Saturday, October 24, 2015



Т.Блэр: “Исламын улс” АНУ болон холбоотны довтолгооноос үүссэн

2003 онд АНУ болон холбоотны цэргийн хүчин Иракт нэвтрэн орсон нь террорист “Исламын улс” бүлэг үүсэн бий болох гол шалтгааны нэг болсон хэмээн Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр ярьжээ. CNN-ийн сурвалжлагч Ирак дахь лалууд хүчирхэгжихэд юу нөлөөлөв өө хэмээн асуухад “Би үүнийг үнэний хувьтай гэж боддог. 2003 онд Саддам Хусейнийг түлхэн унагаасан хүмүүс 2015 оны нөхцөлд байдалд хариуцлага хүлээхгүй гэж хэлж болохгүй” хэмээн өгүүлэв. Т.Блэр мөн Иракт нэвтрэн орох шийдвэр гаргахад нөлөөлсөн тагнуулын байгууллагын мэдээлэл нь алдаатай байсан хэмээн ярилаа.
Америк, канад, Иракийн эрдэмтдийн 2013 онд хийсэн судалгаагаар, Иракийн дайны улмаас хагас сая хүн амь насаа алджээ. Тэдний 60 хувь нь дайн байлдааны улмаас, бусад нь дагавар хор нөлөөний улмаас амь үрэгдсэн аж. С.Хусейний дэглэм үй олноор хөнөөх зэвсэг эмэмшиж байна гэсэн Британи, Америкийн тагнуулын мэдээлэл Иракт дайран орох шалтгаан болсон билээ. Тусгай албадууд Иракаас ирэх аюул заналыг хэт их дөвийлгөсөн нь дараа нь батлагдсан юм.

АНУ, Саудын Араб Сирийн сөрөг хүчнийг дэмжинэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Саудын  Арабын хаан Салман ибн Абдул-Азиз Аль Саудтай хэлэлцээ хийсний эцэст Сири дахь аядуу сөрөг хүчинд үзүүлдэг дэмжлэгээ нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ. Мөн Сирийн хямралыг улс төрийн аргаар шийдэх ажлыг үргэлжлүүлэхээр болсон байна. Үүний өмнө Ж.Керри Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярилцаж Сирийн асуудлыг хэлэлцсэн юм. Сирийн дайн, мөргөлдөөнийг энхийн замаар шийдэхэд олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй оролцох ёстой гэдэг дээр талууд санал нэгджээ.

Майкл Жексоны охин нууцаар нөхөрт гарчээ


Попын хаан Майкл Жексоны цорын ганц өв залгамжлагч гэгддэг Пэрис (17 настай) хөлбөмбөгч Кастелоу хэмээх залуутай нууцаар ханилцсан хэмээх яриа хүчээ авч байна. Тэрээр үүнийг батлах гэсэн мэт Пэрис Жексон Кастелоу хэмээн гарын үсгээ зурах болжээ. Пэрис 33 нас хүрээд попын хаан аавынхаа үлдээсэн хоёр тэрбум долларын хөрөнгийн ихэнхийг өвлөн авах юм. Үүнээс гадна эцгийнх нь үлдээсэн орлого, худалдаанаас жил бүр дансанд нь 1.5 сая доллар орж байгаа. Пэрис нөхөрт гарсан бол мэдээж нөхөр нь тэр их мөнгөний багагүй хувийг эзэмших эрхтэй болно. Тиймээс попын хааны охиныг асран хамгаалагчид ихээхэн бачимдаж байгаа бололтой. Попын хаан 2009 онд 51 насандаа өвчин намдаах эмийн тунг хэтрүүлээд нас барсан юм. Түүний цомгууд одоо ч борлуулалт сайтай байгаа ба өв залгамжлагчид нь нэрийг нь брэнд болгох эрхийг авсан билээ. 

No comments:

Post a Comment