Wednesday, October 14, 2015





Хятад дахь санхүүгийн бус хөрөнгө оруулалт 16.5 хувиар өсчээ

Хятад дахь санхүүгийн бус хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 оны гуравдугаар улиралд 87.3 тэрбум долларт хүрлээ хэмээн тус улсын Худалдааны яамнаас мэдээлэв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ үзүүлэлт 16.5 хувиар өссөн байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2020 онд 500 тэрбум долларт хүрнэ хэмээн БНХАУ-ын лидер Си Зиньпин гуравдугаар сард мэдэгдэж байв. 2015 оны эцсээр санхүүгийн бус хөрөнгө оруулалт 113 тэрбум долларт хүрэх тооцоо гарчээ.

206 яст мэлхий хилээр гаргах гэж байгаад баригджээ

ОХУ-ын хоёр иргэн Сингапураар дамжуулан устах аюулд ороод байгаа 200 гаруй яст мэлхий авч гарах гэж оролдоод 15 сар хоригдох ял сонсчээ. 38 настай Максим Павлычев, 34 настай Алексей Радков нар өнгөрсөн долдугаар сард Бангладешаас Индонез рүү явж байгаад Сингапурын нисэх онгоцны буудалд саатуулагдсан юм. Тэдний авч явсан дөрвөн чемоданаас 206 яст мэлхий гарч ирснээс 27 нь үхсэн байжээ. Үлдсэн нь ус чийг дутагдсаны улмаас аюулд орсон байв.
Сингапурын мэргэжилтнүүдийн баталж буйгаар, эдгээр яст мэлхий ховор амьтны хар зах дээр 90 мянган долларын үнэ хүрэх байжээ. Амьд үлдсэн яст мэлхийнүүдийг Сингапурын зэрлэг байгалийн санд хүлээлгэн өгчээ.

Ж.Ассанжийг эмнэлэгт үзүүлэх ёстой гэв

Их Британийн тал WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг эмнэлэгт аюулгүй хүргэх замыг гаргах ёстой хэмээн Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо мэдэгдлээ. Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд бараг гурван жил амьдарч байгаа Ассанжид эмнэлгийн тусламж шаардлагатай байгааг Патиньо онцолсон юм.
Эмч нарын хэлж буйгаар, австрали эрийн баруун мөрний өвдөлтийн оношийг нарийн тогтоохын тулд соронзон дуу авианы томограф зураг авахуулах шаардлагатай байгаа аж. Ассанж эмнэлэгт очоод буцаж ирэх боломжийг Их Британи олгох ёстой хэмээн Эквадор улс үзэж байна. Их Британийн цагдаа хэд хоногийн өмнө (Скотланд-Ярд) Жулиан Ассанжийг 24 цагаар харуулдахаа больсон юм. Гэвч сүүлд ирсэн мэдээллээр, Лондоны эрх баригчид WikiLeaks-ийг үндэслэгчийг эмнэлэгт үзүүлэх хзсэлтэд татгалзсан хариу өгчээ.

Цалингийнхаа 10 хувийг эцэг эхдээ өгнө

Хятадад нэгэн компани ажилтнуудынхаа цалингийн тодорхой хувийг эцэг эхэд нь өгөх шийдвэр гаргасан нь ихээхэн маргаан дагуулж байна. “Guanzhou Dailyбичсэнээр, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг Лу Мэй компани ёс зүйн үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор ганц бие ажилтны цалингийн 10, гэрлэсэн ажилтны цалингийн таван хувийг шууд эцэг эхэд нь шилжүүлж байхаар болжээ.
“Манай ажилтнуудын ихэнх нь хөдөө нутгаас ирсэн, тийм сайн боловсрол эзэмшээгүй залуус. Удирдлагын зүгээс Хятадын уламжлал, тэр тусмаа эцэг эхээ хүндэтгэх заншилд сургахын тулд цалингийн 10 хувийг эцэг эхэд нь өгөх шийдвэр гаргасан. Энэ нөхцөлийг зөвшөөрөөгүй хүнийг ажилд авдаггүй” хэмээн Лу Мэйн төлөөлөгч ярилаа. Тус компанийн дундаж цалин гурван мянган юань (ойролцоогоор 470 доллар) ажээ. 

No comments:

Post a Comment