Monday, November 30, 2015



Буркина-Фасо шинэ Ерөнхийлөгчтэй болов

Баруун Афикийн Буркина-Фасо улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Марк Каборе ялалт байгуулав. 2014 оны аравдугаар сард Ерөнхийлөгч Блэз Компаорег эрх мэдлээс нь зайлуулсны дараа НҮБ-д төлөөлөгчөөр сууж байсан Мишель Кафандо
төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байсан юм. Буркина-Фасо 1960 онд Францын колониос чөлөөлөгдсөний дараа төрийн эргэлтээр Ерөнхийлөгч тодрох тохиолдол цөөнгүй гарчээ. 1987 оны сонгуулийн дүнг маргаантэй боллоо хэмээн эсэргүүцсэн Блэз Компаоре төрийн эргэлт хийн засгийн эрхэнд гарч байв. Үүний өмнөх Ерөнхийлөгч Жильбер Дендере мөн л төрийн эргэлт хийн гарч ирж байжээ. 28 жил төр барьсан Компаоре мөн л төрийн эргэлтээр эрх мэдлээсээ хагацсан юм.

Интернэтээр хүүхдээ худалдахыг санаархжээ

Өмнөд Африкийн 20 настай эмэгтэй Зама Мадлана Gumtree интернэт дэлгүүрээр хүүхдээ худалдахыг оролдсон хэргээр шүүхэд дуудагдаад байна. Тэрээр ой долоон сартай хүүгээ таван мянган ранд буюу 380 доллараар зарах гэж байгаад саатуулагдсан юм. Цагдаагийн төлөөлөгч худалдан авагчийн дүрээр харилцсаны эцэст Мадланаг илрүүлэн баривчилжээ. Түүнийг хүний наймаа, мөнгө угаах хэрэгт буруутгаж байна. Шүүх хурал болтол эмэгтэйг гэрийн хорионд оруулжээ. Хүүхдээ худалдахыг оролдсон эмэгтэйн эх байх эрхийг хасах хэрэгтэй хэмээн зарим хүн үзэж байна. Мөн уг бүсгүйн зан ааш, сэтгэцийн байдлыг шалгуулахаар болжээ.

Мах – дэлхийн дулаарлын бас нэг шалтгаан

Парист цаг агаарын өөрчлөлтийг хэлэлцэж буй НҮБ-ын бага хурлаас агаарт цацагдаж буй нүүрсхүчлийн ислийг багасгах, автомашин, тээврийн системийг сайжруулах зэрэг уриалга гаргаж байгаа ч нэг чухал сэдвийг ярилгүй орхижээ. Амьтны аж ахуйгаас нийт нүүрсхүчлийн ислийн 15 хувь нь гарч байдаг нь бүх автомашин, галт тэрэг, хөлөг онгоц, нисэх онгоцныхтой тэнцдэг байна. Лондон дахь Хатан хааны олон улсын хүрээлэнгээс гаргасан “Өөрчлөгдөж буй цаг агаар, өөрчлөгдөж буй хоолны дэглэм: Махны хэрэглээг багасгахын төлөө” илтгэлд махны хэт их хэрэглээг багасгах тал дээр хамтарсан хүчин чармайлт гаргахгүй бол дэлхийн дулаарлаас сэргийлэх боломжгүй хэмээн онцолсон байна.  

Энэ их махыг хэн идэж байна вэ

Дэлхийд махны хэрэглээгээр тэргүүлдэг улсын нэг нь АНУ ажээ. Тэнд нэг хүн өдөрт 250 гр мах идэж байгаа нь эрүүл мэндийн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн махны хэрэглээнээс дөрөв дахин давсан үзүүлэлт юм. Европ болон махны үйлдвэрлэлээр тэргүүлдэг Өмнөд Америкийн гол орнууд Америкаас үл ялиг хоцорч байна. Махны хамгийн бага хэрэглээтэй улс нь өдөрт дунджаар 10 гр мах иддэг энэтхэгүүд ажээ.



В.Путин Су-24 онгоцыг унагасан шалтгааныг нэрлэв

Оросын Су-24 байлдааны онгоцыг буудаж унагах шийдвэр “Исламын улс” бүлгийн босогчдын хяналтад байдаг газар нутгаас зөөдөг контрбандын нефтийн замыг аюулгүй болгох Туркийн санаархалтай холбоотой хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ. Тэрээр Парист цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх хуралд оролцох үеэрээ ийнхүү мэдэгдсэн юм. “Энэ талаарх нэмэлт нотолгоо манайд байгаа. Харамсалтай нь “Исламын улс” болон бусад террорист бүлэглэлийн хяналтад буй нутгаас олборлож буй нефть их хэмжээгээр Туркийн газар нутаг руу орж ирж байна” хэмээн Кремлийн тэргүүн онцоллоо. Турк улс “Исламын улс” хэт даврагч бүлгээс нефть худалдан авч байна хэмээн Москва хэд хоногийн өмнө мэдэгдэхэд Анкара няцааж байсан юм.
Су-24 онгоцыг устгах шийдвэр нь том алдаа болсон, гэхдээ Туркийн эрх барих бүтцээс хэн энэ тушаалыг өгсөн нь чухал биш хэмээн В.Путин үзэж байна. “Миний хоёр талын бүх уулзалт дээр Оросын онгоцыг буудаж унагасан тухай сэдэв хөндөгдсөн. Бусад орны Ерөнхийлөгч нар бүгд анхааралтай сонсож байсан. Хамгаалалтгүй, Туркт заналхийлээгүй Оросын байлдааны онгоцонд цохилт өгөх ямар ч шаардлагагүй байсныг ихэнх нь хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт үйлдлийн улмаас манай хоёр цэргийн албан хаагч амиа алдлаа. ” хэмээн Оросын лидер хэллээ. Тэрээр Парисын уулзалтад хүрэлцэн ирсэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдогантай уулзаагүй гэдгээ дуулгав. Кремлийн эзэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тушаалд гарын үсэг зурсан билээ. Үүний дараа Эрдоган Су-24 онгоцыг унагасан хэрэг явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Хэд хоногийн өмнө Туркийн Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярих гэж оролдоод чадаагүй юм.
Оросын нисэх хүчний Су-24 онгоц арваннэгдүгээр сарын 24-нд Туркийн агаарын хүчний дайралтад өртөж сүйрчээ. Хоёр нисгэгч хоёулаа аюулгүйн шүхрээ ашиглан онгоцноосоо шидэгдэж чадсан ч нэгийг нь газраас буудаж хөнөөсөн аж. Амьд үлдсэн нисгэгч Оросын агаарын хүчний баазад эсэн мэнд хүргэгджээ. Су-24 Туркийн агаарын хилийг зөрчсөн, анхааруулга өгөөд байхад хайхраагүй хэмээн Анкара баталж байна. Гэвч Туркийн тал ямар ч сануулга өгөөгүй, пуужин эсэргүүцэх системийг ажиллуулах ч сэхээ авахуулалгүй гэнэт араас гал нээсэн хэмээн амьд үлдсэн орос нисгэгч ярьсан билээ. Байлдааны онгоцыг Сирийн агаарт явж байхад буудаж унагасан хэмээн Москва мэдэгдэж байна. Шүхрээр бууж байгаад босогчдын суманд өртөн амиа алдсан нисгэгчид Ерөнхийлөгч В.Путины зарлигаар ОХУ-ын баатар цол нэхэн олгожээ.

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган хариу мэдэгдэл хийсэн байна. “Бид террористуудаас нефть худалдаж авч нэр хүндээ сэвтүүлэх хүмүүс биш ээ. Бид үнэхээр ингэсэн юм бол би албан тушаалаа орхих болно. Ямар нэг нотолгоо байгаа бол тэрийгээ гаргаад ир, харцгаая” хэмээн Туркийн лидер хэлжээ.

Sunday, November 29, 2015



Б.Обама амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Парисын Батаклан теарт ирж, халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. Цаг агаарын өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний уулзалтад ирсэн Обама Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын хамтаар Батаклан театрын гадаа ирж зул өргөж, цэцэг тавьжээ. Арваннэгдүгээр сард Парист аймшигтай цуврал халдлага болж 130 хүн амиа алдсан юм. Батаклан театрт рок концерт үзэж байсан хүмүүс балмад аллагын золиос болж тэнд 90 орчим хүн амь үрэгдсэн билээ. Парис дахь цаг агаарын дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан болох төлөвтэй байна. Цагдаа нар Парис хотод хамгаалалт, аюулгүй байдлаа дахин зузаатгажээ. Өчигдөр болсон эсэргүүцэл,  жагсаалын үер цагдаа нар 200 орчим хүнийг саатуулаад байна.  

