Monday, May 30, 2016




24 цагийн дотор 12 улсаар аялжээ

Их Британийн иргэн Адам Лейтон 24 цагийн дотор 12 орноор зочилж дэлхийн шинэ рекорд тогтоолоо. 1993 онд нэг хоногийн дотор 11 орноор аялсан эр Гиннесийн номд бүртгүүлж байв. Лидс хотын иргэн Адам онгоц, галт тэрэг, автобусаар аялжээ. Тэрээр сүүлийн дөрвөн км газрыг гүйж туулах хэрэгтэй болж, 24 цагийн хугацаа дуусахаас долоон минутын өмнө 12 дахь орны хилийг давсан байна. Лейтон Германаас аяллаа эхэлж Франц, Бельги, Люксембург, Голланд, Дани, Швед, Польш, Словак, Чех, Унгар, Австри улсаар оржээ. Одоо 39 настай британи эр Гиннесийн аварга амжилтын номны албан ёсны баталгааг хүлээж сууна. Тэрээр зүгээр ч нэг аялсангүй, Sands буяны санд хандив цуглуулж чадсан байна. 2015 онд Норвегийн аялагч 24 цагийн дотор АНУ-ын 22 мужид хөл тавьж байжээ. Саяхан Санкт-Петербургийн иргэн нутгаасаа гарч алхсаар нэг жилийн дараа алс баруун хязгаарын Владивосток хотод очжээ.

Адель Лос-Анжелест 9.5 саяаар байшин худалдаж авчээ

Английн дуучин Адель АНУ-ын Лос-Анжелесийн Беверли-Хилс дүүрэгт  9.5 сая доллараар тансаг байшин худалдаж авчээ. Дөрвөн унтлагын өрөө, бассейн, том цэцэрлэг, мини-кино театртай 6600 метр кв байр нь Лос-Анжелесийн захын тансаг дүүрэгт байдаг. Нэрт дуучин ийнхүү Эштон Катчер, Мила Кунис нарын хөрш болж байгаа аж. Адель саяхан дуу бичлэгийн компанитай 130 сая долларын гэрээ байгуулсан юм. Аялан тоглолт хийж байгаа Адель энэ хагас сайнд Италийн Верона хотод дуулах гэж байна. Тэрээр хүүхэд төрүүлж хоёр жил орчим тайзнаас хөндийрсэн ч хэдэн сарын өмнөөс уран бүтээлдээ эргэн ирсэн юм. Дашрамд сонирхуулахад, Адель Америкийн дуучин Бейонсийг шүтдэгээ фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

Verizon-ий ажилтнууд ажил хаялтаа зогсооно

АНУ-д сүүлийн хэдэн жил дуулдаагүй том ажил хаялт зарлаад байсан Америкийн харилцаа холбооны Verizon компанийн 40 мянган ажилтан ажил хаялтаа зогсоож зургадугаар сарын 1-нд ажилдаа эргэж ирэхээр болжээ. Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах тал дээр компанийн удирдлагатай тохиролцоонд хүрсэн тул ажилт хаялт зогсчээ. Мэдээлэл-лавлагааны төв дээр 1300 ажлын байр шинээр бий болгох, дөрвөн жилийн дотор цалинг 21 хувиар нэмэх, хөрөнгө хэмнэх үүднээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах төлөвлөгөөнд өөрчлөх оруулахаар болсон байна.

“Исламын улс”-ын долоон лидерийг устгажээ


Иракийн нисэх хүчин Анбар мужид довтолгоо хийх үеэр “Исламын улс” террорист бүлгийн долоон лидерийг устгалаа хэмээн Иракийн хүчний байгууллагын удирдлагаас мэдээлэв. Устгасан террористуудын дотор лалын босогчдын тагнуул, аюулгүй байдлыг хариуцдаг дарга нар байжээ. Нисэх хүчний онгоцууд Сиритэй залгаа Иракийн Анбар мужид тусгай ажиллагаа явуулахдаа Америкийн тагнуулын мэдээллийг ашигласан байна. “Исламын улс” бүлгийн отрядын командлагч, Ефрат мужийн шариатын шүүхийн дарга байсан хэмээн мэдээлж байна. Тус бүлэг сүүлийн үед бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, отрядын командлагч нарт илүү их эрх мэдэл өгөх тактикт шилжжээ. 

Sunday, May 29, 2016





Буудуулсан гориллагийн төлөө хүүхдийн эцэг эхийг шийтгэхийг шаардав

АНУ-ын Цинциннати хотын амьтны хүрээлэнгийн Харамбе хэмээн горилла сармагчингийн хашаанд дөрвөн настай хүүхэд унасан хэрэг явдал АНУ-д ихээхэн шуугиан тарьж байна. Жаалхүү аварга гориллатай 10 минут хамт байсны эцэст хүүхдийг аврахын тулд гориллаг буудаж устгасан билээ. Энэ хугацаанд горилла жаалыг ийш тийш нь чирж гулдарч явсан ч илт түрэмгийлж халдаагүй аж. АНУ-д зургаан мянга орчим хүн гарын үсэг цуглуулж хүүхдээ анзаарагагүй орхисон эцэг эхийг шийтгэхийг хүсчээ. “Хүүхдээ анхааралгүй орхисон эцэг эхээс болж горилла сармагчин алууллаа. Хүүхдээ сайн харж, авч явсан бол тэр хашаа руу унахгүй байсан. Эцэг эх нь үүний төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн “Харамбед шударга ёс” хөдөлгөөний хүсэлтэд онцолжээ.
Хэдийгээр горилла хүүхэд рүү довтлохгүй байгаад байсан ч нөхцөл байдал урьдчилан таамаглашгүй хэцүү байсан тул буудаж устгах шийдвэр гаргасан хэмээн Цинциннати хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгдэв. Харамбе гориллаг нойрсуулагчаар буудах санал гаргасан ч энэ нь шууд бус, хэсэг хугацааны дараа унтуулдаг тул аюултай гэж үзжээ. Тиймээс амьтны хүрээлэнгийн чимэг болсон аварга гориллаг шууд буудаж устган хүүхдийг аварчээ.

700 гаруй цагаач сураггүй алга болжээ

Европыг зорин Газар дундын тэнгист явж байсан 700 гаруй цагаач сураггүй алга боллоо хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан хорооноос мэдэгдлээ. Тэдний ихэнх нь амиа алдсан байх магадлалтай байна. Хорооны тэргүүн Карлотта Самигийн ярьснаар, цагаач, дүрвэгсдийг авч явсөн хөлөг онгоц осолдсон аж. “Одоогоор бүрэн бүтэн мэдээлэл алга. 700 орчим цагаач бүгд далайд живсэн байж магадгүй байна” хэмээн тэрээр хэллээ. НҮБ-аас мэдэгдэж буйгаар, он гарсаар Газар дундын тэнгисээс 40 мянга гаруй цагаачийг аварсан байна. Энэ долоо хоногт гэхэд л таван мянга 600 хүнийг живж үхэх аюулаас аварчээ.

Бүх юмаараа адилхан гурван ихэр

Байгалийн жамаар энэ хорвоод мэндэлсэн Роман, Рокко, Рохан хэмээх гурван ихэр хүү усны дусал мэт бүх юмаараа адилхан байгаа нь 200 саяд нэг тохиодог сонин зүйл болж байна. Английн Ливерпүүл хотын ойролцоох Гейтакр тосгоны уугуул, 23 настай Беки-Жо Аллен хэмээх бүсгүй хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэртэй болжээ. Гурван ихэр дөнгөж мэндэлснийхээ дараа зарим толбоороо ялгагддаг байсан ч гэртээ гарч ирсний дараа огт ялгагдахгүй болсон байна. Ихрүүд хоорондоо бүх юмаараа адилхан төрсөн эсэхийг мэдэх ганц арга байдаг нь DNA эсийн шинжилгээний аргаар адил төстэй талыг нь тогтоох. Хатагтай Аллен Роман, Рокко, Рохан нарын хацарнаас дээж авч лаборатори руу шинжилгээнд илгээхэд тэднийг генетикийн хувьд ч адилхан гэсэн дүн гарчээ. Эд эс нь хүртэл адилхан ихрүүд 200 саяд нэг тохиолддог юм байна.
“Ихэр хүүхэд гэж мэдэж байсан ч гурван ихэр гэж мэдээд итгэж өгөөгүй. Тэд бараг л ижил жинтэй мэндэлсэн, хэдэн арван граммын л зөрүү байсан. Зүс царайны хувьд үнэндээ ялгагдахгүй. Харин одоо зан аашаараа ялгагдаж эхлээд байна. Рохан илүү чанга дуутай, байнга л шулганаж байдаг. Рокко ихэнхдээ тайван хэвтэж байдаг ч бас хөдөлгөөнтэй үедээ хөдөлгөөнтэй. Роман үргэлж л нэг юм булаацалдаж байдаг харамч нөхөр байгаа юм” хэмээн Беки-Жо Аллен ярилаа.  
Гурван ихэр Индиана хэмээх эгчтэй. “Индиана дүү нартаа их хайртай. Гэхдээ заримдаа гурван ихэр дүүгээ харж, зууралдаж өснө гэхээр охиноо өрөвдөх шиг болдог” хэмээн ээж нь өгүүлэв.

