Sunday, May 15, 2016





Найман тонн кокаин хураажээ

Колумбын цагдаа зүүн хойд хэсгийн эргийн Турбо хот дахь нэгэн фермийг нэгжихдээ найман тонн кокаин илрүүлэн хураажээ. Сүүлийн арван жилд ийм их хэмжээний хар тамхи илэрч байгаагүй юм. Гэмт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэлд хүчний бүх бүтцийг, армийг хүртэл ашиглах болно хэмээн Колумбын Батлан хамгаалахын сайд Луис Карлос Вегас мэдэгджээ. Колумбын газар нутгийн үлэмж хэсгийг хянаж, хар тамхины тариалан, үйлдвэрлэл, түгээлт явуулдаг Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин (FARC) 50 жилийн дайн, мөргөлдөөний дараа эрх баригчидтай энхийн гэрээ байгуулахад ойртоод байгаа юм. FARC-ийн босогчдын тэмчлийн явцад 220 мянган хүн амиа алдаж, олон зуун хүн хулгайлагдаж, зургаан сая орчим хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн юм.Энхийн хэлэлцээ 2012 оны арваннэгдүгэээр сард Гаванад эхэлсэн билээ.

Италид хүүхдийн мөнгийг нэмнэ

Италийн Эрүүл мэндийн сайд Беатриче Лоренцин гэр бүлүүд олон хүүхэдтэй байхыг дэмжихийн тулд хүүхдийн мөнгийг хоёр дахин нэмэх санал гаргажээ. Байдал өөрчлөгдөхгүй энэ хэвээрээ үргэлжилвэл 10 жилийн дараа Италид төрөлт 40 хувиар буурч 2010 оны түвшинд хүрнэ хэмээн сайд хэлжээ. Өндөр настай, архаг өвчтэй хүмүүсийн эзлэх хувь нэмэгдсэнээр улс үндэстэн доройтох, хөгшрөх аюулд орно хэмээн үзэж байгаа аж. Италид гэр бүлийн орлого жилд 11 мянга 422 еврогоос доош бол хүүхэд бүрт сард 250 евро, 27 мянга 639 еврогоос доош бол хүүхэд бүрт сард 38 еврогийн тусламж олгодог. Жилийн орлого нь 43 мянга еврогоос дээш бол хүүхдийн мөнгө олгодоггүй. Эрүүл мэндийн сайд дараагийн хүүхэд бүрт тусламжийн мөнгийг хоёр дахин нэмж олгох санал дэвшүүлээд байна.

Хиллари Клинтон ялалт байгуулвал нөхөртөө АНУ-ын эдийн засгийг даатгана

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь бараг тодорхой болоод буй Хиллари Клинтон сонгуульд ялалт байгуулвал нөхөр Билл Клинтонд Америкийн эдийн засгийг сэргээх даалгаврыг өгнө хэмээн мэдэгдлээ. “Америкийн эдийн засгийг сэргээх даалгаврыг нөхөртөө өгнө гэж бодож байна. Учир нь тэр үүнийг хэрхэн хийхийг мэднэ” хэмээн хатагтай Клинтон хэлжээ. Нөхрийнх нь мэдлэг чадвар, тэр тусмаа уул уурхайн салбар дахь мэдлэг, туршлага нь эдийн засгийг сэргээхэд туслана хэмээн экс Төрийн нарийн бичгийн дарга үзэж байна. Хиллари сонгуулийн кампанит ажлынхаа үеэр, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол нөхрийнхөө зөвлөгөөг авч байх болно хэмээн нэг бус удаа мэдэгдсэн юм.

Д.Трампын сонгуулийн кампанид 160 сая доллар хүрэлцэхгүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших гэж байгаа Дональд Трампын сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэхэд өөрийнх нь хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй хэмээн Wall Street Journal-д бичжээ. Хэдийгээр Трамп өөрийн хөрөнгөө 10 тэрбум доллар гэж үнэлдэг ч тэрээр өөр томоохон хандивлагчдын тусламжийг авахаас аргагүй болсон байна. Шинжээчдийн үзэж буйгаар, тэрбумтан Трампын орлого энэ онд 160 сая доллар болж байгаа аж. Тэрээр өнгөрсөн зун сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхдээ 200 сая долларыг кампанит ажилдаа зарцуулахад бэлэн хэмээн мэдэгдэж байсан юм. Трампын зарцуулж буй мөнгийг өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй харьцуулж харвал түүний хөрөнгө, актив тун хурдан дуусахаар байна хэмээн сэтгүүлд бичжээ. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама 721 сая, Митт Ромни 449 сая доллар зарцуулж байсан юм.

Дэлхийн хамгийн том хөлөг онгоц аялалдаа гарлаа

Дэлхийд хамгийн томд тооцогдож буй Harmony of the seas хөлөг онгоц Францын Сен-Назар хотоос усанд тавигджээ. Хөлөг онгоц Их Британийн Саутхэмптон боомтод очих бөгөөд тэндээс анхны зорчигчдоо авах юм. Тэндээсээ Барселона хотод очиж Газар дундын тэнгисийн аялалаа эхлүүлэх аж. 227,5 тн жинтэй, 66 метр өргөн, 362 метр урт энэхүү аялалын тансаг хөлөг онгоцыг бүтээхэд нэг тэрбум доллар зарцуулжээ. Уг хөлөг зургаан мянга 400 зорчигч, экипажийн хоёр мянган гишүүнийг тээвэрлэх чадалтай. “Ultimate Abyss” давхар хуурай гулсуур, “Perfect Storm” усан гулсуур, 3D кино театр, шумбах үзүүлбэрийн Усан театр, робот зөөгчтэй Бионик баар, цэцэрлэг, зугаалгын талбай, “Grease” задгай театр, далайн зугаалгын ордон, хүүхдийн сэдэвчилсэн парк, тоглоомын талбай, өндөр хурдны интернэтийн танхим, эмнэлэг, зоогийн газар гээд бүх юмыг багтаажээ. 

No comments:

Post a Comment