Monday, September 28, 2015




500 хоригдол оргов

Төв Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Банги хотын шоронгоос 500 гаруй хоригдол орголоо хэмээн Associated Press уламжлав. Оргосон этгээдүүдийн дунд хоорондоо дайсагнадаг лалын “Селека”, христосын “Анти-балака” бүлгийн онц аюултай 60 орчим гэмт хэрэгтэн байгаа аж. Улс орны Ерөнхийлөгч Катрин Самба-Паса НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор явсан хойгуур тус улсад эмх замбараагүй байдал үүсчээ. Нэгэн лал шашинтны цогцос лалын сүмийн дэргэдээс олдсоны дараа лалын дайчид хилэгнэж христос бүс нутаг руу дайрч олон арван хүний аминд хүрсэн юм. Өчигдөр Банги хотын төвд хүмүүс цугларч Ерөнхийлөгчийн ордон руу марш хийжээ. Гэвч тэдний эсрэг гал нээснээр зургаан хүн амиа алдсан билээ. Энхийг сахиулагчид гал нээсэн хэмээн иргэд буруутгаж байна. Сүүлийн хэд хоногт 42 хүн амь насаа алдаад байгаа юм.
2012-14 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад “Селека”, “Анти-балака” бүлгийн хооронд дайн дэгдсэн. Талууд 2014 оны долдугаар сард энхийн тохиролцоонд хүрч НҮБ-ын цэнхэр дуулгатнууд орж ирсэн ажээ.

Крымд ирэх жуулчдын тоо нэмэгджээ

2015 он гарсаар Крымд зочлох жуулчдын тоо өмнөх оныхоос давлаа хэмээн РИА Новости агентлаг мэдээлэв. Есдүгээр сарын сүүлч гэхэд хойгт ирсэн жуулчдын тоо 3.84 саяд хүрсэн хэмээн Крымийн Аялал жуулчлалын хорооны тэргүүн Алексей Черняк өгүүлэв. 2015 онд нийтдээ 4.5 сая жуулчин хүлээж авах тооцоо гарчээ.
Крымд ирж амардаг жуулчдын тоо эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оны үзүүлэлтийг даваад байгаа бөгөөд нийт өсөлт нь 37 хувьд хүрэх юм байна. Урин дулааны улиралд аялал жуулчлалаар тэргүүлдэг Оросын бүс нутаг нь Сочи юм. Крым ард нь бичигдэж байна.  

Криштиано Роналдогийн тухай кино

Португалын хөлбөмбөгч Криштиано Роналдогийн тухай кино дэлгэцэнд гарахад бэлэн болж трейлер нь цацагдаж эхэллээ. Уг киноноос Роналдогийн амьдралын нууцлаг талыг олж харах боломжтой хэмээн 14 сарын турш ажилласан уран бүтээлчид баталж байна. Түүнийг зөвхөн тамирчин бус, мөн эцэг, гэрийн эзэн, анд нөхрийн хувиар харуулах аж. Түүний тоглолтын эгзэгтэй агшин, олонд дэлгэгдээгүй архивын кадруудыг багтаажээ.
Испанийн “Реал Мадрид” клубт тоглодог Криштиано Роналдо (30 настай) Португалын хөлбөмбөгийн түүхэн дахь шилдэг тоглогчоор нэрлэгдсэн билээ. 2015 оны нэгдүгээр сард тэрээр гурав дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон юм.

 Мароккод IKEA-г хориглов

Марокко улсын эрх баригчид Шведийн дэлгүүрийн сүлжээний анхны дэлгүүр нээгдэх зөвшөөрлийг өгсөнгүй. Зохих бичиг баримт, зөвшөөрөл дутуу байна хэмээн эрх баригчдын мэдэгдэлд онцолжээ. Мароккогийн хааны ордонд ойр эх сурвалж мэдээлж буйгаар, Шведийн Засгийн газрын байр суурийн улмаас IKEA-ийн дэлгүүр нээгдэхгүй гэж байна. Стокгольмийн эрх баригчид Хойд Африкт дангаараа тусгаар тогтнолоо зарласан Сахарын арабын ардчилсан бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж байгаа аж.

Катарын сан 12 тэрбум доллар алджээ


Санхүү, бизнесийн ертөнцөд нэр хүндтэй Катарын сан Volkswagen, Glencore фирм болон Хятадын Хөдөө аж ахуйн банкны үнэт цаасны ханшийн уналтын улмаас хэдхэн хоногийн дотор 12 тэрбум долларын алдагдал хүлээлээ хэмээн Financial Times мэдээлэв. Германы автоконцернд давуу эрхтэй хувьцаа эзэмшдэг Катарын сан Volkswagen-ий хувьцааны ханшийн уналтаас 8.4 тэрбум доллар алджээ. Тус сан мөн үнэт цаасны арилжааны Glencore фирмийн хувьцааны 8.4 хувийг эзэмшдэг. Glencore-ийн ханшийн уналт 2.7 тэрбумын алдагдалд оруулжээ. Хятадын хөдөө аж ахуйн банк катаруудад 650 саяын хохирол учруулаад байна. Үүний улмаас Катарын сан хөрөнгө оруулалтын 10 том төслийнхөө наймыг нь алдах магадлалтай болоод байгаа юм. 

No comments:

Post a Comment