Аристотелийн шарилыг олжээ

Грект 20 жилийн турш эрэл хайгуул, малтлага хийсний эцэст археологч Константинос Сисманидис суут гүн ухаанч Аристотелийн оршуулгыг олжээ. Тэрээр энэ тухайгаа Салоника хотод болсон “Аристотель – 2400 жил” бага хурал дээр зарласан байна. Эртний Грекийн гүн ухаантан мөнх нойрсож буй газрыг аль 1996 онд олж мэдсэн юм. Гэвч Платоны шавь, агуу сэтгэгч Аристотелийн шарилыг олж гаргахад 20 жил зарцуулсан ажээ. Агуу жанжин Александр Македонскийн сурган хүмүүжүүлэгч Аристотелийн бунхан Халкидики хойг дээрх Олимпиа буюу эртний Стагир тосгонд байгаа хэмээн таамаглаж байсан нь алдсангүй. Суут гүн ухаантан Аристотель Манай эрины өмнөх 384 онд Стагир тосгонд мэндэлжээ. Тэрээр учир зүйг эсрэг талтай нь зэрэгцүүлэн баталдаг арга болон гүн ухааны олон талт системийг нээсэн юм. Эртний Грекийн гүн ухаан нь Дундад зууны Европын үзэл санааг бий болгосон хэмээн үздэг ажээ. 


Ким Чен Уны нагац Нью-Йоркт угаалгын газартай

Хойд Солонгосын лидер Ким Чен Уны нагац эгч 1998 онд АНУ руу зугтаж гарснаасаа хойш Нью-Йоркт суурьшиж, угаалгын газар ажиллуулж байна хэмээн “Washington Post” сонин мэдээлэв. Пхеньяны дэглэмийн удирдагч асан Ким Чен Ирийн эхнэрүүдийн нэг, Ким Чен Уны ээж Ко Ён Хугийн эгч Ко Ён Сук нөхөр Ли Кан болон гурван хүүхдийн хамт Америкт амьдарч байна. Хойд Солонгосын коммунист Засгийн газарт ойр байсан хос Хойд Солонгосын удирдагчдын гэр бүлийн гишүүдийг харгалзаж, халамжлах үүрэг даалгавар авч Швейцарь руу явжээ. Тэдгээр гишүүдийн нэг нь Швейцарьт суралцаж байсан Ким Чен Ун байсан аж. “Тэр түвэг, яршиг удаад байдаггүй байсан. Харин сурлагадаа тийм сайн биш, тэвчээр муутай хүүхэд байсан” хэмээн Ко зээ дүүгийнхээ тухай ярьжээ.
Ким Чен Ун хэзээ нэгэн цагт Хойд Солонгосын удирдагч болно гэдгээ 1992 оноос хойш мэддэг болсон хэмээн Ко Ён Сук өгүүлж байна. Түүнийг найман нас хүрэхэд нь генералын дүрэмт хувцас өмсүүлж, Хойд Солонгосын цэргийн удирдлагууд бөхийн хүндэтгэл үзүүлсэн аж. Ко хатагтай яагаад АНУ руу зугтах болсон нь тодорхой бус. Тэрээр нөхөр Ли Каны хамт Швейцарийн Берн хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд очсоныхоо дараа АНУ руу гарсан юм. Ко Ён Хугийн (Ким Чен Уны ээж) хөхний хорт хавдар эцсийн шатандаа орсон байсан тул Ко Ён Сук болон түүний нөхөр удахгүй эрх ямбаа алдана гэж боджээ. Ийнхүү тэд АНУ-ын талд хандан улс төрийн орогнол хүсч, хэдэн сар байцаагдсаны дараа Нью-Йорк хотод суурьсан байна. Тэнд нэр усаа нууцлан шинэ амьдралаа эхлүүлсэн аж. “Washington Post” сонинд бичиж буйгаар, Ко Ён Сук, Ли Кан нар Тагнуулын төв газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр угаалгын газраа нээжээ.

“Найзууд минь намайг маш азтай гэж хэлдэг. Одоо надад бүх юм байна. Гомдоллох юу ч алга” хэмээн Ко хатагтай ярьсан байна. Түүний гурван хүүхэд АНУ-д их сургууль төгсөж, бүгд ажил төрөлтэй болсон хэмээн хэвлэлд бичжээ. Хойд Солонгос эхнэр, нөхөр хоёр ТТГ-тай хамтран ажилласаар байгаа ч Когийн нөхөр, бид ямар ч нууц задлаагүй хэмээн мэдэгдсээр байна. “Тагнуулын төв газрын ажилтнууд биднийг ямар нэг нууц мэддэг гэж үзээд байх шиг байна. Бид ямар ч нууц мэдэхгүй. Бид зөвхөн хүүхдүүдийг л харж, ханддаг байсан. Сурлага, хичээлд нь л тусладаг байсан” хэмээн нөхөр Ли Кан ярьжээ. Ли Кан бас нэг сонирхолтой мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна. “Би Хойд Солонгост буцаж очих эцсийн зорилготой. Би Америкийг мэднэ, Хойд Солонгосыг мэднэ. Тиймээс тэдний хоорондох хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадна. Би Ким Чен Уныг сайн санаж байгаа шиг тэр намайг санаж байгаа бол би түүнтэй уулзаж  ярилцахад бэлэн байна” хэмээн Ко Ён Сукийн нөхөр Ли Кан онцолсон байна. Ким Чен Уны нагац эгч нь Хойд Солонгост буцаж очих сонирхолгүй байдаг бол, түүний нөхөр эх орондоо буцаж очно гэдэгтээ итгэсээр байгаа ажээ.

Saturday, May 28, 2016

3 мэдээ хийлээ. Нөгөө 2 тойгоо нийлүүлээд гусчаарай


Диснейлендийн өрсөлдөгч Хятадад нээгджээ

Хятадын тэргүүн баячуудын нэг Ван Цяньлиний Ванда групп Цзянси мужийн Наньчан хотод зугаа цэнгээний асар том цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. “Ванда-сити” хэмээн нэрлэсэн цогцолборт маш олон тоглоом, худалдааны төв, асар том далайн аквариум нээгдсэн байна. Ванда групп цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулахад гурван тэрбам доллар зарцуулжээ. Ван Цяньлин ингээд сэтгэл ханахгүй, улс орон даяар 15 ийм цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Тэрээр саяхан мэдэгдэхдээ, Микки Маус, Дональд Дакийн үе дууссан гээд Хятадын компаниудыг өөрийн соёл уламжлалд тулгаарласан шинэ санаа, шинэ баатар нээж олохыг уриалсан юм. Америкийн Дисней компани Шанхайд зугаа цэнгээний төвөө нээх гэж буйтай холбогдуулан ийнхүү мэдэгдсэн ажээ.

Парист 11 хүн аянганд цохиулжээ

Парисын баруун хойд хэсгийн Монсо цэцэрлэгт арван хүүхэд, нэг том хүн аянганд цохиулжээ. Тэдний зургаа нь хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдлээ. Тэнгэр дуугарч аянга цахих үеэр тэд модон дор нуугдаж байсан байна. Ширүүн аадар борооны улмаас талбайн теннисийн “Ролан Гаррос” тэмцээн тасалджээ. Тавдугаар сарын сүүлчээр Бангладешт 50 гаруй хүн аянганд цохиулж нас барсан юм. Ихэнх нь цагаан будааны талбай дээр ажиллаж байсан тариачид байжээ. Аянга дэлхий даяар хэдэн зуун хүний аминд хүрдэг. Аянганд хамгийн их нэрвэгддэг улс нь Өмнөд Африк, Бангладеш, Энэтхэг, Малайз. Өмнөд Африк нь аянганы нийслэл хэмээн алдаршсан бөгөөд тус улсад жил бүр 500 орчим хүн аянганд цохиулан амиа алдаж, мянга гаруй хүн гэмтэж бэртдэг ажээ.