Ж.Маккейн Д.Трампыг шүүмжилжээ

Нэртэй сенатч Жон Маккейн Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа Дональд Трампын хэлсэн үгийг хатуу шүүмжлэв. Трамп нэгэн уулзалт дээр, 2011 оны есдүгээр сарын 11-ний халдлагад лал шашинтнууд баярласан хэмээн ярьсан аж.
“Трампын хэлсэн үг сонирхолтой үр дагавар үзүүлж магадгүй. Дэлхий даяарх лал шашинтнуудыг АНУ-ын эсрэг турхирсан хэрэг боллоо” хэмээн Маккейн ярьжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй горилогчид Сирийн хямрал, дүрвэгчдийг их ярьж байна, АНУ-д үүнээс илүү чухал, шийдвэрлэх асуудал байгаа хэмээн тэрээр онцлов.

Цагаачлалын хямралыг шийдвэрлэхэд Туркт гурван тэрбумыг өгнө


Европын холбоо болон Туркийн тал дээд хэмжээний уулзалт хийсний дараа Анкарад гурван тэрбум евро өгөхөөр боллоо. Анкара хил хязгаарын хяналт, хамгаалалтаа сайжруулж цагаач, дүрвэгчдийн урсгалыг сааруулж, мөн Европт няцаагдсан цагаачдыг хүлээж авахын тулд энэ мөнгийг зарцуулах аж. Туркийг Европын холбоонд элсүүлэх асуудлыг энэ онд дахин авч үзнэ хэмээн Ангела Меркель амлажээ. Турк улс шаардлагатай бүх хууль дүрмийг дагаж мөрдсөн тохиолдолд Европын холбооны орнуудад визгүй зорчуулах асуудлыг түргэтгэхээр болов. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу “Турк, Европын  холбооны харилцаанд түүхэн өдөр боллоо” хэмээн цохон тэмдэглэв. Энэ онд 900 мянган цагаач Европт орж ирсэн юм. Тэдний ихэнх нь Сири, Ирак, Афганистан дахь дайн, мөргөлдөөнөөс зугтсан хүмүүс ажээ. 



Хятадын ижил хүйстнүүд хуулиар хамгаалуулахыг хүсч байна

Хятадын ижил хүйстнүүдийн нийгэм (LGBT, lesbians, gays, bisexuales and transexuales) сүүлийн арван жилд багагүй амжилтад хүрээд байгаа ч үл итгэл, хардалт, хавчлагад өртсөн хэвээр. Гомосекс хандлагыг цахилгаанаар цохиулж эмчилдэг эмнэлэг, ижил хүйстэндээ татагддагыг “Гажуудал” хэмээн тодорхойлсон ном, сурах бичиг байсаар байна. Дундад улсын ижил хүйстнүүд эрхээ хамгаалахын тулд шүүхэд хандах үйл явцыг эхлүүлжээ.
Хүмүүс бие биендээ татагдах байгалийн бус чиг хандлагыг хавчин гадуурхахыг Хятадад хуулиар хориглосон юм. Ижил хүйстнүүдийг хориглосон хуулийг 1997 онд цуцалснаар үүнийг “Балмад бүдүүлэг явдал” хэмээн шийтгэхээ больжээ. 2001 оноос хойш сэтгэцийн өвчин гэх тодорхойлолтоос албан ёсоор салсан байна. АНУ зэрэг улсад байдаг шиг ижил хүйстнүүдийг эсэргүүцсэн бүлэг, холбоо Хятадад байдаггүй. Хотод амьдардаг залуусын 80 хувь нь LGBT-г хүлээн зөвшөөрч байна хэмээн Beijing LGBT Center төрийн бус байгууллагын тэргүүн Синь Жин өгүүлэв. Хэдийгээр ийм ахиц, дэвшил байгаа ч ижил хүйстний хандлага нь олон нийтийн дунд яригдаад байдаггүй, гэр бүл дотор хүлээн зөвшөөрөхөд хэцүү цээртэй сэдэв хэвээр байна.
Олон аав ээж зүй бус хандлагатай хүүхдүүдээ гэрлэж, үр хүүхэдтэй болохыг шахаж шаарддаг ажээ. Тэдний олонх нь эцэг эхийнхээ дарамтад орж, өөрийнх нь бэлгийн чиг хандлагыг мэддэггүй хүмүүстэй гэрлэдэг. Зарим гей залуус лесби бүсгүйтэй “ханилах”-ыг илүүд үздэг байна. WorkforLGBT байгууллагаас хийсэн судалгаагаар, Хятад дахь лесби эмэгтэйчүүдийн зургаа, гей залуусын гурван хувь нь л ил гардаг байна. Гейүүдийн 77, лесбинүүдийн 80 хувьд гэр бүл доторх үл ойлголцол, үл хүлээн зөвшөөрөл хамгийн хэцүү дарамт болдог аж.
“Манай гэр бүл намайг хоёр жилийн өмнө л мэдсэн. Намайг мэдсэний дараа ихэд гутарч, хүлээн зөвшөөрч чадаагүй. Тэд ижил хүйстэн хандлагын талаар хэзээ ч сонсож байгаагүй. Тэр цагаас хойш байдал огт сайжирсангүй” хэмээн 32 настай залуу Пэн Янзи ярилаа. Тэрээр эцэг эхээ тайвшруулахын тулд 2014 онд “Залруулагч” хэмээн интернэтээр зарлагдсан эмнэлэгт очжээ. Ийм эмнэлгүүд дөрвөн мянга 500 еврогоор “Жигшүүлэх эмчилгээ” хийдгийн дотор цахилгаанаар цохиулах арга багтдаг аж. “Би дор хаяж 100 удаа цахилгаанаар цохиулах юм байна гэж тооцсон. Үүний дараа эсрэг хүйстнээ сонирхдог болно гэж байхгүй, харин сэтгэцийн өвчтэй болох юм байна лээ” хэмээн тэрээр өгүүлэв. Пэн тэнд эмчлүүлснийхээ дараа хуурамч зар түгээсэн, луйвар хийсэн хэмээн тус эмнэлгийг шүүхэд өгчээ. Шүүх түүний талд шийдвэр гаргаж, эмчилгээний зардал хэмээн урьдчилж төлсөн мөнгийг буцаан олгохыг үүрэгдсэн байна. Хятадын ижил хүйстний нийгэм үүнийг чухал ялалт хэмээн үзжээ.
Энэ онд гэйүүдийн эрхийн талаарх хоёр хэрэг шүүх дээр ирээд байна. Сургуулийнх нь сурах бичигт ижил хүйстэн чиг хандлагыг “Өвчин” хэмээн тодорхойлсон байсныг илрүүлсэн оюутан бүсгүй Чэн Киян Боловсроын яамыг шүүхэд өгчээ. Мөн ээж болон ижил хүйстэн хүүхдүүдийнх нь хоорондох харилцааг харуулсан Mama Rainbow кино бүтээгээд интернэтэд хориглуулсан найруулагч Фан Попо шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. “Миний киног нийгэмд хортой хэмээн хэлсэн. Гэвч энэ бол эх хүний хайр халамжийн тухай кино. Эхийн хайр нийгэмд ямар хор хөнөөлтэй юм бэ” хэмээн Фан учирлаж байна.

Хятадад иймэрхүү “ахиц дэвшил” ажиглагдаж байгаа ч нийгмийн сэтгэлгээг өөрчлөх боломж нь хязгаарлагдмал байгаа юм. “Залруулагч” эмнэлгүүд байсаар. Тус улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхөд ихээхэн хол байгаа аж. Гэвч Хятадын LGBT нийгэмлэг идэвхтэй ажилласаар, ард иргэдийн санаа бодлыг өөрчилж чадна гэдэгт итгэсээр байна. Ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах нь ард иргэдийн эрхийг зөрчсөнтэй адил хэмээн үзэж, тэдний эрхийг хамгаалах үйл хэрэгт нэртэй өмгөөлөгчдийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа аж. 

Saturday, November 28, 2015

Герман 1200 цэргээ Сири рүү илгээж магадгүй

Герман улс "Исламын улс" бүлгийн террористуудын эсрэг тэмцэлд 1200 хүртэлх цэргээ Сири рүү илгээж магадгүй хэмээн Die Welt мэдээлэв. Германы зэвсэгт хүчний ерөнхий комиссар Фолькер Викер энэ тухай хэвлэлд ам нээсэн аж. Сирийн нисэх хүчин, тэнгисийн флотод дэмжлэг үзүүлэхэд 1200 цэрэг хангалттай хэмээн тэрээр онцолжээ. ХБНГУ гадаад улс оронд ийм тооны цэрэг илгээж байгаагүй юм. Мөн Берлин "Исламын улс" бүлгийн эсрэг тэмцэлд Францыг дэмжихийн тулд бөмбөгдөгч онгоцуудаа Сири рүү илгээх яриа гараад байгаа юм. Wall Street Journal мэдээлж буйгаар, Герман улс лалын босогчдын эсрэг тэмцэлд нэгдэх шийдвэр гаргаад байна.

