Wednesday, September 16, 2015






Б.Обама гар аргаар цаг хийсэн жаалыг Цагаан ордонд урьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гар аргаар сэрүүлэгтэй цаг хийгээд саатуулагдсан сурагч Ахмед Мохамедийг Цагаан ордонд урьжээ. “Ганган цаг, Ахмед. Чи түүнийгээ Цагаан ордонд авчирмаар байна уу? Шинжлэх ухаан сонирхдог ийм хүүхдүүдийг бид дэмжих ёстой. Америкийг агуу болгодог зүйл чинь энэ шүү дээ” хэмээн Обама Twitter хуудсандаа бичсэн байна.
Техасын нэгэн сургуулийн 14 настай судан гаралтай хөвгүүн есдүгээр сарын 14-нд гар аргаар хийсэн цагаа хичээл дээр авчирч дуугаргажээ. Эмэгтэй багш нь бүтээлээ үзүүлэхийг хүсчээ. Багш цагийг хараад тэсрэх бөмбөг байна хэмээн хардаж цагийг хураан авч цагдаа дуудан баривчлуулсан юм.

Буркина-Фасод Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг барьцаалжээ

Буркино-Фасогийн Ерөнхийлөгчийн гвардийнхан улс орны Ерөнхийлөгч Мишель Кафандо, Ерөнхий сайд Исаак Зида болон Засгийн газрын бусад гишүүнийг барьцааллаа хэмээн АР агентлаг мэдээлэв. Төрийн тэргүүнийг Засгийн газрын хуралдаанд оролцож байхад барьцаалсан байна. Эдүгээ армийн командлагч Ерөнхийлөгчийн гвардитай хэлэлцээ хийж байгаа юм. Парламентын тэргүүн Черифф Си гвардийн үйлдлийг “Улс орон, түүний төрийн байгуулал руу халдсан хэрэг” хэмээн нэрлэв. Ерөнхийлөгчийг суллахыг шаардсан олон зуун хүн ордны өмнө цугласан ч гвардийн цэргүүд сануулж дээгүүр нь буудсан байна. Гвардийнхан одоогоор ямар нэг шаардлага тавьсангүй.
Мишель Кафандо 2014 оны арваннэгдүгээр сард Буркино-Фасогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм. 1987 онд эрх мэдэлд гарч ирсэн өмнөх Ерөнхийлөгч Блэз Кампаоре цэргийн эргэлтийн улмаас албан тушаалаас огцорч гадаад руу зугтан гарчээ. Ерөнхийлөгчийн гварди нь Кампаорег дэмжигчдээс бүрддэг аж.

Элсэн зочид буудал

Далайн эрэг дээр элсээр цайз, байшин босгож явсан дурсамж хүн бүхэнд байдаг. Тэгвэл тэр дурсамжаа сэргээж, бүр тэрхүү элсэн цайзандаа хонох, амьдрах боломж гарч ирэв. Голландад дэлхийд тоотой хэдхэн байдаг элсэн зочид буудал нээгдсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Тус улсын Осс, Сник хотод дэлхийн элсний бүтээлийн их наадмыг угтаж элсэн зочид буудал үүд хаалгаа нээжээ. Нүсэр том элсэн байгууламжийн дунд нуугдсан хоёр зочид буудал тансаг зочид буудалд байдаг бүх зүйлтэй хоёр хүнд зориулсан нэг л өрөөтэй. Гэрэл цахилгаан, ус, тансаг тавилга, тэр бүү хэл WiFi ч байгаа. Нэг хоноход 150 евро. Осс, Сник дахь цор ганц зочид буудлын өрөөг хоёр хүний өргөн ор, модон тавилга, зурагт, шүршүүрээр тоногложээ.
Осс дахь элсэн зочид буудал аравдугаар сарын 4 хүртэл ажиллана. Тэнд хоносон зочдыг “Цаг хугацааны аялал”-аар явуулж эртний, Ромын, эзэн хаадын үеийн барилга байгууламж, махчин үлэг гүрвэлийн баримлаар сэтгэлийг нь баясгах юм. Их наадмын үеэр дотоод, гадаадын мэргэжлийн хүмүүс уран бүтээлээ дэлгэж, элсний урлалын цехийн мастерууд үзүүлэх тоглолт хийнэ. Тансаг, амтат хоолоор арвин баян байх нь ойлгомжтой.

Ливид Оросын хөлөг онгоцыг саатууллаа

Ливийн эрх баригчид Оросын нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг саатуулсан байна. Тусгаар тогтнолоо дангаараа зарласан Триполи дахь эрх баригчид Оросын далбаатай тээвэрлэгч хөлөг онгоцыг Зувар боомт хотоос хууль бусаар нефть тээвэрлэж гарахаар завдсан хэмээн барьцаалжээ. Экипажийн 11 гишүүнийг саатуулж, хөлгийг Триполийн боомтод авчраад байна хэмээн Ливийн тэнгисийн цэргийн түшмэл мэдэгдэв. Ливид саатуулагдаад байгаа “Механик Чеботарев” хөлөг нь ОХУ-ын Росчартеринг компанид харъяалагддаг. 

No comments:

Post a Comment