Эцэг эхээ асрах 20 хоногийн цалинтай чөлөө олгоно


Хятадын Хэнань мужийн засаг захиргаа эцэг эхийнхээ ганц хүүхэд нь болсон ажилтнуудад настай эцэг эхээ асрах 20 хоногийн цалинтай чөлөө олгож байх шийдвэр гаргалаа. Энэ арга хэмжээ нь хүн амын өсөлтийг барих зорилгоор 30 гаруй жилийн турш хэрэгжсэн “Нэг гэр бүл – нэг хүүхэд” бодлогын золиос болсон гэр бүлийн нөхөн төлбөр маягийн юм болж байгаа аж. Эцэг эх нь 60 гарчихсан, эмнэлэгт байгаа бол ажилтнуудад нэмэлт амралт олгох бодлогыг Хэнань мужид нэвтрүүлэх талаар судалж байна. 1970-аад оны сүүлчээр хэрэгжүүлж эхэлсэн “Нэг гэр бүл- нэг хүүхэд” бодлогыг өнгөрсөн онд цуцалсан билээ. Хятад иргэд энэ бодлогод дургүй байсан, хүн ам эрчимтэй хөгшрөх хандлагатай болсон нь цуцлах шалтгаан болжээ. Судалгаагаар, 2050 он гэхэд Хятадын дөрвөн иргэн тутмын нэг нь 65-аас дээш настай болох ажээ. 

Wednesday, May 25, 2016




М.Цукерберг, С.Жобс нарын сонирхолтой зуршил

Facebook-ийг үндэслэгч ер бусын зуршлаараа сайрхдагийг та мэдэх үү. Жишээ нь тэрээр “чухал биш” буюу ахуйн тал дээр аль болох бага цаг зарцуулахыг хичээдэг. Энэ нь хувцаслалт дээр нь харагдана. Тэрээр өдөр бүр янз бүрийн сонголт хийхгүй гэсэндээ адилхан саарал өнгөтэй хэдэн арван богино ханцуйтай цамц, жинс бэлэн байлгаж байдаг. Тэрээр энэ санаагаа Стив Жобсоос авсан гэдэг. Тэгвэл суут Эйнштейн ч бас ийм зуршилтай байжээ. Марк өөртөө Facebook-тэй холбоогүй удаан хугацааны зорилт тавих дуртай. 2015 онд тэрээр хоёр долоо хоног бүр нэг ном уншиж байх зорилт тавьжээ. Тэрний өмнө хятад хэл сурах зорилго тавиад тун амжилттай дуусгасан юм. Одоо тэрээр хятад оюутнуудад хятад хэлээр чөлөөтэй лекц уншдаг. Цукерберг зөвхөн гэртээ, өөрийн гараар бэлдсэн кофе уудаг. Түүний нэг мөрөөдөл нь гэртээ хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх. Марк өглөө бүр хятад ном таамгаар сөхөж тэр өдрийнхөө аз, хийморийг үздэг зуршилтай. “Зүгээр л зугаатай санагддаг болохоор л” гэж үүнийгээ тайлбарлажээ.
Орчин үеийнхэн Стив Жобсыг тоон хувьсгал, технологийн эцэг хэмээн нэрлэдэг. Жобс залуудаа хиппи байжээ. Тэрээр унтахгүй байхыг туршиж үзэж байсан гэдэг. Мөн албаар өлсөж, зөвхөн жимсээр хооллож, хүний оюун санааг удирдах аргад суралцаж байжээ. Коллежид байхдаа Энэтхэгийн шидтэн Нима Бабад шавь орж, халзан болоод Энэтхэг рүү одож байв. Дараа нь Энэтхэгээс буцаж ирээд Apple компаниа байгуулж дэлхийд танигдсан билээ. 1980-аад онд Жобс өөрийн гэсэн дүр төрхөө дархлахдаа үргэлж шумбагчийнх шиг хар бариу цамц, хөх жинс, пүүз өмсөх болсон юм. Олон хүн Стив Жобс шиг хувцаслахыг хүссэн ч тун амаргүй зүйл байлаа. Учир нь тэрээр Японы мастер оёдолчин Миякид захиалж цамцаа оёулдаг байжээ.

Жобс New Balance-ийн пүүз, Levi’s 501 жинс, Германы Lunor маркийн нүдний шил зүүдэг байв. Тэрээр хамгийн сүүлд 2011 онд олон нийтийн өмнө гарч ирэхдээ шумбагчийн цамцан дээрээ VONROSEN фирмийн цамц өмссөн байлаа. Үүний дараа тус фирм Стив Жобсын шүтэн бишрэгчдийн хандалтад дарагдаж дийлэхээ болиод сайтаа хааж байжээ. 
Бельгид терроризмд сэжиглэгдсэн дөрвөн хүнийг баривчлав

Бельгийн цагдаа Антверпен хотоос жихадист дайчдыг элсүүлж Сири, Ирак руу илгээж байсан дөрвөн хүнийг баривчилжээ. Тэднийг террорист бүлгийн үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгаад байна. Дөрвөн этгээдийн орон гэрийг нэгжих үеэр Бельгийн газар нутаг дээр алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан нотолгоо олджээ. Урьдчилсан мэдээллээр, эдгээр хүмүүс нь гуравдугаар сард Бельгийн нийслэлд болсон халдлагад хамаагүй аж.
Гуравдугаар сарын 22-нд Брюссель хотод хэд хэдэн алан хядах ажиллагаа болж 32 хүн амь насаа алдсан билээ. “Исламын улс” бүлэг энэ халдлагын хариуцлагыг хүлээн зөвшөөрчээ. Бельгийн Хууль зүйн сайд Кун Генс, мөрдөн шалгах ажиллагаанд интернэт ашиглагчдын мэдээллийг олж авах хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

Оросууд 21 тн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ

Оросын тээврийн нисэх онгоц Сирийн Дейр-эз-зор хотод 21 тн хүнсний тусламжийг шүхрээр буулгалаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. “Исламын улс бүлгийн дайчдад бүслэгдсэн Дейр-эе-зор” хотод Оросын тээврийн нисэх онгоц шүхэр ашиглан НҮБ-ын шугамаар хүлээн авсан 21 тн хүнсний тусламж хүргэлээ” хэмээн мэдэгдэлд дурджээ. Мөн Дамаскийн ойролцоох Жеруд тосгонд дөрвөн тн тусламжийн бараа хүргэсэн байна. Өмнө нь Дамаск мужийн Хараста хотын арван мянган оршин суугчид сүүлийн дөрвөн жилд анх удаа хүмүүнлэгийн тусламж хүргэсэн тухай мэдээлж байсан билээ.  

Кубын эсрэг хоригийг цуцлахыг уриалав

АНУ, Кубын харилцаа сайжирч байгааг Москва нааштайгаар хүлээн авахын зэрэгцээ арлын эсрэг авсан худалдаа, эдийн засгийн хориг арга хэмжээг даруй цуцлахыг Вашингтоноос шаардлаа хэмээн “Интерфакс” агентлаг уламжлав. Кубын Төрийн зөвлөл, сайд нарын танхимийн даргын нэгдүгээр орлогч Диас Бермудес ОХУ-д айлчлах гэж байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хэлэлцээ хийж, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарт гэрээ байгуулах юм. Америк, Кубын харилцаа сайжирч, харилцан элчин сайдын яамаа нээж, зарим хориг зөөлөрч байгаа ч 60 жилийн өмнөөс хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжилсээр байгаа юм. Хориг арга хэмжээг цуцлахэрх АНУ-ын Конгресст байдаг ажээ.