Пан Ги Мун эгдүүцлээ илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийг дарга Пан Ги Мун Мали улс дахь энхийг сахиулах хүчний баазыг довтолсон хэрэг явдалд эгдүүцэж буйгаа илэрхийллээ. "Буруутай этгээдүүдийг шүүхийн өмнө авчрах шаардлагатайг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолж байна. НҮБ-ын энхийг сахиулагчдын эсрэг довтолгоо нь олон улсын хуулиар дайны гэмт хэрэгт тооцогддог" хэмээн НҮБ-ын мэдэгдэлд өгүүлжээ. Энхийг сахиулагчдыг довтолсон ч Мали улсад энх тайван, тогтвортой байдлыг бий болгох үйлсийг зогсоож чадахгүй хэмээн Пан Ги Мун цохон тэмдэглэв. Хэт даврагчид Мали дахв цэнхэр дуулгаатнуудыг довтлох үеэр хоёр энхийг сахиулагч, нэг иргэн амиа алдсан юм. 20 орчим хүн шархдаж бэртжээ.

Македони хилийн хамгаалалтаа зузаатгаж байна


Македони улс Гректэй залгаа хилийн бэхлэлт, хамгаалалтаа нэмэгдүүлж эхэллээ. Цагаач, дүрвэгчид ихээр орж ирдэг хилийн шалган нэвтүүлэх хэсэг, Гевгелия хот орчимд 2.5 метрийн өндөртэй хана хэрэм босгох гэж байна. Гэвч энэ нь хилээ хааж буй хэрэг биш, хууль бусаар хил нэвтрэлтээс сэргийлж байгаа хэмээн Македонийн тал мэдэгдэв. Эдүгээ Грекийн талд Европ руу орох боломж хайж буй 800 орчим цагаач байна. Сири, Ирак, Афганистаны цагаачдыг зарим шалгалт, хяналтын дараа хил нэвтрүүлнэ хэмээн мэдээлж байна. Македони руу орж чадахгүй гацсан иргэдийн зарим нь амаа оёж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд Македони, Унгар зэрэг улсаар дамжиж Германд очих хүсэлтэй байгаа аж. 



ОХУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авна

Сирийн хойд хэсэгт ОХУ-ын Су-24 байлдааны онгоцыг унагасан Анкарагийн эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэж байсан. "Туркийн эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээний багцыг боловсруулах Ерөнхийлөгчийн зарлиг манай Засгийн газарт ирлээ" хэмээн тэрээр өчигдөр мэдэгдэв. Үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарт тохиролцоонд хүрэхээр Анкаратай хийж байсан хэлэлцээг зогсоож буйгаа Оросын гүйцэтгэх засаглалын тэргүүн зарлалаа. Мөн ОХУ-ын газар нутаг дээр Туркийн пүүс, компаниудын үйл ажиллагааг хязгаарлах, хориглох Ерөнхийлөгчийн санаачилгыг даруй хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.
Хориг арга хэмжээний багцад Турк улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт орж байна. Европын холбооны хориг арга хэмжээнд орсон Москва Европыг Туркаар сольж, тэндээс ихээхэн хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авах болсон юм. Су-24 онгоцны хэрэг явдлын улмаас туркууд хүчирхэг худалдан авагчаа алдахад хүрээд байна. Мөн ОХУ Турктай байгуулсан эдийн засаг, санхүү, худалдааны хамтын ажиллагаагаа зогсоож, хориг арга хэмжээнд өртөөгүй турк барааны гаалийн татварыг нэмж магадгүй хэмээн Ерөнхий сайд Д.Медведев анхаарууллаа.
Төрийн мэдлийн "Ростуризм" агентлаг улсынхаа аялал жуулчлалын компаниудад хандаж Туркийн аялалыг сурталчлахгүй, санал болгохгүй байхыг даалгажээ. Арваннэг, арванхоёрдугаар сард Туркт хамгийн их зочилдог хүмүүс нь оросууд юм. Аравдугаар сарын 31-нд Синайн хойгт Оросын зорчигч тээврийн онгоц алан хядлагад өртөн сүйрсний дараа ОХУ Египет рүү хийдэг нислэгээ зогсоосон. Үүний дараа ОХУ-ын аялагч, жуулчдын урсгал Турк руу чиглээд байсан билээ. Туркт лугшиж буй террорист аюул заналын улмаас тийшээ аялахгүй байхыг ОХУ-ын Гадаад хэргийн яам ард иргэддээ анхааруулаад байна. "Ростуризм"-ын тэргүүн Сафонов өнөөдөр Туркт амарч байгаа Оросын 10 мянган жуулчин арванхоёрдугаар сарын 7-ноос өмнө нутагтаа ирэх хэрэгтэй гэжээ. Аялал жуулчлалын салбарт Турктай хамтын ажиллагаагаа зогсоож, Турк руу аялал худалдсан компаниудыг торгоно хэмээн мэдэгдэж байна. Ийнхүү Анкара жил бүр хүлээж авдаг дөрвөн сая орос жуулчин буюу 10 тэрбум еврогийн орлогоо алдах бололтой. Мөн ОХУ-ын Эдийн засгийн яам Хар тэнгис болон Туркийн газар нутгаар дамжуулан Европын өмнө хэсэгт хүрэх хийн хоолой, Туркийн Аккуй дахь орос технологийн цөмийн цахилгаан станцын барилгын төслийг цуцлахаар зэхэж байна. Хоёр улсын цэргийн салбарын харилцаа, холбоо тасарчээ.

Турк улс уучлал гуйж, Су-24 онгоцыг буудаж унагасан хэрэг явдалд хамаатай этгээдийг шийтгэхгүй бол дээрх хориг арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн Ю.Путин мэдэгдлээ. Мөн нөхөн төлбөр өгөхийг шаардаж байна. Гэвч Туркийн Ерөнхийлөгч Эрдоган CNN телевизээр ярихдаа уучлал гуйх бодолгүй байгаагаа дуулгажээ. "Манай агаарын хилийг зөрчсөн хүмүүс өөрсдөө уучлал гуйх ёстой бус уу" хэмээн тэрээр хэлсэн байна. Су-24 онгоцыг унагасан хэрэг явдал хоёр улсын харилцаанд ихээхэн сэв суулгасан ч Орос, Туркийн Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт Белградад уулзаж ярилцахаар болжээ.

Wednesday, November 25, 2015



Салах Абдесламыг Интерполоор хайна

Парисын халдлагыг зохион байгуулсан гол сэжигтэн Салах Абдесламын мэдээлэл Интерполын мэдээллийн санд орлоо. Түүнийг хэд хэдэн гэмт хэрэгт буруутган эрэн сурвалжилж байна. Зэвсэг худалдсан, халдлагад оролцсон, тэсрэх бодис тээвэрлэсэн хэмээн үзэж Интерполын сайтад түүний гэрэл зургийг оруулж, өндөр, үс, нүдний өнгө зэрэг мэдээллийг багтаажээ. Бельгийн цагдаагийн газар Парисын аллагын гол сэжигтэн Салахтай хамт явж байсан Мохамед Абрини гэгчийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буйг зарласан юм. Парисын “Батаклан” театр, “Стад де Франс” цэнгэлдэхэд болсон халдлагын улмаас 130 хүн амиа алдсан билээ.

Израиль цэргийг хутгалсан палестиныг устгав

Израилийн цэрэг рүү хутга барин дайрч шархдуулсан палестин иргэнийг буудаж устгасан тухай Associated Press мэдээлэв. Хеврон хотод болсон энэ хэрэг явдлын улмаас израиль цэрэг хүнд шархаджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Израильд айлчилж байсан юм. Үүний өмнө еврейн Эцион сууринд палестин иргэн 20 настай израиль бүсгүйг хутгалж амь насыг нь хөнөөжээ. Мөн хэд хоногийн өмнө бензин түгээгүүрийн газрыг хамгаалж байсан нэг израиль цэрэг хутгалуулж амиа алдсан юм. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Манай улс ганцаарчилсан терроризмын аюулд өртөөд байна. Тэд нийгмийн сүлжээгээр холбогдож, өдөөгдөж ийм гэмт хэрэг үйлдэж байна” хэмээн мэдэгдлээ. Сүүлийн үед палестинууд израиль цэрэг, иргэд рүү хутга барин дайрах нь хэвийн үзэгдэл болоод байна.

