Monday, September 7, 2015





Эх дэлхийн анхны том мөхлийн “буруутан” хэн бэ

440 сая жилийн өмнө Палеозойкийн эхний эринд эх дэлхийн далай тэнгисийн төрөл зүйлийн 90, газрын амьтдын 75 хувийг мөхөлд хүргэсэн зүйл нь асар их газрыг хамарсан галт уулын дэлбэрэлт байсан хэмээн эрдэмтэд үздэг билээ. Америкийн Вандербилтийн их сургуулиас явуулсан шинэ судалгаагаар, дэлхийн гадаргуу дээр хамгийн анхны том сүйрэл, мөхөл болохоос хэдэн зуун мянган жилийн өмнө галт уулууд бөөнөөрөө дэлбэрсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс амьтан, ургамлын аймаг хуйгаараа сүйдсэн шалтгаан нь аварга солир, галт уулын дэлбэрэлтийн аль нь ч бус, харин өршөөлгүй, буцашгүй хувьсал, өөрчлөлт ажээ. Эрдэмтэд дэлхийн амьтад, ургамлын аймагт гарсан анхны том өөрчлөлтийн нууцыг тайлсан хэмээн үзэж байна.
Эх дэлхийг гурван тэрбум жилийн турш эзэгнэж байсан хамгийн анхны бие организм нь нянгууд байжээ. Дараа нь тэдгээр биетийн зарим нь нарны гэрэл, энергийг хэрхэн биедээ шингээж авахыг сурснаар олон эст биет рүү хувирахад шаардлагатай эрч хүчийг олж авсан байна. Нян, микробууд нь эдиакаран буюу чийгийн хорхой болон хувьсан дэвшсэн нь манай дэлхийн анхны бүтэн амьтай организм болсон ажээ. Энэ нь Эдиакараны үе буюу 600 сая жилийн өмнө тохиожээ.
“Эдиакаран буюу дэлхийн хамгийн анхны амьтан болох чийгийн хорхойны талаар бид бараг юу ч мэдэхгүй. Учир нь тэд хуяг ч үгүй, араг яс ч үгүй байсан. Элс, үнсэн дээр хадгалагдан үлдсэн тэдний мөр, биеийн хэлбэр л бидэнд үлдсэн” хэмээн эдиакараны гарал үүслийн судалгааг удирдаж байгаа Симон Даррош өгүүлэв. Эрдэмтэд Намиб улсын өмнөд хэсгийн Гранжа Свартпунт хэмээх газар судалгаа, эрэл хайгуул хийж байгаа юм. Чийгийн хорхойнууд манай гаригийн бүх хэсгээр тархжээ. Зарим нь хэтэрхий идэвхгүй хөдөлгөөнгүй байсан бөгөөд бүх л амьдралынхаа туршид нэг л газраа байсаар байгаад дуусдаг байв. Тэд гадар бүрхүүлээрээ дамжуулан ус, чийгний химийн бодисыг сорж, биедээ шингээн хооллодог байжээ. Тухайн үеийн дэлхийн амьдрал ямар ч хөдөлгөөнгүй тайван, амгалан байсан гэж хэлж болно.
“Биологийн бие организмууд ч бас дэлхийг хамарсан сүйрэлд хүргэж болдгийг хүмүүс их хожуу ойлгосон л доо. Эдиакараны хэд хэдэн аймаг, сүргийг судалж харьцуулалт хийсэн бидний судалгаагаар, анхны олон эст биетүүдийн ачаар орчин, эргэн тойрноо өөрчлөх чадвартай амьтад үүсэн бий болсон хэмээх таамаглал бараг л батлагдаад байна. Эдгээр амьтдыг бид “Экосистемийн инженерүүд” гэж нэрлэсэн” хэмээн Даррош ярилаа. Хувьсал, өөрчлөлт үргэлжилсээр, 60 сая жилийн дараа амьтад бие даан хөдөлж эхлэн, бусад биет, организмаар хооллодог болов. Камбрикийн буюу анхны ургамал бий болсон үед дэлбэрэлт болсноор чийгийн хорхой, дун, медуз зэрэг амьтад гарч ирэн орчин тойрноо өөрчилснөөр эдиакарануудын амьдралыг хаан боогдуулж эхэлсэн байна.
“Бидний судалгаа хийж буй газарт эхэндээ амьтан, ургамлын аймаг, төрөл зүйл гээд байх зүйл байхгүй байсан нь нотлогдлоо. Экологийн амьдрал гэж байхгүй байсан. Хамгийн анх эдиакаранууд бөөнөөр устсан нь энэ дэлхийн анхны том мөхөл, сүйрэл байсан гэж үзэж байгаа. Тэд устаж алга болсноор шинэ биет, организмууд үүсэн бий болж дэлхийн экосистемийг өөрчлөн хувьсгаж эхэлсэн” хэмээн эрдэмтэн Симон Даррош онцоллоо. Тэгэхээр аварга солирууд, галт уулын дэлбэрэлт ч бус, харин амьтдын орчин тойрноо хувьсган өөрчлөх инженерийн чадвар л дэлхийн ургамлын аймаг, гадаргууг өөрчилсөөр өнөөгийн дэлхийг бий болгосон гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Америк эрдэмтдийн судалгаа Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд нийтлэгджээ.

