Wednesday, October 28, 2015



Б.Обама ханхүү Харрид талархал илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Их Британийн ханхүү Харриг Цагаан ордонд хүлээн авч Афганистанд цэргийн албаа нэр төртэй хаасанд талархал илэрхийлэв. “Афганд америк цэргүүдийн хамтаар үүрэг гүйцэтгэсэн ханхүүгийн суу алдарт талархал илэрхийлэхийг хүсч байна. Харри Америк, Их Британийн онцгой, гайхалтай харилцааг улам бэхжүүлсэн” хэмээн Обама хэлжээ. Дэлхийн халуун цэгүүдэд тулалдаж яваад шархадсан ахмад дайчид оролцох Invictus Games тоглолтын талаар ярилцахаар АНУ-д ирсэн ханхүү Харри Цагаан ордонд халуун дотноор хүлээж авсан Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ. “Афганистанд алба хааснаар миний амьдрал өөрчлөгдсөн. Их Британид буцаж ирээд улс эх орныхоо төлөө амь биеэ золиослосон ахмад дайчиддаа туслах ёстой сайн ойлгосон” хэмээн өгүүлэв.
Ханхүү Харри сүүлийн гурван жил нисэх хүчинд алба хааж Афганистанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр цэргийн нисгэгчийн замналаа дуусгах бодолтой байгаагаа 2015 оны нэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Харри ирэх оны зургадугаар сард Британийн армийн албанаас чөлөөлөгдөх аж. Үүний дараа тэрээр Африк, Өмнөд Сахар дахь хүмүүнлэгийн үйл хэрэгт төвлөрнө гэж байна. Уэльсийн хунтайж Чарльз, гүнж Дианагийн бага хүү Харри Британийн хаан ширээг залгамжлагчдын жагсаалтад тавдугаарт бичигддэг.

Курдын автономи байгуулагдахаас сэргийлнэ

Сирийн курдууд Туркийн хил орчимд автономит улс байгуулахаас сэргийлэхийн тулд ямар ч аргыг ашиглахад бэлэн хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ. “Үүнээс сэргийлэхийн тулд Туркт ямар нэг зөвшөөрөл хэрэггүй. Бид шаардлагатай бүхнийг хийх болно” хэмээн тэрээр онцолсон байна. Туркийн хил орчмын Сирийн Талл-Абъяд хотод курдууд автономи байгуулж буйгаар саяхан зарласан юм. Үүний дараа Туркийн тал тус хот руу цэргийн дайралт хийж магадгүй болоод байна. Туркийн хилийн ойролцоо курдууд автономи байгуулах нь Турк дахь курдуудыг өдөөж, салан тусгаарлах үзлийг гааруулна хэмээн Анкара үзэж байгаа аж.

Сомалид буусан онгоцны зорчигчид барьцаалагджээ

Сомали улсын нутаг дэвсгэрт ослын буулт хийсэн Airbus A380 онгоцонд явж байсан 12 хүнийг босогчдын “Аш-Шабаб” бүлгийнхэн барьцааллаа хэмээн Voice of America радио мэдээлэв. Уг нисэх онгоц Сомали дахь Африкийн холбооны цэргүүдэд ачаа хүргэж өгөхөөр явж байжээ. “Нисэх онгоц болон дотор нь явж байсан хүмүүс босогчдын бүлгийн гарт орсон нь батлагдлаа” хэмээн орон нутгийн захиргааны төлөөлөгч Мохамед Хусейн ярилаа. Барьцаалагдсан хүмүүсийн дунд АНУ-ын иргэд байгаа аж. Сомалид хүмүүс барьцаалагдсаныг Пентагон баталсан ч тэдгээр нь энгийн иргэд, эсвэл цэргийнхэн гэдгийг хэлэхээс татгалзжээ.


Жек Магийн залууст өгөх зөвлөгөө

Алибаба группын тэргүүн Жек Ма залууст хандаж ингэж зөвлөжээ.

- Та 25 настай байвал юу хийхсэн бол?

- Эхлээд 25 насандаа буцаад оччихмоор л байна шүү... 25 насандаа буцаад очиж болдог бол би юу ч хийхээс буцахгүй.

Одоо хүмүүс интернэт бол ирээдүй гэж бодож байна. Арван жилийн өмнө бол интернэт их сайн зүйл байлаа. Хэн ч интернэтэд итгэдэггүй байсан ч маш сайн, ирээдүйтэй зүйл байлаа. Гэвч өнөөдөр интернэт их хатуу, өрсөлдөөнтэй талбар болжээ. Бүх овсгоотой хүмүүс интернэт рүү орчихсон. Тэгэхээр чи тийшээ орлоо гээд яах вэ? Өөрөөр л сэтгэх хэрэгтэй болно. Одоо ямар ч юм хийсэн IT буюу мэдээллийн технологийг ашиглах хэрэгтэй болж байна. Үсчний газар нээлээ гэхэд л IT технологи ашиглавал бусдаас өөр байж чадна.

25 нас бол гайхамшигтай цаг үе, зогсоол. Ямар ч алдаа гаргасан битгий санаа зов. Би боддог л доо, тэгээд залуу хүмүүст хэлдэг.
30 наснаасаа өмнө сайн оюутан бай. Хажуугаар нь бага зэрэг туршлага хуримтлуулаад л явж бай. 30 наснаасаа өмнө хэн нэгнийг дага. Жижиг компанид ажилд ор. Том компани сайхан л даа, бизнес, үйл ажиллагаа яаж явдгийг хараад, сураад авч болно. Том компанид ажиллавал та том машины нэг хэсэг л болно гэсэн үг. Харин жижиг компанид та хүсэл зориг, мөрөөдөлд суралцдаг. Нэг дор олон зүйлийг яаж хийхийг сурдаг. 30 хүрэхээсээ өмнө та ямар компанид ажиллаж байгаа нь бус харин ямар босс, ямар эзнийг дагах вэ гэдэг их чухал. Сайн эзэн чамд өөр зүйл зааж өгнө.
30-40 насандаа өөрийнхөө төлөө ажиллах ёстой гэдгээ сайн ойлгох хэрэгтэй, үнэхээр бизнесмэн, үйлдвэрлэгч болъё гэж бодож байгаа бол. 40-50 насандаа бүхнийг гардаж хийх хэрэгтэй. Яаж хийвэл хамгийн сайн болох вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл, өөр хүнд найдах хэрэггүй. Санаачилгыг чи авч, манлайлах ёстой.
50-60 насандаа залуу хүмүүсийн төлөө ажилла. Яагаад гэвэл залуу хүмүүс танаас илүү сайн хийнэ. Тэд нарт буухиагаа шилжүүлж, тэд нарт хөрөнгө оруулж, тэдний сайн сайхны төлөө ажилла.
60 гарчихвал цаг хугацааг өөртөө зарцуул, далайн эрэг дээр наранд биеэ шарсан шиг... Ингэж жаргахад хэтэрхий оройтсон байж ч болно л доо. Залуу хүмүүст ингэж л зөвлөх байна.

35 насандаа алдаа хий, олон алдаа хийг л дээ, битгий санаа зов. Унавал унаг, тэгээд бос, уна, бос. 25 насандаа бол нарги цэнгэ, шоуд.

Tuesday, October 27, 2015



Сирийн талаарх олон улсын хэлэлцээнд Иран оролцоно

Австрийн Вена хотод болох Сирийн талаарх олон улсын хэлэлцээнд Иран улс оролцохоор боллоо хэмээн Reuters агентлаг уламжлав. АНУ, ОХУ энэ хэлэлцэээнд Ираныг урьсан аж. Харин Ираны Гадаад хэргийн сайд хэлэлцээнд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ч түүний орлогч ирэх нь баттай болоод байна. Сирийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээнд Ираныг анх удаа урьж буй нь энэ юм. Тегеранд дайсагнадаг хэд хэдэн бүлгийн санхүүжүүлдэг Саудын Арабтай мөн энэ асуудлаар ярилцсан аж. Сирид Ираны нөлөө их байдаг тул Сирийн хямралыг шийдвэрлэхэд Тегераны эрх баригчид чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.

Apple-ийн цэвэр ашиг 30 хувиар өсчээ

Apple компанийн энэ оны гуравдугаар улирлын орлого 51.5 тэрбум долларт хүрч, цэвэр ашиг нь 11.1 тэрбумд хүрчээ. Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад цэвэр ашиг 24 хувиар өсчээ. Нэг жилийн дотор Apple-ийн орлого 22.3, цэвэр ашиг 30.6 хувиар өсөөд байна. Америкийн компани iPhone гар утасны шинэ загвар, Apple Watch ухаалаг цаг гаргасан нь орлогыг нэмэгдүүлжээ. Мөн Мас компьютер болон сервисээс ихээхэн орлого орж ирсэн байна. Харин гол өрсөлдөгч Samsung-ийн ашиг гуравдугаар улиралд 80 хувиар өсчээ.