Сонгуулийн өмнө сөрөг хүчний улстөрч алагджээ


Венесуэлийн сөрөг хүчний “Ардчиллын үйл хэрэг” намын лидерүүдийн нэг Луис Мануэль Диас алууллаа хэмээн Reuters уламжлав. Үл мэдэгдэх этгээдүүд түүнийг буудаж амь насыг нь хөнөөсөн аж. Диас Алтаграсиа хотод сөрөг хүчний нэртэй зүтгэлтэн Лилиан Тинторийн хамт индэр дээр байхад нь балмад этгээдүүд буудсан байна. Тэрээр “Ардчиллын үйл хэрэг” намын ерөнхий нарийн бичгийн дарга байжээ. Мануэль Диас сонгуулийн өмнөх кампанит ажлаар сонгогчидтой уулзалт хийгээд явж байсан юм. Венесуэлийн парламентын сонгууль арванхоёрдугаар сарын 6-нд болно. Диасыг буудсан этгээдүүд автомашинаар зугтаж алга болжээ. 



Куба цагаачид Коста-Рика, Никарагуагийн хил дээр гацжээ

Ойрхи Дорнод дахь дайн байлдаантай бүс нутгийн иргэд хэдэн мянгаараа Европ руу тэмүүлж томоохон хямрал, бэрхшээл үүсгэж байгаа бол ертөнцийн нөгөө бөөрөнд мөн ийм сэтгэл эмзэглэм дүр зураг бий болжээ. Харамсалтай нь үүнийг ярьж буй хүн алга. АНУ руу тэмүүлэн зүтгэж буй Кубын гурван мянга орчим иргэн Никарагуа, Коста-Рикагийн хил дээр гацжээ. Энэхүү аюултай аялалыг Эквадороос хэдэн зуугаараа эхлүүлж байгаа Эрх чөлөөний арлын иргэд Колумбаар дамжиж Төв Америкийг гатлан Мексик, эцэст нь Америкт хөл тавих ганцхан зорилготой. Колумб, Панамын хоорондох Карибын тэнгисийн Ураба хоолой дахь цагаачдын давалгаа “Латин Америкийн Лампедуза” хэмээх нэр аваад байна.
Хямрал хөрш орнуудыг түгшээж, ирэх долоо хоногт Төв Америкийн орнууд, Колумб, Куба, Эквадор, Мексикийн Гадаад хэргийн сайд нар гарц хайхын тулд Сальвадорт уулзахаар болов. Никарагуа “хилийн хаалт”-аа авч куба цагаачдыг оруулахыг Коста-Рика шаардаж байна. Америк руу тэмүүлсэн куба иргэд энэ сарын 15-нд Никарагуагийн хил дээр ирээд тус улсын цэргүүдтэй тулж гацжээ.
2008 онд Эквадорын Засгийн газар Кубын иргэдийг визээс чөлөөлсний дараа энэ урсгал эхэлсэн юм. 2012 оноос Эквадорт ирэх куба цагаачдын тоо эрс нэмэгдсээр 2015 онд ийнхүү хямралын хэмжээнд хүрээд байна. 2014 оны арванхоёрдугаар сард Вашингтон, Гавана хоёр дипломат харилцаагаа сэргээж буйгаа зарласны дараа бусад улс орноор дамжин АНУ-д хүрэх гэсэн куба иргэд жинхэнэ бужигнаж эхэлсэн юм. АНУ-ын газар нутаг дээр хөл тавьсан куба иргэдэд шууд оршин суух эрх олгодог Тохируулгын хууль буюу “Хуурай хөл, нойтон хөл” хэмээн нэрлэгдсэн Вашингтоны бодлого хүчин төгөлдөр хэвээр байгаа. АНУ руу хууль бусаар явж байгаад далай тэнгист саатуулагдвал эх орон руу нь буцаана, харин ямар нэг аргаар АНУ-ын газар нутаг, эрэг дээр хөл тавьж амжвал оршин суух эрх авах эрхтэй болдог аж. Кубын эргээс сал, завь болон хувиргасан ачааны машинаар Флоридагийн зүг далай, тэнгисээр бэдрэн явдаг байсан кубуудын их урсгал өнөөдөр Эквадороор дамжин газраар Америкт хүрэх гэж тэмүүлж байна. АНУ цагаачлалын эмгэнэлт урсгал, давалгаа үүсгэж байгаа дээрх бодлогоо даруй цуцлахыг Кубын эрх баригчид шаардсаар байна.
Эрх чөлөөний арлаас зугтаж буй хүмүүс бараг тэр чигээрээ эдийн засгийн шалтгааны улмаас орон гэрээ орхин явж байна. Кубын сөрөг хүчний нэртэй зүтгэлтэн Элисардо Санчес “Кубын эдийн засгийн байдал улс төрийн нөхцөл байдалтай нь холбоотой. Аз жаргалаас зугтдаг хүн гэж байхгүй. Эх орноо орхиж байгаа бол тэнд байдал сайнгүй гэсэн үг” хэмээн өгүүлэв.

Кубууд далай тэнгис, ширэнгэ ой, харийн нутгаар хийж буй тун аюултай аялалаа визгүй болсон Эквадороос эхэлж байна. Китод нисэх онгоцоор очиж, дараа нь Панам хүртэл газраар, усаар бэдэрнэ. Колумбаар газраар явбал босогчдын жинхэнэ өлгий нутгийг туулах хэрэгтэй болдог. Кубаас Майами хүртэл (144 км) онгоцоор 20 минут нисдэг бол Мексик-Америкийн хил хүртэл хоёр сарын өршөөлгүй, хатуу аялал хийх хэрэгтэй болдог. Замдаа дээрэм, луйвар, хүчирхийлэл, зодуур, доромжлол амсах нь энүүхэнд. Мексикт хууль бусаар орж ирсэн куба иргэдийг нутагт нь буцаах хууль хүчинтэй хэвээр байгаа нь бас нэг айдас нэмдэг аж. Гэвч хамгийн аюултай улс нь Колумб ажээ. Нутгийн тонуулчин, дээрэмчдээс гадна Колумбын цагдаа нар цагаачдад ихээхэн халгаатай байдаг бололтой. Панам руу ганцаараа зүтгэж явсан нэгэн куба бүсгүйг Колумбын цагдаа нар “Эх орон руу чинь буцаана” хэмээн сүрдүүлж уртаашаа авч явсан 1200 долларыг нь хурааж авчээ. Тус улсад хууль бус цагаачдыг янз бүрээр дарамталж, дээрэмдэж, хүний наймааны золиос ч болгох тохиолдол гарч байна. Никарагуа, Коста-Рикагийн хил дээр гацаад байгаа гурван мянган куба цагаачийн асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт хүний эрхийн байгууллагууд итгэж байна. Тэд Никарагуа руу нэвтэрсэн ч цаашаа Мексикээр дамжин “Америк мөрөөдөл”-д хүрэх зам бас л хол байгаа билээ.

Tuesday, November 24, 2015

Ирак дахь “Исламын улс”-ын командлалын төвийг устгажээ

Францын байлдааны онгоцууд Иракийн Мосул хотоос 45 км-ийн зайд орших “Исламын улс” бүлгийн командлалын төв байрыг довтолж устгасан байна. Нисэх хүчний онгоцууд Талл-Афар хот дахь лалын босогчдын хуаран, зэр зэвсгийн агуулахыг устгаж, ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Арваннэгдүгээр сарын 23-нд Францын “Шарль де Голль” тээвэрлэгч хөлөг онгоцноос Сири, Ирак дахь “Исламын улс” бүлгийн байрлалд цохилт өгсөн юм. АНУ-д айлчилсан Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Цагаан ордны эзэн Барак Обаматай уулзахдаа “Франц улс Сирид газраар давших ажиллагаанд оролцохгүй” хэмээн мэдэгджээ.

Норвеги хил хязгаараа чангатгана

Норвеги улс Шенгенийн бүс дотор хилийн хяналтын арга хэмжээ авахаар болсныг тус улсын Засгийн газрын тэргүүн Эрн Сульберг мэдэгдлээ. Маргаашнаас эхлэн цагдаа нар Дани, Герман, Шведээс Норвегид ирж байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгаж эхлэх бололтой. Цагаач, дүрвэгсдийн урсгал нэмэгдсэний улмаас ийм арга хэмжээ авч байгаа аж. “Швед хилийн хяналтаа чангатгасан. Мнай улс ч хил хязгаараа хамгаалах шаардлагатай боллоо. Хөлөг онгоцоор ирж байгаа хүмүүст хяналт тавих, аюулгүй байдлаа сахиулах арга хэмжээ авах хэрэгтэй боллоо” хэмээн Сульберг хэлжээ. Шведийн Цагаачлалын яам дүрвэгсдийг байраар хангахаа больсноо мэдэгдсэн юм. Мөн тус улс хилийн хяналт, шалгалтаа дахин 20 хоногоор сунгахаар болсноо зарлаад байна.

