыг ОХУ-ын Гадаад хэргийн яам ард иргэддээ анхааруулаад байна. "Ростуризм"-ын тэргүүн Сафонов өнөөдөр Туркт амарч байгаа Оросын 10 мянган жуулчин арванхоёрдугаар сарын 7-ноос өмнө нутагтаа ирэх хэрэгтэй гэжээ. Аялал жуулчлалын салбарт Турктай хамтын ажиллагаагаа зогсоож, Турк руу аялал худалдсан компаниудыг торгоно хэмээн мэдэгдэж байна. Ийнхүү Анкара жил бүр хүлээж авдаг дөрвөн сая орос жуулчин буюу 10 тэрбум еврогийн орлогоо алдах бололтой. Мөн ОХУ-ын Эдийн засгийн яам Хар тэнгис болон Туркийн газар нутгаар дамжуулан Европын өмнө хэсэгт хүрэх хийн хоолой, Туркийн Аккуй дахь орос технологийн цөмийн цахилгаан станцын барилгын төслийг цуцлахаар зэхэж байна. Хоёр улсын цэргийн салбарын харилцаа, холбоо тасарчээ.

Турк улс уучлал гуйж, Су-24 онгоцыг буудаж унагасан хэрэг явдалд хамаатай этгээдийг шийтгэхгүй бол дээрх хориг арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн Ю.Путин мэдэгдлээ. Мөн нөхөн төлбөр өгөхийг шаардаж байна. Гэвч Туркийн Ерөнхийлөгч Эрдоган CNN телевизээр ярихдаа уучлал гуйх бодолгүй байгаагаа дуулгажээ. "Манай агаарын хилийг зөрчсөн хүмүүс өөрсдөө уучлал гуйх ёстой бус уу" хэмээн тэрээр хэлсэн байна. Су-24 онгоцыг унагасан хэрэг явдал хоёр улсын харилцаанд ихээхэн сэв суулгасан ч Орос, Туркийн Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт Белградад уулзаж ярилцахаар болжээ.

No comments:

Post a Comment