Палестинууд Израилийн иргэн рүү дайрчээ

Израилийн Баруун эрэг хот дахь еврейн суурийнгийн ойролцоо хоёр палестин нэгэн израиль иргэн рүү хутга барин дайрчээ. Танхай этгээдүүдийг Израилийн цагдаа нар буудаж унагасан байна. Тэд израиль иргэнийг хутгаар шархдуулж амжжээ. Сүүлийн хэдэн сард еврейн улсын иргэдийн эсрэг довтолгоонд 11 израиль амиа алдаад байна. 120 хүн шархдаж гэмтжээ. Баруун эрэгт үндсэрхэг арабууд 80 орчим довтолгоо, халдлага үйлдсэн хэмээн Израилийн цагдаа мэдээлэв. Еврей хүмүүс рүү халдсан, оролдлого хийсэн 50 орчим палестиныг буудаж устгасан байна. 


Ван Жианлин дахин тэргүүн баянаар тодорлоо

“Мөнгөтэй байна гэдэг сайн хэрэг”. Forbes сэтгүүл Ван Жианлинийг Хятадын хамгийн баян хүнээр дахин тодруулсны дараа тэрээр ийнхүү дуугарчээ. Хэдийгээр өнгөрсөн наймдугаар сард Хятадын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт унаж түүний халааснаас 3.6 тэрбум доллар хийсч одсон ч тэрээр Хятадын баячуудыг дахин тэргүүлэх боллоо. Жианлиний 25 тэрбум долларын хөрөнгө дотор Испани дахь гоёмсог барилга, “Атлетико Мадрид” клубын 20 хувь бий. Тэрээр хөрөнгөө нэг жилийн дотор 17 тэрбум доллараар нэмэгдүүлэх чадвартай.
Хятадын Ардын чөлөөлөх армийн ахмадын хүү Ван Жианлин өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн аварга том компани, мөн зугаа цэнгээн, чөлөөт цагийн бизнесээр дагнасан Wanda Group-ийг удирдаж байна. 1980-аад онд армийн эгнээг орхиж энэхүү группээ байгуулсан ажээ. Хэдхэн хоногийн өмнө Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад 61 настай хятад эр 15-д бичигдсэн юм. Жагсаалтыг Zara хувцасны дэлгүүрээрээ алдартай Испанийн Амансио Ортега тэргүүлсэн байна. Ван энэ онд хоёр салбар компанийнхаа хувьцааг зах зээлд гаргаснаар хөрөнгө чинээ нь үлэмж нэмэгджээ. Азийн аварга улсад эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч түүний ашиг ихээхэн өссөн аж. “Мөнгөтэй байх нь сайн хэрэг” гэж хэлсэн Ван Жианлин дэлхийн баян, чинээлэг хүмүүст хандаж зоригтой ил гарч, мөнгө хийж дараа нь тэр баялгаа шударга, тэгш хэлбэрээр хуваарилахыг уриалжээ. Мөнгө ихтэй хүмүүс нийгэмд хөрөнгө оруулж байх ёстой хэмээн тэрээр үзэж байна.
Ван Жианлиний амжилтыг Хятадын улс төрийн өндөр түвшний холбоо сүлбээтэй хамаатуулж үзэх нь бий. Гэвч тэрээр үүнийг үгүйсгэж, Хятадын асар том зах зээл, миний өөрийн бүтээх, хийх чадвар л энэ мөнгийг бий болгосон гэжээ. “Чи мөнгө олж байгаа л бол ямар ч эргэлзээгүйгээр чадвартай байна гэсэн үг. Баяжиж мөнгөтэй болсон хүмүүсийн ихэнх нь ердийн аргаар буюу нөр их хөдөлмөрлөж мөнгөтэй болсон байдаг. Мөнгөтэй, маш их мөнгөтэй болсон хүмүүсийн дийлэнх олонх нь сайн хүмүүс байдаг” хэмээн Ван Жианлин онцоллоо. Ван гадаадад ихээхэн танигдсан нэгэн бөгөөд сүүлийн үед спортын салбарт хөрөнгө оруулалт хийж сонин хэвлэлийн баатар болж байна. Хятад баян саяхан Швейцарийн Infront хэмээх спортын техник хэрэгслийн үйлдвэрийг худалдаж авчээ. Ван Жианлиний групп Хятад даяар 200 гаруй худалдааны төв, тансаг зочид буудал эзэмшдэг. 2013 онд Wanda Group АНУ-ын AMC Entertainment кино театрын сүлжээг Хятадад байгуулж 2.6 тэрбум долларын орлого олжээ.

Alibaba онлайн дэлгүүрийн эзэн Жек Ма Хятадын тэргүүн баяны байр сууриа алдаж, 21.8 тэрбум долларын хөрөнгөөр хоёрдугаарт оров. Түүний компани Нью-Йорк хотын хөрөнгийн бирж дээр ихээхэн алдагдал хүлээсэн аж. Forbes сэтгүүл мэдээлж буйгаар, Хятадын хамгийн баян 100 хүн нийтдээ 450 тэрбум долларын хөрөнгө эзэмшиж байгаа нь нэг жилийн өмнөхөөс 20 хувиар илүү үзүүлэлт юм. Тэдний олонх нь технологийн салбар дахь бизнесээс ихээхэн ашиг олжээ. “Хятадын эдийн засаг бүтцийн өөрчлөлтийн үеийг туулж байна. Ихээхэн хөрөнгө мөнгөтэй хүмүүс энэхүү шилжилтийн үед бизнесийн шинэ боломжийг олж харах чадвартай байдаг” хэмээн сэтгүүлийн эрхлэгч Рассел Фланнери ярилаа.

Monday, October 26, 2015




22 зааныг цианидаар хордуулжээ

Зимбабве улсын Хванге дархан цаазат газарт цианидад хордож үхсэн 22 заан олджээ. Үүнээс өмнө заан хордуулсан гурван ч тохиолдол гарсан бөгөөд нийтдээ 40 заан хулгайн анчдын гарт амь үрэгдээд байна. Хулгайн анчид хар зах дээр үнэд хүрдэг зааны соёог авахын тулд улам идэвхжиж, эрх баригчдыг түгшээх болов. Зимбабвейн Засгийн газар хариу арга хэмжээ авахын тулд сургуультай нохой, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж зэргийг ашиглахаар болоод байна.
Өнгөрсөн хэд хоногт Хараре хотын нисэх буудал дээр 173 кг зааны соёог хурааж авчээ. Хууль бус ачааг Сингапур руу илгээх гэж байсан аж. Энэ хэрэгт гурван зимбабве, нэг мали иргэнийг баривчлан саатуулаад байна.

Нью-Йорк хотын дарга Хиллари Клинтоныг дэмжинэ

Нью-Йорк хотын дарга Билл де Блазио АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэвшихээр горилж байгаа Хиллари Клинтоныг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. Билл де Блазиогийн туслахууд, Хилларигийн хооронд гэрээ байгуулсан хэмээн хэвлэлийн албанаас дамжуулав. Хиллари 2000 онд Сенатад нэр дэвшихэд Де Блазио сурталчилгааны албыг нь удирдаж байжээ. Тэрээр экс тэргүүн хатагтайн үнэтэй, сайн зөвлөхүүдийн нэг юм. Хиллари Клинтон орлогын тэгш бус байдлын талаар илүү дуугарах ёстой хэмээн Ди Блазио саяхан мэдэгдсэн байна. Хэд хоногийн өмнө Кэти Пэрри, Билл Клинтон нар Хиллариг дэмжсэн арга хэмжээ зохилн байгуулжээ.

Индонези Номхон далайн хамтын ажиллагааны гэрээнд нэгдэнэ

Индонези улс Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд нэгдэх сонирхолтой байна хэмээн тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгдэв. Видодо АНУ-ын лидер Барак Обаматай уулзаж ярилцсаны дараа ийм шийдвэр гаргалаа хэмээн Ройтерс агентлаг уламжлав. АНУ болон бусад 11 орон Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Австрали, Бруней, Канад, Чили, Япон, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, Сингапур, АНУ, Вьетнам энэ гэрээнд нэгджээ. Гэрээний дагуу эдгээр улс орны хооронд чөлөөт худалдааны бүс бий болж, дэлхийн худалдаа наймааны 40 хувийг эзлэх юм.

Уильям, Кейт нарын хуримын хоолны цэс дуудлага худалдаанд

Их Британийн хаан ширээг залгамжлагч ханхүү Уильям, Кейт Миддлтон нарын хуримын хүндэтгэлийн оройн зоогны хоолны цэс дуудлага худалдаанд тавигджээ. Nate Sanders төв энэ цэсийг 650 паундаас дуудна хэмээн зарлав. Британийн ханхүүгийн гэрлэх ёслолд хоёр мянган хүн гэрчээр оролцсон ч хүндэтгэлийн зоогонд залуу хосын анд нөхөд, төрөл төрөгсөд гээд 300 хүн л уригдсан аж.
Цэцгэн хээ, хунтайж Чарльзийн сүлдээр чимсэн хоолны цэс нь ил захидал мэт хэвлэгдсэн байна. Саут-Уистын даршилсан яргай загас, Виндзорын сүмстэй хурганы мах, Беркширийн зөгийн балтай зайрмаг, Хайгрүвийн хаврын шинэ ногооны салат зэрэг тансаг гүнцэг хуримын зоогонд багтсан байв. Дуудлага худалдаанд тавигдсан цэсийг нэгэн гийчин өөрийн өмч болгосон байжээ. 


