Tuesday, September 29, 2015



Өрсөлдөх чадвараараа Монгол улс 104-т жагслаа

Дэлхийн эдийн засгийн форумаас дэлхийд өрсөлдөх чадварыг дэд бүтэц, зах зээл, хөдөлмөрийн зах зээлийн үр өгөөжтэй байдал, боловсрол, эрүүл мэндийн чанар, макро эдийн засгийн байдал, технологийн шинэчлэл, санхүүгийн зах зээлийн хөгжил зэрэг 110 үзүүлэлтийг гол болгож гаргадаг. Монгол улс Ливан, Киргиз, Габон, Бутан, Аргентин, Бангладеш улстай мөр зэрэгцэн 104-т бичигджээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан глобал өрсөлдөх чадварын үзүүлэлтээр ОХУ найман байр дээшилж 45-р байрт орж иржээ. Оросууд Турк, Филиппин зэрэг орныг гүйцсэн байна. Олон улсын валютын сангаас гарсан тооцоогоор, ОХУ-ын худалдан авах чадвар 2.55 их наядаас 3.56 их наяд доллар болж өсчээ. Энэ үзүүлэлтээр Москва дэлхийд зургадугаарт бичигдэж байна.
Оросын эдийн засаг дахь зах зээлийн бусад үзүүлэлт (бизнесийн харилцаа, зохицуулалт, дотоод өрсөлдөөн) ч сайжирчээ. ОХУ 2012 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр гаалийн татвар буурч олон улсын тавцанд нэр хүнд нь өссөн хэмээн мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Мөн Орос улсын маш том зах зээл, макро эдийн засгийн тогтвортой сайн үзүүлэлт, хүний нөөц, дэд бүтцийн хөгжил зэрэг нь өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлсээр байна. Харин институцын хөгжил (140 орноос 100-р байр), санхүүгийн зах зээлийн (140 орноос 95-р байр)-ийн үзүүлэлтээр хол хоцорсон хэвээр.
Глобал өрсөлдөх чадварын жагсаалтыг Швейцарь улс долоо дахь жилдээ дараалан тэргүүлэв. Араас нь Сингапур, Америк бичигджээ. Герман улс тавдугаар байрнаас дөрөв рүү, Голланд наймдугаар байрнаас тав руу дэвшив. Эхний аравт Япон, Хонконг, Финланд, Швед, Их Британи оржээ. Хятад 28-д, Бразил 57-гоос 75 руу ухарчээ. Энэтхэг 71-ээс 55 руу орж ирсэн байна.

Twitter 140 тэмдэгтийн хязгаарлалтаа цуцлах уу

Twitter нийгмийн сүлжээ ашиглагчиддаа зориулж 140 тэмдэгтээс илүү жиргээг зөвшөөрөхөөр боллоо хэмээн хэвлэлүүд мэдээлэх болов. Гэвч хэзээ ийм болох нь тодорхойгүй, Twitter-ээс ямар нэг мэдэгдэл, тайлбар хийгээгүй байна. Бичил бичвэрийн Twitter сайт нь 2006 оны долдугаар сард мэндэлсэн ба нэг бичвэр буюу жиргээг 140 тэмдэгтэд багтаахыг шаарддаг нь гол онцлог нь юм. Жиргэхэд тэмдэгтүүд хэтэрхий цөөн байна гэсэн гомдол байнга гардаг. Twitter энэ хүсэлтийг харгалзаж хувь хүмүүсийн хоорондох зурвас дээр тэмдэгтийн хязгаарлалт тавихаа  больсон юм. Өнөөдөр дэлхийн 500 сая хүн Twitter-т данстайгаас 302 сая нь идэвхтэй ашигладаг ажээ.

Дүрвэгсдэд хэн мөнгө гаргах вэ

“Их-7”-гоос гадна ямар улсууд дүрвэгсдэд зориулж мөнгө гаргах нь тодорхой боллоо. “Их-7” болон Персийн булангийн хэд хэдэн орон НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан хороо, Дэлхийн хүнсний хөтөлбөрт 1.8 тэрбум доллар цуглуулж өгөх тохиролцоонд хүрчээ.  Дэлхийн тэргүүлэх долоон гүрэн дээр Австри, Кувейт, Голланд, Норвеги, Катар, Саудын Араб, Швед, Швейцарь, Турк, Арабын нэгдсэн эмирт улс дүрвэгсдэд туслахаар боллоо.

Ойрхи Дорнод дахь дайн, мөргөлдөөний улмаас Европын холбооны улсуудад өдөр бүр хэдэн мянган дүрвэгч, цагаач орж ирсээр байгаа юм. Энэ талаар дорвитой арга хэмжээ авахаас өөр аргагүй болж, Европын улсуудын хэлэлцэх ганц сэдэв болоод байгаа билээ. 



АНУ хоригийг дуусгахын тулд Кубаас илүү шинэчлэл шаардаж байна

Барак Обама, Рауль Кастро нар НҮБ-ын чуулганы үеэр дахин сэргэж буй дипломат харилцаандаа хүч нэмэн уулзав. Хоёр тал дипломат харилцаагаа сэргээж буйг зарласнаас хойш тэд ийнхүү хоёр дахь удаагаа нүүр тулан уулзаж байна. Хэдийгээр 60 орчим жил үргэлжилсээр буй Кубын эсрэг хориг арга хэмжээ дуусгавар болоогүй ч томоохон ахиц дэвшил гарчээ. Хоригийг төгсгөл болгох, хүний эрхийг хүндэтгэх, ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт хийх тал дээр Эрх чөлөөний аралд тодорхой ахиц дэвшил гарсаар байна. НҮБ-ын төв байранд болсон уулзалтын үеэр хоёр удирдагч дипломат харилцаан дахь ахиц дэвшил болон хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх дараагийн алхмын талаар ярилцлаа хэмээн Цагаан ордноос мэдээлэв.
Гаванын эрх баригчид дипломат харилцааг бүрэн сэргээхэд тавьж буй шаардлагын дотор АНУ Кубын Гуантанамогоос цэргийн баазаа гаргах тухай байгаа аж. Америкууд Куба арлыг Испанийн колончлолоос чөлөөлөхөд тусалсныхаа төлөө Гуантанамо дахь 50 км кв газрыг эзэмших болсон юм. Дараа нь тэнд АНУ-ын тэнгисийн цэргийн бааз байгуулж, 2002 онд Афганистаны талибуудыг хорих лагерь байгуулсан билээ. Б.Обама, Р.Кастро нар уулзсаны дараа Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес “Цагаан ордны тэргүүн өөрийн эрх мэдлээ ашиглаж чадсан бол арлын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг ихээхэн зөөлрүүлж болохоор байлаа” хэмээн Обамаг хатуу шүүмжилжээ.
Обамагийн засаг захиргаанаас сүүлийн арван сард гаргасан бодлого, шийдвэр нь тун хязгаарлагдмал, дорвитой, мэдэгдэхүйц үйл хөдлөл байхгүй хэмээн Родригес хэллээ. Харин Вашингтон өөрийн гэсэн бодолтой байна. АНУ-ын Ерөнхийлөгч арлын лидертэй уулзах үеэрээ “Кубад ардчилсан өөрчлөлт, шинэчлэл хийх тусам АНУ-ын Кубын талаар баримтлах бодлогод эерэгээр нөлөөлнө” хэмээн онцолжээ. Б.Обама Куба дахь хүний эрхийг сайжруулахын төлөө ажилласаар байх болно гэдгээ дахин сануулсан байна. Рауль Кастро өмнөх өдөр нь НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үгэндээ ч, Обаматай уулзах үеэрээ ч Куба дахь хүний эрхийн талаар нэг ч үг дурдаагүй билээ. Харин Кубын Гадаад хэргийн сайд АНУ афро-америк гаралтай иргэдийнхээ эсрэг цагдаагийн хүчийг балмадаар ашиглаж байгааг шүүмжлээд “Куба улс энэ тал дээр харин ч бахархалтай зам туулсан” хэмээн тодотгожээ.