Цагаачидтай хөлөг хөмөрчээ

Италийн тэнгисийн цэрэг Газар дундын тэнгист дүүрэн цагаачтай хөлөг онгоц живж буйтай таарчээ. Италийн цэргүүд 562 хүнийг аварч чадсан байна. Хөлөгт байсан хүмүүс аврах багийг хараад хуйларч нэг талд нь гарсны дараа хөлөг онгоц хөмөрчээ. Таван хүний цогцсыг олжээ. Италийн эргийн харуулын “Беттика” хөлөг аврах хантааз, цагираг шидэж, бас нэг хөлөг онгоцноос жижиг завьнууд гаргаж цагаачдыг аварчээ.
Сүүлийн хэд хоногт эргийн харуулууд Европ руу хууль бусаар нэвтрэхээр явж байсан зургаан мянга орчим цагаачийг аварчээ. Хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид мэдэгдэж буйгаар, Европын холбоо, Туркийн тал тохиролцоонд хүрсний дараа Ливи, Италийн хоорондох тэнгисийн зам нь цагаачид Европт хүрэхдээ ашигладаг гол зам болоод байгаа аж. Өмнө нь цагаачид Эгийн тэнгисээр дамжин Грек рүү орж ирдэг байсан нь цөөрөөд байна.

60 мянган ажилтнаа роботоор сольжээ

Хятадад Apple корпорацид iPhone, Samsung-т ухаалаг утас үйлдвэрлэж өгдөг Foxconn компани үйлдвэрлэлдээ роботыг нэвтрүүлсний ачаар 110 мянган ажилтнаа 50 мянга болтол нь цөөлж чаджээ. “Энэ жишээг бусад компаниуд дагаж эхлэх хэрэгтэй” хэмээн Куньшань хотын захиргааны төлөөлөгч Сю Юлянь ярилаа. Хятад улс роботыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр ихээхэн ахиц гаргаж байна.
“Бид инженерийн робот техник, бусад технологийн шинэчлэлийг нэвтрүүлж байна. Роботуудын гүйцэтгэж буй технологийн үйл явц, чанарыг манай ажилтнууд хянаж байна” хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ.
2014 оны есдүгээр сараас хойш Гуандун мужийн Дунгань тойрогт 505 үйлдвэрт робот нэвтрүүлэхийн тулд 4.2 тэрбум юанийн (640 сая доллар) хөрөнгө оруулалт хийжээ. Куньшань хот нь Хятадын цахим үйлдвэрлэлийн төв юм. Хөдөлмөрийн зах зээлийг автоматжуулах давалгааны улмаас ойрын 20 жилд ажлын байрны 35 хувь нь цомхотголд өртөнө хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна.

Төмс даралт ихэсгэдэг

Харвардын их сургуулийн эрдэмтэд, долоо хоногт дөрвөн удаа төмс иддэг хүмүүсийн цусны даралт нэмэгдэх магадлал өндөрсдөг болохыг тогтоожээ. Төмсийг чанаж, нухаж, шарах зэрэг хэрэглэх аргаас үл хамаарч даралт ихэсгэдэг байна. Тэр тусмаа чипс эрүүл мэндэд тун хортой болохыг тогтоогоод байна. Төмсөнд дурласдын даралт ихсэн магадлал 11 хувиар нэмэгддэг бол, эмэгтэйчүүдэд бүр эмзэг тусдаг аж. Эрдэмтэд судалгааныхаа үр дүнг эрдэм шинжилгээний нэр хүндтэй “British Medical Journal” сэтгүүлд нийтэлсэн байна.

Нэг удаагийн хоолондоо цардуулгүй ногоо хэрэглэснээр даралт ихсэх магадлалыг долоон хувиар бууруулж чадна гэж үзжээ. Төмсөнд цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг бодис багагүй хэмжээтэй байдаг нь ийнхүү нөлөөлдөг аж. 

Sunday, May 22, 2016

Бразилд эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр

Албан тушаалаасаа зайлуулагдаад байгаа Ерөнхийлөгч Дилма Русефийн талыг дэмжигчид Сан-Паулу, Рио-де-Жанейро хотын гудамжинд жагсаж зам харгуйг хаажээ. Тэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Темерт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Жагсагчид Сан-Паулу дахь Темерийн өргөөнд очиж түүнийг огцрохыг шаарджээ. Сан-Паулу хотод хоёр мянган хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон бол Рио хотод мянга гаруй хүн Темерийг эсэргүүцэн цуглажээ.
Мишель Темер Бразилийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод 10 хонож байна. Тэрээр Соёлын яамыг татан буулгаж Боловсролын яамтай нэгтгэнэ гэсэн нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна. Мөн Темер дан цагаан эрэгтэйчүүдээр түр Засгийн газраа бүрдүүлснийг олон хүн шүүмжилж байгаа юм. 1979 оноос хойш нэг ч эмэгтэй сайдгүй анхны Сайд нарын танхим бүрдээд байна.

Барак Обама Вьетнамд айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнамд гурван өдрийн айлчлалаар ирлээ. Бүс нутагт Хятадтай өрсөлдөж байгаа шинэ түнштэйгээ эдийн засгийн харилцаагаа сэргээх зорилгоор ирж байна. Вьетнам улс энэ оны хоёрдугаар сард 12 улсын хооронд байгуулсан Номхон далайн гэрээний талаар шинэ соргог мэдээг Обамагаас хүлээж байна. АНУ-ын Конгресс энэ гэрээг батлах ёстой ч хойшлуулсаар байгаа юм. Мөн Вьетнам улс АНУ-ыг зэвсгийн хоригоо хэсэгчлэн цуцлахыг хүсч байна. Сүүлийн 40 гаруй жил буюу Вьетнамын дайн дууссанаас хойш АНУ-ын Ерөнхийлөгч гурав дахь удаагаа Вьетнамд айлчилж байна. Анх Билл Клинтон Вьетнамд ирж хоёр улсын хооронд нөхөрсөг харилцааг сэргээж байсан билээ. Үүний дараа Б.Обама Японд “Их-7”-гийн уулзалтад оролцох бөгөөд АНУ-ын цөмийн бөмбөгт өртсөн Хирошима хотод айлчлах юм. 



Диана Пикассо: “Өвөө хүүхдийн баасыг зургандаа ашигладаг байсан”

Диана Видмайер Пикассо (Парис, 1974) өвөөгөө нас барснаас хойш нэг жилийн дараа мэндэлжээ. Магадгүй Пабло Пикассог уран бүтээлээр нь дамжуулан таних гэж бараг бүх амьдралынхаа туршид хичээж байгаа шалтгаан нь энэ ч байж болно. Одоо тэрээр Пикассогийн уран зураг, уран баримлын дэлхийн хэмжээний судлаач болжээ. Диана Видмайер нь Малагагийн сод ухаантан, залуу швед бүсгүй Мари-Тересе Валтерийн хориотой харилцааны үр удам болох Маяа Пикассогийн охин юм. Ээж нь гадуурхагдаж, хууль ёсны бус байдалд байсан ч Диана үүнийг жаргалтайгаар дурсдаг. “Пикассо нэрийг авч явах нь надад дарамт авчирдаггүй. Би өөрийгөө азтайд тооцож, бахархдаг” хэмээн ярьж байна. Тэрээр эхлээд Сорбоны их сургуулийн Урлагийн түүхийн ангид сурч Агуу зураачдаар мэргэшжээ. Дараа нь Лондон, Парис дахь Сотбис дуудлага худалдааны төвд ажиллав. 2003 онд Пикассогийн амьдралынхаа туршид бүтээсэн хоёр мянга орчим уран баримтлаар каталог хийх их ажилд шамдан оржээ.
“Пикассогийн хувьд урлаг, уран зурагт өнгөрсөн, одоо, ирээдүй гэж байгаагүй. Би ч өвөөгийнхөө сэтгэлгээний арга барилд суралцаж, өвлөж авсан” хэмээн хэлж байна. Суут зураач Пабло Пикассо дөрвөн хүүхэдтэйгээс гурав нь гурван өөр эмэгтэйгээс гэрлэлтээс гадуур. Диана Видмайер нь алдарт зураачийн долоон ач, зээ нарын нэг бөгөөд өвөөгийнхөө уран баримлыг хамгийн их судалсан нь юм. Тэрээр өвөөгийнхөө уран бүтээлийг судалж байхдаа түүний байнгын шинийг эрэлхийлсэн хүслийг олж мэдсэн байна. Дианад 2007 онд таагүй зүйл тохиожээ. Парисын дээд зэрэглэлийн VII дүүргийн Rue de Grenelle байшинд нь хулгайч нар нэвтрэн орж 50 сая еврогийн үнэ цэнэтэй уран зургуудийг аваад явчихжээ. Тэдгээрийн дотор Дианагийн ээжийн нь “Хүүхэлдэйтэй Маяа” хөрөг зураг байсан аж. Цагдаа нар зургаан сарын дараа хулгайч нарыг барьж уран зургуудыг нь олж буцааж өгсөн ч Пикассогийн ач охин тэрхүү шархыг даван туулахын тулд Нью-Йорк руу шилжин суурьшив. Эдүгээ тэрээр тэрхүү үйл явдлаас өдөөгдсөн намтраа бичиж сууна. 2017 онд хэвлэгдэх аж.