Сөүлийг зэвсэгт мөргөлдөөнөөр сүрдүүлэв

Хойд Солонгосын эрх баригчид Сөүлийг хойг дээр зэвсэгт мөргөлдөөн гаргах санаатай байна хэмээн буруутгав. “Өмнөд Солонгосын цэргийн хүрээнийхэн том осол, мөргөлдөөнд өдөн дуудах заншлаасаа татгалзахгүй бол урьдчилан таамаглашгүй зэвсэгт мөргөлдөөнд хүрч болзошгүй” хэмээн Пхеньяны албан мэдэгдэлд онцолсон байна. Солонгосын хойг дахь нөхцөл байдал өнгөрсөн наймдугаар сарынх шиг маш хурцадмал байдалд орж магадгүй хэмээн Хойд Солонгос сүрдүүлж байна. Зөрчил иймэрхүү байдлаар өрнөж хурцадвал өмнөд хөрш бурууг нь хүлээнэ хэмээн Пхеньян үзэж байгаа аж.
Аравдугаар сарын 24-нд Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хөлөг Хойд Солонгосын эргүүлийн завь руу буудсан нь хойдууд ийнхүү эрс ширүүн мэдэгдэл хийхэд хүргэжээ. Ким Чен Ирийн дэглэм үүнийг “Цэрэг дайны ноцтой өдөөн хатгалга” хэмээн нэрлэсэн байна. Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг Хойд Солонгосын эргүүлийн хурдан завь руу сануулах гал нээсэн юм. Сөүлийн баталж буйгаар, хойд хөршийн эргүүл Шар тэнгис дахь Өмнөд Солонгосын усан хилийг зөрчсөн аж. Харин Хойд Солонгос “Манай завь өөрийн мэдлийн талбайд байнгын эргүүл, хяналтын үүргээ гүйцэтгэж байсан” хэмээн баталж байна.
Хоёр Солонгос 1950-53 оны зэвсэгт мөргөлдөөнөөс хойш дайны байдалд байсаар байгаа юм. Тэр үед эвлэрлийн гэрээ байгуулснаар дайн зогсож байв. Пхеньян энхийн гэрээ байгуулахын тулд 2010 оноос АНУ-тай гэрээ хэлэлцээ хийхийг оролдсоор иржээ. 2013 оны гуравдугаар сард Хойд Солонгос цус нэгт өмнөд ахан дүүсээ довтлохгүй байх гэрээгээ цуцалсан байна. Мөн дайныг зогсоосон эвлэрлийн гэрээнээс дангаараа гарна хэмээн мэдэгджээ. Хойд Солонгос өмнөд хөрш рүүгээ довтлох аюул их хэвээр байгааг улстөрч, тоймчид сануулсаар байна.

АНУ-ын Батлан хамлаахын сайд Эштон Картер хэд хоногийн өмнө энэ талаар тодорхой мэдэгдэл хийж байсан юм. “Хойд Солонгос ямар нэг шалтаг гарвал Өмнөд Солонгосыг довтолж ялалт байгуулна гэж бодож байх шиг байна. Тэд буруу бодож байна, тэдэнд ямар ч боломж байхгүй” хэмээн Картер мэдэгджээ. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт байрлан үүрэг гүйцэтгэж байгаа америк цэргүүдтэй онлайн ярилцлага хийхдээ, Солонгосын хойг бол хэзээ ч дайн дэгдэж магадгүй дэлхийн цорын ганц газар хэмээн онцолсон байна. Америкийн цэргийн командлал Хойд Солонгос довтолсон тохиолдолд Өмнөд Солонгосыг хамгаалах төлөвлөгөөг дахин шалгаж нягталсан ажээ. 

Sunday, October 25, 2015




Качиньскийн нам сонгуульд ялжээ

Польшийн парламентын сонгуульд экс Ерөнхий сайд Ярослав Качиньскийн консерватив нам ялалт байгуулжээ. Түүний “Эрх, шударга ёс” нам 39.1 хувийн санал авснаар Засгийн газраа дангаараа бүрдүүлэхээр болов. Эрх баригч либерал нам 23.4 хувийн санал авчээ. Рок дуучин Павел Кукизийн Kukiz'15 нам есөн хувийн санал авч эхний гуравт орсон байна. Я.Качиньскийн нам парламентын доод танхимийн 460 суудлын 242-ыг нь эзлэхээр болж байна. Сонгогчдын ирц 51.6 хувьтай байсан нь 2011 оны сонгуулийн ирцийг давжээ.

Иракийн арми “Исламын улс”-т цохилт өгчээ

Иракийн армийн нисэх хүчин хойд хэсгийн Эр-Рамади хот дахь “Исламын улс”  бүлгийн байрлалд цохилт өгч 16 босогчийг устгажээ. Энэ тухай Анбар дахь цэргийн командлалаас мэдэгдсэн байна. “Иракийн армийн онгоцууд лалын босогчдод оновчтой цохилт өгч 16 хэт даврагч болон багагүй хэмжээний зэр зэвсгийг нь устгалаа” хэмээн армийн мэдэгдэлд онцолжээ. “Исламын улс”-ын хуягт тээвэрлэгчид болон Эр-Рамади хотын ойролцоох пуужин харвах төхөөрөмжийг устгасан байна. Оросын нисэх хүчин Сирид тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш мянга орчим довтолгоо хийж, террористуудын 800 гаруй байгууламжийг устгасан хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдлээ.

Цагаачид өрөвдүүлэхийн тулд хүүхдийг ашиглаж байна

Чехийн Ерөнхийлөгч Милош Земан цагаач, дүрвэгчид өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй харагдаж, цагаачлалыг зөвтгөхийн тулд хүүхдүүдийг ашиглаж байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр дүрвэгчдэд хандаж хийлдэг завин дээр хүүхдүүдийг авч явахгүй байхыг уриалав. “Тэд бусад улс орон руу дүрвэхээ зогсоож, өөрсдийн улс орны ирээдүйн төлөө тэмцэх ёстой” хэмээн Милош Земан хэллээ. Европ руу орж ирж байгаа цагаачдын 80 хувь нь ядуу хүмүүс биш хэмээн Хорватын Ерөнхийлөгч онцолсныг тэрээр бас давтан сануулсан байна. Европын улс орнууд тэр олон цагаачдыг хүлээн авч, ажлын байраар хангах чадваргүй байгаа тул Европын холбооны цагаачлалын хөтөлбөр аюулд оржээ. Зарим улс орон цагаачдыг хүлээн авахаас татгалзсан тул дээрх хөтөлбөр хүнд байдалд ороод байна.

Узбекистанд сөнөөгч онгоц худалдахыг зөвшөөрөхгүй


Өмнөд Солонгосын тал Узбекистанд 400 сая долларын нийт өртөгтэй сургалтын сөнөөгч онгоц худалдах гэж байгааг АНУ-ын Засгийн газар эсэргүүцэж байна. T-50 Golden Eagle сургалтын байлдааны нисэх онгоцыг 2006 онд Korea Aerospace Industries болон Lockheed Martin хамтран бүтээхдээ Америкийн тэргүүлэх технологийг ашигласан юм. Узбекистан нь ОХУ-тай нягт харилцаатай тул Америкийн технологиор бүтээсэн нисэх онгоцны нууц мэдээлэл Оросын талд шилжинэ хэмээн америкууд болгоомжилж байгаа бололтой. Өмнөд Солонгосын эрх баригчид T-50 загварын 12 нисэх онгоцыг худалдах сонирхолтой байгаа юм. 



Эхнэрээ хувааж эзэмших санал Хятадад шуугиан тарьж байна

Хятадын Чэцзян их сургуулийн багш Це Зоши улс орныг нөмрөөд байгаа хүйсийн тэнцвэргүй байдлыг засч залруулахын тулд ядуу эрчүүд эхнэрээ хувааж эзэмших ёстой гэсэн санал дэвшүүлсэн нь халуухан маргаан дэгдээгээд байна. Дундад улсад 100 охинд 118 хөвгүүн ногдож байгаа нь хүйсийн тэнцвэргүй байдлыг бий болгожээ. Хятадууд энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Засгийн газраас “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсэн нь эрэгтэй хүүхдийг илүүд үздэг уламжлалыг улам дэвэргэсэн юм. Хятадын хотуудад амьдралын түвшин дээшлэхийн хэрээр хөдөлгөөн, шилжилт идэвхжиж эмэгтэйчүүд хот руу шилжиж ирэх нь нэмэгдсэнээр тосгон, суурин дахь хүйсийн ялгаа улам их болж байна.
Нийгмийн зүтгэлтнүүд, интернэт хэрэглэгчид профессор Це Зошиг яаран буруутгаж, түүнийг завхайрал, хууль бус үйлдэлд ард иргэдийг уруу татлаа хэмээн шүүмжилжээ. Хятадын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Цин Сюн эдийн засагч Зошиг хүйсийн дээрэнгүй байдалд руу уриалж байна хэмээн мэдэгдэв. “Их сургуулийн эрдэмтнээс гарсан санал нь эрэгтэй хүнийг илүү үзэж, эмэгтэйчүүдийг доромжилж байна. Зөвхөн эрэгтэй хүнийг бодсон шийдвэр л гаргах санаатай байна. Энэ бол инээдтэй, эмгэнэлтэй” хэмээн тэрээр ярилаа.