Куба арал ардчилсан өөрчлөлт, шинэчлэл дээрээ дорвитой ахиц гаргавал АНУ-ын Конгресс хориг арга хэмжээг цуцлахад гол түлхэц болж өгөх юм. 60 жил үргэлжилж буй Кубын эсрэг эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээг цуцлах эрх АНУ-ын Ерөнхийлөгчид бус, Конгресст байдаг. Бүгд найрамдах намын сенатч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марко Рубио (куба гаралтай) Цагаан ордны эзэн Барак Обамад хандаж Кубын хоригийг цуцлах дээр хатуу байр суурьтай байхыг шаардлаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээрх Кубын эсрэг хоригийг цуцлах тогтоолыг 188 орон дэмжсэн юм. Америк, Израиль хоёр үргэлж эсрэг санал өгдөг аж. “Кубын эсрэг хориг арга хэмжээ АНУ-ын хууль тогтоомжид тусгалаа олж, шингэсэн байдаг. Энэ хуулийн талаарх ямар нэг үл ойлголцол, эргэлзээг НҮБ дээр биш, АНУ-ын Конгресст хэлэлцэж, шийдвэрлэх ёстой хэмээн Марко Рубио хэлжээ.

Monday, September 28, 2015




500 хоригдол оргов

Төв Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Банги хотын шоронгоос 500 гаруй хоригдол орголоо хэмээн Associated Press уламжлав. Оргосон этгээдүүдийн дунд хоорондоо дайсагнадаг лалын “Селека”, христосын “Анти-балака” бүлгийн онц аюултай 60 орчим гэмт хэрэгтэн байгаа аж. Улс орны Ерөнхийлөгч Катрин Самба-Паса НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор явсан хойгуур тус улсад эмх замбараагүй байдал үүсчээ. Нэгэн лал шашинтны цогцос лалын сүмийн дэргэдээс олдсоны дараа лалын дайчид хилэгнэж христос бүс нутаг руу дайрч олон арван хүний аминд хүрсэн юм. Өчигдөр Банги хотын төвд хүмүүс цугларч Ерөнхийлөгчийн ордон руу марш хийжээ. Гэвч тэдний эсрэг гал нээснээр зургаан хүн амиа алдсан билээ. Энхийг сахиулагчид гал нээсэн хэмээн иргэд буруутгаж байна. Сүүлийн хэд хоногт 42 хүн амь насаа алдаад байгаа юм.
2012-14 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад “Селека”, “Анти-балака” бүлгийн хооронд дайн дэгдсэн. Талууд 2014 оны долдугаар сард энхийн тохиролцоонд хүрч НҮБ-ын цэнхэр дуулгатнууд орж ирсэн ажээ.

Крымд ирэх жуулчдын тоо нэмэгджээ

2015 он гарсаар Крымд зочлох жуулчдын тоо өмнөх оныхоос давлаа хэмээн РИА Новости агентлаг мэдээлэв. Есдүгээр сарын сүүлч гэхэд хойгт ирсэн жуулчдын тоо 3.84 саяд хүрсэн хэмээн Крымийн Аялал жуулчлалын хорооны тэргүүн Алексей Черняк өгүүлэв. 2015 онд нийтдээ 4.5 сая жуулчин хүлээж авах тооцоо гарчээ.
Крымд ирж амардаг жуулчдын тоо эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оны үзүүлэлтийг даваад байгаа бөгөөд нийт өсөлт нь 37 хувьд хүрэх юм байна. Урин дулааны улиралд аялал жуулчлалаар тэргүүлдэг Оросын бүс нутаг нь Сочи юм. Крым ард нь бичигдэж байна.  

Криштиано Роналдогийн тухай кино

Португалын хөлбөмбөгч Криштиано Роналдогийн тухай кино дэлгэцэнд гарахад бэлэн болж трейлер нь цацагдаж эхэллээ. Уг киноноос Роналдогийн амьдралын нууцлаг талыг олж харах боломжтой хэмээн 14 сарын турш ажилласан уран бүтээлчид баталж байна. Түүнийг зөвхөн тамирчин бус, мөн эцэг, гэрийн эзэн, анд нөхрийн хувиар харуулах аж. Түүний тоглолтын эгзэгтэй агшин, олонд дэлгэгдээгүй архивын кадруудыг багтаажээ.
Испанийн “Реал Мадрид” клубт тоглодог Криштиано Роналдо (30 настай) Португалын хөлбөмбөгийн түүхэн дахь шилдэг тоглогчоор нэрлэгдсэн билээ. 2015 оны нэгдүгээр сард тэрээр гурав дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон юм.

 Мароккод IKEA-г хориглов

Марокко улсын эрх баригчид Шведийн дэлгүүрийн сүлжээний анхны дэлгүүр нээгдэх зөвшөөрлийг өгсөнгүй. Зохих бичиг баримт, зөвшөөрөл дутуу байна хэмээн эрх баригчдын мэдэгдэлд онцолжээ. Мароккогийн хааны ордонд ойр эх сурвалж мэдээлж буйгаар, Шведийн Засгийн газрын байр суурийн улмаас IKEA-ийн дэлгүүр нээгдэхгүй гэж байна. Стокгольмийн эрх баригчид Хойд Африкт дангаараа тусгаар тогтнолоо зарласан Сахарын арабын ардчилсан бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж байгаа аж.

Катарын сан 12 тэрбум доллар алджээ


Санхүү, бизнесийн ертөнцөд нэр хүндтэй Катарын сан Volkswagen, Glencore фирм болон Хятадын Хөдөө аж ахуйн банкны үнэт цаасны ханшийн уналтын улмаас хэдхэн хоногийн дотор 12 тэрбум долларын алдагдал хүлээлээ хэмээн Financial Times мэдээлэв. Германы автоконцернд давуу эрхтэй хувьцаа эзэмшдэг Катарын сан Volkswagen-ий хувьцааны ханшийн уналтаас 8.4 тэрбум доллар алджээ. Тус сан мөн үнэт цаасны арилжааны Glencore фирмийн хувьцааны 8.4 хувийг эзэмшдэг. Glencore-ийн ханшийн уналт 2.7 тэрбумын алдагдалд оруулжээ. Хятадын хөдөө аж ахуйн банк катаруудад 650 саяын хохирол учруулаад байна. Үүний улмаас Катарын сан хөрөнгө оруулалтын 10 том төслийнхөө наймыг нь алдах магадлалтай болоод байгаа юм. 


В.Путин терроризмын эсрэг эвсэл байгуулахыг уриаллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ, терроризмын эсрэг тэмцэх өргөн эвсэл байгуулахыг уриалахын зэрэгцээ Сирийн “хууль ёсны” Засгийн газрыг дэмжихийг олон улсын хамтын нийгэмлэгээс хүслээ. “Бид бүгдийн өмнө тулгарч байгаа бэрхшээлийг даван гарахын тулд бид хүчээ нэгтгэх хэрэгтэй байна” хэмээн арван жилийн дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хүрэлцэн ирсэн Кремлийн тэргүүн онцолсон юм. Энэ нь Гитлерийн эсрэг тэмцэхэд байгуулж байсан эвсэл шиг байх ёстой, лалын шашинтай орнууд чухал үүрэгтэй оролцох ёстой хэмээн Путин хэлж байна.
Тэрээр мөн Украины зүүн нутаг дахь Засгийн газрын хүчин болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хоорондох мөргөлдөөний талаар дурдахдаа Виктор Януковичийн Засгийн газрын эсрэг “зэвсэгт төрийн эргэлтийг” гадаадаас удирдан зохион байгуулсан хэмээн онцоллоо. Москвагийн лидер “Зах зээл дээрх өрсөлдөөнийг устгахын тулд хэрэглэж буй зэвсэг” хэмээн Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээг нэрлэхээ мартсангүй. “Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүчээр, зэвсгээр баталгаажуулна гэж байхгүй. Юу хэрэгтэй байна вэ гэвэл, Донбассын ард түмний үндсэн эрх ашгийг харгалзан үзэх хэрэгтэй. Бид энэ тал дээр тохиролцож, тэдний шийдвэрийг хүндэтгэх ёстой” хэмээн Путин мэдэгдлээ.

