Wednesday, September 2, 2015





Шаолиний лам усан дээгүүр 125 метр гүйжээ

Өмнөд Шаолинь сүмийн лам Ши Лилианг усан дээгүүр 125 метр гүйжээ. Тэрээр ингэж гүйхдээ усны гадаргуун дээр хэлхэж тавьсан 200 орчим сарампай модон хавтан ашигласан байна хэмээн The Telegraph уламжлав. Усан дээрх сарампай хавтан дээгүүр ийм хол гүйсэн хүн байдаггүй бөгөөд ламтан жигд хурдтай гүйж усанд уналгүй тэнцвэрээ олж чадсан нь хосгүй амжилт болж байгаа юм.
Шаолиний сүмийнхэн үүнийг “Усан дээрх нислэг” хэмээн нэрлэдэг бөгөөд кун-фугийн гарамгай мастерууд л хийдэг аж. Ши Лиллианг 2015 оны нэгдүгээр сард усан дээргүүр 120 метр “нисч” рекорд тогтоож байжээ. Тэрээр анх 2009 онд туршилтаа эхлүүлэхдээ 18 метр гүйж байв. Жилийн дараа 28 метр гүйж амжилтаа ахиулсаар ийнхүү хосгүй рекордын эзэн болоод байна.

Цахилгаанаар ажилладаг шинэ Tesla X удахгүй худалдаанд

Tesla Motors компанийн цахилгаанаар ажилладаг анхны спорт загвар Tesla X есдүгээр сарын 29-нд худалдаанд гарна хэмээн зарлалаа. Компанийн тэргүүн Илона Маск нэн шинэлэг автомашин одоо зах зээлд байгаа Model S загвараас таван хувь хямд, илүү том хэмээн мэдэгдлээ. Харин Signature series-ийн онцгой хувилбар нь бүр илүү үнэтэй байх юм. Tesla Motors-ийн хамгийн хямд автомашин 2017 онд зах зээлд гарна хэмээн мэдээлж байна.

Бээжинд Ялалтын 70 жилийн ойн парад болов

Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан цэргийн парад Хятадын нийслэл Бээжин хотод боллоо. Бээжингийн төв гудамжинд болсон парадын үеэр Хятадын арми хөлөг онгоцны довтолгоог няцаах DF-21D шинэ баллистик пуужингаа үзүүлжээ. Энэ нь Америкийн цэргийн тээвэрлэгч хөлөг онгоцонд цохилт өгөх чадвартай хэмээн “Спутник” мэдээлэв. Шинэ сөнөөгч пуужинг мөн жагсаалын бэлтгэлийн үеэр олон нийтийн өмнө гаргаж байсан юм. Хятадын цэргийн эрдэмтэд шинэ пуужингийнхаа хүчин чадал, онч, алсын тусгалыг ихээхэн нэмэгдүүлсэн хэмээн Хятадын ардын чөлөөлөх армийн хоёрдугаар артиллерийн корпусын коллежийн багш Шао Юнлин “Хуанцю Шибао” сонинд дэлгэрэнгүй ярьсан байна.

Мөн цэргийн сүрт жагсаал дээр шумбагч хөлөг онгоцуудыг буудан устгах чадвартай баллистик пуужингийн шинэ загварыг танилцууллаа. Тэд анх 2011 онд энэ төрлийн пуужинг бүтээж улам төгөлдөржүүлсээр байна. Байлдааны хэт авианы тоноглолтой нэн шинэ төрлийн энэ зэвсэг нь 1500 км-т тусах чадалтай хэмээн мэргэжилтнүүд батлан хэлж байна. Шумбагч хөлгийг устгах шинэ пуужин нь байгаа агаараас дуунаас 10-12 дахин хурдтайгаар довтлох чадалтай тул нэн аюултай зэвсэгт тооцогдож байна. Өөрөөр хэлбэл пуужингаас эсэргүүцэн хамгаалах системтэй цэг, бүс нутагт хэдхэн секундын дотор хүрэх чадалтай ажээ. Мөн уг пуужинг удирдлагаар хангаж өгсөн тул хөдөлгөөнтэй байг ч онож устгах чадвартай ажээ. Бээжин дахь Ялалтын 70 жилийн ойн парадад Оросын Ерөнхийлөгч В.Путин, мөн  Пакистан, Монгол, Вьетнам, Лаосын төрийн тэргүүн оролцлоо. Европын холбооны орнуудаас ганцхан Чехийн Ерөнхийлөгч Милош Земан ирсэнгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цэргийн парадад хүрэлцэн ирж чадахгүй хэмээн уучлал гуйгаад төрийн өндөр албаны төлөөлөгчөө илгээсэн байна. Хятад улс цэргийн сүр хүчээ дэлхийд гайхуулахын тулд боломжийг ашиглаж байна хэмээн олон улсын тоймч, мэргэжилтнүүд үзжээ.  

No comments:

Post a Comment