2020 онд Хятадад 30-40 сая гоонь эр байх тооцоо гарч байгаа тул хүн ам зүйн гажигийг ямар нэг аргаар шийдэх хэрэгтэй хэмээн профессор Це үзэж байна. Эрдэмтний хэлж буйгаар, ядуу гоонь эрчүүд Зүүн өмнөд Ази болон Африкийн тогтворгүй эдийн засагтай орнуудын охид, бүсгүйчүүдтэй гэрлэж болох аж. Хятадын олон тариачин хөрш Бирм, Вьетнамаас эхнэр авах моод дэлгэрээд байгаа билээ. Нэг тэрбум илүү хүнтэй Хятад улсын хүн ам зүйн гол бэрхшээл нь шинээр мэндэлж буй хүүхдүүдийн дундах хүйсийн тэнцвэргүй байдал юм. Үүний үндсэн шалтгаан нь эхийн гэдсэн дэх хүүхдийн хүйсийг мэдсэний дараа үр хөндөлт хийлгэж буй явдал ажээ. Хятад гэр бүл уламжлал ёсоор эрэгтэй хүүхдийг эрхэмлэдэг бөгөөд охин хүүхдээс татгалзах нь элбэг байдаг. Тэр тусмаа хөдөө тосгодод үр хөндөлт итгэмээргүй өргөн тархсан аж. 1980-аад оны эцсээр хэт авианы төхөөрөмжийн тусламжтайгаар ирээдүйн хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой болсноор үр хөндөлт цэцэглэсэн гэж болно. Өнөөдөр Хятадын хүн ам нэг тэрбум 357 саяд хүрчээ. Хятад дахь хүйсийн тэнцвэргүй байдал засагдах боломжгүй хэмээн зарим эрдэмтэн үзэж байна.

Saturday, October 24, 2015



Т.Блэр: “Исламын улс” АНУ болон холбоотны довтолгооноос үүссэн

2003 онд АНУ болон холбоотны цэргийн хүчин Иракт нэвтрэн орсон нь террорист “Исламын улс” бүлэг үүсэн бий болох гол шалтгааны нэг болсон хэмээн Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр ярьжээ. CNN-ийн сурвалжлагч Ирак дахь лалууд хүчирхэгжихэд юу нөлөөлөв өө хэмээн асуухад “Би үүнийг үнэний хувьтай гэж боддог. 2003 онд Саддам Хусейнийг түлхэн унагаасан хүмүүс 2015 оны нөхцөлд байдалд хариуцлага хүлээхгүй гэж хэлж болохгүй” хэмээн өгүүлэв. Т.Блэр мөн Иракт нэвтрэн орох шийдвэр гаргахад нөлөөлсөн тагнуулын байгууллагын мэдээлэл нь алдаатай байсан хэмээн ярилаа.
Америк, канад, Иракийн эрдэмтдийн 2013 онд хийсэн судалгаагаар, Иракийн дайны улмаас хагас сая хүн амь насаа алджээ. Тэдний 60 хувь нь дайн байлдааны улмаас, бусад нь дагавар хор нөлөөний улмаас амь үрэгдсэн аж. С.Хусейний дэглэм үй олноор хөнөөх зэвсэг эмэмшиж байна гэсэн Британи, Америкийн тагнуулын мэдээлэл Иракт дайран орох шалтгаан болсон билээ. Тусгай албадууд Иракаас ирэх аюул заналыг хэт их дөвийлгөсөн нь дараа нь батлагдсан юм.

АНУ, Саудын Араб Сирийн сөрөг хүчнийг дэмжинэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Саудын  Арабын хаан Салман ибн Абдул-Азиз Аль Саудтай хэлэлцээ хийсний эцэст Сири дахь аядуу сөрөг хүчинд үзүүлдэг дэмжлэгээ нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ. Мөн Сирийн хямралыг улс төрийн аргаар шийдэх ажлыг үргэлжлүүлэхээр болсон байна. Үүний өмнө Ж.Керри Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярилцаж Сирийн асуудлыг хэлэлцсэн юм. Сирийн дайн, мөргөлдөөнийг энхийн замаар шийдэхэд олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй оролцох ёстой гэдэг дээр талууд санал нэгджээ.

Майкл Жексоны охин нууцаар нөхөрт гарчээ


Попын хаан Майкл Жексоны цорын ганц өв залгамжлагч гэгддэг Пэрис (17 настай) хөлбөмбөгч Кастелоу хэмээх залуутай нууцаар ханилцсан хэмээх яриа хүчээ авч байна. Тэрээр үүнийг батлах гэсэн мэт Пэрис Жексон Кастелоу хэмээн гарын үсгээ зурах болжээ. Пэрис 33 нас хүрээд попын хаан аавынхаа үлдээсэн хоёр тэрбум долларын хөрөнгийн ихэнхийг өвлөн авах юм. Үүнээс гадна эцгийнх нь үлдээсэн орлого, худалдаанаас жил бүр дансанд нь 1.5 сая доллар орж байгаа. Пэрис нөхөрт гарсан бол мэдээж нөхөр нь тэр их мөнгөний багагүй хувийг эзэмших эрхтэй болно. Тиймээс попын хааны охиныг асран хамгаалагчид ихээхэн бачимдаж байгаа бололтой. Попын хаан 2009 онд 51 насандаа өвчин намдаах эмийн тунг хэтрүүлээд нас барсан юм. Түүний цомгууд одоо ч борлуулалт сайтай байгаа ба өв залгамжлагчид нь нэрийг нь брэнд болгох эрхийг авсан билээ. 

Wednesday, October 21, 2015




Гахай хамартай яст мэлхий олдлоо

76 сая жилийн өмнө амьдарч байсан, төрөл зүйлдээ цорын ганц гэгддэг гахай хамартай яст мэлхий олдсон нь эрдэмдтийг гайхашруулж байна. Ютагийн Байгалийн түүхийн музейн мэргэжилтнүүд урьд өмнө үзэгдээгүй яст мэлхийг олж илрүүлсэн нь энэхүү гахай хамарт байв. Тэрээр толгойноосоо сүүл хүртэл 70 см урт. Аэродинамик буюу агаарын урсгал, эсэргүүцлийг багасгах чадвартай хуяг нь бороо ихтэй нөхцөлд ихээхэн зохицдог аж. Гахай хамарт яст мэлхий Кретасын үе буюу 76 сая жилийн өмнө Ютагийн өмнөд хэсгийн үерт өртөмтгий тэгшхэн, чийглэг, халуун, гол мөрөн, намаг ихтэй талд амьдардаг байжээ. Энэ амьтан Тиранозавр, Анкилозавруудтай нэгэн цаг үед амьдарч байсан ба Кретасын үеийн чулуужсан амьтдаас Грипозавр, Паразоролопус зэрэг галуун хошуут аварга үлэг гүрвэлийн үлдэгдэл Юта мужаас олдсон юм. Мөн матар, яст мэлхий, гүрвэл, бах зэрэг орчин үеийн төрөл саднаасаа бараг ялгаагүй амьтдын чулуужмал олддог аж.
Бусад яст мэлхийнээс ялгаатай нь энэ нь хамрын хоёр нүхтэй өргөн хошуутай. Эрдэмтэд гахай хамарт яст мэлхийг нарийн судалж, өөр олон байгаа эсэх эрэл хайгуулд мордоод байна.  

Адель дөрвөн жилийн дара цомог гаргалаа

Их Британийн дуучин Адель цомог гаргалгүй дөрвөн жил болсны эцэст “25” цомгоо гаргалаа. Тэрээр 21 насандаа “21” цомгоо гаргаж дэлхий нийтийг шуугиулж байсан бол “25” цомгоо хоёр жил хоцроож 27 насандаа гаргаж байна. Хүү Анжелог төрүүлснээс хойшх анхны цомгийнхоо зарим нарийн ширийнийг дуучин бүсгүй Facebook хуудсаараа дамжуулан зарлажээ. “Миний сүүлчийн цомог салалтын тухай байсан бол энэ удаагийнх эвлэрлийн тухай. Цаг хугацаа өнгөрөх тусам би алдсан цаг хугацаандаа юу хийж, юу хийгээгүйгээ тунгааж өөртэйгээ эвлэрдэг. Долоон настай байхдаа наймтай болохыг мөрөөддөг байлаа. 12 хүрэхдээ 18-тай болохыг хүссэн... Үргэлж л том болохыг, өөр хүн болохыг мөрөөддөг байлаа. 25 хүрээд амьдралаа эргэцүүлэх цаг болсныг мэдсэн. Би хөгшин өсвөр охин байхаа больж насанд хүрсэн эмэгтэй болж, би хэн билээ тэрэндээ хувиран орохоор шийдлээ. Ингэж их удсанд уучлаарай” хэмээн фэнүүддээ хандаж хэлжээ. Түүний шинэ цомог арваннэгдүгээр сарын 20-нд худалдаанд гарах бололтой.