Оросын удирдагч НАТО-гийн цэргийн тэлэлт, зөвлөлтийн экс бүгд найрамдах улсууд дахь хуурамч сонгуулийг шүүмжилж “Эдгээр нь Европт геополитикийн хямрал авчрахаас өөр зүйлгүй” гэв.Нөгөө талаар, Путин Нэгдсэн үндэстний байгууллага үлбэгэр дорой байгааг сануулсан байна. Зарим улс орон хүчтэй, чадалтай бол НҮБ-ыг үл ойшоож болно хэмээн боддог болсон тухай тэрээр онцлов. ОХУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг бөгөөд НҮБ-ын тогтоолд хориг тавих эрхтэй билээ. “НҮБ-ын эрх мэдэл, хууль ёсны байдлыг бусниулах гэсэн оролдлого нь маш аюултай. Учир нь энэ увайгүй оролдлого олон улсын харилцааны системийг нурааж мэднэ” хэмээн Кремлийн тэргүүн НҮБ-ын хүндэт индэр дээрээс онцлон тэмдэглэв. Тэрээр ямар нэг нэр дурдаагүй ч түрэмгий хөндлөнгийн хүчин, ардчилсан хэмээх хувьсгалуудыг “нийлүүлснээр” Ойрхи Дорнод сүйрлийн байдалд орсон гэлээ. Арабын хувьсгалын улмаас эрх мэдлийн хоосон орон зай бий болж, түүнийг “Исламын улс” бүлэг овжноор ашиглаж гарч ирсэн хэмээн тэрээр үзэж байна. Терроризмын эсрэг хүчтэй мэдэгдэл хийдэг улс орнууд хоёр нүүр гаргаж лалын террористуудыг өөгшүүлсэн хэмээн Путин шүүмжилсэн юм. Кремлийн тэргүүн илтгэлийнхээ төгсгөлд “Дэлхий дахины одоогийн эмх журмыг үргэлжлүүлээд явах боломжгүй болсон. Шинэ эмх журмыг тогтоох бааз суурийг бүрдүүлэхэд Орос улс бэлэн. НҮБ-ын системийг шинэчлэх шаардлагатай боллоо” хэмээн мэдэгдсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч энэ мэдэгдлээрээ Орос улс дэлхийн шийдвэрлэх хүчирхэг гүрэн болсныг зарлан тунхаглалаа хэмээн олон улсын тоймч, ажиглагчид үзэж байна.

Sunday, September 27, 2015

Гол материалыг нэгээс давуулаарай.... 


Ираны Ерөнхийлөгч: “Асадгүй Сири нь террористуудын диваажин болно”

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад албан тушаал дээрээ үлдэх ёстойг дэлхий нийт ойлгосон байх хэмээн Ираны  Ерөнхийлөгч Хасан Рохани CNN телевизэд ярилцлага өгөхдөө онцоллоо. “Асад эрх мэдэлд үлдэх ёстойг өнөөдөр бүгд ойлгосон байх. Бид Асадын хамтаар л террористуудын эсрэг зогсож чадна. Асад яваад өгвөл Сири нь террорристуудын диваажин болж хувирна” хэмээн тэрээр өгүүлжээ. “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэх нь манай улсын хувьд ч маш чухал хэмээн хэмээн Ираны Ерөнхийлөгч хэллээ.

В.Януковичийг унагахад АНУ оролцсон гэв

ОХУ-ын лидер Владимир Путин Украины хууль ёсны Ерөнхийлөгч Виктор Януковичийг унагахад АНУ оролцсон хэмээн мэдэгдлээ. Дотоод улс төрийн асуудал, тэр тусмаа хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудад асуудлыг ингэж шийдэх нь байж болшгүй, хүлээн зөвшөөрөмгүй хэмээн тэрээр үзэж байна. Кремлийн тэргүүн Америкийн сэтгүүлч Чарли Роузт өгсөн ярилцлагадаа “АНУ дахь хамтрагчид маань Януковчийн эсрэг хөдөлсөн, дэмжсэн гэдгээ нуухгүй байгаа. Януковичийг түлхэн унагасан хүмүүстэй хэн, хаана, хэзээ уулзсан, тэднийг яаж дэмжсэн, хэдийг төлсөн, хаана, аль газар нутаг дээр, аль оронд бэлдсэн, зааварлагчид нь хэн байсан... Бид бүгдийг мэдэж байгаа” хэмээн Путин ярьжээ.
Украин нь Орост аль хэр чухал вэ гэсэн асуултад “Украин бол бидний хувьд ч тусдаа том асуудал, бэрхшээл. Украин нь Орост хамгийн ойр улс” хэмээн хариулжээ.

Волейболын тэмцээн дээр халдлага гарчээ

Афганистаны зүүн өмнөд хэсгийн Пактик мужид болж байсан волейболын тэмцээний үеэр амиа золислогч этгээд бөмбөг дэлбэлж 10 хүний аминд хүрлээ. 35 хүн шархдаж гэмтсэн байна. Залуус тэмцээн зохиож тоглож байх үеэр дэлбэрэлт болсон хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлэв. Шархдсан хүмүүсийн зарим нь хүнд байдалтай байна. Одоогоор ямар нэг террорист байгууллага дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээсэнгүй. Өнгөрсөн жил мөн энэ мужид волйеболын тэмцээний үеэр дэлбэрэлт болж 45 хүн амь насаа алдаж байв.


Хён Сео Ли:  Хойд Солонгосын иргэд хүний эрх гэж юу байдгийг мэдэхгүй

Тэр бол тэр чигээрээ үнэ цэнэтэй гэрч. Хён Сео Ли бүсгүй энхрий тунсаг 17 насандаа Кимийн хаант улсын асар том шоронгоос зугтаж чадсан юм. Зугтахыг оролдсон хүн бүхэн амь насаа алдаж, Кимийнхны асар нууцлаг дэглэм улс оронд болж буй бүхнийг бүрэн далдалж чаддаг байв. Хён Сео Ли эх орноосоо зугтаж эхлээд Хятадад нууцаар амьдарч байгаад дараа нь Өмнөд Солонгост очжээ. Пхеньяны дэглэмийн бузар булхайг “нэгдүгээр эгнээ”-нээс амсч байсан тэрээр “Зургаан нэртэй охин” хэмээх ном бичжээ. “АВС” сонин түүнтэй уулзаж ярилцсан байна.

-17-хон насандаа эх орноосоо зугтахад юу түлхэв ээ?

-Хойд Солонгост амьдарч байхдаа “Бид дэлхийн хамгийн шилдэг нь, хүн төрөлхтний дундаас хамгийн аз жаргалтай нь” гэж боддог байлаа. Гэвч 1997 оноос эхлэн би хүмүүс гудамжинд амь насаа алдахыг хардаг болсон. Хятадын хилд ойрхон амьдарч, Хятадын телевиз үздэг байсан тул Хойд Солонгост юу хууль бус вэ, яагаад олон хүнийг хатуу ширүүн шийтгэдэг вэ гэдгийг харж, мэддэг байлаа. Манай улсын албаны телевизээр ярьж буй зүйл Хятадын телевизээр гарч буй зүйлтэй тэс ондоо байдаг байсан. Бид дарангуйлал дор амьдардгаа ч мэддэггүй. Тэгээд л бид хамгийн шилдэг нь биш юм байна гэж бодох болсон. Учир нь Хятадад илүү олон сайн юм байгаа нь мэдэгддэг байлаа. Үүнийг би өөртөө нээж харахыг хүссэн юм. Хил давах юмсан гэж бодох болов. Гэвч хил давснаар намайг юу хүлээж байгаа, амьдрал минь хэрхэн өөрчлөгдөх талаар төсөөлөл ч үгүй байсан.

-Хилийг хууль бусаар давах нь тун зоримог алхам байх, тийм үү?

