Monday, May 16, 2016

“Твиттер” ишлэл, гэрэл зургийг тэмдэгтэд тооцохгүй

Бичил блог, ишлэлийн “Twitter” сүлжээ ишлэл, гэрэл зургийг тэмдэгтэд тооцдогоо болих гэж байгааг Bloomberg агентлаг мэдээлэв. “Twitter хоёр долоо хоногийн дараа энэ хязгаарлалтыг цуцалснаар зөвшөөрөгдөх тэмдэгтийн тоо нь нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэглэгчид илүү урт өгүүлбэр бичих боломжийг судалж байгааг сүлжээг үндэслэгч Жек Дорси нэгдүгээр сард мэдэгдэж байв. “Twitter”-ийн нэг жиргээг 140 тэмдэгтэд багтаах ёстой. Ишлэл нь 23, гэрэл зураг нь 24 тэмдэгтэд тооцогддог аж. 140 тэмдэгтийн хязгаарлалт нь хэрэглэгчдийг илүү уран цэцэн, үр бүтээлтэй байхыг дэмждэг хэмээн Дорси хэлжээ.

Армени, Азербайжаны лидерүүд уулзжээ

Азербайжан болон Арменийн Ерөнхийлөгч Ильхам Алиев, Серж Саргсян нар Австрийн нийслэл Венад уулзжээ. Уулын Карабахт дахин мөргөлдөөн дэгдсэнээс хойш хоёр улсын лидер ийнхүү анх удаа уулзав. Уулзалт, хэлэлцээг Минскийн бүлгийн (Орос, Америк Франц) гишүүд зуучилжээ. Талууд эвлэрлийн гэрээг 1994, 1995 онд тохиролцсон гэрээний дагуу дагаж мөрдөхөөр болсныг уулзалтад ОХУ-ыг төлөөлсөн Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Уулзалтад мөн Францын Гадаад хэргийн сайд Жан Марк-Эро, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар байлцжээ. Армени, Азербайжаны Ерөнхийлөгч нар дахин уулзалт хийхээр тохиролцсон байна. Дөрөвдүгээр сард Уулын Карабахт мөргөлдөөн, дайн болж аль аль талаас 100 орчим хүн амь насаа алдсан юм. 

No comments:

Post a Comment