Saturday, October 17, 2015




Биг Бен дөрвөн сар зогсож магадгүй

Лондоны алдарт Биг Бен цамхагийг бүрэн сэргээн засварлах ажилд 29 сая паунд шаардлагатай, эс бөгөөс цамхагийн цаг бүрэн зогсож магадгүй хэмээн Daily Mail сонин мэдээлэв. Сэргээн засварлалт дөрвөн сар үргэлжилнэ хэмээн үзэж байна. Энэ үеэр цамхагийн дөрвөн талд байгаа цагны зүүг зогсоох аж. “Биг Бен цамхагийн цагны зүүний араа, дүүжинд асуудал гараад олон жил болж байна. Эдгээр доголдлыг засахгүй бол цаг хэзээ ч зогсож магадгүй болсон. Бүр ноцтой эвдрэл ч гарч болзошгүй” хэмээн Британийн парламентад илгээсэн мэргэжилтнүүдийн илтгэлд дурджээ. Алдарт цаг ойрын хоёр гурван жилд зогсож магадгүй байгаа нь Британийн парламентын нэр хүндэд муугаар нөлөөлнө хэмээн үзэж байна. Парламентаас засварын төсвийг баталж өгвөл цагны бүтцийг сэргээн засах ажилд хамгийн их ажил, хугацаа орох ажээ.

Лондоноос Нью-Йорк хүртэл нэг цаг ниснэ

Airbus компани нэг цагийн дотор Лондоноос Нью-Йорк хүрч чадах агаарын хөлгийн зохиогчийн эрхийг авлаа хэмээн Fox News мэдээлэв. Уг нисэх онгоцыг “Concorde-2” хэмээн нэрлэжээ. Энэхүү дуунаас хурдан онгоц гурван тусдаа хөдөлгүүртэй байх ба эдгээрийн ачаар агаарын урсгалыг зүсч өнгөрөх чадвартай байх юм. Хэвлэлд бичиж буйгаар, шинэ агаарын хөлөг нь анхдагч “Concorde”-оос гурав дахин илүү хурдтай нисэх ажээ. Цагт 1354-2179 км хурдалдаг дуунаас хурдан “Concorde” нисэх онгоц 2003 онд нислэгээ зогсоосон билээ. Airbus эхний ээлжинд шинэ “Concorde”-ийг цэргийн зорилгоор ашиглах бололтой. Харин хэзээ арилжааны зорилгоор ашиглаж эхлэх нь тодорхойгүй байна.

Самурай 160 км/цаг-ийн хурдтай бейсболын бөмбөгийг хоёр хуваажээ

Самурай Исао Мачи тусгай төхөөрөмжөөр 160 км/цаг-ийн хурдтай буудсан бейсболын бөмбөгийг ядах юмгүй цавчиж хоёр хуваажээ. Япон эр маш хурдтай нисэн ирсэн жижиг бөмбөгийг нарийн, оновчтой сэлэмдэн хувааж байгаа бичлэг интернэтэд тавигдсан байна. Самурай буудагч төхөөрөмжөөс есөн метрийн зайд зогсож байсан аж. Цөөнгүй хүн энэхүү хосгүй ур чадварын гэрч болжээ.

Словенид нэг өдөрт гурван мянган дүрвэгч ирлээ

Гурван мянга орчим дүрвэгч Хорватын хилийг давж Словенид орж ирлээ хэмээн тус улсын STA агентлаг уламжлав. Цагдаа нар дүрвэгчдийн давалгааг зохицуулахад армийнхан туслана хэмээн Словенийн Ерөнхий сайд Мирослав Церар мэдэгдсэн байна. Унгар улс Хорватаас орж ирэх цагаачдын урсгалыг зогсоохын тулд Хорваттай залгаа хилээ хаасны дараа Словени руу орж ирэх дүрвэгсдийн тоо нэмэгджээ. Словенийн төмөр замын удирдлага Хорваттай холбогддог замын хөдөлгөөнөө зогсоосноо албан ёсны веб сайтаараа дамжуулан мэдэгдээд байна.
Сири болон Ойрхи Дорнод дахь дайн мөргөлдөөнөөс зугтсан иргэд Турк, Болгар, Серб, Македоноор дамжин Унгар, Австри, цаашлаад Герман руу орох болсон нь Европын холбоонд ихээхэн бэрхшээл учруулах болжээ. Европын холбоо дүрвэгсдийг хувааж авах талаар шийдвэр гаргасан ч Унгар, Чех, Словени зэрэг улс хүлээн зөвшөөрөхгүй байна. 

No comments:

Post a Comment