Tuesday, September 29, 2015




АНУ хоригийг дуусгахын тулд Кубаас илүү шинэчлэл шаардаж байна

Барак Обама, Рауль Кастро нар НҮБ-ын чуулганы үеэр дахин сэргэж буй дипломат харилцаандаа хүч нэмэн уулзав. Хоёр тал дипломат харилцаагаа сэргээж буйг зарласнаас хойш тэд ийнхүү хоёр дахь удаагаа нүүр тулан уулзаж байна. Хэдийгээр 60 орчим жил үргэлжилсээр буй Кубын эсрэг хориг арга хэмжээ дуусгавар болоогүй ч томоохон ахиц дэвшил гарчээ. Хоригийг төгсгөл болгох, хүний эрхийг хүндэтгэх, ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт хийх тал дээр Эрх чөлөөний аралд тодорхой ахиц дэвшил гарсаар байна. НҮБ-ын төв байранд болсон уулзалтын үеэр хоёр удирдагч дипломат харилцаан дахь ахиц дэвшил болон хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх дараагийн алхмын талаар ярилцлаа хэмээн Цагаан ордноос мэдээлэв.
Гаванын эрх баригчид дипломат харилцааг бүрэн сэргээхэд тавьж буй шаардлагын дотор АНУ Кубын Гуантанамогоос цэргийн баазаа гаргах тухай байгаа аж. Америкууд Куба арлыг Испанийн колончлолоос чөлөөлөхөд тусалсныхаа төлөө Гуантанамо дахь 50 км кв газрыг эзэмших болсон юм. Дараа нь тэнд АНУ-ын тэнгисийн цэргийн бааз байгуулж, 2002 онд Афганистаны талибуудыг хорих лагерь байгуулсан билээ. Б.Обама, Р.Кастро нар уулзсаны дараа Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес “Цагаан ордны тэргүүн өөрийн эрх мэдлээ ашиглаж чадсан бол арлын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг ихээхэн зөөлрүүлж болохоор байлаа” хэмээн Обамаг хатуу шүүмжилжээ.
Обамагийн засаг захиргаанаас сүүлийн арван сард гаргасан бодлого, шийдвэр нь тун хязгаарлагдмал, дорвитой, мэдэгдэхүйц үйл хөдлөл байхгүй хэмээн Родригес хэллээ. Харин Вашингтон өөрийн гэсэн бодолтой байна. АНУ-ын Ерөнхийлөгч арлын лидертэй уулзах үеэрээ “Кубад ардчилсан өөрчлөлт, шинэчлэл хийх тусам АНУ-ын Кубын талаар баримтлах бодлогод эерэгээр нөлөөлнө” хэмээн онцолжээ. Б.Обама Куба дахь хүний эрхийг сайжруулахын төлөө ажилласаар байх болно гэдгээ дахин сануулсан байна. Рауль Кастро өмнөх өдөр нь НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үгэндээ ч, Обаматай уулзах үеэрээ ч Куба дахь хүний эрхийн талаар нэг ч үг дурдаагүй билээ. Харин Кубын Гадаад хэргийн сайд АНУ афро-америк гаралтай иргэдийнхээ эсрэг цагдаагийн хүчийг балмадаар ашиглаж байгааг шүүмжлээд “Куба улс энэ тал дээр харин ч бахархалтай зам туулсан” хэмээн тодотгожээ.

Куба арал ардчилсан өөрчлөлт, шинэчлэл дээрээ дорвитой ахиц гаргавал АНУ-ын Конгресс хориг арга хэмжээг цуцлахад гол түлхэц болж өгөх юм. 60 жил үргэлжилж буй Кубын эсрэг эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээг цуцлах эрх АНУ-ын Ерөнхийлөгчид бус, Конгресст байдаг. Бүгд найрамдах намын сенатч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марко Рубио (куба гаралтай) Цагаан ордны эзэн Барак Обамад хандаж Кубын хоригийг цуцлах дээр хатуу байр суурьтай байхыг шаардлаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээрх Кубын эсрэг хоригийг цуцлах тогтоолыг 188 орон дэмжсэн юм. Америк, Израиль хоёр үргэлж эсрэг санал өгдөг аж. “Кубын эсрэг хориг арга хэмжээ АНУ-ын хууль тогтоомжид тусгалаа олж, шингэсэн байдаг. Энэ хуулийн талаарх ямар нэг үл ойлголцол, эргэлзээг НҮБ дээр биш, АНУ-ын Конгресст хэлэлцэж, шийдвэрлэх ёстой хэмээн Марко Рубио хэлжээ.

No comments:

Post a Comment