-Хил давна гэдэг маш аюултай. Хилд ойрхон амьдардаг болохоор хил давах гэж оролдсон олон хүн амиа алдаж, баригдаж цаазлуулахыг харсан. Өглөө эрт цэргийнхэн голоор нэг үйж буй урвагчдын цогцсыг хэрхэн гаргахыг хардаг байлаа. Энэ бүгд намайг айлгаж цочирдуулж байсан ч би итгэлтэй байсан. Учир нь манай гэр бүл зарим харуул, хилчинтэй сайн харилцаатай, хамаатны хүн ч байсан. Тэд нартай “Энэ муусайн урвагч нар..” гээд л ярилцдаг байлаа. Ном уншсаны дараа тэд нар ч бас хүн, хэн нэгний үр хүүхэд, эдлэх ёстой эрх байдаг гэдгийг мэдэж авсан. Би нэг харуултай сайн харилцаатай байсан, тэр хил давахад минь тусласан юм. Намайг Хятад руу гарахыг хүссэн иргэдийг зөөдөг хүмүүст хүргэж өгсөн. Энэ бол том эрсдэл байсан ч миний хувьд хавьгүй амар бүтсэн юм. Дараа нь сэтгэлээр унасан. Тэр бол улс дотроо нэг мужаас нөгөө рүү очиж буй хэрэг бус, харин өөр улс руу явж байгаа гэж бодохоор л... Би ингээд бүрмөсөн явчихгүй, Хойд Солонгост буцаж очно гэж боддог байлаа.

-Та ганцаараа зугтсан юм уу?

-Тийм ээ, ганцаараа.

-Хойд Солонгост амьдарч байгаа хүн гадаад ертөнц ямар байдгийг олж мэдэх боломжтой юу?

-Гадаад ертөнц, гадаад орнууд аймшигтай гэж итгэдэг байлаа. Бид нарыг ингэж л сургасан. Америкууд бол муу хүмүүс, хүн алдаг, улс орныг хуваасан буруутан гэж бидэнд ярьдаг байсан. Өмнөдүүд Америкийн империализмийн балгаар зовж байгаа гэж ойлгуулдаг байлаа. Өнөөдөр ч Хойд Солонгост “Америкууд Өмнөд Солонгосыг колоничилж, иргэдийг нь алж хороож байгаа” хэмээн сурталддаг. Хойд Солонгосын хүүхдүүд гутал ч үгүй, хувцас ч үгүй бүгдээрээ гуйлгачид гэж ярьдаг байсан. Энэ бүгдийг хараад, сонсоод “Бид бол дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс” гэж боддог байлаа. Тэгээд хүмүүсийг олон нийтийн өмнө цаазалж буйг хараад сүүлдээ энэ бол энгийн зүйл, дэлхийн хаана ч адилхан хэмээн боддог байлаа шүү дээ.

-Таныг олон нийтийн цаазын өмнө анх аваачихад хэдэн настай байсан бэ?

-Долоон настай байсан. Цаазлалт руу аваачиж харуулах гэж байгааг ч мэдээгүй. Аймшигтай юм харсан. Нэг хүнийг дүүжилж цаазалсан. Одоо ингэхээ больсон л доо. Буудаж хороох нь бас аймшигтай. Хүзүүнээсээ дүүжлэгдсэн хүнийг харахаар ямар аймаар байдаг гэж бодно.. Үүнийг харах нь аймшигтай ч Хойд Солонгост албаддаг юм. Сургуулийн сурагч нарт албаар үзүүлдэг байсан. Яагаад цаазыг ингэж хүүхдүүдэд үзүүлээд байдгийг дараа нь ойлгосон, эрх баригчид биднийг айдас хүйдэс дунд амьдруулж, хүссэнээрээ ийш тийш нь залахыг хүсдэг байжээ. Улс орны эцэг, лидерийн үгнээс гарч болохгүй гэдгийг л ойлгуулах арга байж. Эхэндээ цаазлуулж буй хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж боддог байсан бол хожим нь тэд гэмт хэрэгтэн биш, харин харгис дэглэмийн золиос болж буй хүмүүс гэдгийг мэдсэн.

-Хойд Солонгосыг орхиод эрх чөлөөг мэдрэхэд ямар байв?

-Эрх чөлөө гэж юу байдаг, ямар утга учиртайг ч мэддэггүй байлаа. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бидэнд байгаагүй. Хойд Солонгост эрх чөлөө гэдэг үг байсан ч бид энэ үгийг жинхэнэ утгаар нь ойлгодоггүй байсан. “Хайрт удирдагчийнхаа ивээл хамгаалал дор бид эрх чөлөөтэй” хэмээн тоть мэт цээжилдэг байсан.

-Хойд Солонгос дахь амьдралын талаар яриач. Өрнөдийн хэвлэлд гардаг шиг тэнд өдөр бүр тийм аймшигтай юм болдог юм уу?

-Үүнийг олон хүн асуудаг л даа. Тэгвэл би хариулъя, та нарын хэвлэлээс уншсанаас ч аймшигтай зүйл тэнд болдог юм. Тэр тусмаа хойдууд энэ аймшигтай зүйлийн ихэнхийг огт мэддэггүй. Бид гадаад ертөнц ямар байдгийг мэддэггүй, бүх мэдээлэл хаалттай байдаг болохоор ийм л байдаг, хэвийн зүйл гээд ойлгочихдог. Энэ бол тун харамсалтай, гунигтай. Хүмүүс шөнөөр алга болж, гэр бүлийн нэг гишүүн улс төрийн хоригдлуудын шорон руу явж байгааг бид хардаг л байсан. Жаахан байхад ээж минь “Ярьж, хэлж буй үгээ цэнэ, хэн нэгнээс сонссон зүйлээ битгий цааш нь ярь” хэмээн байнга сануулдаг байсан. Хана хүртэл чамайг сонсоно гэдэг байлаа. Хойд Солонгост хэн нэгэнд итгэх, санаа бодлоо хуваалцах боломжгүй байсан. Улсын мэдээллийн агентлаг өөр муж, нутагт юу болж байгааг дамжуулдаггүй, зөвхөн хайрт удирдагч ингэлээ, тэглээ гэж дамжуулдаг. Хойд Солонгосын хүүхдүүд хичээл дээр багшаасаа асуулт асуух эрхгүй. Хэрвээ багш нь шар өнгийг улаан гэх юм бол улаан л гэсэн үг. Учир нь багш тэгж хэлсэн. Сургуульд сурах тун хэцүү, бараг л шоронгоос ялгаагүй.

-Та хэзээ нэгэн цагт эх орондоо очиж чадна гэж боддог уу?

-Би үргэлж өөдрөг байхыг хичээж, хэзээ нэгэн цагт буцаж очно оо гэж боддог юм. Гэвч Хойд Солонгост бүх хүүхдээ цуглуулж, тойруулж суухыг хүсдэг ээжийн минь хувьд тун хэцүү. Ээж минь одоо 60 настай. Ээжийнхээ төлөө их харамсдаг, түүндээ энэ гадаад ертөнцийг үзүүлэх юмсан, тэгвэл хичнээн гоё вэ гэж боддог юм. Ээж минь үхэхээсээ өмнө бүх хүүхдээ цуглуулахыг хүсдэг. Бид дайны улмаас, 60 жилийн өмнө салаагүй. Ээж минь надтай уулзана гэж хүлээсээр л байгаа.

-Пхеньяны дэглэм эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгавартай ханддаг уу?


-Бид бүгд адилхан гэсэн уриа лоозон байдаг ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ. Эмэгтэйчүүд үргэлж дорд ажлыг хийнэ. Эмэгтэйчүүд хамаг хүнд хүчир ажлыг хийдэг ч маш бага цалинтай. Нэг хятад хүн ирээд солонгос эмэгтэйчүүд ажилласаар байхад эрчүүд нь нөгөө талд зүгээр зогсож байгааг хараад ихэд гайхаж байсан хэмээн ээж минь ярьж байв. Хятадад эмэгтэй хүнийг их хүндэлдэг юм байна лээ. Хойд Солонгост эмэгтэйчүүд хамаг хар бор ажлыг хийж гэр бүлээ тэжээдэг. Өмнөдөд ингэвэл эмэгтэйчүүд нь шууд л шүүх, цагдаад хандана. Хойд нутагт энэ нь гэр бүлийн асуудал, гэрийн эзэн бүхнийг шийдэх ёстой гэж үзнэ.

