Monday, November 16, 2015



АНУ-ын мужууд Сирийн дүрвэгчдийг хүлээж авахаас татгалзлаа

АНУ-ын эрх баригчид 2016 онд Сирийн 10 мянган дүрвэгчийг хүлээж авах шийдвэрээ өөрчлөх бодолгүй байна. Парист болсон халдлага, “Исламын улс” бүлгийн заналхийллийн дараа Конгрессын зарим гишүүн дээрх шийдвэрийг цуцлахыг шаардах болсон юм. “Бид 2016 онд 10 мянга хүртэлх дүрвэгчийг хүлээж авах шийдвэрээ цуцлахгүй” хэмээн Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгджээ. Түүний хэлж буйгаар, дүрвэгчдийг аюулгүй байдлын нарийн шалгуураар оруулсны эцэст АНУ-д нэвтрүүлэх аж. Сирийн дүрвэгчдийг хүлээж авахгүй хэмээн мэдэгдсэн АНУ-ын зургаа дахь муж нь Индиана болж байна. Алабама, Техас, Луизана, Мичиган муж Сирийн дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзжээ. Зарим улстөрчийн үзэж буйгаар, Сирийн дүрвэгсдийг хүлээж авах шийдвэрийг шүүхээр шийдэхэд хүрэх аж.
Ерөнхийлөгч Барак Обама иргэний дайнаас зугтаж буй хүмүүст тусламжийн гараа сунгахыг уриалсан билээ. “Бид дүрвэгсдийн өмнө хаалгаа хаавал ёс суртахууны зарчмаасаа ухарсан хэрэг болно. Бид цагаач, дүрвэгсдийг хүлээж авахын хажуугаар аюулгүй байдлаа сайжруулаад явах ёстой” хэмээн тэрээр онцолсон юм. Зургаан муж дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзаад байгаа бол Арканзас, Массачусетс, Охайо, Аризона, Айова, Иллиной, Хойд Каролина мужийн эрх баригчид дүрвэгчдэд таатай хандахгүй гэдгээ дуулгасан байна. Дүрвэгсдийг хүлээж авах ажлыг зохион байгуулдаг хүмүүнлэгийн байгууллагууд америкуудын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй нэр дэвшигчид ч дүрвэгсдийг хүлээж авахыг таашаахгүй байна. Тэдний нэг, тэрбумтан Дональд Трамп “Дүрвэгсдийг хүлээж авах нь ухаангүй, галзуу алхам” хэмээн мэдэгджээ. 10 мянган дүрвэгчийг нарийн нягт шалгах систем байхгүй хэмээн үзэж байгаа юм. Алабама мужийн захирагч Роберт Бентли “Парист ийм халдлага гарсны дараа манай мужид дүрвэгсдийг байрлуулах ямар ч оролдлогыг би эсэргүүцэх болно” гэсэн бол Мичиганы захирагч Рик Снайдер “Бид цагаачлалын баялаг түүхтэй улс. Гэвч иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүний зорилт болж байна” хэмээн мэдэгджээ. 

No comments:

Post a Comment