-Та Нью-Йорк, Парисын хооронд амьдарч байна. Испанид гаргах цаг зав үлдэж байна уу?

-Би Испанийн урлагт дуртай, тэр тусмаа Веласкес, Эль Греко, Гояа зэрэг Агуу мастеруудад хайртай. Фламенко (Испанийн өмнөд нутгийн ардын дуу, бүжиг) ч миний ертөнцийн нэг хэсэг. Фламенкогийн агуу мастерууд болох Пако де Лусия, Висенте Амиго, Диего Эль Сигала нарыг сонсох дуртай. Педро Алмодоварын бүтээл гайхалтай санагддаг. Парист болсон кино урлагийн үзэсгэлэн дээр Педро ирж дүрслэх урлаг, тэр тусмаа Пикассогийн бүтээлд хүндэтгэл үзүүлж байлаа. Би Испанитай холбоотой гэдгээ мэдэрдэг. Учир нь Испани бол сэтгэлийн гуниг зовлон, гоо сайхныг илэрхийлэх чадвартай үндэстэн.

-Та Испанид их ирдэг үү?

-Өнгөрсөн жил “Picasso Mania” үзэсгэлэнгийн нээлт дээр ирсэн. Өвөө маань зугаа цэнгэлд их дуртай хүн байсан. Тэр Андалуз мужийн уугуул болохоор би тэр мужид хүндэтгэл үзүүлэхийг хүссэн. Одоо би Нью-Йоркт амьдардаг. Жилдээ хоёр удаа Испанид ирэхийг хичээдэг. Мадридын Эль Прадо, Барселоны Пикассогийн музейгээр зочлох их дуртай.

-Малага дахь өвөөд тань зориулсан музейны талаар яриач?

-Миний үеэл Бернар, түүний эцэг эх Пол болон Кристин Рус-Пикассо нар Малага дахь Пикассогийн гайхалтай музейг байгуулсан. Өвөөгийн унаган Малага хотын чимэг болсон музей байна лээ. Өвөөгийн төрж өссөн байшин ч тун гайхалтай санагдсан. Би Андалуз нутгаар аялах дуртай. Андалузын замаар их ч явсан.

-Таны ээж өвөөгийн тань талаар их ярьдаг байсан биз. Сонирхолтой түүх мэднэ биз дээ?

-Өвөө 1938 онд “Bodegon” зурагныхаа нэг алимыг зурахдаа гурван настай хүүхдийн баас хэрэглэсэн тухай ээж минь ярьж байсан. Пикассогийн хувьд хөхөөрөө хооллодог хүүхдийн баас нь давтагдашгүй өнгө байсан гэдэг. Өвөө маань баасыг ч сод бүтээл болгон хувиргаж чаддаг гэсэн үг. Бодит амьдралыг биширдэг нь Пикассогийн сод ухааны нэг онцлог байсан.

-Алдарт “Герника” зураг 79 нас хүрч байна. Энэ бүтээл танд ямар утга учир агуулдаг вэ?

-Энэ бүтээлд дайны гамшиг, гэмгүй иргэдийн зовлон гунигийг дүрсэлсэн болохоор миний хувьд гайхалтай бүтээл. “Герника” нь уран зураг хүчирхэг зэвсэг байх ёстой гэдгийг бидэнд сануулдаг юм. Үүнээс гадна миний эмээ Мари-Тересе энэ зурагт гурван удаа дүрслэгдсэн байдаг. Хамгийн наад талд цөхрөнгөө баран гүйж байгаа охин, дээд талын цонхноос дэнлүү барин цухуйж байгаа охин, мөн амь эрсэдсэн хүүхдийнхээ төлөө уйлж байгаа ээж. Ээж минь тэр бүх сүйрэл гамшгийн дунд энх тайван, итгэл найдварын билэгдэл болж байсан гэж би боддог.

-Испанид бухын тулалдааны эсрэг хөдөлгөөн өрнөж буйг өвөө тань яаж хүлээж авах байсан бол?


-Өвөө бухын тулаанд шимтэн дурлагчдын нэг байсан. Уран бүтээлдээ ч тусгаж байсан. Зоригт бухнууд, бухтай тулалдагч нарт татагдах сэтгэл нь эцгээс нь улбаатай. Өвөөг хүүхэд байхад аав нь Тореро буюу бухтай тулалдагч болгохоор аваачиж байсан гэдэг. Тэрээр амьдралынхаа төгсгөл хүртэл бухын тулалдааныг эрхэмлэж, хайрласаар байсан. 1950-аад онд өвөө Францын өмнөд нутагт бухын тулааны баярт оролцож, бухтай тулалдагч нартай их нөхөрлөдөг байсан. Тэрээр энэ урлагийг Испанийн агуу их өв соёл гэж үздэг байсан.

Saturday, May 21, 2016

Уулчид Эверестээс буухдаа энджээ

Голландын уулчин Эрик Арнольд, Австралийн уулчин Мария Стридом нар Эверестийн оргилд гарчихаад бууж явахдаа энджээ. Тэднийг өндрийн өвчнөөр нас барсан хэмээн таамаглаж байна. 35 настай Арнольд Эверестэд тав дахь оролдлогоороо гарсан нь энэ юм. Тэрээр бууж байхдаа бие нь сульдаж байгааг хэлж байсан бөгөөд Өмнө суудал хавцал дээр амьсгал хураажээ. Үүний дараа тэрхүү багт явж байсан 34 настай Мария Стридомд уулын өвчний шинж илэрч нас баржээ.
Хүн төрөлхтөн 1953 онд анх дэлхийн хамгийн өндөр уул Эверестийг байлдан дагуулснаас хойш 200 орчим уулчин тэнд амь насаа өргөжээ. Хамгийн орчин үеийн, үнэтэй багаж тоноглолтой авирсан ч амиа алдах тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эверестэд 17 хүн амь насаа алджээ.

Тажикистанд бүх нийтийн санал асуулга болов


Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх бүх нийтийн санал асуулга Тажикистанд боллоо. Ард иргэдийн ихэнх нь өөрчлөлтийг дэмжвэл одоогийн Ерөнхийлөгч Эмомали Рахмон хязгааргүйгээр дахин сонгогдох боломжтой болох юм. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвших нас 35-аас 30 болон буурна. Рахмон 1994 оноос хойш Тажикистаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн нам байгуулах, шашин, үндэстний онцлогоор нэгдэхийг хориглох аж. 1994 онд баталсан хуулиар, Рахмон 2020 онд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болох юм. Эмомали Рахмон эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд бүх нийтийн санал асуулга явуулж байна хэмээн ажиглагчид үзэж байна. 