Египетэд эртний хотын туурь олдлоо

Египетийн археологчид Нил мөрний сав газарт гурван мянга 500 жилийн өмнө оршиж байсан эртний хотын туурийг илрүүлжээ. Одоогоор асар том хана хэрмийг илрүүлж ухаж эхлээд байна. Тэр хавьд Египетийн эрний нийслэл Аварис хот оршиж байсан аж. Нэгэн цайз хэрмийн хананы хэсгийг илрүүлээд байгаа нь 500 метр урттай цайз бэхлэлтийн нэг хэсэг хэмээн үзэж байна. Египетүүд Азийн нүүдэлчин омгийн довтолгооноос сэргийлэхийн тулд энэ бэхлэлтийг босгосон хэмээн эрдэмтэд үздэг ажээ.



Зарлаагүй дайн

Арваннэгдүгээр сарын 24-нд Туркийн нисэх хүчин Сирид үүрэг гүйцэтгэж явсан Оросын Су-24 байлдааны онгоцыг буудаж унагалаа. Нэг нисгэгч амиа алдаж, нөгөө нь сураггүй байсан ч Сирийн цэргүүд олж Хмеймим дахь Оросын цэргийн авиа бааз дээр авчирчээ. Эрэл хайгуул хийж байсан Оросын нисдэг тэрэг газраас буудалтад өртсөний улмаас ослын буулт хийсэн байна. Энэ ослоор бас нэг цэрэг үрэгдэж, бусдыг нь очиж авчээ. Орос-Туркийн харилцаанд том хагарал үүсээд байна.

Москвагийн байр суурь

Дээрх хэрэг явдлаас хэдэн цагийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Манай онгоцыг Туркийн хилээс нэг км-ийн зайд Сирийн газар нутаг дээрТуркийн F-16 сөнөөгч онгоцноос “Агаар-агаар” ангиллын пуужингаар харваж унагалаа. Манай онгоц Туркийн хилээс дөрвөн км-ийн зайд Сирийн газар нутаг дээр уналаа. Манай нисгэгчид, манай онгоц Туркийн бүгд найрамдах улсад ямар ч аюул, занал учруулаагүй” хэмээн мэдэгдэв. Үйл явдал терроризмтэй тэмцэх ердийн тэмцлээс халин гарлаа хэмээн Оросын лидер анхааруулсан нь Туркийг террористуудын эгнээнд оруулан нэрлэсэнтэй адил зүйл болжээ. В.Путин Иорданы хаан Абдаллатай уулзах үеэрээ “Исламын улс бүлгийн эзлэсэн газар нутгаас Туркийн газар нутаг руу ихээхэн хэмжээний нефть, нефтийн бүтээгдэхүүн орж байгаа” хэмээн мэдэгдсэн нь Анкараг терроризмийг санхүүжүүлдэг хэмээн буруутгасан гэсэн үг. ОХУ-ын Гадаад хэргийн яам иргэдээ Египет, Синай шиг ауюлтай газар болон хувираад байгаа Туркт айлчлахгүй байхыг санууллаа. Ямартай ч энэ хэрэг явдал Туркт ихээхэн нөлөө, үр дагавар авчрах бололтой.

Анкарагийн байр суурь

Турк улс агаарын хилээ хамгаалсан хэмээн мэдэгдэж байна. Ерөнхийлөгч Эрдоганы хэлж буйгаар, Оросын онгоц Туркийн агаарын хилд нэвтэрч, туркууд таван минутын туршид арван удаа сануулга өгсөн аж. Туркийн тал Сиритэй холбоотой нөхцөл байдлын улмаас тэвчээртэй хандаж ирсэн хэмээн тэрээр онцлов. Дээрх хэрэг явдалд хүргэхгүйн тулд Турк бүх арга хэмжээг авсан гэдэгт хэн ч эргэлзэх хэрэггүй хэмээн Эрдоган мэдэгдлээ. Анкара холбоотнуудтайгаа хамтарч Сирийн Жараблус хот болон Газар дундын тэнгисийн эрэг хүртэл “Хүмүүнлэгийн аюулгүй байдлын бүс” байгуулна хэмээн нэмж хэллээ. Жараблус нь “Исламын улс” бүлэг өөрийн дайчдаа байрлуулж, цацдаг дамжлага нутаг юм. Турк улс энэ бүсэд хуурай замын цэргээ оруулахгүй, харин нисэх хүчин, артиллерийн галаар Сирийн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлнэ гэж байгаа аж.
Оросын онгоцыг буудаж унагасны дараа Туркийн эрх баригчид Кремльтэй хоёр талын хэлэлцээ хийхийг үл ойшоож, НАТО-гийн төлөөлөгчидтэй зөвлөгөөн хийжээ. Оросууд Туркийн талтай яаралтай уулзалт хийхийг хүссэн ч бүтэлгүйтсэн аж.

Туркууд өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл хийж, Оросын онгоц Туркийн агаарын орон зайд хэрхэн нэвтэрсэн схемийг хүртэл харуулав. Оросын онгоцонд таван минутын дотор арван сануулга өгч, хариу өгөхгүй болохоор нь пуужингаар харвасан гэж байгаа. Туркийн F-16 сөнөөгч онгоцноос харвасан пуужин байгаа онох үед Оросын онгоц Сирийн орон зайд нисч байжээ. Су-24 Туркийн агаарын орон зайд хэдхэн секунд байсан юм бол ямар таван минут, арван сануулгын талаар яриад байгаа нь ойлгомжгүй байгаа аж. ОХУ Сирид цэргийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө Путин, Эрдоган нар байлдааны онгоц, агаарын хилтэй холбоотой асуудал, зөрчлийг Гадаад хэргийн яамны түвшинд шийдэж байхаар тохиролцож байсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр  Туркт очиж зиндаа нэгтэнтэйгээ хэлэлцээ хийх байсан ч айлчлалаа цуцлаад байна.
Оросын нисэх хүчин “Исламын улс”-ын нефтийн орд газар, Турк руу нефть зөөж буй ачааны машинуудыг устгасны хариуд туркууд Оросын Су-24 онгоцыг буудаж унагасан байж болзошгүй. Мөн оросууд Сирийн газар нутаг дээр байлдааны ажиллагаа явуулахдаа эрс өөрчлөлт хийсэн нь Туркийн дургүцлийг хүргэж байгаа аж. ОХУ Башар Асадын дэглэмд тусалснаар Сирийг холбооны улс болгох асуудлыг босгож ирж байгаа юм. Энэ нь Туркийн хил залгаа нутагт Сирийн Курдистан улс бий болох магадлалыг нэмэгдүүлнэ. Турк дахь курдуудыг өдөн дуудаж өөгшүүлэх Сирийн Курдистан улсыг Анкара хүсэхгүй нь ойлгомжтой.
Оросын тал иргэдээ Туркт аялахгүй байхыг зөвлөсөн. Оросын аялал жуулчлалын компаниуд Турк руу аялуулах зар сурталчилгаагаа аль хэдийнэ зогсоожээ. Үүний зэрэгцээ ОХУ Туркт эрчим хүчний хямрал үүсгэж, эдийн засгийн хорит арга хэмжээ авч болзошгүй байна.

Бас нэг эрс хариу арга хэмжээ яригдаж байгаа нь Туркийн онгоцуудыг устгах. ОХУ-ын тал Сирийн Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа. Тиймээс энэ бүс нутагт Оросын цэргийнхний аюулгүй байдалд заналхийлж байгаа аливаа байлдааны техникийг устгах тушаалыг ОХУ-ын Батлан хамгаалах яам өгөх боломжтой ажээ.

Monday, November 23, 2015



Британийн парламент Сирид ажиллагаа явуулах талаар санал хураана

Их Британийн парламент Сири дахь “Исламын улс” бүлгийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцох асуудлаар ирэх долоо хоногт санал хураахаар боллоо хэмээн Sky News телевиз мэдээлэв. Хэд хэдэн депутат, лорд Ерөнхий сайд Дэвид Кэмероныг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн аж. Лейборист намын лидер Жереми Корбин Сирид цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон Сирийн төрийн байгууллыг эвдлэх шаардлага байхгүй хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Улс оронд террорист халдлага гарсан тохиолдолд онцгой байдлын төлөвлөгөө боловсруулж ажиллана хэмээн Кэмерон парламент дээр мэдэгдсэн байна.