В.Путин, Б.Асад нарт баяр хүргэжээ

НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Стаффан де Мистура Сирийн хямралыг улс төрийн аргаар зохицуулахаар хэлэлцэж байгаа Владимир Путин, Башар Асад нарт баяр хүргэжээ. Сирийн Ерөнхийлөгч Москвад гэнэтийн айлчлал хийж, хоёр удирдагч хааллтай хаалганы цаана Сирийн хямралыг хэрхэн эв зүйгээр шийдэх талаар ярилцсан хэмээн Кремлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.
“НҮБ Сирийн хямралыг үргэлж яриа хэлэлцээний аргаар шийдэхийн төлөө байгаа. Энэ чиглэлээр хийгдэж буй ямар ч хүчин чармайлтыг бид үнэлэх болно” хэмээн Мистура мэдэгджээ. ОХУ-ын нисэх хүчин хэд хоногийн өмнөөс Сирийн Ерөнхийлөгч Базар Асадыг дэмжиж, сөрөг хүчнийг нь бөмбөгдөж байгаа юм.

Chanel Кубад анх удаа

Францын Chanel загварын ордон ирэх оны тавдугаар сард Кубад анх удаа моодны шоу зохион байгуулахаар болжээ. Дэлхийд алдартай загварын ордон Латин Америкт анхны шоугаа толилуулахдаа Кубыг сонгож авчээ. 2016 оны тавдугаар сарын 3-нд Гавана хотод дэлхийн шилдэг загварч, топ-моделиуд цуглах аж. Кубын соёлын баян өв, нээлттэй байдал нь дэлхийн загварын ертөнцийг татаж байна хэмээн Chanel-ийг үндэслэгч Карл Лагерфельд хэлжээ.


Сири аав, хүүг дэгээдсэн зураглаач бүсгүй нутгаа орхихоор шийджээ

Сирийн харъяат Осама Абдул Мохсен хүүгээ тэврэн Унгарын цагдаа нараас зугтааж явахад нь дэгээдэн унагаж дэлхийд “танигдсан” зураглаач, сурвалжлагч Петра Ласло сири эрийг мэдүүлгээ өөрчилсөн, мөн Facebook сүлжээгээр үзэн ядалт, заналхийлэл хүлээн авч сэтгэл санааны гүн дарамтад орсон хэмээн шүүхэд ханджээ. Унгар бүсгүй эхлээд араасаа цохиулсан, тэгээд хариу үйлдэл хийхдээ хүн дэгээдсэн хэмээн өчиж байна. “Би өөрийгөө л хамгаалсан. Абдул Мохсен эхлээд цагдаад цохиулсан гэж мэдүүлсэн ч дараа нь мэдүүлгээ өөрчилж миний эсрэг зүйл ярьсан” хэмээн өгүүлэв. Европ руу орохоор амь тэмцсэн цагаачид Унгарын цагдаа нараас зугтаан гүйж байхад зураглаач бүсгүй хүүгээ тэвэрсэн эрийг дэгээдэн унагаж буй бичлэг есдүгээр сарын 8-нд телевизээр цацагдсан даруйд дэлхий даяараа зэвүүцэн шуугилдаж, бүсгүй ч тэр даруйдаа Унгарын N1TV телевизээс хөөгдсөн юм.
“Би арьс өнгөөр ялгаварлагч биш. Энэ увайгүй мөрдөлт, заналхийлэлд өртөх зүйл хийгээгүй. Би муу шийдвэр гаргасан хоёр жаахан хүүхэдтэй ээж. Тэгж дэгээ тавьсандаа их харамсаж байна” хэмээн Петра Ласло Nagyar Nemzet сонинд ярьсан байна. Бүдүүлэг авир гаргасан хэмээн буруутгасан шүүх хурал дууссаны дараа тэрээр Орос руу цагаачлахыг хүсч байгаа аж. “Бид Орос руу явахаар зэхэж байна. Орос хэл үзэх гэж байгаа. Унгарыг орхих л хэрэгтэй боллоо. Шүүх хурлын дараа шийдвэрээ гаргана” хэмээн Ласло Оросын хэвлэлд ярьжээ.
Ласло нөхөр, хоёр хүүхдийн хамтаар эх орноо орхихоор шийдсэн байна. Учир нь тэр явдлын дараа ажлаасаа халагдаж, хэн ч ажилд авахыг хүсэхгүй байгаа аж. “Амьдрал минь сүйрсэн гэж хэлж болно. Унгарт байж суух ямар ч аргагүй боллоо. Өмгөөлөгчийн маань тэнсэн харгалзах ял өгүүлэхээр ажиллаж байна. Түүнд л найдаж сууна” хэмээн гунигтайхан өгүүлнэ. Петра Ласлогийн танхайн хэргийг шүүх тусгай комисс байгуулагдсан бөгөөд түүнд долоон жилийн ял өгөх санал гаргаад байгаа аж. Унгарт танхайрлын хэрэгт дээд тал нь гурван жилийн ял өгдөг. Ласло “Ална тална” гэсэн заналхийлэлд өртсөн тул амь, амьдралынхаа төлөө айж байна. Тэрээр мөн Facebook сүлжээг шүүхэд өгөхөөр зэхэж байгаа аж. Учир нь нийгмийн сүлжээнд дахь заналхийлэл хэрээс хэтэрч Петра Ласлогийн амь насыг хөнөөвөл 20 мянган доллараар шагнана гэсэн зар хүртэл явах болжээ. Хамгийн гол нь түүнийг өмгөөлж хамгаалсан зүйлийг Facebook нийтлэхгүй байгаа бололтой.
Унгар бүсгүйд дэгээдүүлсэн Абдул Мохсен дэлхийд даяар алдаршиж ядах юмгүй Герман руу нэвтэрсэн юм. Удаа ч үгүй түүнийг Испанийн хөлбөмбөгийн Getafe клуб ажилд урьж, дасгалжуулагчаар авсан билээ. Үнэн хэрэгтээ Унгарын ард иргэд болон дэлхий нийт Петра Ласлогийн хэрэг дээр хоёр хуваагдсан.

“Бөөнөөрөө нөмрөн орж ирж байгаа цагаачдад дуртай хүн нэг ч байхгүй нь ойлгомжтой. Ласло тэрхүү дургүйцлийг л илэрхийлсэн хүн. Арга нь буруу байж болох ч түүнийг тэгж хорино, цагдана гэж шүүхээр сүрдүүлж болохгүй” хэмээн Унгарын нэгэн сэтгүүлч хэлжээ. Мөн “Handelsblatt” сонинд “Унгар бүсгүй хийсэн үйлдэлдээ харамсаж уучлал гуйсан бол түүнийг тэгж зовоох хэрэг юун. Харин ч өөрийг нь алдаршуулж, Европт авчирч, ажил төрөлтэй болгосон бүсгүйд Абдул Мохсен гүнээ талархаж, хийсэн үйлдлийг нь уучлах ёстой” хэмээн бичсэн байна. 

Tuesday, October 20, 2015

Өчигдөр илүү гарсан материалаа гол болгоод хусаарай



АНУ энхийн хэлэлцээ хийх бодолгүй байна

АНУ-ын тал Хойд Солонгостой энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх бодолгүй байна хэмээн Хойд Солонгосын асуудал хариуцсан Вашингтоны тусгай төлөөлөгч Сон Ким мэдэгдлээ. “Энхийн гэрээ байгуулах боломжийн талаар ярилцах санал Хойд Солонгосоос гарсан. Харин АНУ иймэрхүү хэлэлцээнд орох сонирхолгүй байна” хэмээн тэрээр хэлжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах зургаан талт хэлэлцээ амжилттай болвол энхийн гэрээний тухай яриа хэлэлцээг эхлүүлэх урьдчилсан нөхцөл болж магадгүй хэмээн Америкийн тусгай төлөөлөгч үзэж байна. Гэхдээ Пхеньян цөмийн зэвсэггүй болно гэсэн тодорхой амлалт өгсөн тохиолдолд л хэлэлцээний талаар ярьж болох аж. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хэлэлцээг сэргээх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Ах дүү Кастрог шоглож зураад шийтгүүлжээ

Кубын удирдагч Рауль Кастро, Фидель Кастро нарыг шоглосон гудамжны зураач Данило Малдонадо арван сар хоригдсоны эцэст суллагдлаа. Гудамжны зургаар алдаршсан Малдонадо өнгөрсөн намар Фидель, Рауль нэртэй хоёр гахайг зурж байгаад цагдаа нарт саатуулагдсан юм. Зураач залууд ямар нэг хэрэг тулгаагүй ч арван сар хорьжээ. Хүний эрхийн Amnesty International байгууллага Гаваны эрх баригчдад хандаж шүүх, мөрдөн шалгалтгүйгээр хүмүүсийг хорьж, саатуулахаа зогсоохыг уриалав. Эрх баригчид Малдонадо болон бусад албан бус уран бүтээлчдийг Вашингтоны хөлсний этгээдүүд хэмээн нэрлэдэг аж. Харин зураачийг дэмжигчид “Орчин үеийн урлагийн хүн ямар ч сэдвээр зурж, туурвих эрхтэй” хэмээн мэдэгдэж байна.