Хойд Солонгост саатуулагдсан 10 цаг

ВВС-ийн сэтгүүлч Руперт Вингфилд-Хайес өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосоос хөөгдөж, хийсэн сурвалжлагынхаа төлөө уучлал гуйх хэрэгтэй болсон юм. Тэрээр 10 цагийн турш “алга болж” байцаагджээ. Англи сэтгүүлч тухайгаа хүүрнэж байна.
Хойд Солонгост долоо хоносны дараа буцахад бэлэн болоод байлаа. Нобелийн гурван шагналтан тэргүүтэй төлөөлөгчдийг дагаж сурвалжлана гэдэг тун амаргүй, дарамттай даалгавар байлаа. Миний хөдөлгөөн бүрийн хянах таван бие хамгаалагчгүйгээр хаашаа ч явж болдоггүй байлаа. Шөнө болохоор ВВС-ийн багийг нэгэн тосгонд аваачиж сайтар харуул хамгаалалттай байшинд хорьчихдог байв. Бүгд л гомдоллож, учирлаж байсан. Тэр үед бидний хойд солонгос бие хамгаалагчид ширүүн авир үзүүлдэг байв. Бээжинд үдшээр сайхан амарч, хүйтэн шар айраг ууж байсан үеэ бодохоос өөр зүйл хийж чадахгүй байсан.
Пхеньяны нисэх онгоцны буудал дээр цагаачлалын албаны эмэгтэй яагаад ч юм паспортыг минь их л удаан шалгав. Бусад бүх зорчигч хүзүүвчний хаалга руу орсны дараа миний паспорт дээр тамга дарлаа. Ер нөхцөл байдал жаахан сонин байсан ч тэр даруйдаа сэтгэл минь түгшсэнгүй.
Дараа нь хилийн харуул намайг зогсоогоод дижитал дуу хураагуурыг минь аваад “Энийг шалгах хэрэгтэй байна” хэмээн хэллээ. Нэг өрөөнд оруулаад өөр нэг харуул хураагуурыг минь компьютерт залгаж файлуудыг нь нээх гэж оролдлоо.
“Юу болсон бэ? Наадахад чинь юу ч байхгүй” гэж хэлэхэд “Зүгээр л хүлээж бай” гэлээ.
“Хүлээж чадахгүй нь. Бээжингийн онгоцондоо суух хэрэгтэй байна” гэлээ.
“Онгоц хөөрчихсөн. Та Бээжин явахгүй” хэмээн харуул нухацтай хэлэв. Энэ үед сэтгэлд түгшүүр асч, улам нэмэгдлээ. Үнэн байлаа, Бээжингийн онгоц хөөрчихсөн, би Хойд Солонгост үлдсэн байлаа. Гэвч үнэн хэрэгтээ, хамтран зүтгэгч Мария Бирн, Матью Годдард нар хүзүүвчний хаалганы цаана байхдаа онгоцонд ор хэмээн шаардаж байсан харуулуудыг эсэргүүцэн хашгирч байсан юм байна лээ. Тухайн үед бол би үүнийг мэдээгүй. Гэнэт бидний бие хамгаалагч хийж байсан хоёр хүн гарч ирээд “Таныг дээд тушаалын хүнтэй уулзуулна. Бүгдийг тодруулах болно” гэв.
Намайг гаргаж гадаа байгаа машинд оруулаад хоёр талд нэг нэг харгалзагч суув. Пхеньяны хоосон шахуу гудамжаар явж байхад хэн ч юу ч ярьсангүй. Цонхоор харж явахдаа юу болох бол хэмээн эргэцүүлж явлаа. Хойд Солонгост бүр дээд албанаас зөвшөөрөл авсан ч сэтгүүлчийг баривчилж орхидгийг саналаа. Зочид буудлынхаа өрөөнд байсан суртал ухуулгын зурагт хуудсыг хулгайлсан хэргээр 15 жил албадан хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлсэн америк оюутан Отто Вармбир санаанд орж байна. Машин нэгэн хуучин, саарал зочид буудлын өмнө зогслоо. Цэргийн орчинтой, Ким Ир Сен, Ким Чен Ирийн хөрөгтэй нэгэн танхимд оруулан суулгав. Хэдэн цэргийн хүн орж ирээд урд минь суулаа. Ахлах нь эхэлж ярьж байна. “Ноён Руперт, энэ уулзалт тун хурдан, амархан өнгөрнө. Зөвхөн таны хандлагаас шалтгаална” гэлээ.
Миний сурвалжлагыг солонгосуудыг доромжилсон өнгө аястай хэмээн хэлж, алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. Нобелийн шагналтнуудын айлчлалыг дагалдан явахын хажуугаар бэлтгэн ВВС-ийн веб сайт гаргасан гурван хуудас сурвалжлагыг минь цаасан дээр хэвлэн үзүүлж “Та солонгос хүмүүсийг муухай гэж үзэж байгаа юм уу” хэмээн ахлах офицер нь асуулаа. “Үгүй” хэмээн хариулав. “Солонгос хүмүүс нохой шиг ярьдаг хэмээн үзэж байгаа юм уу” хэмээн асуухад бас л “Үгүй” хэмээн хариуллаа. “Тэгвэл яагаад ийм зүйл бичээд байгаа юм бэ” хэмээн хашгирлаа.
Надад нэг нийтлэлийг харуулж, доромжилсон хэмээн үзсэн мөрүүдийг доогуур нь хараар зурсан байв. Гэвч энэ нь муу орчуулга байсан юм. “Та нарын яриад байгаа зүйлийг би бичээгүй” гэлээ. Ахлах офицер нүдээ эргэлдүүлж “Би Английн уран зохиолыг судалж байсан хүн. Таны хэрэглэсэн үг, хэллэг ямар утгатайг ойлгохгүй байна гэж бодоод байна уу” гэв. Зарим албаны хүмүүсийн нүүр царай болон нохойн дууг нь баргар, дүнсгэр (grim-faced) гэж бичсэнийг хэлээд байгаа бололтой. Намайг алдаагаа хүлээ хэмээн хоёр цагийн турш шаардсаны дараа ахлах офицер нь гараад явав. “Таны хандлага байдлыг хүндрүүлэх нь дээ. Бидэнд өөр арга алга, мөрдөн шалгалтыг эхлүүлэхээс” гэж хэллээ. Энэ үед нэг залуухан хүн орж ирээд “Намайг хэн болохыг мэдэж байна уу” хэмээн асуув. Мэдээж “Үгүй” гэлээ. “Би шүүхийн хүн байна. Би Кеннет Баегийн хэргийг шалгаж байсан. Одоо таны хэргийг шалгана” гэв.
Энэ үед дотор муухайрч, чичрэв. Солонгос-америк Кеннет Бае 2013 онд Пхеньянд 15 жилийн ял сонссон билээ. Тэд нөгөө л буруутгалаа давтсаар сүүлд нь “Ноцтой гэмт хэрэг”-ийн тухай ярьж эхлэв. Солонгосын ард түмнийг, улс үндэстнийг гутаан доромжилсон хэрэг тулгаж эхэллээ. Таван цаг өнгөрөв. Пхеньяны өөр нэг зочид буудалд түгшүүрийн харанга дэгдсэнийг би яахан мэдэх билээ. Азийг хариуцсан захирал Жо Флотогоор ахлуулсан ВВС-ийн өөр нэг баг Пхеньянд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг сурвалжилж байсан юм. Тэд нарт намайг, миний хоёр хамтрагчийг Хятадад очоогүй гэдгийг дуулгажээ. Тэд түргэн авч биднийг хайсаар Гадаад яаман дээр очсон ч миний байгаа газрыг мэдэж чадаагүй аж. Намайг байцааж байх хооронд Хойд Солонгос дахь бүх юм худлаа гэсэн Өмнөд Солонгосын хэвлэлд гарсан нийтлэлийг надад харуулаад Пхеньянд ирэхээсээ өмнө тэд нартай уулзаж зөвлөгөө авсан уу гэж асуулаа. Надад хиймэл хэрэг тулгах гэж байгааг ойлголоо.
Үүрийн 01:30 цагийн үед хуучин бие хамгаалагчийн нэг нь надад ойртож ирээд дарга чинь ирж яваа гэж хэллээ. Нэг цагийн дараа Флотог миний байсан өрөөнд авчирлаа. Мария, Матью нар хаана байгаа нь мэдэгдэхгүй байв. Намайг байцааж байгаа хүмүүс намайг шүүх хурлаар оруулахад бэлэн харагдаж байгааг Флото хэллээ. Ямар нэг гарц олох хэрэгтэй гэж ярилцаад, ганц арга нь нийтлэлдээ Хойд Солонгосыг доромжилсныхоо төлөө уучлал гуйсан захиа бичих гэж ярилцав. Тэд захианд сэтгэл ханасангүй, камерийн өмнө чанга дуугаар уншихыг шаардав. Би татгалзлаа.
Эцэст нь 3:30 цагт намайг чөлөөлж, Мария, Матью нарын байгаа газар аваачив. Тэднийг Пхеньяны захын нэг байшинд саатуулсан байв. Маргааш нь биднийг Тэдон мөрөний арал дээр байдаг Янгакдо зочид буудалд очихыг зөвшөөрөв. Олон улсын хэвлэл мэдээллийнхэн тэнд буудаг болохоор тайвширсан ч Хойд Солонгосоос гарах зөвшөөрөл өгөлгүй хоёр хонолоо. Тавдугаар сарын 8-нд нисэх онгоцны буудал руу явахаар зэхэж байтал Хойд Солонгосын Засгийн газар намайг улс орноос хөөн гаргах шийдвэр гаргасныг танилцууллаа.
Миний сурвалжлага Нобелийн шагналтнуудын айлчлалыг харлуулж магадгүй гэж үзсэн бололтой. Хойдууд тэд нарт сайн сайхан гэсэн бүхнээ үзүүлж, хамгийн шилдэг оюутнуудтай уулзуулсан тул бидний сурвалжлага хүмүүсийн сэтгэлд хоногшсон зүйлд сэв суулгана гэж үзжээ. Бидэнд хатуу гар харуулж, бусдад сургамж болог гэж бодсон бололтой.
Би 10 цаг саатуулагдсан. Хорионд байхдаа Хойд Солонгост хэн нэг нь алга болох амархан юм байна гэдгийг ойлгосон. Тусгаарлагдах айдсыг би мэдэрсэн. Нотолгоо, баталгааг тулгаж, миний бурууг “гаргаж ирэх” шүүх хурал бодитоор заналхийлж байлаа.


