Sunday, November 8, 2015



Шөнийн клубт амиа алдсан хүний тоо 45-д хүрлээ

Румыний Бухарест хотын Colectiv шөнийн клубт гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 45-д хүрчээ. Тус клубт тоглож байсан хамтлагийн бөмбөрчин Богдан Энаке өчигдөр нас баржээ. Түүнийг нисдэг тэргээр Швейцарьт аваачих явцад амьсгал хураасан байна. Богдан 60-70 хувийн түлэгдэлттэй байжээ.
Бухарестийн шөнийн клубт гал түймэр гарч олон хүний амь үрэгдсэний дараа иргэд эсэргүүцлийн жагсаал хийх болсон юм. Румыний Ерөнхийлөгч эрх баригчдын эсрэг жагсаж буй хүмүүстэй уулзана хэмээн амлажээ. Иргэд гудамж, замын хөдөлгөөнийг хааж парламентыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль явуулахыг шаардаж байна. Мөн авлигатай шийдэмгий тэмцэж, цалин, тэтгэврийг нэмэхийг шаарджээ. Colectiv клубт галын шоу үзүүлбэр болох үеэр гал гарч хүмүүс онгорхой ганц хаалгаар гарах гэж чихцэлдсэний улмаас шахцалдаан үүсч олон хүн амиа алджээ.

Ливид Сербийн элчингийн ажилтнуудыг хулгайлжээ

Ливи улсад Сербийн Элчин сайдын яамны ажилтнуудыг хулгайлжээ. Белградын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, холбоочин Слажан Станкович, жолооч Йовиц Степич нар барьцаалагдсан байна. Үл мэдэгдэх этгээдүүд Сербийн элчингийн цуваа руу гал нээж нэг автомашинд байсан хоёр хүнийг барьцаалан авч явсан аж. Элчин сайд гэмтэж бэртээгүй хэмээн мэдээлэв.
Өнгөрсөн долдугаар сард барилгын Bonatti компанид ажиллаж байсан Италийн дөрвөн иргэн барьцаалагдсан юм. Мөн Ливийн Аль-Гани нефтийн орд дээр ажиллаж байсан гадаадын есөн иргэнийг “Исламын улс” бүлгийнхэн хулгайлсан билээ. Босогчид хамгаалалтын найман ажилтны толгойг тасдсан хэмээн мэдээлж байна. Барьцаалагдсан иргэдийн дотор Филиппины дөрөв, Австри, Чех, Бангладеш, Ганын нэг нэг иргэн байгаа ажээ.

Цагдаагийн нохойг шагнана

Энэтхэгийн Засгийн газар тэсрэх бодис илрүүлэх чадвараараа тусгай албаны ажилтнуудыг гайхашруулдаг долоон настай нохойг шагнахаар болжээ. Рекм хэмээх лабрадор үүлдрийн хар нохой Энэтхэг-Түвдийн хилийн шалган нэвтрүүлэх цэгт алба хаадаг. Рекс саяхан Энэтхэг-Африкийн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг сахиулах арга хэмжээнд өөр 20 нохойн хамт оролцсон юм. Сургалт, бэлтгэлийн үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн суудал дор таван гр гексоген нуухад Рекс энэхүү тэсрэх бодисыг хоёр минутын дотор илрүүлсэн байна. Ерөнхий сайдын аюулгүйн албаныхан нохойнд талархал илэрхийлсэн аж. Дээд түвшний хэмжээнд болж буй арга хэмжээний аюулгүй байдлыг хангахад сургуультай нохдыг өргөн ашиглах болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлал болон Олон улсын йогийн өдрөөр сургуультай ноход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Ж.Ленноны хулгайлагдсан гитар 2.4 сая доллар

1960-аад онд хулгайд алдагдсан Жон Ленноны гитар Беверли-Хиллс дуудлага худалдаагаар орж 2.4 сая доллараар зарагджээ. Гитарыг авсан хүн нэрээ зарлахыг хүссэнгүй. “Битлз” хамтлагийн ахлагч Жон Леннон 1962 онд Ливерпуль хотод Gibson маркийн гитараа худалдаж авчээ. Тэрээр энэ гитар дээр “Love Me Do”, “Please Please Me”, “I Want to Hold Your Hand”, “From Me to You” зэрэг алдарт дуугаа зохиож байв.
Энэхүү домогт гитар 1964 он гарахын өмнөхөн “Битлз” Лондонд Зул сарын тоглолт хийсний дараа хулгайд алдагдаж, дараа нь АНУ дахь нэгэн хуучин барааны дэлгүүрт заларсан байжээ. Гитарчин Жон Маккау 1970 онд уг гитарыг анхны эзнийг нь мэдэлгүйгээр нэлээн үнэтэй худалдаж авсан байна. Дараа нь “Битлз”-ийн зургийг харж байгаад домогт Жон Ленноны гитартай адилхан олж мэдсэн гэдэг. Хожим нь мэргэжилтнүүд тэр нь Ленноны гитар болохыг тогтоосон юм. 

No comments:

Post a Comment