Канадад сөрөг хүчин сонгуульд яллаа

Канадад болсон сонгуульд сөрөг хүчний Либерал нам ялалт байгуулжээ. Жастин Трюдогийн тэргүүлдэг нам холбооны парламентын ихэнх суудлыг авчээ. Трюдо есөн жил Ерөнхий сайдын алба хашиж буй Консерватив намын Стивен Харперийг залгамжлахаар болж байна. С.Харпер ялагдлаа хүлээн зөвшөөрч Ж.Трюдод баяр хүргэжээ. Либерал намын гишүүд, дэмжигчдийн өмнө гарч ирсэн Трюдо “Өөрчлөлт, шинэчлэл хийх цаг болсныг канадууд энэ сонголтоороо харууллаа” хэмээн онцлов. Канадын шинэ эрх баригчид Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохоо зогсооно хэмээн мэдэгджээ.

Стамбулд лалын босогчдыг нууцаар бэлтгэдэг байжээ


Туркийн тусгай албаныхан Стамбул хотод “Исламын улс” бүлгийн дайчдыг бэлтгэдэг нууц төвүүдийг илрүүлээд байна. Терроризмын эсрэг тэмцэх хэлтсийн ажилтнууд Стамбул хотын 13 хаяг, байршилд нисдэг тэрэгний тусламжтайгаар дайралт хийжээ. Узбек, тажик үндэстэн голдуу 53 хүнийг баривчилсны 29 нь насанд хүрээгүй залуус байв. Лалын босогчдыг бэлтгэх ажиллагааг ихэвчлэн байр, орцны хонгилийг түрээслэж явуулдаг байжээ. Хүүхэд залууст “Исламын улс” бүлгийн эзэлсэн газар нутаг болон лалын халифат улс байгуулах тухай ярьж сэнхрүүлдэг байсан аж. Мөн байлдах ур чадварын бэлтгэл хийлгэж байгаад Сири, Ирак дахь дайн байлдааны үйл ажиллагаанд оролцуулдаг байсан бололтой. 

Monday, October 19, 2015

Араб хэлний цагаан толгой итгэмээргүй амархан байдаг ч үгсийн сан, дуудлага нэн адармаатай. Арабууд хоолойны угаар ярьж буй мэт (гах гух гэж байгаа мэт) сонсогддог нь үгний эхэнд гэхэд л гурван гийгүүлэгч орох тохиолдол их байдагтай холбоотой. Араб хэлтэй орнуудын дуудлага, аялга өөр байдаг тул хоорондоо ойлголцдоггүй.
Польш хэлээх 40 сая хүн ярьдаг ч өөр олон хэлтэй харьцуулахад үүнийг хоёрдогч хэлээрээ сурсан хүн тун цөөхөн байдаг. Сурахад хэцүү зүйлсийн эхнийх нь дуудлага. Сześć буюу сайн уу гэдгийг зөв хэлэхэд тун амаргүй. Мөн дүрэм хэцүү. Бараг бүх хэлэнд эр эм хүйс гэж байдаг бол польш хэлэнд үгийг долоон хүйст хуваадаг ажээ.

Хятадын албан ёсны хэл мандарин буюу стандарт хятад хэлээр жинхэнэ ярьдаг хүмүүс нь Сычуань мужийнхан ажээ. Тэнд мандаринаар маш гоё буюу аялгуутай, дуулж, шүлэг уншиж буй мэт ярьдаг гэж байгаа. Энэ хэлний хамгийн хэцүү зүйл нь мэдээж аялга, дуудлага. Хятад хэлийг хичээнгүйлэн сурсан гадаад хүмүүс зөв дуудлагагүйн улмаас ойлголцохгүй тохиолдол их. Мэдээж ханз үсэг адармаатай, залхуутай.  




Хятадын генетикийн компани бяцхан гахай зарж эхэллээ

Хятадын генетикийн BGI компани өсч томордоггүй бичил бяцхан гахайг нэг бүрийг нь 1000 паундаар (гурван сая төгрөг) зарж эхэлжээ. Micropig phenomenon алгын чинээ гахай тэжээх нь сүүлийн үеийн хамгийн эрэлттэй, ашигтай бизнесийн нэг болоод байна. Хайр хүрмээр жижигхэн (аяганы цайны хэмжээтэй) гахайг олон хүн худалдаж аваад байна. Гэртээ байлгахад тохиромжтой, цүнхэндээ хийгээд аваад явж болдог тул хүмүүс ихээхэн сонирхож байгаа аж. Бичкэн гахайг тэжээдэг алдартнаас дурдвал Майли Сайрус, Рич Даймонд, Пантела нарыг хэлж болно.
Харин амьтан хамгаалах нийгэмлэгүүд болон био ёсзүйчид Хятадын компанийн бизнест санаа зовниж байна. Хятадууд гахайн генетик, гарвал зүйг өөрчилж, өсч томордоггүй гахай гарган авч арилжааны зорилгоор ашиглаж байгаа нь буруу хэмээн тэд үзэж байна.
Гахайг эсийн аргаар хувилж гаргахаас өмнө өсөлтийн дааврыг нь идэвхгүй болгодог нөлөөлөгчийг ашигладаг. Ийнхүү эл амьтны бие организм өсөлтийн дохио, зааврыг хүлээн авахаа больж өсч томрохоо больдог аж.

450 кг татдаг байсан бүсгүй анхны усны хувцсаа худалдаж авчээ

Нэг хэсэг 450 кг жинтэй болж таван жилийн турш босч чадалгүй орондоо хэвтсэн Катрина Рейдфорд (38 настай) уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар 230 кг хасч анхныхаа усны хувцсыг худалдаж авчээ. Турахгүй бол амьсгалахад ч бэрх болоод байсан Флоридагийн уугуул эмэгтэй хатуу чанд дэглэм баримтлахаас өөр аргагүй болсон юм. Хэдийгээр Катрина алхаж, усанд шумбаж байгаа ч 70 кг унжмал арьснаасаа салах хэрэгтэй байна. Тэрээр үүнд шаардлагатай 10 мянган долларыг олохын тулд GoFundMe сайт дээр хандив цуглуулахаар шийджээ. “Би одоо илүү жаргалтай, өөртөө итгэлтэй байна. Удаан хугацаагаар орондоо хэвтлээ. Жингээ хасч босч явдаг боллоо. Би ойрхон гүйж, долоо хоногт 3-4 удаа фитнесст явж байна” хэмээн 12 настайдаа л ээжээсээ том болж, 25 наснаасаа 400 кг татах болсон Катрина өгүүлэв. Амттан, чихэр жимсэнд донтож, нууцээр идсээр байгаад ингэж таргалсан аж.
Америк бүсгүй босч чадалгүй хэвтэж байхдаа идэхээс өөрийг үл хийж, өдөр, шөнийн турш интернэтээр хэсдэг байв. “Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү, муу үе. Би сэтгэлээр унаж, үхэхийг хүсдэг байсан. Одоо би энэ илүүдэл арьсыг дүр төрхөө гоё болгох бус, эрүүл мэндийнхээ төлөө авч хаях хэрэгтэй байна” хэмээн хэллээ. Одоогоор түүний нэр дээр 1100 доллар цуглаад байна.

Оскар Писториус суллагдлаа

Найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр таван жилийн ял сонссон Өмнөд Африкийн паралимийн тамирчин Оскар Писториус нэг жил хоригдсоны эцэст суллагдлаа. Тэрээр үлдсэн ял шийтгэлээ Претори хотод өвөөгийнхөө гэрт хорионд өнгөрөөх юм. Писториусыг мөн сэтгэцийн эмчилгээ хийлгэх, зэвсэг эзэмшихгүй байх гэсэн болзолтойгоор сулласан байна.
Гүйлтийн төрөлд гялалзаж, паралимпоос зургаан алтан медаль авч байсан Оскар Писториус 2014 оны аравдугаар сараас шоронд ял эдэлж эхэлсэн юм. Тэрээр найз бүсгүйгээ дээрэмчинтэй андууран буудсан хэмээн шүүхэд мэдүүлсэн ч түүнийг санаатайгаар хэд хэдэн удаа буудаж амь насанд нь хүрсэн хэмээн олон хүн үздэг. Хиймэл хөлтэй Писториус 2012 оны Лондоны олимпод эрүүл тамирчдын хамтаар уралдаж байжээ.

Үхлийн тариа дуусч цааз хойшилжээ

АНУ-ын Охайо муж үхлийн тарилганы нөөцгүй болсны улмаас цаазын ялын гүйцэтгэлийг 2017 он хүртэл хойшлуулаад байна. Мужийн захиргаанаас мэдэгдэж буйгаар, цаазлуулах ёстой 12 хоригдолд энэхүү завшаах тохиов. Охайо муж дээрх тариа, бэлдмэлийн нөөцөө дуусгасны дараа нөхөж авах гэж оролдсон ч шаардлагатай химийн бүтээгдэхүүн гадаадаас орж ирэхгүй байгаагийн улмаас бүтэлгүйтсэн аж. Америкт 32 муж цаазыг ялыг ашигладаг. Цаазын ялын гүйцэтгэлээр Техас муж тэргүүлдэг ажээ.