ОХУ Иранд таван тэрбум долларын зээл олгоно

ОХУ Ираны хэд хэдэн төсөлд зориулж таван тэрбум долларын зээл олгоход бэлэн хэмээн Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тэрээр Ираны Ерөнхийлөгч Хасан Роханитэй хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдийн өмнө ийнхүү мэдээлсэн байна. “Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болно. Энэ зорилгоор Ираны талд зээл олгоход бэлэн байна” хэмээн Кремлийн тэргүүн хэллээ. Тегеран дэлхийн хийн зах зээл дээр чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг Ираны төрийн тэргүүн онцолсон юм. Мөн Орос, Ираны Засгийн газар иргэдийн харилцан зорчих нөхцөлийг зөөлрүүлэх тохиролцоонд гарын үсэг зуржээ.

Зургаан жилийн дотор ядуурлыг устгана

Хятад улс ойрын зургаан жилийн дотор ядуурлыг ул мөргүй устгах зорилго тавьж байна. БНХАУ-ынТөрийн зөвлөлийн ядууралтай тэмцэх хэлтсийн дэд дарга Хун Танюнь ийнхүү мэдэгджээ. “Төрөөс тусгай хөтөлбөр гаргалгүйгээр ядуурлыг арилгах амаргүй. Энэ тал дээр эрх баригчдын зүгээс бүх түвшинд дэмжлэг үзүүлж, шахаж шаардах болно” хэмээн тэрээр хэллээ.
Дундад улс 1.4 тэрбум хүн амтайгаас 70 сая нь ядуурлын түвшинд амьдардаг аж.Тэдний жилийн орлого хоёр мянга 300 юанаас хэтэрдэггүй. Хятадын ядуусын ихэнх нь хөдөө, тосгодод амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа ядууралтай тэмцэх хүчин чармайлтаа нэмэгдүүлжээ. 2014 онд 12 сая иргэн ядуурлаас гарсан нь ихээхэн чамлалттай үзүүлэлт юм. 2011 онд 43 сая хятад хүн ядуурлаас гарч байжээ.

Охайод буудалцаан болж гурван хүн амиа алдлаа

АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод буудалцаан болж хүний амь үрэгдлээ хэмээн NBC News телевиз мэдээлэв. Орон нутгийн эрх баригчид мэдээлж буйгаар, цагдаа нар утсаар мэдээлэл хүлээж авсан даруйдаа хэргийн газар иржээ. Буудалцаанд гурван хүн амиа алдаж, 12 настай хүүхэд шархадсаныг эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаа нар энэ хэргийн учир шалтгааныг тодруулж байна. Үүний өмнө Шинэ Орлеанд мөн буудалцаан болж 16 хүн шархадсан хэмээн мэдээлж байв.


Амьтдыг хувилж олшруулах хамгийн том төвийг байгуулна

Хятад улс амьтдыг эсийн аргаар хувилж олшруулах дэлхийн хамгийн том төвийг байгуулж байна. Зүүн хойд хэсгийн Тянжинь хот дахь техник, эдийн засгийн хөгжлийн бүсийн бааз суурь дээр энэ төвийг байгуулах аж. 31.3 сая долларын өртөгтэй төсөлд Өмнөд Солонгос оролцож байна. Төвийн барилгын ажил хэдийнэ эхэлжээ. Амьтдыг хувилж олшруулдаг эрдэмтэд 2016 оны эхний хагаст шинэ үйлдвэр дээр ажиллаж эхлэх бололтой.
Шинэ төвийн гол зорилго нь албаны, цагдаагийн нохой, гэрийн тэжээвэр амьтад, уралдааны морь, мөн мах, сүүний чиглэлээр ашиглах үхэр гаргаж авахад оршиж байна. Хувилах төвийг байгуулж буй толгой компанийн тэргүүний мэдэгдсэнээр, тус төвд нэг жилд үхрийн 100 мянган үр хөврөлийг үйлдвэрлэн гаргах ажээ. Үйлдвэр нь жилд нэг сая үр хөврөл гаргах хүчин чадалтай байх юм.

Амьтдыг хувилж олшруулах санаа махны чиглэлийн мал, амьтны тоо толгойгоо өсгөх эрмэлзэлтэй малчин, аж ахуй, фермерүүдийн сонирхлыг ихээхэн татаж байна. Нохойны хувьд гэвэл Сөүлийн Үндэсний их сургууль клон буюу эсийн аргаар хувилах туршлагатай. 2009 онд солонгосууд дэлхийд анх удаа клоны аргаар нохойг гаргаж авч байжээ. Энэ нохойг нисэх онгоцны буудал, хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр мансууруулах бодис илрүүлэхэд ашиглаж байв. Хятад улс энэ чиглэлээр олон жилийн өмнөөс ажиллаж ирсэн юм. Хятад эрдэмтэд онцгой булчинтай анч нохойг бүтээсэн тухай эрдэм шинжилгээний судалгаа, өгүүллээ дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүдэд нэг бус удаа нийтэлж байсан билээ. Тэд мөн ямаа, хонь, гахай, сармагчин дээр тун сонирхолтой туршилт, судалгаа хийж байв. Хятад улс аварга том төсвийнхээ ачаар амьтдыг эсийн аргаар хувилах салбарт ихээхэн хөрөнгө мөнгө хуваарилжээ. 2019 онд хятадууд амьтдыг хувилж олшруулах талбар дээрх хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлэхээр байна. Амьтдыг хиймлээр хувилж олшруулах нь дэлхий дахинд ихээхэн маргаан дэгдээдэг билээ. Улмаар хүн гэдэг амьтныг хувилж олшруулаад эхэлбэл яах вэ, үүнийг зөвшөөрч болох уу гэдэг асуудал хамгийн хурцаар тавигдаж байна. 

Sunday, November 22, 2015







Хамаг мөнгөө үрээд дууссан НБА-ийн 10 од

10. Деннис Родман, 50 сая доллар.
Өнөөдөр тэрээр бүх мөнгөө барсны дээр хүүхдийн тэтгэвэрт нэг сая долларын өртэй үлджээ.

9. Кенни Андерсон, 60 сая доллар.
Гурван салалт, найман хүүхэд. Шүүхийн шийдвэрээр таван өөр эмэгтэйг тэжээсээр, эцэст нь сүйрчээ.

8. Эдди Карри, 70 сая доллар
Тэрээр мөнгөө зүгээр л цацаад дуусгажээ. Хэрхэн, юунд зарцуулснаа санадаггүй аж.

7. Деррик Кулман, 91 сая доллар.
Мань эр 2009, 2010 онд Детройтын сүйрсэн эдийн засагт туслах гэж бүх мөнгөө зарцуулаад хоосон хоцорчээ.

6. Шон Кемп, 92 сая доллар.
Тэрээр хөрөнгийнхөө ихэнхийг зургаан өөр эмэгтэйн долоон хүүхдийн тэтгэвэрт өгөөд дууссан юм.

5. Вин Бейкер, 100 сая доллар.
Мөрийтэй тоглоом, архинд хамаг мөнгө өгөөд үгүйрсэн.

4. Летрелл Спрьюэл, 100 сая доллар.
Нью-Йорк Никсийн экс тоглогч дарвуулт завь болон бусад тансаг зүйлд энэ их мөнгөө зарцуулаад, дараа нь зардлыг нь дийлэлгүй дампуурсан.

3. Антуан Волкер, 110 сая доллар.
Зодог тайлаад гурван жилийн дотор бүх мөнгөө дуусгажээ. 70 орчим түнш, найздаа тараагаад дууссан гэж хэлдэг.

2. Скотти Пиппен, 120 сая доллар.

Муу, тооцоогүй хөрөнгө оруулалт домогт Майкл Жорданы хамгийн сайн хамтрагчийг сүйрүүлжээ. Дөрвөн сая доллараар худалдаж авсан хөнгөн нисэх онгоцоо ганц ч удаа ашиглаагүй.

1.Аллен Айверсон, 200 сая доллар
Үнэт эдлэл, хувийн нисэх онгоцонд багагүй мөнгөө үрсэн. Хамгийн гол нь түүнийг тойрон эргэлдэж байсан найзууд нь Айверсоны мөнгийг ашиглаж, завшаад дуусгажээ.


