Saturday, October 10, 2015



Анкара дахь хар бямба гариг

Аравдугаар сарын 10 Туркийн орчин үеийн түүхэнд хамгийн цуст өдөр болон үлдэж байна. Туркийн Анкара хотын төмөр замын буудлын орчимд жагсаал хийж байсан хүмүүсийн дунд бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 95-д хүрээд байна хэмээн Reuters агентлаг мэдээлэв. Аравдугаар сарын 10-ны өглөө үндэстний цөөнхийн эрх ашгийн төлөө тэмцдэг Ардын ардчилсан намын дэмжигчид цугласан газарт хоёр дэлбэрэлт болжээ. Тэд эрх баригчид болон Туркт хориглогдсон Курдистаны Ажилчдын намын хоорондох цуст мөргөлдөөнийг төгсгөл болгохыг уриалан жагсаж байсан аж. Халдлага болох үеэр төмөр замын буудлын орчимд 14 мянган хүн цуглаад байжээ. Одоогоор дэлрэлтийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна.
Дэлхийн лидерүүд Туркт болсон хэрэг явдалтай холбогдуулан харамслаа илэрхийлж байна. Франц, АНУ, Азербайжан, ОХУ-ын удирдагчид Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган руу ярьж, халдлага үйлдсэн буруутай этгээд, захиалагчийг олж шийтгэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Анкарагийн нисэх хүчин энэ оны долдугаар сард улс орны зүүн өмнөд, Иракийн хойд хэсэг дахь курд босогчдын байрлалыг бөмбөгдөх болсны дараа Курдистаны Ажилчдын нам, Туркийн эрх баригчдын хоорондох харилцаа муудсан юм. Курдууд Туркийн хүчний байгууллагын төлөөлөгчдийн эсрэг аллага үйлдсээр байгаа тул ийм алхам хийсэн хэмээн Анкара тайлбарлажээ. Курдистаны Ажилчны нам нь Туркийн газар нутаг дээр тусгаар улс байгуулахын төлөө тэмцдэг билээ.
Туркийн эрх баригчид дээрх хэрэг явдлыг алан хядах ажиллагаа хэмээн үзэж байна. Одоогоор амиа золиослогч этгээдүүд халдлага үйлдсэнийг тогтоогоод байгаа юм. “Исламын улс бүлгийн хэт даврагчид халдлагыг үйлдсэн байх магадлал их байна. Учир нь Анкара Сирид терроризмын эсрэг ажиллагааг газраар эхлүүлсэнд тэд ихэд дургүй байгаа” хэмээн Турк судлаач Серкан Демирташ хэлсэнтэй олон хүн санаа нийлж байна.
Курд босогчид Туркийн эрх баригчдын эсрэг тэмцэж, хүчний байгууллагуудын төлөөлөгч, цагдаа нарын амь насанд халддаг ч олон хүн цугласан газарт тэсэлж, дэлбэлдэггүй аж. Курдын амиа золиослогчид зөвхөн Туркийн хилийн шалган нэвтрүүлэх харуулын байранд бөмбөг дэлбэлдэг. Тиймээс уржигдар Анкарад болсон халдлагыг курдууд үйлдсэн байх магадлал тун бага байгаа юм. 1999 оноос хойш Имрала арал дээр бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа Курдистаны Ажилчдын намын лидер Абдула Ожалан иймэрхүү үйлдлийн эсрэг зогсдог билээ.

Халдлагын дараа Туркийн Ерөнхий сайдАхмет Давутоглу хүчний байгууллагуудыг дуудаж яаралтай хуралдаан хийжээ. Уулзалт дээр Анкарад болсон алан хядах ажиллагааны талаар хэлэлцсэний хажуугаар арваннэгдүгээр сарын 15-16-нд Анталья хотод болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангах талаар ярилцсан байна. 

No comments:

Post a Comment