Зургийн тайлбар: Хён Сео Ли 17 насандаа эх орноо орхин гарчээ 

Wednesday, September 23, 2015




Хулио Иглесиас 72 хүрлээ

Хулио Иглесиасын хувьд чухал өдөр тохиож байна. Тэрээр 72 нас сүүдрийг зооглосон цаг мөч нь гурван сарын өмнө Нью-Йоркт нуруундаа хагалгаа хийлгэснээс хойш анх удаа олны өмнө гарсан өдөртэй нь давхацжээ. Хулио Мексик улсыг хүндэтгэн гаргасан “Mexico цувралынхаа шинэ цомгийг танилцуулахдаа ихэд урам зоригтой, цоглог байлаа.
“Бие тэнхээ сайн, эрч хүчтэй байна. 1962 оны ослын үр дагавар одоо ч байсаар байна” хэмээн өгүүлэв. Тэрээр 1962 онд алдарт Реал Мадрид клубын хаалгач байхдаа осолд орж нуруугаа хүнд гэмтээсэн юм. “60 жилийн өмнө мэс засалд орсныхоо дараа босох бүртээ юу түшиж босох билээ гэж боддог байлаа. Хоёр сарын өмнө алхаж чадахгүй байсан. Одоо зүгээр ээ, зүрх минь сайн байна. 72 хүрчихлээ гэж бодохоор л сонин санагдсан. Харин сэтгэл минь хэзээ ч өвдөж шаналж байгаагүй шүү. Сэтгэл минь өвдөөгүй байхад би амьдарсаар байх болно” хэмээн нэрт дуучин хэллээ.
Хулио Иглесиас таван хэл дээр 80 орчим цомог гаргасан нь 300 сая хувиар борлогдоод байна. Анхны эхнэрийн хүү Энрике Иглесиас мөн л алдартай дуучин болсон. Дараа нь тэрээр 60 насандаа Голландын загвар өмсөгч Мирандатай гэрлэж таван хүүхэдтэй болжээ. Иглесиасын цомог нийтдээ 14 хэл дээр хэвлэгдэн гарч Гиннесийн номд бүртгэгдсэн байна. “Хүү Энрикетэйгээ хослон дуулахгүй юм уу” гэсэн асуултад “Тэр их бие даасан. Надтай хамт дуулаач гэж шахаад хэрэггүй. Одоохондоо бид хамтдаа дуулаагүй л байна” хэмээн өгүүлжээ.

Амиа золоислогчийн сүүлчийн мөчийг буулгажээ

Амиа золоислогч алан хядагчийн амьдралын сүүлчийн мөчийг харуулсан видео бичлэг интернэтээр тарлаа хэмээн Daily Mirror мэдээлэв. Бичлэг дээрх үйл явдал Сирид болж байна. Тэсрэх бодистой хантааз өмссөн нэгэн залуу дайсныхаа талбар руу явахаас өмнө уйлж байгаа нь харагдах аж. Узбекистанаас гаралтай Жафар Таяр хэмээх залууг бусад жихадист дайчид гаргаж өгч “Жафар, битгий ай. Аймшигтай санагдвал Аллахын тухай бодоорой” хэмээн тайвшруулах ажээ. Бичлэгийн төгсгөлд мнь залуу амиа золоислон бөмбөг дэлбэлж, утаа босох нь харагдаж байна.
Энэ залуу “Жабхат ан-Нусра” бүлгийн террористуудын хамт Сирийн Засгийн газрын хүчний эсрэг байлддаг “Катибат аль-Имам Бухари” бүлгийн гишүүн ажээ. Тэрээр хаана амьд тэсрэх бөмбөг болсон, хэдэн хүний аминд хүрсэн нь тодорхойгүй. Сирийн иргэний дайн 2011 оны хавар эхэлсэн юм. 230 мянган хүн амиа алдаж, 11 сая хүн дүрвээд байна. Радикал лал дайчдын дотор узбекүүд их байдаг аж.

Колумбын Засгийн газар босогчидтой энхийн тохиролцоо хийхэд бэлэн

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, босогчдын FARC бүлгийн тэргүүн Родриго Эчеверри нар энхийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрчээ. Тэд Гавана хотноо Кубын лидер Рауль Кастрогоор зуучлуулан түүхэн уулзалт хийсний эцэст тохиролцоонд хүрч гар барилаа хэмээн Ройтерс мэдээлэв. Сантосын үзэж буйгаар, олон жилийн мөргөлдөөнд цэг тавих энхийн тохиролцоог хагас жилийн дотор байгуулах ёстой аж. Энхийн тохиролцоонд хүрсний дараа босогчид хоёр сарын дотор зэвсгээ хураалгах юм.
Колумбын хувьсгалт зэвсэгт бүлгийн (FARC) удирдагч Родриго “Бид энхий үйл явцыг түргэсгэж, заасан хугацаанд амлалтаа биелүүлэх болно” гэлээ. FARC 1964 онд байгуулагдсан цагаасаа хойш Засгийн газрын эсрэг тэмцэж 220 мянган хүний аминд хүрсэн юм. Тэд Колумбын өмнөд хэсгийн үлэмж газар нутгийг хяналтдаа авч, хар тамхи тариалан Америк руу гаргадаг байсан ажээ.

Европын  холбоо дүрвэгсдэд зориулж 1.1 тэрбум евро гаргана


Европын холбооны лидерүүд Ойрхи Дорнодод үлдээд байгаа Сирийн дүрвэгсдэд зориулж 1.1 тэрбум евро гаргахаар боллоо. Энэ мөнгийг НҮБ-ын зохих байгууллагуудад өгөх аж. Дээрх шийдвэрийн талаар Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск цагаачлалын асуудлаарх тусгай хуралдаан дээр танилцуулсан байна. Гэвч хуралдаан ихээхэн маргаантай, ширүүхэн болсныг Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер дуулгалаа. Европын холбоо өмнө нь Турк, Македон дахь цагаач, дүрвэгчдэд зориулж 1.7 тэрбум доллар гаргасан юм. 


Оросууд сүүлчийн хаанаа дахин гаргаж ирнэ

Орос улс сүүлийн хаан II Николайн шарилыг дахин гаргаж ирэхээр болов. Хааныг хөнөөсөн хэргийг шалгаад 2011 онд хаасан ОХУ-ын Зааварчилгааны хороо хамаатан садан болон Оросын ортодокс сүмийн хүсэлтийн дагуу цогцосны жинхэнэ эсэхийг тогтоох шалгалтыг дахин хийхээр болсон байна. “Үүний тулд Санкт-Петербургийн Петр Павлын сүмд байгаа хаан Николай, хатан хаан Александра Феодоровнагийн шарилыг дахин гаргаж ирэх хэрэгтэй боллоо” хэмээн  Зааварчилгааны хорооны төлөөлөгч Владимир Маркин сэтгүүлчдэд мэдээлэв.
II Николай хааны өв залгамжлагчид болох ханхүү Алексей, түүний дүү, их гүнж Мария нарын цогцос 2007 онд олдсон юм. Энэ хэрэг дээр ажилласан шинжээчдийн хэсэг Йерусалимд оршуулсан хатан хааны дүү Элизабет Феодоровнагийн цогцос үлдэгдлийг шинжилж, цусны дээж авах санал гаргасан байна. Улмаар сүүлчийн хааны өвөө, хаан II Александр болон царь Николай, гэргий нарын үлдэгдэлд шинжилгээ хийх шаардлага гарсан бололтой.
“Интерфакс” агентлаг уламжилснаар, Зааварчилгааны хорооны ажилтнууд зохих мэргэжилтэн, шинжээчдийн хамтаар Николай хааны араг яс болон 1881 онд тэсрэх бөмбөгт өртөн амиа алдсан өвөөгийнх нь хувцаснаас дээж, шинжилгээ авчээ. Николай хааны гэх цогцос, үлдэгдлийн жинхэнэ эсэхт байнга эргэлзэж, дахин шинжилгээ хийхийг шаардаж ирсэн Оросын хааны ордон эрх баригчдын шийдвэрийг талархан хүлээж авчээ. “Цогцсуудыг гаргаж ирэх шаардлагатай бол гаргах л хэрэгтэй. Энэ бол маш чухал бөгөөд эмзэг сэдэв” хэмээн Оросын хааны ордны төлөөлөгч Александр Закатов хэллээ. “Дахин шинжилгээ хийнэ гэсэн Москвагийн шийдвэр тун зөв. Олон хүн асуудаг, эргэлздэг. Эргэлзээг тайлах учиртай. Шинжилгээний бүх явц, шатанд сүмийнхэн байлцаж “Энэ бол Оросын сүүлчийн хаан, хатны бие цогцос мөн байна аа” гэдгийг баттай тогтоох хэрэгтэй” хэмээн Мадридад суудаг Оросын хааны ордны тэргүүн Мария Романова өгүүлэв.
Оросын сүүлчийн хаан, гэргий болон гурван хүүхдийнх нь гэх цогцсыг 1991 онд дахин ухан гаргаж 1998 онд Санкт-Петербургийн сүмд ёслол төгөлдөр оршуулсан юм. Оршуулган дээр тэр үеийн Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин болон хааны гэр бүлийн төлөөлөгчид байсан билээ. 2007 онд Оросын шинжээчид Екатеринбург орчмын Уралын ойгоос хэд хэдэн араг яс олсон нь АНУ-д хийсэн шинжилгээгээр сүүлчийн хааны өв залгамжлагч болох Алексей, Мария нарынх болох нь тогтоогдсон билээ.