Эрх баригч намын нэр дэвшигч ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

Аргентинд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Сөрөг хүчний нэр дэвшигч Маурисио Макри ялалт байгуулсан нь тодорхой болов. Эрх баригч намаас нэр дэвшсэн Даниэл Сциоли төрийн тэргүүний төлөөх тэмцэлд ялагдсанаа хүлээн зөвшөөрчээ. “Аргентины ард түмэн Маурисио Макрийг шинэ Ерөнхийлөгчөөрөө сонголоо. Би саяхан түүн рүү утасдаж баяр хүргэлээ” хэмээн Сциоли мэдэгдэв. Нийт саналын 70 орчим хувийг боловсруулан гаргахад Макри 53.5 хувийн санал аваад байна. Эрх баригч намын нэр дэвшигч 46.5 хувийн санал авчээ.

Гол сэжигтэнг барьж чадсангүй

Бельгийн нийслэл Брюссель хотод цагдаа, тусгай хүчнийхэн тусгай ажиллагаа явуулж 16 хүнийг баривчлан саатуулжээ. Парисын аллагын тархи гэгдэж байгаа Салах Абдесламыг хайж байгаа ч тэрээр баригдаагүй хэвээр байна. Саатуулагдсан хүмүүсээс буу, тэсрэх бодис илрээгүй ба тэднийг үргэлжлүүлэн хорих, суллах эсэхийг удахгүй шийдэх аж. Моленбек баарны орчимд цагдаа, нэгэн жолоочийн хооронд мөргөлдөөн болж буун дуу гарчээ. Жолооч зугтсан ч баривчилж чадсан байна. Парис дахь халдлагыг зохион байгуулсан гэгдэж байгаа Салах Абдеслам зүсээ хувиргасан байж болзошгүйг цагдаагийн газраас анхааруулж байна.

Цагаан хирс дэлхийд гуравхан үлдэв

Сан-Диего хотын сафари-цэцэрлэгт Нола хэмээх цагаан хирс таалал төгссөнөөр дэлхий дээр энэ төрлийн амьтан гуравхан үлдлээ хэмээн Los Angeles Times сонин мэдээлэв. Долоо хоногийн өмнөөс Нолагийн бие муудаж, сүүлийн хэдэн өдөр бүр муудсан тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд үүрд нойрсуулах шийдвэр гаргажээ.

Энэ цагаан хирс 1989 онд Зүүн Европоо Сан-Диегод ирж, тус амьтны хүрээлэнгийн төдийгүй, бүх дэлхийд зартай болсон юм. Сүүлийн 50 жилд хулгайн анчид цагаан хирсийг хядаад дуусчээ. 1960 онд цагаан хирс хоёр мянга гарч тооллогдож байв. Өнгөрсөн оны сүүлч гэхэд дэлхий дээр таван цагаан хирс үлдсэн байжээ. 


Хятадууд Канадын гоо бүсгүйд виз олгохоос татгалзжээ

Хятад улс Miss Canada гоо сайхны тэмцээнд түрүүлсэн Анастасиа Линд Miss World тэмцээнд оролцох урилга явуулахаас татгалзжээ. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн ирэх сард Хайнань арлын Саня хотод болох аж. Хятадад мэндэлсэн 25 настай жүжигчин бүсгүй Бээжингийн Засгийн газрын бодлогыг шүүмжилдгийнхээ төлөө Miss World тэмцээнд оролцож чадахгүй болов. Тэмцээнд оролцоход шаардлагатай Хятадын талын урилга түүнд ирсэнгүй. Орон бүрийн гоо бүсгүйчүүд Хятадын зүүн өмнөд хэсгийн халуун цаг агаартай Хайнань арал дээр сарын өмнө очсон байх ёстой. Урилгагүй хоцорсон Лин виз хүсэх эрхгүй болжээ. “Би нээлтийн ажиллагаанд, магадгүй тэмцээнд оролцож чадахгүй боллоо. Дахиад нэг хүсэлт гаргаад үзнэ. Гэвч “Дэлхийн мисс”-т оролцох боломж минь байхгүй болж байх шиг байна” хэмээн Канадын мисс Анастасиа Лин ярилаа.
Лин тавдугаар сард Канадын миссээр тодорсон юм. Тэрээр хятад дахь хүний эрхийн зөрчлийг ил тодоор шүүмжилдэг. Канадын гоо сайхны хатан хаан бие бялдрын дасгал, ёс зүйн сургаалийг бясалгалтай хослуулдаг Фалунгон хөдөлгөөнийг идэвхтэй өмгөөлдөг. Фалунгон хөдөлгөөн эхэндээ Засгийн газрын дэмжлэгийг хүлээдэг байсан билээ. Гэвч удалгүй тэдний цар нөлөө, бие даасан байдал нэмэгдэхийн хэрээр улс оронд заналхийлсэн аюул хэмээн харах болсон юм. Фалунгоны хэдэн мянган дэмжигч тус хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөхийг шаардан жагсаж байсан нь Хятадын коммунист дэглэмийн хараанд өртөж, энэ бясалгалаар хичээллэгчид цагдаагийн мөрдөлт мөшгилтын бай болсон аж. Хятадын хуулиар, төр улсаас хүлээн зөвшөөрөгдөөгүй шашны хөдөлгөөнийг өмгөөлсөн, дэмжсэн хэнийг ч баривчлах заалттай байдаг.
Лин 2003 онд Канад руу цагаачилжээ. Хятад иргэд эрх баригчдын мөрдлөг, хавчлагад өртөж байгааг харсан бүсгүй хүний эрхийн төлөөх тэмцлээ эхлүүлсэн юм. Тэрээр Фалунгоны гишүүдийг баривчилж буй тухай кинонд оролцож, долдугаар сард АНУ-ын Конгрессын хорооны өмнө энэ сэдвээр ярьж байжээ. Miss Canada тэмцээний тэргүүн Айк Лажи “Анастасиа Лин “Дэлхийн мисс”-т оролцохгүй бол бид дэд миссээ явуулахгүй” хэмээн мэдэгджээ.
“Хятадад болдог дэлхийн гоо бүсгүйн тэмцээний оролцогчид хүний эрхийн тал дээр надтай адил байр суурьтай байдаг. Гэвч тэд виз авч чадахгүй гэж айхдаа энэ тухай ил тод ярьдаггүй. Харин би энэ талаар ил тод ярьдаг. Цуурай, үр нөлөө нь ямар байдгийг би мэднэ” хэмээн Лин өгүүлэв. Анастасиа Лин энэ онд “Канадын мисс”-т түрүүлсний дараа Хятадын аюулгүйн албаны хүмүүс эцэгтэй нь холбогдож “Охин чинь хүний эрхийн талаар мэдэгдлээ хийсээр байвал онцгүй үр дагавар гарна шүү” хэмээн сануулсан аж. Лины эцэг нутагтаа амьдардаг бөгөөд охин нь эцгийнхээ аюулгүй байдалд санаа зовних болжээ. “Эцэг маань их түгшүүртэй байгаа. Утас чагнана гэж айж байгаа тул надтай ярьж зүрхлэхгүй байна” хэмээн Канадын мисс ярилаа.

Лин байр сууриа ашиглаж Хятад дахь хүний эрхийн асуудлыг анхааралд оруулж, Азийн улс дахь хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. “Би ганцаараа, хэцүү байна. Гэр бүл маань энд алга. “Дэлхийн мисс” бол олон улсын байгууллага. Эдгээр байгууллагууд оролцогчдоо өмгөөлж хамгаалахгүй бол биднийг хавчиж, гадуурхсан хэвээр байх болно” хэмээн Лин онцоллоо. Канадын гоо сайхны хатан хаан “Дэлхийн мисс”-т оролцохгүй байсан ч Хятад дахь хүний эрхийн зөрчлийг шүүмжилсээр байх болно гэдгээ мэдэгдсэн юм. “Хятадад очих боломж олдвол хүмүүс намайг хараасай гэж бодож байна. Тэд намайг мэднэ, хэдийгээр хараа хяналттай ч хятадууд ямар нэг аргаар мэдээлэл авч байгаа. Намайг жинхэнээсээ, ухамсраараа ажиллаж, хөдөлж байгааг тэд хараасай гэж хүсч байна. Тэд ч бас миний адил тэмцэж чадна” хэмээн Анастасиа Лин хэллээ.