Дэлхийн шилдэг хөтөчийг шалгаруулжээ

Английн Guardian сонин жуулчдын дэлхийн шилдэг арван хөтөчийг шалгаруулжээ. Хамгийн шилдэг хөтөчөөр Бельгийн Стефан де Греф тодорлоо. Тэрээр Камбожийн Ангкор сүмийн тайлбараар мэргэшсэн нэгэн аж. Бээжин хотоор хоол ундны хөтөл-тайлбарлагч хийдэг Лиллиан Чоу, Босни Герцеговина улсад жуулчдыг авч явдаг Нено Новакович нар эхний гуравт багтжээ. Дэлхийн шилдэг арван хөтөч-тайлбарлагчид Оросын Феликс Мальцев багтсаныг ихэд онцолж байна. Москва хотод жуулдыг хүлээн авч “Мосфильм” киностуди, музей зэргээр авч явдаг Мальцев мөн “Сталины Москва”, “Еврейн Москва” зэрэг тусгай аялалыг зохион байгуулдаг. Орос хөтөч англиар тайлбараа хийж, Борис Пастернак, Осип Мандельштам, Марина Цветаева нарын шүлгийг англиар уншиж өгдөг байна. Зөвхөн түүний мэргэшсэн, тусгай тайлбар, яриаг сонсох гэсэн хүмүүс гадаадаас захиалгаа өгч ирдэг ажээ.

Хамгийн хэцүү арван хэл

Foreign Service Institute-ээс дэлхийн хамгийн хэцүү арван хэлний жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ төрөлх англи хэлтэй хүмүүс сурахад хэмгийн хэцүү гэдэг шалгуурыг гол болгожээ. Хэцүү дүрэм болон маш олон үсэг, дүрстэй (ханз)-гээрээ япон, солонгос хэл тэргүүлсэн байна. Монгол улс болон Хятадын өмнөд хэсгийн зургаахан сая хүн ярьдаг монгол хэл кирилл болон дээрээсээ доошоо бичдэг хуучин бичигтэй, хамгийн олон эгшигтэй гэдгээрээ хэцүү хэлэнд багтсан ажээ.

1.    Япон
2.    Солонгос
3.    Араб
4.    Польш
5.    Гүрж
6.    Мандарин хятад
7.    Унгар
8.    Тай
9.    Монгол
10. Финн



Sunday, October 18, 2015





Цагаачлалыг эсэргүүцэгчид сонгуульд манлайлж байна

Швейцарийн парламентын сонгуульд үндсэрхэг-консерватив үзэлтэй Швейцарийн ардын нам 28 хувийн саналаар тэргүүлж байна. Тус нам парламентын 200 суудлын 60-ыг авах нь тодорхой болжээ. Цагаачлалыг хатуу ширүүн эсэргүүцдэг Швейцарийн ардын намын ялалт нь Европыг нөмрөөд байгаа дүрвэгсдийн давалгаатай холбоотой хэмээн улс төр судлаачид үзэж байна. Хоёр дахь хүчирхэг улс төрийн хүчнээр цагаачлалын асуудлаар аядуу байр суурь баримталдаг Социал-демократ нам (18 хувь) тодорчээ. Либерал нам 16 хувийн санал авлаа. Сонгуулийн дүнгээр парламент дахь хүчний хуваарилалт холилдож барууны төвийн үзэл давамгайлна хэмээн үзэж байна. Дөрвөн том нам эвсэл байгуулах нөхцөл бүрджээ. Швейцарьт 1950-аад оноос хойш эвслийн Засгийн газар тасралтгүй төр барьж байгаа юм.

Ламар Одом ухаан орж, хөдөлж эхэлжээ

Гурав хоногийн турш ухаангүй байсан НБА-ийн хоёр удаагийн аварга Ламар Одом ухаан орж, орноосоо өндийх боллоо хэмээн хэвлэлүүд мэдээлэв. Тэрээр ярьж, инээмсэглэх болсон хэмээн Huffington Post сонин уламжлав. 35 настай сагсанбөмбөгчийн бие мэдэгдэхүйц сайжирч байгаа ч буцаад муудах магадлалтай хэмээн эмч нар санууллаа. Л.Одом Лас-Вегас хотын Sunrise эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хэвээр байна. Тэрээр цөөн хэдэн үг хэлж чадаж байгаа ч ихэвчлэн дохио зангаагаар харилцаж байгаа аж.
Los-Angeles Lakers-т тоглож НБА-ийн аварга болж байсан Одом аравдугаар сарын 13-нд ухаан алдаж хиймэл амьсгалын аппарат залгуулсан юм. Түүнийг зүрхний дутагдалд орсон, бөөр үрэвссэн, унахдаа толгой, тархиндаа гэмтэл авсан хэмээн эмч нар оношилжээ. Ламар Одом хар тамхи болон бэлгийн чадвар дээшлүүлэх эм  бэлдмэл хэрэглэсэн нь цусны шинжилгээгээр тогтоогдсон байна. Сагсанбөмбөгчийг Невада мужийн “Love Rancho” хэмээх улаан дэнлүүний газарт ухаангүй байхад нь олсон юм.

Саудын Арабын нефтийн нөөц эрс өсчээ

Саудын Арабын түүхий нефтийн арилжааны нөөц 326.6 сая баррельд хүрсэн нь 2002 оноос хойшх дээд үзүүлэлт болж байна. Эр-Рияд дэлхийн нефтийн томоохон экспортлогч боловч өнгөрсөн наймдугаар сард экспорт 7.27 сая баррелиас (өдөрт) 7.1 сая баррель болж буурчээ. Түүхий нефть нөөцлөгч орнууд 2015 оны тавдугаар сард дээд үзүүлэлтэд хүрч, зургадугаар сард өдөрт 10.56 сая баррель нефть олборлосон нь 1980 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт юм. Саудын Араб Европын зах зээлд гаргах нефтийнхээ хэмжээг нэмэгдүүлж эхэллээ хэмээн Bloomberg мэдээлэв.

Хамгийн өндөр мод хаана байдаг вэ?

Дэлхийн хамгийн өндөр мод хаана байдаг вэ, ямар төрлийн мод вэ гэсэн асуултад GEO сэтгүүл хариулт өглөө. АНУ-ын Калифорни мужид ургадаг Hyperion хэмээх мод хамгийн өндөрт тооцогдож байна. 2006 онд Сан-Францискогийн хойд хэсгийн Рэдвүд үндэсний дархан цаазат газраар зугаалж явсан хоёр аялагч энэ модыг олсон аж. Hyperion гэдэг нь эртний Грекийн домогт гардаг газар, тэнгэрийн бурхан буюу Дээрээс хардаг гэсэн утгатай үг ажээ.
Зогсолтгүй ургасаар байгаа энэ мод нь 115 метр өндөр, Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөөнөөс 20 метр нуруулаг гэсэн үг. Нийтдээ 526 метр куб эзэлхүүнтэй, 700-800 жилийн настай хэмээн судлаачид үзэж байна. Жуулчид, сониуч хүмүүсийн хөлд экосистем нь талхлагдахаас сэргийлж дэлхийн хамгийн өндөр мод яг хаана байгааг нууцалж байгаа юм. Харин хамгийн бүдүүн мод нь 14 метрийн диаметртэй Tule хэмээх мод   . Эрдэмтэд энэ модыг хоёр мянган жилийн настай хэмээн үздэг. Tule модны сүүдэрт 500 орчим хүн элбэг багтдаг ажээ.

400 жилийн настай сүм усны мандал дээр гарч иржээ

Мексикийн Чиапас муж дахь нэгэн усан сангийн мандал дээр 400 жилийн настай сүм гарч иржээ. Улс орны зүүн өмнөд хэсгийг нөмөрсөн ган гачгийн улмаас усны түвшин 24 метрээр доошилсны дараа живсэн сүмийн ихээхэн хэсэг ил гарсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, уг сүмийг XVI зуунд Испанийн колончлогчид барьжээ. Усны мандал дээр сүмийн ханан хэсэг гарч ирсэн нь зарим газраараа 10 метрт хүрч байна. Нийтдээ 61 метр урт, 14 метр өргөнтэй сүм ажээ.

Энэ сүм 1960-аад оны үед холгүй барьсан далангийн улмаас усанд автаж живсэн байна. 1540-өөд онд Мексикийн Чиапас мужид хэсэг санваартны хамт анх ирсэн хамба лам Бартоломе де лас Касасын санаачилгаар энэ сүмийг босгосон хэмээн үздэг ажээ.