2008 оны аравдугаар сард ОХУ-ын дээд шүүх царь Николай, гэргий Александра болон Ольга, Татьяна, Мария, Анастасия болон хаан ширээг залгамжлагч Алексей нарын таван хүүхдийнх нь нэр төрийг сэргээж, тэднийг большевик бодлогын золиос болсон хэмээн үзсэн байна. II Николай, гэргий болон таван хүүхдийг нь 1918 оны долдугаар сарын 17-нд (1917 оны аравдугаар сарын Октябрийн хувьсгалын дараа Орост дэгдсэн иргэний дайны үеэр) Екатеринбург дахь Ипатьевийн байшингийн доод хонгилд буудан хороосон юм.

Зургийн тайлбар: Царь Николай хүү Алексейн хамт. Сибирь 

Tuesday, September 22, 2015



Г.Пэлтроугийн найз залуу ил гарлаа

Холливудын од Гвинет Пэлтроу Брэд Фалчуктай үүсгэсэн хайр сэтгэлийн харилцаагаа ил болгов. Тэд жилийн турш харилцаагаа нууцалсан юм. Гвинет хайртай залуугийнхаа хөтөлдөг TV Scream Queens нэвтрүүлгийн нээлтэд оролцжээ. Пэлтроу, Фалчук хоёрыг хайр сэтгэлийн харилцаатай хэмээн шуугиж байсан нь ийнхүү батлагдлаа. Нэвтрүүлгийн дараа жүжигчин бүсгүй хайртай залуутайгаа Лос-Анжелест нэгэн баярт оролцож, нууж явсан харилцааныхаа талаар анх удаа ам нээсэн юм. Фалчук (43) шоу ертөнцийн нэртэй менежер. Тэрээр хоёр жилийн өмнө Гвинет Пэлтроутай (41) нэг жилийн өмнөөс хамт амьдрах болжээ. Пэлтроу өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй билээ. 


Есөн минутад таван гоол оруулжээ

Германы Байерн Мюнхен багийн польш довтлогч Роберт Левандовски “Волфсбург” багийн хаалганд есөн минутын дотор таван гоол оруулж Бундеслигийн рекорд тогтоов. Тэрээр хоёрдугаар үед сэлгээгээр орж ирж 51, 52, 55, 57, 60 дахь минутад гоол оруулжээ. Тэрээр сэлгээгээр орж ирээд таван гоол хийсэн Бундеслийгийн   анхны тоглогч боллоо. Мөн хоёр дахь хамгийн хурдан хет-трик (дөрвөн минут), хамгийн хурдан покер (зургаан минут)-ийн эзэн болов.
Байерн Мюнхен зургаан тоглолтод зургаан хожил авч 128 оноотой хүснэгтийг тэргүүлж байна. Боруссиа Дортмунд 15 оноотой удаалж байна.

120 мянган цагаачийг тараан байршуулна

Европын холбооны хууль зүй, дотоод хэргийн зөвлөл Итали, Гркээс ирсэн 120 мянган дүрвэгчийг тараан байрлуулахыг дэмжжээ. Европын холбооны орнуудын Дотоод хэргийн сайд нар 22-нд уулзаж энэ талаар ярилцсан ч тохиролцож чадаагүй. ЕХ олонхийн саналаар шийдэх хэрэгтэй болж санал хураахад Чех, Унгар, Румын, Словак, Финланд татгалзсан юм. Ийнхүү дүрвэгсдийг хуваан байршуулахаар болсон ч энэ нь эцсийн шийдвэр биш гэж байна. Европт сар бүр 150 мянган дүрвэгч орж ирж байгаа аж. Газар дундын тэнгисээр дамжин орж ирсэн 440 мянган цагаачийн гурван мянга нь замдаа амь үрэгджээ. Грект гэхэд л өдөр бүр дөрвөн мянган дүрвэгч орж ирж байна.

Израилийг 25 жилийн дотор устгахад бэлэн гэв

Ираны армийн удирдагч Атаолла Салехи, манай цэргүүд Изриалийг 25 жилийн дотор дуусгахад бэлэн байна хэмээн мэдэгдлээ. “Бид Израилийг баталгаатай устгах болно. Ойрын 25 жилд тэднийг бут цохихыг тэсч ядан хүлээж байна” хэмээн хошууч генерал Ираны хэвлэлд ярилцлага өгөхдөө онцоллоо. Изриалийг устгаснаар АНУ Тель-Авивийн нөлөөнөөс ангижирч сайн юм болно хэмээн нэмж хэлэв.
Хэд хоногийн өмнө Ираны шашны дээд лидер аятолла Али Хамени Еврейн улсыг мөдхөн устгана хэмээн мэдэгдсэн юм. “Аллах хүсвэл сионист улс мөдхөн байхгүй болно” хэмээн тэрээр хэлсэн билээ. Тегеран, Тель-Авивийн дипломат харилцаа 1979 онд Иранд лалын хувьсгал гарсны дараа тасарчээ. Ираны Засгийн газар Израиль улсыг хүлээн зөвшөөрдөггүй.

Каталонид Испанийн Ерөнхий сайдын замыг хаажээ


Испанийн Каталон мужийн Реус тойргийн оршин суугчид Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойг “Тусгаар тогтнол” хэмээн лоозон барьж угтжээ. Ерөнхий сайд Каталон мужид Ардын намаас нэр дэвшигч Гарсия Албиолын хамт алхаж явахад 30 орчим хүн тэдний замыг хааж, Каталоны тусгаар тогтнолыг шаардан хашгиралдсан аж. Рахой хамгаалалтын ажилтнуудын тусламжтайгаар автомашиндаа эргэн ирэхдээ зарим хүнтэй мэндчилж, селфи хийсэн байна. Испанийн Засгийн газрын тэргүүн Каталоны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн юм. Каталонд орон нутгийн сонгуульд болж байгаа бөгөөд үндсэрхэг нам, хөдөлгөөнүүд сонгуулийн дараа Каталон муж Мадридад өгдөг татвараа өгөхгүй хэмээн мэдэгдсэн нь шуугиан дэгдээгээд байна. 


