Sunday, November 15, 2015



Долоон настай охиндоо 45 сая еврогийн алмаз бэлэглэжээ

Хятадын баячууд бэл бэнчингээ дэлхийд гайхуулж байна. Шанхайн таксичин байгаад  тэрбумтан болсон Лю Жикан нэгэн алмаз эрдэнийг 158 сая еврогоор үнэ цохин авч олныг алмайруулж байв. Тэгвэл бас нэг хятад тэрбумтан Жозеф Лау саяхан Женев дахь Sotheby дуудлага худалдаанаас “Хөх сар” хэмээх алмазыг 45 сая еврогоор худалдан авч долоон настай охиндоо бэлэглэжээ. Тэрээр 12 каратын алмазыг худалдаж авсан даруйдаа “Жозефины хөх сар” хэмээн нэрлэсэн байна. Жозеф Лау хоёр жилийн өмнө 26.5 сая еврогоор 16 каратын өөр нэг алмаз худалдаж аваад “Тансаг Жозефин” хэмээн нэрлэж байв.
Хятад тэрбумтан дэлхийн үнэтэй алмаз эрдэнийг үнэ цохин авч долоон настай Жозефин, 13 настай Зое охиныхоо нэрийг өгч дэлхийд алдаршсан юм. 2009 онд долоон каратын алмазыг худалдан авч “Жозефины од” хэмээн нэрлэсэн аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард есөн каратын алмаз эрдэнийг 30 сая еврогоор авч “Зоегийн алмаз”, найман сая еврогоор арван каратын бадмаараг хавчаарыг өөрийн болгож “Зоегийн улаан” хэмээн нэрлэж байв.
1951 онд Хонконгт төрсөн Жозеф Лау тэнгэр гижигдсэн барилгуудаараа алдартай Британийн экс колонид үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхэлж баяжсан юм. Chinese Estates Holdings компанийн гол хувьцаа эзэмшигч Forbes сэтгүүлийн дэлхийн баячуудын жагсаалтад 114-т бичигджээ. Түүний хөрөнгө бэл 10.6 тэрбум еврод хүрчээ. Алмазын өргөн цуглуулгаас гадна дэлхийн шилдэг 10 мянган дарсны агуулах, Энди Уорхолын гараар бүтсэн Мао Зедуны поп хөрөг (16 сая еврогийн үнэтэй) түүнд бий.  Жозеф Лау 2007 онд Sotheby дуудлага худалдаанаас Пол Гагины “Te Poipoi” хэмээх уран зургийг 36 сая еврогоор худалдаж авч байжээ.
Лау хэд хэдэн бүсгүйтэй ханилж олон хүүхдийн эцэг болжээ. Эхний ач, зээ нь бага хүүхдүүдтэй нь чацуу. Хятадын тэргүүн баячууд эзэн хаад шигээ хэд хэдэн эхнэртэй байх нь ердийн үзэгдэл юм. Жозеф Лаугийн худалдан авалт алмаз эрдэнэ, урлагийн бүтээлээр хязгаарлагдахгүй. 2007 онд тэрээр Boeing 787 Dreamliner агаарын хөлгийн анхны долоон худалдан авагчийн нэг болж байв. 335 зорчигчийн багтаамжтай гайхамшигтай нисэх онгоцыг хувийн хэрэгцээндээ зориулж авсан аж.

2012 онд Макаогийн шүүх Лауг Португалын экс колонийн түшмэдийг 2.3 сая еврогоор хахуульдсан хэмээн хэрэгт татаж 2015 оны зун шийдвэрээ гаргаж түүнд таван жилийн ял оноосон юм. Жозеф Лау Макаогийн нисэх буудлын орчимд казино байгуулахын тулд авлига өгсөн нь тогтоогдсон аж. Гэвч Макао, Хонконгийн хооронд хэрэгтэн шилжүүлж авах гэрээ байдаггүй тул Лау шийтгэлээс зайлж чаджээ. Жозеф Лау том хүүдээ бизнесийн удирдлагаа үлдээсэн ч хоёр жаахан охиндоо зориулж дэлхийн хамгийн үнэтэй алмазуудыг худалдаж авсаар явна. Хятадад үүнийг эцгийн хайр гэдэг ажээ. 

No comments:

Post a Comment