Чилийн аврагдсан уурхайчны хайрын түүх

Таван жилийн өмнө 700 метрийн газрын гүнд 69 өдрийн турш боогдсон Чилийн 33 уурхайчныг хэрхэн гайхамшигтайгаар аврахыг дэлхий нийтээрээ харсан билээ. Аврах ажиллагааг цэнхэр дэлгэцээр харсан дэлхийн хүмүүсээс ганцхан эмэгтэй л аврагдсан нэг уурхайчинтай алс холоос холбогдсоор эцэст нь гэрлэжээ. Сан Хосегийн уурхайн гүнээс 16 дугаарт аврагдсан Чилийн уурхайчин, жолооч Даниел Эррера, герман бүсгүй Мелани Мейер нар хувь заяагаа холбож Чилид суурьшсан ч анхны хүүхдээ өлгийдөж авахаар Германд ирээд байна.
“Тийм ээ, би зурагтаар түүнд дурласан” хэмээн Германы өмнөд хэсгийн 24 мянган оршин суугчтай Вейнгартен  хотын уугуул бүсгүй ВВС-д ярьж байна. “Би хол явж, онгоцоор нисэх дургүй. Өмнө нь үргэлж л 33-ын бүлэгтэй хамт ийш тийшээ явдаг  байлаа. Энэ удаа ганцаараа, англи хэл ч мэдэхгүй энд ирлээ. Ямар аймшигтай юм болж, амь насаа алдах гэж байснаа мартдаггүй. Одоо Германд эхнэрийнхээ гэр бүлтэй танилцахаар ирээд байна” хэмээн Эррера өгүүлэв.
11 мянган км-ийн алсад байсан Мейер ажлаасаа ирээд Германы N24 телевизээр аврах ажиллагааг үзэж байв. Эррера татагч бүрхүүлээс хэрхэн гарч ирж, ээжийгээ тэврэн авч “Зүгээр ээ, ээж ээ, одоо бүх зүйл өнгөрсөн” хэмээн хэлж байгааг харсан аж. “Даниелийн инээмсэглэж байгааг хараад нэг л онцгой сэтгэгдэл төрсөн. Яг ямар гэдгийг нь мэдэхгүй, сонин сэтгэгдэл төрсөн. Би хүүтэйгээ, эгчтэйгээ хамт байсан. Энэ уурхайчин надад таалагдаж байна гэж тэд нарт хэлсэн” хэмээн Мелани ярилаа. Герман бүсгүй сургуульд үзэж байсан испани хэлээ ашиглаж Facebook-ээр Эррератай холбогдож, ярилцах гэж оролдсон байна. Чили залуу Мелани Мейерийг уурхайчдаас ярилцлага авах санаатай хэвлэлийн хүн гэж үзээд хариу өгөхгүй байсан аж. “Тэр явдлын дараа маш олон хүн надад ойртохыг оролдож байсан. Гэвч Мелани тэр олон хүнээс шаргуу зангаараа ялгарч байлаа. Би интернэтийн хайр дурлалд итгэдэггүй байсан. Гэвч тэр намайг өөрчилж чадсан” хэмээн чили уурхайчин Даниель Эррера хэллээ. “Би их шаргуу хүн. Эхэндээ миний анхны сэтгэгдэл зөв байж уу гэдгийг л мэдэхийг хүссэн. Би алдаагүй байсан, тэр яг л миний төсөөлж байсан шиг хүн байсан” хэмээн герман бүсгүй ярьж байна.
Мелани хэд хэдэн удаа Чилид очиж, дүрстэй ярилцаж, зурвас солилцсоны эцэст тэр хоёр гэрлэжээ. Эррера телевизийн камер дагуулан хайрт бүсгүйгээ нисэх буудалд тосч гэрлэх санал тавьсан юм. Сүйт залуугийн ээж нь Меланиг халуун дотноор хүлээн авч “Манай гэр бүлийн нэг хэсэг болж байгаа хүнийг адилхан хайрлаж энэрэх болно” хэмээн хэлжээ.

Тэд нэг жилийн өмнө гэрлэж Чилийн Санта-Круз хотод суурьшсан байна. Эррера сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсний дараа эргээд уурхайдаа ажиллах болсон юм. “Би Сан Хосе уурхайд хийж байсан ажлаа хийж байна. Газрын гүн рүү орохоо болиод аюулгүйн стандарт дээр ажиллах болсон. Сайхан бүсгүйтэй учирч, ханилж эцэг болох гэж байна. Гомдох юм алга” хэмээн Даниел Эррера өгүүлэв. Германд нэгэн компанид 17 жил нарийн бичгээр ажилласан Мелани Чилид уурхайд бичиг цаасны ажилд оржээ. “Би уурхайчны эхнэр тул зарим үед ажлын шаардлагаар тусдаа байх нь бий. Ганцаараа өнгөрүүлж буй өдрүүд надад хэрэгтэй л дээ. Герман хүмүүс ийм байдаг. Бид өөрсөддөө цаг гаргаж байх хэрэгтэй” хэмээн ярилаа. Харин 32 настай чили залуу “Хөндөхийг хүсдэггүй дурсамжууд бий. Гэвч их сонин. Тэр эмгэнэлт явдал надад сайн зүйл авчирсан. Тэр ослын ачаар л би энэ бүсгүйтэй танилцаж, гэр бүл зохиолоо. Миний амьдрал сайн тал руугаа өөрчлөгдсөн” хэмээн өгүүлж байна. 

Saturday, October 17, 2015




Биг Бен дөрвөн сар зогсож магадгүй

Лондоны алдарт Биг Бен цамхагийг бүрэн сэргээн засварлах ажилд 29 сая паунд шаардлагатай, эс бөгөөс цамхагийн цаг бүрэн зогсож магадгүй хэмээн Daily Mail сонин мэдээлэв. Сэргээн засварлалт дөрвөн сар үргэлжилнэ хэмээн үзэж байна. Энэ үеэр цамхагийн дөрвөн талд байгаа цагны зүүг зогсоох аж. “Биг Бен цамхагийн цагны зүүний араа, дүүжинд асуудал гараад олон жил болж байна. Эдгээр доголдлыг засахгүй бол цаг хэзээ ч зогсож магадгүй болсон. Бүр ноцтой эвдрэл ч гарч болзошгүй” хэмээн Британийн парламентад илгээсэн мэргэжилтнүүдийн илтгэлд дурджээ. Алдарт цаг ойрын хоёр гурван жилд зогсож магадгүй байгаа нь Британийн парламентын нэр хүндэд муугаар нөлөөлнө хэмээн үзэж байна. Парламентаас засварын төсвийг баталж өгвөл цагны бүтцийг сэргээн засах ажилд хамгийн их ажил, хугацаа орох ажээ.

Лондоноос Нью-Йорк хүртэл нэг цаг ниснэ

Airbus компани нэг цагийн дотор Лондоноос Нью-Йорк хүрч чадах агаарын хөлгийн зохиогчийн эрхийг авлаа хэмээн Fox News мэдээлэв. Уг нисэх онгоцыг “Concorde-2” хэмээн нэрлэжээ. Энэхүү дуунаас хурдан онгоц гурван тусдаа хөдөлгүүртэй байх ба эдгээрийн ачаар агаарын урсгалыг зүсч өнгөрөх чадвартай байх юм. Хэвлэлд бичиж буйгаар, шинэ агаарын хөлөг нь анхдагч “Concorde”-оос гурав дахин илүү хурдтай нисэх ажээ. Цагт 1354-2179 км хурдалдаг дуунаас хурдан “Concorde” нисэх онгоц 2003 онд нислэгээ зогсоосон билээ. Airbus эхний ээлжинд шинэ “Concorde”-ийг цэргийн зорилгоор ашиглах бололтой. Харин хэзээ арилжааны зорилгоор ашиглаж эхлэх нь тодорхойгүй байна.

Самурай 160 км/цаг-ийн хурдтай бейсболын бөмбөгийг хоёр хуваажээ

Самурай Исао Мачи тусгай төхөөрөмжөөр 160 км/цаг-ийн хурдтай буудсан бейсболын бөмбөгийг ядах юмгүй цавчиж хоёр хуваажээ. Япон эр маш хурдтай нисэн ирсэн жижиг бөмбөгийг нарийн, оновчтой сэлэмдэн хувааж байгаа бичлэг интернэтэд тавигдсан байна. Самурай буудагч төхөөрөмжөөс есөн метрийн зайд зогсож байсан аж. Цөөнгүй хүн энэхүү хосгүй ур чадварын гэрч болжээ.

Словенид нэг өдөрт гурван мянган дүрвэгч ирлээ

Гурван мянга орчим дүрвэгч Хорватын хилийг давж Словенид орж ирлээ хэмээн тус улсын STA агентлаг уламжлав. Цагдаа нар дүрвэгчдийн давалгааг зохицуулахад армийнхан туслана хэмээн Словенийн Ерөнхий сайд Мирослав Церар мэдэгдсэн байна. Унгар улс Хорватаас орж ирэх цагаачдын урсгалыг зогсоохын тулд Хорваттай залгаа хилээ хаасны дараа Словени руу орж ирэх дүрвэгсдийн тоо нэмэгджээ. Словенийн төмөр замын удирдлага Хорваттай холбогддог замын хөдөлгөөнөө зогсоосноо албан ёсны веб сайтаараа дамжуулан мэдэгдээд байна.
Сири болон Ойрхи Дорнод дахь дайн мөргөлдөөнөөс зугтсан иргэд Турк, Болгар, Серб, Македоноор дамжин Унгар, Австри, цаашлаад Герман руу орох болсон нь Европын холбоонд ихээхэн бэрхшээл учруулах болжээ. Европын холбоо дүрвэгсдийг хувааж авах талаар шийдвэр гаргасан ч Унгар, Чех, Словени зэрэг улс хүлээн зөвшөөрөхгүй байна.