Пап лам Кубын хоригийг цуцлахыг хүсэхгүй

Ромын пап лам Франсиско Кубын Сантьяго хотоос Вашингтон руу нисэхээсээ өмнө сэтгүүлчидэй уулзахдаа Гавана хотод өөртэй уулзахаар оролдож байсан тэрс үзэлтнүүдийг баривчилсан тухай мэдээллийг “сонссонгүй” хэмээн мэдэгдсэн юм. Пап ламын Тамгын газар паптай уулзах ямар нэг хүсэлтийг хүлээж аваагүй аж. Янз бүрийн нам хөдөлгөөн, төрийн тэргүүнээс ирсэн хүсэлтийг ч хүлээж аваагүй байна. Харин пап лам Франсиско Колумб дахь энх тайвны талаар FARC-тай ярилцах хүсэлтийг л хүлээж авчээ. Тэрээр Аргентин, Панамын төрийн тэргүүнтэй л уулзаад байсан билээ. Харин Америкт очиход Ерөнхийлөгч Б.Обама тосч уулзсан байна.
Кубын католик сүмийн удирдлага пап ламын өршөөлд хамруулах хүмүүсийн жагсаалтыг гаргахад тусалж, нийт гурван мянга 500 орчим хүн хамрагдаж чаджээ. Яагаад католик сүм Кубын Засгийн газрын чөлөөтэй шүүмжилж, хандаж чаддаг, яагаад бусад бүлэг, хөдөлгөөнүүд чадахгүй байгааг пап ламаас асуухад “Кубын сүмийнхэн Кубад илүү их эрх чөлөөг авчрахын тулд ажилласаар байна. Цаашид ч ажилласаар байх болно” хэмээн хариуллаа. Фидель Кастро Куба арлыг дураараа, дарангуйлсан маягаар удирдсандаа гэмшиж байна уу гэсэн асуултад “Гэмшиж харуусна гэдэг тун дотно, хувийн зүйл л дээ. Гэмшил ухамсар, сэтгэхүйд л байдаг” хэмээн хариу барьжээ. Фидельтэй хийсэн уулзалт албан бус, гэнэтийн байсан хэмээн өгүүлэв. Фиделийг гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад нь уулзаж нэлээн яриа өрнүүлжээ. “Бид өнгөрсөн баларсан улс төр яриагүй. Харин Фиделийн католик шашны сургуульд сурч байсан үеийнх нь талаар, дараа нь хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж эхэлсэн талаар нь ярилцсан” хэмээн Ромын католик шашны тэргүүн сэтгүүлчдэд хэлжээ.
Тэрээр Кубад хийсэн айлчлалынхаа үеэр Засгийн газрын шүүмжлэхээс аль болох зайлсхийж байсан юм. Эрх баригчдын шүүмжлэн буруутгахгүйгээр хамтран ажиллах нь илүү нааштай үр дүн авчирна хэмээн үзэж байв. Тэгээд ч энэ удаагийн айлчлал нь католик шашинтнуудад хандсан жинхэнэ шашны айлчлал байсан гэдгийг онцоллоо. “Та капитализмаас илүү коммунизмд илүү талтай, зөөлөн ханддаг уу” хэмээн асуухад тэрээр инээмсэглэн “Би сүмийн номлол, сургаалийг л танилцуулдаг” хэмээн өчжээ.

Пап лам Кубыг орхин Америкт ирээд байна. Тэрээр АНУ-ын Конгресст үг хэлэхдээ Кубын эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг хүсэхгүй гэдгээ урьдчилсан сануулсан юм. Гэвч хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулахын тулд дээд түвшинд яриа хэлэлцээгээ хадгалах хэрэгтэйг зөвлөнө гэжээ.

Saturday, September 19, 2015



Болгар дүрвэгсдэд хилээ хаалаа

Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов хууль бус цагаачдад хил хязгаараа хааж буйгаа зарлав. “Хууль ёс, эмх журмын дагуу манай хилийн давах гэж байгаа хүмүүс морилогтун. Харин бусад нь цаашаа” хэмээн Борисов хэлсэн байна. Европт орж ирж буй дүрвэгсдийн асуудал нь гамшиг, аюул тарьж байна, үүнийг хэн ч тайван хараад сууж болохгүй хэмээн тэрээр онцоллоо. Болгарын эрх баригчид Туркийн цагдаа нартай хамтран ажиллаж, цагаач, дүрвэгчдийг хилд 40 км-ээс дотогш ойртуулахгүй байгаа аж. Зөвхөн автомашин, ачааны машинуудыг шалгаж нэвтрүүлж байгаа юм. Есдүгээр сарын 18-нд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Хорватын газар нутгаас дүрвэгсэд орж ирэхээс сэргийлж цэрэг, армиа дайчилж хил дээр аваачаад байна. Цэргүүд хил орчимд саад хаалт босгох гол үүрэгтэй ч ямар ч тохиолдолд бэлэн байна гэжээ.
Хорват улс ч цагдаагийн хүчээ зузаатгаж, Серб рүү хөтөлдөг бүх зам харгуйн хөдөлгөөнийг хянаж байна. “Хорват улсад цагаач, дүрвэгч хүлээж авах боломж байхгүй” хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Ранко Остич хэллээ. Сербид ирсэн дүрвэгсдийн тоо найман мянгад хүрвэл Хорват улс хил хязгаараа бүрэн хаана хэмээн мэдэгдэв.

Африк, Ойрхи Дорнодын орнууд дахь тогтворгүй байдлын улмаас улам олон дүрвэгч Европын холбооны газар нутаг руу орж ирсээр байна. Еврокомиссын төлөвлөж буйгаар, дүрвэгсдийг холбооны улс, орнууд хүн ам, эдийн засаг, амьдралын түвшин болон бусад хүчин зүйлээ тооцоолсны үндсэн дээр хувааж авах ёстой аж. Ийм хуваарилалтыг Унгар, Словак, Румын, Польш, Чех улс эрс эсэргүүцэж байна.
Италийн эргийн харуул дөрвөн мянган цагаачийг аварчээ

Италийн эргийн харуул есдүгээр сарын 19-нд Ливийн эрэг орчимд аврах үйл ажиллагаа явуулжээ. Ажиллагааны  явцад дөрвөн мянга 343 цагаачийг илрүүлж Ливийн эрэгт буцааж хүргэлээ хэмээн Reuters уламжлав. Нэг эмэгтэй хийлдэг завин дээр амиа алдсан байса хэмээн эргийн харуулын ажилтнууд хэлжээ. Резинен завь болон ачааны жижиг хөлгөөр Грекийн эрэгт хүрэх гээд явж байсан 335 хүнийгилрүүлэв. Африк, Ойрхи Дорнодын цагаачдыг аврах хөдөлгөөнд “Хил хязгааргүй эмч нар” байгууллага, Мальтийн эргийн харуул оролцжээ. Италийн эргийн харуул, тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд манлайлан оролцсон байна. Мөн хүмүүсийг хууль бусаар тээвэрлэхийн эсрэг тэмцэх хөтөлбөрт оролцож буй Британи, Германы хөлөг онгоцууд туслажээ. Дайн байлдааны хөлөөс дайжин Европ руу тэмүүлсэн цагаачдын тоо 440 хүрч, гурван мянга нь замдаа амиа алдаад байна. Зарим эх сурвалжаар, сүүлийн гурван сарын дотор 500 мянган цагаач, дүрвэгч Европын холбооны улсуудад хөл тавиад байгаа аж.

Хятадууд “Агуу аян”-г хөөргөв

Хятад улс зургаа дахь үеийн “Их аян” пуужинг сансарт амжилттай хөөргөлөө хэмээн “Синхуа” дамжуулав. Тайюань дахь талбайгаас хөөргөсөн пуужин сансрын судалгаа шинжилгээ хийх 20 орчим бичил хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулжээ. “Их аян” пуужин керосин болон шингэн хүчилтөрөгчийн холимог түлшээр ажилладаг. Энэ нь хортой түлш ашигладаггүй анхны хятад пуужин хэмээн онцолж байна. Долоо хоногийн өмнө Хятад улс нэгэн тээгч пуужинг амжилттай туршсан юм.