Saturday, November 21, 2015




Бангладешт сөрөг хүчний лидерүүдийг цаазалжээ

Бангладешт 1971 онд Пакистанаас тусгаар тогтнох дайны явцад дайны гэмт хэрэг үйлдсэн сөрөг хүчний хоёр лидерийг цаазалжээ. Бангладешийн Үндсэрхэг намын намын лидер Салахуддин Кадер Чадхури, “Жамаат-и-ислами Бангладеш” лалын намын нарийн бичгийн дарга Али Ахсан Мужахид нарыг дүүжлүүрт цаазалжээ. Үүний өмнө бас хоёр төлөөлөгчөө цаазлуулаад байсан лалын нам бүх нийтийн эсэргүүцэл, жагсаалд уриалаад байна.
67 настай Мужахид сэхээтнүүд, багш, сэтгүүлчдийг хөнөөх хэрэгт турхирсан хэрэгт буруутгагджээ. 66 натай Чахудри дайны үеэр хүмүүсийг хороосон, тамлан зовоосон хэмээн үзсэн байна. Өрнөдийн орнууд үүнийг улс төрийн шалтгаантай, шүүхийн үйл явц зохих ёсны дагуу болоогүй хэмээн үзжээ.

Eagles of Death Metal-ийн менежер халдлагад өртжээ

Арваннэгдүгээр сарын 13-нд Парисын Батаклан театрт тоглож байсан АНУ-ын Eagles of Death Metal хамтлагийн гитарчин Жесси Хьюз террористууд театрын хувцас солих, будалтын өрөөнд хэд хэдэн хүнийг алсан хэмээн ярьжээ. Тэрээр эмгэнэлт явдлын дараа анх удаа хэвлэлд ам нээсэн аж. Хөгжимчний баталж буйгаар, концертэд ирсэн хүмүүс найз нөхдөө орхиж явалгүй, нэг нэгнээ дуудан алан хядагчдын сумнаас хамгаалж байсан болохоор олон хүн амиа алджээ. Батаклан театрт 90 хүн амиа алдсаны дотор хамтлагийн менежер Ник Александр болон дуу бичлэгийн компанийн гурван төлөөлөгч Томас Айад, Мари Моссер, Ману Перес нар байсан юм. Парисын халдлагын дараа Eagles of Death Metal хамтлаг тоглолтоо зогсоогоод байна.

Эль-Класикод Барса илүүрхлээ

Испанийн хөлбөмбөгийн хамгийн том, анхаарал татсан тоглолт өчигдөр боллоо. Ла Лига-ийн 12-р тойрогт эзэн хааны Реал Мадрид клуб Каталоны нэр төр Барселонаг талбайдаа хүлээж авсан юм. Заналт өрсөлдөгчөөсөө гурван оноогоор хоцорч байсан цагаанууд хожил авч хүснэгтийг тэргүүлэх зорилго тавьж байсан ч бүтэлгүйтэв. Барсагийн Суарес (хоёр гоол), Неймар, Иньеста нар гоол оруулж Рафа Бенитесийн багийг хүнд байдалд оруулав. Роналдо тэргүүтэй Реал маш муу тоглож, талбай дээрээ шившигтэйгээр хожигдлоо. Заналт өрсөлдөгчөө талбай дээрээ хожих чадваргүй Рафагийн байр суурь ч ихээхэн ганхав бололтой. Реалыг талбай дээр нь 0-4 буулган авч гайхалтай ялалт байгуулсан барсачууд зургаан онооны илүүтэй хүснэгтийг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Ерийн буланд 16-ийн гаднаас цөм цохиж оруулсан Иньестаг сэлгэгдэж талбайг орхиход Реалын фэнүүд босч алга ташин баяр хүргэжээ. Энэ удаагийн Эль-Класиког дэлхий даяар 600 сая хүн үзэж сонирхжээ.

Роберт Мугабед эхнэр нь тэргэнцэр авч өгнө

Зимбабве улсын 91 настай Ерөнхийлөгч Роберт Мугабегийн эхнэр Грейс Мугабе нөхөртөө улс орныг үргэлжлүүлэн удирдах боломж олгохын тулд хөгжлийн бэрхшээлтээ хүний тэргэнцэр худалдан авч өгөх гэж буйгаа ярьжээ. Роберт Мугабе 1980 оноос хойш улс орноо удирдаж байгаа бөгөөд хамгийн хөгшин төрийн тэргүүнээр нэрлэгдэж байна. 50 настай эхнэр нь нөхрөө ярьж чадаж байгаа цагт Ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэхийг дэмжиж байгаа аж. Мугабе саяхан парламент дээр үг хэлэхдээ хэд хэдэн эргэлзээтэй алдаа гаргасан тул олон хүн түүний удирдах чадварт эргэлзэх болжээ. Хоёрдугаар сард Роберт Мугабе иргэдтэй уулзаж яваад шатнаас унасан юм. Энэ явдлын улмаас түүний 30 бие хамгаалагч ажлаасаа халагджээ. 



“Исламын улс”-ын эсрэг бүх арга хэрэгслээр тэмцэхийг уриалав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Исламын улс” террорист бүлгийн эсрэг тэмцэлд бүх арга хэрэгслийг ашиглахыг уриалсан тогтоолыг санал нэгтэй баталлаа. Францын талаас өргөн барьсан тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон дэмжсэн юм. Энэ нь Сири, Ирак дахь лалын босогчдын зүгээс ирэх аюул заналхийллийн эсрэг тэмцэлд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн анхны нэгдсэн баримт бичиг байлаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр санал нэгтэй баталсан тогтоолоор террорист аюул заналхийллийн эсрэг тэмцэлд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг улс орнуудад уриалж байгаа аж.
“Исламын улс” бүлгээс зохион байгуулсан хэмээн үзэж буй халдлагад өртөж, 130 иргэнээ алдсан Франц улс тогтоолын төслийг санаачилжээ. Лалын босогчдын бүлэг нь олон улсын энх тайван, тогтвортой байдалд урьд өмнө байгаагүй, асар их аюул заналыг учруулж байна, дэлхийн улс орнууд энэ аюулын эсрэг бүр аргаар тэмцэх ёстой хэмээн тогтоолд онцолсон байлаа. Францад болсон халдлагын дараа Орос болон Америк тэргүүтэй олон улсын эвслийн хооронд ойлголцолд хүрэх хүчин чармайлт идэвхжсэн юм. Дээр нь Египетэд унаж сүйрсэн Оросын иргэний тээврийн нисэх онгоц лалын босогчдын халдлагын бай болсон нь тогтоогдож “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд дахин ташуур өгсөн юм. Нисэх онгоцонд бөмбөг дэлбэрч сүйрсэн болох нь шалгалт, шинжилгээгээр хөдөлбөргүй тогтоогдсон билээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Исламын улс” бүлэгтэй тэмцэх олон улсын томоохон эвслийг байгуулах шаардлагатайг цохон тэмдэглэж, энэ долоо хоногт энэ асуудлаар Кремлийн тэргүүн Владимир Путин, Цагаан ордны эзэн Барак Обама нартай ярилцаж, хэлэлцэхээр зэхэж байна. Баталсан тогтоолын үндэс суурь нь хүч хэрэглэх эрхийг олгодог НҮБ-ын дүрмийн долдугаар бүлэг биш тул цэргийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа. Долдугаар бүлэгт олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд цэрэг, зэвсгийн ямар хүч, арга хэрэгслийг ашиглахыг зааж өгдөг билээ. Гэвч дээрх тогтоол нь Аюулгүйн зөвлөлийн бүх байнгын гишүүдийн санаа, зоригийг нэгтгэж чадсанаараа онцлог болж байна.
Францын санаачилсан тогтоолыг ОХУ дэмжсэн нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг тодорхой хугацаагаар эрх мэдэлд үлдээхэд түлхэц өгч буй бололтой. Францын өргөн барьсан тогтоол Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн дэмжлэгийг хүлээсэн ч Москва терроризмтай тэмцэх талаарх өөрийн тогтоолын хувилбарыг дэмжүүлэхийн төлөө ажиллана хэмээн НҮБ дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Оросын тогтоолыг саатуулах оролдого нь улс төрийн харалган, алсын хараагүй байдлын илрэл хэмээн Оросын дипломатч үзэж байна. “Террористуудтай нэг гараар тэмцэж болохгүй. Нөгөө гарыг нь улс төрийн шалтгаанаар барьж, хориод байна. Бид тогтоолоо батлуулахын тулд шаргуу ажиллах болно” хэмээн тэрээр хэлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах, гадаад бодлогын зөвлөлийн хуралдааны тэргүүн Федор Лукьяновын үзэж буйгаар, дээр баталсан тогтоол нь дэлхийн улс орнууд терроризмтэй хамтран тэмцэх нэгдмэл санаа бодлоо илэрхийлсэн явдал ажээ. Ийнхүү терроризмын эсрэг тэмцдэг тэргүүлэх орнууд “Исламын улс”-ын эсрэг үйл ажиллагаагаа “хууль ёсны” болгох боломжтой боллоо хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.