Monday, October 26, 2015




22 зааныг цианидаар хордуулжээ

Зимбабве улсын Хванге дархан цаазат газарт цианидад хордож үхсэн 22 заан олджээ. Үүнээс өмнө заан хордуулсан гурван ч тохиолдол гарсан бөгөөд нийтдээ 40 заан хулгайн анчдын гарт амь үрэгдээд байна. Хулгайн анчид хар зах дээр үнэд хүрдэг зааны соёог авахын тулд улам идэвхжиж, эрх баригчдыг түгшээх болов. Зимбабвейн Засгийн газар хариу арга хэмжээ авахын тулд сургуультай нохой, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж зэргийг ашиглахаар болоод байна.
Өнгөрсөн хэд хоногт Хараре хотын нисэх буудал дээр 173 кг зааны соёог хурааж авчээ. Хууль бус ачааг Сингапур руу илгээх гэж байсан аж. Энэ хэрэгт гурван зимбабве, нэг мали иргэнийг баривчлан саатуулаад байна.

Нью-Йорк хотын дарга Хиллари Клинтоныг дэмжинэ

Нью-Йорк хотын дарга Билл де Блазио АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэвшихээр горилж байгаа Хиллари Клинтоныг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. Билл де Блазиогийн туслахууд, Хилларигийн хооронд гэрээ байгуулсан хэмээн хэвлэлийн албанаас дамжуулав. Хиллари 2000 онд Сенатад нэр дэвшихэд Де Блазио сурталчилгааны албыг нь удирдаж байжээ. Тэрээр экс тэргүүн хатагтайн үнэтэй, сайн зөвлөхүүдийн нэг юм. Хиллари Клинтон орлогын тэгш бус байдлын талаар илүү дуугарах ёстой хэмээн Ди Блазио саяхан мэдэгдсэн байна. Хэд хоногийн өмнө Кэти Пэрри, Билл Клинтон нар Хиллариг дэмжсэн арга хэмжээ зохилн байгуулжээ.

Индонези Номхон далайн хамтын ажиллагааны гэрээнд нэгдэнэ

Индонези улс Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд нэгдэх сонирхолтой байна хэмээн тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгдэв. Видодо АНУ-ын лидер Барак Обаматай уулзаж ярилцсаны дараа ийм шийдвэр гаргалаа хэмээн Ройтерс агентлаг уламжлав. АНУ болон бусад 11 орон Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Австрали, Бруней, Канад, Чили, Япон, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, Сингапур, АНУ, Вьетнам энэ гэрээнд нэгджээ. Гэрээний дагуу эдгээр улс орны хооронд чөлөөт худалдааны бүс бий болж, дэлхийн худалдаа наймааны 40 хувийг эзлэх юм.

Уильям, Кейт нарын хуримын хоолны цэс дуудлага худалдаанд

Их Британийн хаан ширээг залгамжлагч ханхүү Уильям, Кейт Миддлтон нарын хуримын хүндэтгэлийн оройн зоогны хоолны цэс дуудлага худалдаанд тавигджээ. Nate Sanders төв энэ цэсийг 650 паундаас дуудна хэмээн зарлав. Британийн ханхүүгийн гэрлэх ёслолд хоёр мянган хүн гэрчээр оролцсон ч хүндэтгэлийн зоогонд залуу хосын анд нөхөд, төрөл төрөгсөд гээд 300 хүн л уригдсан аж.
Цэцгэн хээ, хунтайж Чарльзийн сүлдээр чимсэн хоолны цэс нь ил захидал мэт хэвлэгдсэн байна. Саут-Уистын даршилсан яргай загас, Виндзорын сүмстэй хурганы мах, Беркширийн зөгийн балтай зайрмаг, Хайгрүвийн хаврын шинэ ногооны салат зэрэг тансаг гүнцэг хуримын зоогонд багтсан байв. Дуудлага худалдаанд тавигдсан цэсийг нэгэн гийчин өөрийн өмч болгосон байжээ. 

No comments:

Post a Comment