Будапешт олон улсын төмөр замын хөдөлгөөнөө зогсоов

Цагаачдын давалгаа нэмэгдэж буйтай холбоотойгоор Унгарын нийслэл хот олон улсын төмөр замын хөдөлгөөнөө түр хаагаад байна. Аялагч, зорчигчдыг галт тэрэгний буудлаас хол байж, тээврийн өөр хэрэгсэл ашиглахыг зөвлөж байгаа аж. Хөрш улсууд руу галт тэрэг явуулдаг Будапештийн хамгийн том Келети буудалд нөхцөл байдал ээдрээтэй хэвээр байна. Австри, Герман руу галт тэргээр явуулахыг шаардаж байгаа олон хүнийг цагдаа нар саатуулсан хэвээр байгаа юм. Цагаачид биеэ барьж, цагдаа нарыг өдөөн хатгахыг хүсэхгүй байгаа аж.
Унгар улсаар аялахад аюулгүй хэвээр байгаа хэмээн эрх баригчид мэдэгдэж байна. Харин гудамжинд гадаадын аялагч, жуулчдын бичиг баримтыг заавал шалгах болсон ажээ.

Египет Газын зурвасын хилээ нээлээ

Египетийн эрх баригчид Палестины мөргөлчдөд зориулж Газын зурвастай залгаа хилээ нээжээ. Саудын Арабын Мекка дахь лалын ариун газарт хаж мөргөл хийх гэж байгаа палестинууд Египетээр дамжин очих боломжтой болж байгаа аж. Египет хил хязгаараа дөрвөн өдрийн турш нээж байгаа бөгөөд ойролцоогоор гурван мянга орчим палестин мөргөлчин Египетээр дамжин Меккад очино хэмээн тооцоолж байна. Газын зурвастай залгаа бүс нутагт хэд хэдэн удаа аллага үйлдэгдсэний дараа Египет улс хилээ хаагаад байсан юм.

Мафийн толгойлогч зугтахад эрх баригчид тусалжээ


Мексикийн хамгийн том мафийн толгойлогч “Эль Чапо” хочит Хоакин Гусман шоронгоос оргоход эрх баригчид тусалсан хэмээн үзэж байна. Шүүхээс дөрвөн түшмэлийг энэ хэрэгт буруутгаад байна. Буруутгагдсан түшмэдийг саатуулж, чанга дэглэмтэй шоронд аваачжээ. Мафийн толгойлогч шоронгоос оргоход тэд боломж байсаар байтал нэн даруй мэдээлж түгшүүр зарлаагүй хэмээн мөрдөн байцаагчид үзсэн аж. Синалаогийн мафийн толгойлогч хатуу чанд харуул хамгаалалттай шоронгоос оргоход долоон түшмэл тусалжээ. Мексикийн шүүх Хоакин Гусманыг АНУ-д шилжүүлж өгөх шийдвэр гаргаад байсан билээ. Синалаогийн мафи нь АНУ руу ордог хар тамхины урсгалын 40 хувийг хянадаг ажээ. 

No comments:

Post a Comment