Monday, May 30, 2016




24 цагийн дотор 12 улсаар аялжээ

Их Британийн иргэн Адам Лейтон 24 цагийн дотор 12 орноор зочилж дэлхийн шинэ рекорд тогтоолоо. 1993 онд нэг хоногийн дотор 11 орноор аялсан эр Гиннесийн номд бүртгүүлж байв. Лидс хотын иргэн Адам онгоц, галт тэрэг, автобусаар аялжээ. Тэрээр сүүлийн дөрвөн км газрыг гүйж туулах хэрэгтэй болж, 24 цагийн хугацаа дуусахаас долоон минутын өмнө 12 дахь орны хилийг давсан байна. Лейтон Германаас аяллаа эхэлж Франц, Бельги, Люксембург, Голланд, Дани, Швед, Польш, Словак, Чех, Унгар, Австри улсаар оржээ. Одоо 39 настай британи эр Гиннесийн аварга амжилтын номны албан ёсны баталгааг хүлээж сууна. Тэрээр зүгээр ч нэг аялсангүй, Sands буяны санд хандив цуглуулж чадсан байна. 2015 онд Норвегийн аялагч 24 цагийн дотор АНУ-ын 22 мужид хөл тавьж байжээ. Саяхан Санкт-Петербургийн иргэн нутгаасаа гарч алхсаар нэг жилийн дараа алс баруун хязгаарын Владивосток хотод очжээ.

Адель Лос-Анжелест 9.5 саяаар байшин худалдаж авчээ

Английн дуучин Адель АНУ-ын Лос-Анжелесийн Беверли-Хилс дүүрэгт  9.5 сая доллараар тансаг байшин худалдаж авчээ. Дөрвөн унтлагын өрөө, бассейн, том цэцэрлэг, мини-кино театртай 6600 метр кв байр нь Лос-Анжелесийн захын тансаг дүүрэгт байдаг. Нэрт дуучин ийнхүү Эштон Катчер, Мила Кунис нарын хөрш болж байгаа аж. Адель саяхан дуу бичлэгийн компанитай 130 сая долларын гэрээ байгуулсан юм. Аялан тоглолт хийж байгаа Адель энэ хагас сайнд Италийн Верона хотод дуулах гэж байна. Тэрээр хүүхэд төрүүлж хоёр жил орчим тайзнаас хөндийрсэн ч хэдэн сарын өмнөөс уран бүтээлдээ эргэн ирсэн юм. Дашрамд сонирхуулахад, Адель Америкийн дуучин Бейонсийг шүтдэгээ фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

Verizon-ий ажилтнууд ажил хаялтаа зогсооно

АНУ-д сүүлийн хэдэн жил дуулдаагүй том ажил хаялт зарлаад байсан Америкийн харилцаа холбооны Verizon компанийн 40 мянган ажилтан ажил хаялтаа зогсоож зургадугаар сарын 1-нд ажилдаа эргэж ирэхээр болжээ. Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах тал дээр компанийн удирдлагатай тохиролцоонд хүрсэн тул ажилт хаялт зогсчээ. Мэдээлэл-лавлагааны төв дээр 1300 ажлын байр шинээр бий болгох, дөрвөн жилийн дотор цалинг 21 хувиар нэмэх, хөрөнгө хэмнэх үүднээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах төлөвлөгөөнд өөрчлөх оруулахаар болсон байна.

“Исламын улс”-ын долоон лидерийг устгажээ


Иракийн нисэх хүчин Анбар мужид довтолгоо хийх үеэр “Исламын улс” террорист бүлгийн долоон лидерийг устгалаа хэмээн Иракийн хүчний байгууллагын удирдлагаас мэдээлэв. Устгасан террористуудын дотор лалын босогчдын тагнуул, аюулгүй байдлыг хариуцдаг дарга нар байжээ. Нисэх хүчний онгоцууд Сиритэй залгаа Иракийн Анбар мужид тусгай ажиллагаа явуулахдаа Америкийн тагнуулын мэдээллийг ашигласан байна. “Исламын улс” бүлгийн отрядын командлагч, Ефрат мужийн шариатын шүүхийн дарга байсан хэмээн мэдээлж байна. Тус бүлэг сүүлийн үед бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, отрядын командлагч нарт илүү их эрх мэдэл өгөх тактикт шилжжээ. 

No comments:

Post a Comment