Tuesday, May 17, 2016

Д.Трамп Ким Чен Унтай уулзахад бэлэн

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа Дональд Трамп сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Хойд Солонгосын лидер Ким Чен Унтай уулзаж ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Тэрбумтан улстөрч телевизэд ярилцлага өгөхдөө “Ким Чен Унтай уулзахад асуудал алга” гэжээ. Тэрээр мөн Хятадад эдийн засгийн нөлөөгөөрөө дамжуулан дарамт шахалт үзүүлнэ, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний Украины зүүн нутаг дахь бодлогыг сайшаахгүй байгаагаа ярьжээ.
Хойд Солонгосын тал өнгөрсөн нэг, хоёрдугаар сард цөмийн туршилт хийсэн нь дэлхий нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гуравдугаар сарын эхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяны эсрэг шинэ хориг арга хэмжээг баталж, үүний дараа АНУ, Европын холбоо хоригийг өргөтгөсөн билээ.

Мотоциклуудыг бульдозероор устгажээ

Нью-Йорк хотын цагдаагийн хэлтэс хотын гудамжаар хууль дүрмийг ноцтойгоор зөрчин явж байсан хүмүүсийн мотоциклуудыг бульдозероор эвдлэн устгажээ. Комиссар Уильям Браттон энэ онд дүрэм зөрчсөн 700 орчим мотоцикл, мопедийг хурааж авсан тухай Fox News-т ярилаа. Нью-Йорк хот дүрэм зөрчиж түвэг учруулдаг техникүүдийг шууд эфирээр устгах шийдвэр гаргаж байгааг хотын дарга Билл Де Блазио дөрөвдүгээр сард мэдэгдэж байв. Хотын оршин суугчид хотын гудамжуудыг аймшигт автуулдаг мототехникүүдэд ихээхэн гомдол гаргадаг аж. Гэвч мотоциклуудыг бульдозероор түрэн устгаж байгааг зарим иргэн сайшаахгүй байна.

Сирид 22 сая доллараас туслахыг хүсчээ


Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн Ойрхи Дорнодыг хариуцсан дарга Роберт Мардини Сирид хүмүүнлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд дахиад 22.8 сая доллар хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. Тэрээр хандивлагч орнуудыг гараа сунгахыг уриалжээ. Тус байгууллага энэ мөнгийг гаргуулж чадвал Сирид үзүүлж буй тусламжийн хэмжээ, жилийн төсөв нь 160 сая долларт хүрэх юм. “Бид Сирид байр сууриа бэхжүүлэх болно. Бид илүү олон хүнд туслахыг хүсч байна, ийм боломж бий” хэмээн Мардини ярилаа. Улаан загалмайн нийгэмлэг 2016 оны эхний улиралд Сирийн 2.6 сая иргэнд тусламж үзүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 60 хувиар илүү байгаа аж. Гэсэн хэдий ч Сирид нөхцөл байдал хүнд, бүслэлтэд орсон бүс нутаг байсаар байна. 










Камбожийн Анкор Ватаас Мачу Пикчу хүртэл: Жуулчдыг соронз мэт татдаг газрууд

Аялагч, жуулчдын шилдэг хөтөч TripAdvisor's сайтын санал асуулгаар дэлхийн хамгийн сэтгэл татам газруудыг тодруулжээ.

1. Мачу Пикчу (Куско, Перу)

Инкүүдийн хаан Пачакутигийн үед (1438–1472) Андын нурууны 2430 метрийн өндөрт баригдсан эртний хот Мачу Пикчу нь жуулчдыг хамгийн ихээр татдаг газраар тодорчээ.

2. Шейх Зайедийн их сүм (Абу Даби, Арабын нэгдсэн эмират)

Арабын нэгдсэн эмиратын хамгийн том лалын сүм. Жуулчид энэ газрыг “Гайхалтай, сүрлэг, дуу алдмаар” хэмээн тодорхойлдог.

3. Анкор Ват (Сием Рип, Камбож)

Кхмерийн хаант улсын үлдэгдэл болсон Анкорын археологийн цогцолбор нь зүүн өмнөд Ази, төдийгүй дэлхийн шашны чухал газрын нэг юм.

4. Ариун Петрийн цогчин дугана (Ватикан)

Католик ертөнцийн хамгийн чухал сүм Ариун Петрийн цогчин дуганы загварыг алдарт Микеланжело, Броманте нар гаргасан юм. Энэ сүмд жил бүр дөрвөн сая хүн зочилдог. Доторх шигшгээ, архитектур нь үнэхээр гайхалтай.

5. Таж Махал (Агра, Энэтхэг)

Манай дэлхийн уран барилгын хамгийн агуу уран бүтээл. Моголын хаант улсын эзэн Шах Жахан хайртай гэргий Мумтаз Махалдаа зориулан босгосон энэхүү цагаан гантиг сүм 1983 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.

6. Лалын сүм (Кордоба, Испани)

Морины тахан хэлбэртэй багана, тулгуураараа алдартай Кордобагийн лалын сүм арабуудын ноёрхлын үед баригджээ. Тус сүм нь гантиг, хаш, баргилт чулуун 856 баганатай.  

7. Цусаар аврагдсан сүм (Санкт Петербург, Орос)

Алтан ганжир, нууцлаг шигтгээ, олон өнгөөр алагласан Санкт Петербургийн Цусаар аврагдсан сүм нь 1881 онд алуулсан II Александр хааны газар дээр хааны гэр бүлийн болон хувь хүмүүсийн хандиваар баригджээ.

8. Аламбра цогцолбор, (Гранада, Испани)
9. Линкольний дурсгалын цогцолбор (Вашингтон, АНУ)
10. Дуомо цогчин дугана (Милан, Итали)
11. Алтан хаалга гүүр (Сан Франциско, АНУ)
12. Хагиа София музей (Стамбул, Турк)
13. Гранд талбай (Брюссель, Бельги)
14. Эйфель цамхаг (Парис, Франц)
15. Нотр Дам сүм (Парис, Франц)
16. Цагаан хэрэм (Бээжин, Хятад)
17. Акрополис (Афин, Грек)
18. Христийн хөшөө (Рио-де-Жанейро, Бразил)
19. Биг Бен (Лондон, Их Британи)
20. Чичен Итца пирамид (Мексик)
21. Ват Пхо Буддагийн сүм (Бангкок, Тайланд)
22. Бурж Халифа цамхаг (Дубай, Арабын нэгдсэн эмират)
23. Австралийн дайны дурсгал хөшөө (Канберра, Австрали)
24. Сиднейн дуурийн ордон (Сидней, Австрали)

25. Фушими Инари сүм (Киото, Япон)

Monday, May 16, 2016



Букерийн шагналыг Өмнөд Солонгосын эмэгтэй зохиолч авчээ

Букерийн олон улсын шагналыг Өмнөд Солонгосын 45 настай зохиолч эмэгтэй Хан Канг “Ногоогоор хооллогч” (The Vegetarian) номоороо авлаа. Хан Канг болон түүний номыг англи хэл рүү буулгасан орчуулагч Дебора Смит нар тус бүр 35 мянган долларын шагнал авахаар болжээ. 28 настай орчуулагч Дебора ердөө л долоон жилийн өмнөөс солонгос хэл судалж эхэлсэн аж.
Хан Канг Сөүлийн урлагийн сургуульд уран зохиолын ур чадварын хичээл заадаг. Тэрээр 20 жилийн турш зохиол, найраглал бичиж байгаа юм. “Ногоогоор хооллогч” роман нь зохиолч эмэгтэйн англи хэл дээр хэвлэгдсэн анхны бүтээл юм. Гурван хэсгээс бүрдэх энэ роман 2007 онд солонгос хэл дээр гарч байжээ. Ногоогоор хооллогч болохоор шийдсэн эмэгтэйн тухай энэ номд өгүүлдэг. Нөхрийнхээ эсэргүүцэлтэй тулгарсан энэ шийдвэр түүний амьдралыг гамшигт өөрчлөлтийн ирмэгт авчирдаг ажээ.

Японд халуу шатаж, 460 хүн эмнэлэгт хүргэгджээ


Японд тавдугаар сарын 9-15-ны хооронд 460 орчим хүн халуунд цохиулж эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын түргэн тусламжийн албанаас мэдэгдэж буйгаар, сүүлийн долоо хоногт гэхэд л 57 хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдээд байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээс Японы бүх газар нутгаар халуу шатаж Цельсийн 30 градусаас дээш халж байгаа аж. Цаг уурчдын таамаглаж буйгаар, энэ зун тун халуун болох ажээ. Номхон далай дахь Эль Ниньо, Ла Ниньа үзэгдлийн улмаас ийнхүү халах болсон байна. Өнгөрсөн онд Японд 50 мянга гаруй хүн наранд цохиулж, 100 орчим хүн амиа алдсан юм. Наранд удаан байхгүй байх, шингэн их хэрэглэж, толгойгоо сүүдрээс хамгаалж байхыг эмч нар зөвлөж байна. 
“Твиттер” ишлэл, гэрэл зургийг тэмдэгтэд тооцохгүй

Бичил блог, ишлэлийн “Twitter” сүлжээ ишлэл, гэрэл зургийг тэмдэгтэд тооцдогоо болих гэж байгааг Bloomberg агентлаг мэдээлэв. “Twitter хоёр долоо хоногийн дараа энэ хязгаарлалтыг цуцалснаар зөвшөөрөгдөх тэмдэгтийн тоо нь нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэглэгчид илүү урт өгүүлбэр бичих боломжийг судалж байгааг сүлжээг үндэслэгч Жек Дорси нэгдүгээр сард мэдэгдэж байв. “Twitter”-ийн нэг жиргээг 140 тэмдэгтэд багтаах ёстой. Ишлэл нь 23, гэрэл зураг нь 24 тэмдэгтэд тооцогддог аж. 140 тэмдэгтийн хязгаарлалт нь хэрэглэгчдийг илүү уран цэцэн, үр бүтээлтэй байхыг дэмждэг хэмээн Дорси хэлжээ.

Армени, Азербайжаны лидерүүд уулзжээ

Азербайжан болон Арменийн Ерөнхийлөгч Ильхам Алиев, Серж Саргсян нар Австрийн нийслэл Венад уулзжээ. Уулын Карабахт дахин мөргөлдөөн дэгдсэнээс хойш хоёр улсын лидер ийнхүү анх удаа уулзав. Уулзалт, хэлэлцээг Минскийн бүлгийн (Орос, Америк Франц) гишүүд зуучилжээ. Талууд эвлэрлийн гэрээг 1994, 1995 онд тохиролцсон гэрээний дагуу дагаж мөрдөхөөр болсныг уулзалтад ОХУ-ыг төлөөлсөн Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Уулзалтад мөн Францын Гадаад хэргийн сайд Жан Марк-Эро, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар байлцжээ. Армени, Азербайжаны Ерөнхийлөгч нар дахин уулзалт хийхээр тохиролцсон байна. Дөрөвдүгээр сард Уулын Карабахт мөргөлдөөн, дайн болж аль аль талаас 100 орчим хүн амь насаа алдсан юм. 


Цагаачдын хямрал Европыг заналхийлж байна

Цагаач, дүрвэгчдийн урсгалыг хязгаарлах арга хэмжээг яаралтай авахгүй бол Европ тивийг байнгын хямрал, бослого заналхийлж байгааг Их Британийн MI6 тагнуулын албаны тэргүүн асан Ричард Дирлов хэллээ. Тэрээр мөн Туркийн иргэдийг Европт визгүй нэвтрүүлэх тухай яриаг эрс эсэргүүцэж, үүнийг ил гал дээр бензин асгаж буйтай зүйрлэжээ. НҮБ-ын тусгай элч, нэрт кино жүжигчин Анжелина Жоли-Питт дүрвэгсдэд тусламж үзүүлдэг хүмүүнлэгийн систем задран сүйрэхэд ойрхон байгааг сануулсан билээ. Цагаачид, дүрвэгчид улам бүр нэмэгдэж, олон улс орон дүрвэгсдийг хязгаарлах илүү хатуу арга хэмжээ авах болсонд санаа зовниж буйгаа тэрээр илэрхийлсэн юм. ВВС-ийн телевизээс цагаачлал, түүний үр дагаварын талаар бэлтгэсэн “Дэлхий хөдөлж байна” нэвтрүүлэгт тэд ийнхүү санаа бодлоо илэрхийлсэн юм. Тагнуулын албаны экс даргын үзэж буйгаар, Европт хөл тавьж буй цагаачдын тоо ойрын таван жилд сая саяаар тоологдох бөгөөд энэ хямрал Буурал тивийн геополитикийн дүр зургийг бүрэн өөрчилж магадгүй хэмээн Дирлов санууллаа. “Хэрвээ Европ тив цагаачлалын хямралыг хяналтдаа авахгүй бол, Европын хүн амын дийлэнх нь энэ асуудлыг ноцтой гэдгийг ойлгохгүй бол Европын холбоо популист үймээн, бослогын талбар болон хувирна. Энэ үймээний шинж тэмдэг одоо ч ажиглагдаж байна” хэмээн өгүүлэв.
Европын холбоо Турктэй хэлэлцээ хийж, хэрвээ Анкара цагаач, дүрвэгчдийн урсгалыг хянах, хязгаарлах арга хэмжээ авч чадвал Туркийн иргэдийг Европын холбооны улсуудад визгүй нэвтрүүлэх журмыг амлаж байгаа нь аймшигтай алдаа хэмээн Ричард Дирлов үзэж, үүнийг бензиний тусламжтайгаар гал унтрааж буйтай зүйрлэжээ. Туркийн тал терроризын эсрэг хуулиндаа өөрчлөлт хийхээс татгалзсан тул Анкара, Европын холбооны хоорондох хэлэлцээ мухардалд ороод байгаа. Африк, Ойрхи Дорнодын орнууд дахь цагаачлал, дүрвэлтийн шалтгааныг арилгахын тулд Европын холбооноос гаргаж буй 1.8 тэрбум евро хэтэрхий бага байна хэмээн Британийн тагнуулын дарга асан үзэж байна. Хойд Африкийн бүх эрэг, бүс нутагтай эрчимтэй хамтран ажиллахгүйгээр цагаачдын их урсгалыг зогсоож, хянаж дөнгөхгүй хэмээн Дирлов үзэж байгаа ч цагаачдад хаалгаа бүрэн хаах нь учир дутагдалтай гэж хэллээ. “Бодит байдал дээр Жеймс Бонд шиг бүхнийг ид шидийн гэмээр шийдэж чадахгүй. Хүмүүсийн тэр их урсгалыг эсэргүүцэн зогсоох боломжгүй. Тэдний гэрээ орхин гарч байгаа учир шалтгааныг арилгаж байж л үүнийг шийдэж чадна” хэмээн онцлов.

Анжелина Жоли ВВС-д ярихдаа, өнөөдөр дэлхий даяар 60 сая цагаач байгаа нь сүүлийн 70 жилд гараагүй их тоо гэжээ. “Дэлхий даяарх энх тайван, аюулгүй байдал аюулд орсныг энэ нь харуулж байна. Өнөөдөр аргагүй байдлаас гэрээ орхин гарч байгаа хүн ойролцоогоор 20 жилийн турш хөдөлгөөнтэй, байр сууриа олоогүй байдалтай байдаг” хэмээн Жоли хэлжээ. Дүрвэгсдийн хамгаалах, эх нутагт нь буцаан суурьшуулах систем ажиллахаа больсон тул цагаачлал, түүнтэй холбоотой хямрал, мөргөлдөөн нэмэгдсээр байх болно хэмээн Холливудын од үзэж байна.