Босогчид Египетийн генералыг хөнөөжээ


Египетийн Хойд Синайд босогчид Египетийн зэвсэгт хүчний бригадын генералыг буудаж хөнөөжээ. Эль-Ариш хотод энэ хэрэг явдал гарчээ. Хэд хоногийн өмнө Египетийн армийн бас нэг өндөр тушаалтан буудуулж амиа алдсан юм. Халдлагын хариуцлагыг Синай орчимд үүрлэдэг, “Исламын улс” бүлэгтэй сүлбээтэй “Сина” бүлэг хүлээгээд байна. Египетийн цэргийнхэн Синайд хариу ажиллагаа явуулж 29 босогчийг устгаснаа мэдэгдлээ. 
Таж Махалд селфи хийгээд амиа алджээ

Нэгэн япон жуулчин Энэтхэгийн Агра хот дахь алдарт Таж Махал сүмийн шатнаас унаж амиа алджээ. Гэрчийн баталж буйгаар, жуулчин Таж Махалын Хааны хаалга дээр селфи хийж байгаад унасан аж. Тэрээр өөрийнхөө зургийг авч байхдаа унаж толгойгоороо шат мөргөсний улмаас нас барсан хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. XVII зуунд Моголын их хаан Шах Жахан хайрт гэргий Мумтаз Махалын дурсгалд зориулан босгосон Таж Махал сүм, бунханд өдөр бүр 12 мянган хүн зочилдог. Япон жуулчин өөр гурван хүний хамтаар явж байсан ба бас нэг нь унаж хөлөө гэмтээсэн байна.

Сүүлийн үед селфиний улмаас амиа алдсан тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. ОХУ-д гэхэд л өөрөгдөхөөсөө өмнө аюулгүй байдлаа сайтар тунгааж байхыг сануулсан кампанит ажил өрнөж байна. Өнгөрсөн тавдугаар сард Москва хотод 21 настай залуу толгой руугаа буудахдаа селфи хийж байв. Наймдугаар сард Испанид нэг эр буханд мөргүүлж байхдаа селфи хийж явсан нь шуугиан дэгдээсэн юм.

Wednesday, September 16, 2015

НААД НҮБ-ЭЭ ГОЛ БОЛГООРОЙ


Дэлхийн лидерүүд Нью-Йоркт чуулж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь чуулган нээгдэж буйтай холбогдуулан тэргүүн Бан Ги Мун үг хэлэхдээ, балмад дайн мөргөлдөөн, муу засаглал, эдийн засгийн хямралын улмаас орон гэрээ орхин дүрвэсэн 60 сая хүний асуудлыг хүнлэг, үр дүнтэй, нухацтай зарчим дээр үндэслэн хэлэлцэнэ хэмээн онцоллоо. Ноён Бан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р чуулган “Үймээн самуун болон итгэл найдварын цаг” уриан дор болж буйг онцоллоо. “Үймээн самуун дэлхийн олон газар орныг хамарч, нөхөж баршгүй хор хохирол учруулж байна. Урьд өмнө байгаагүй олон лидер энд цуглаж, хямралын шинэ гарц, хөгжлийн шинэ замыг гаргахаар ярилцах болсон нь итгэл найдвар төрүүлж байна” хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.
НҮБ-аас 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлах гэж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол үндэс нь эрүүл дэлхий, нэр төртэй амьдрал хэмээн Бан Ги Мун хэлж байна. НҮБ-ын гишүүн орнууд нягт хямтран ажиллавал цэнгэлийн манлайд хүрч болохыг дэлхийн байгууллагын тэргүүн дахин санууллаа.
“Дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүчээ нэгтгэх хэрэгтэй. Дэлхийн агаар мандлын дулаан Цельсийн хоёр градусаар нэмэгдчихээд байхад бидний хийсэн ажил хангалтгүй байна. Бид илүү их зорилт тавьж түүндээ хүрэх ёстой” хэмээн НҮБ-ын тэргүүн ярилаа. Тэрээр Ерөнхий Ассамблейн үеэр 100 орчим ганцаарчилсан уулзалт хийх юм. Улс төрийн хүчин чармайлт, нөөц боломжийн ачаар ирээдүйг сайн тал руу эргүүлж, олон хямрал, үймээн самуунаас сэргийлж болно хэмээн Бан Ги Мун үзэж байна. Ноён Бан НҮБ-ын Ауюлгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн (Хятад, Франц, ОРос, Их Британи, Америкийн нэгдсэн улс) орны  Гадаад хэргийн сайд нартай уулзаж хүмүүнлэгийн хэм хэмжээ, хямрал, мөргөлдөөнийг зохицуулах талаар нухацтай ярилцахаар болжээ. 





Б.Обама гар аргаар цаг хийсэн жаалыг Цагаан ордонд урьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гар аргаар сэрүүлэгтэй цаг хийгээд саатуулагдсан сурагч Ахмед Мохамедийг Цагаан ордонд урьжээ. “Ганган цаг, Ахмед. Чи түүнийгээ Цагаан ордонд авчирмаар байна уу? Шинжлэх ухаан сонирхдог ийм хүүхдүүдийг бид дэмжих ёстой. Америкийг агуу болгодог зүйл чинь энэ шүү дээ” хэмээн Обама Twitter хуудсандаа бичсэн байна.
Техасын нэгэн сургуулийн 14 настай судан гаралтай хөвгүүн есдүгээр сарын 14-нд гар аргаар хийсэн цагаа хичээл дээр авчирч дуугаргажээ. Эмэгтэй багш нь бүтээлээ үзүүлэхийг хүсчээ. Багш цагийг хараад тэсрэх бөмбөг байна хэмээн хардаж цагийг хураан авч цагдаа дуудан баривчлуулсан юм.

Буркина-Фасод Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг барьцаалжээ

Буркино-Фасогийн Ерөнхийлөгчийн гвардийнхан улс орны Ерөнхийлөгч Мишель Кафандо, Ерөнхий сайд Исаак Зида болон Засгийн газрын бусад гишүүнийг барьцааллаа хэмээн АР агентлаг мэдээлэв. Төрийн тэргүүнийг Засгийн газрын хуралдаанд оролцож байхад барьцаалсан байна. Эдүгээ армийн командлагч Ерөнхийлөгчийн гвардитай хэлэлцээ хийж байгаа юм. Парламентын тэргүүн Черифф Си гвардийн үйлдлийг “Улс орон, түүний төрийн байгуулал руу халдсан хэрэг” хэмээн нэрлэв. Ерөнхийлөгчийг суллахыг шаардсан олон зуун хүн ордны өмнө цугласан ч гвардийн цэргүүд сануулж дээгүүр нь буудсан байна. Гвардийнхан одоогоор ямар нэг шаардлага тавьсангүй.
Мишель Кафандо 2014 оны арваннэгдүгээр сард Буркино-Фасогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм. 1987 онд эрх мэдэлд гарч ирсэн өмнөх Ерөнхийлөгч Блэз Кампаоре цэргийн эргэлтийн улмаас албан тушаалаас огцорч гадаад руу зугтан гарчээ. Ерөнхийлөгчийн гварди нь Кампаорег дэмжигчдээс бүрддэг аж.

Элсэн зочид буудал

Далайн эрэг дээр элсээр цайз, байшин босгож явсан дурсамж хүн бүхэнд байдаг. Тэгвэл тэр дурсамжаа сэргээж, бүр тэрхүү элсэн цайзандаа хонох, амьдрах боломж гарч ирэв. Голландад дэлхийд тоотой хэдхэн байдаг элсэн зочид буудал нээгдсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Тус улсын Осс, Сник хотод дэлхийн элсний бүтээлийн их наадмыг угтаж элсэн зочид буудал үүд хаалгаа нээжээ. Нүсэр том элсэн байгууламжийн дунд нуугдсан хоёр зочид буудал тансаг зочид буудалд байдаг бүх зүйлтэй хоёр хүнд зориулсан нэг л өрөөтэй. Гэрэл цахилгаан, ус, тансаг тавилга, тэр бүү хэл WiFi ч байгаа. Нэг хоноход 150 евро. Осс, Сник дахь цор ганц зочид буудлын өрөөг хоёр хүний өргөн ор, модон тавилга, зурагт, шүршүүрээр тоногложээ.
Осс дахь элсэн зочид буудал аравдугаар сарын 4 хүртэл ажиллана. Тэнд хоносон зочдыг “Цаг хугацааны аялал”-аар явуулж эртний, Ромын, эзэн хаадын үеийн барилга байгууламж, махчин үлэг гүрвэлийн баримлаар сэтгэлийг нь баясгах юм. Их наадмын үеэр дотоод, гадаадын мэргэжлийн хүмүүс уран бүтээлээ дэлгэж, элсний урлалын цехийн мастерууд үзүүлэх тоглолт хийнэ. Тансаг, амтат хоолоор арвин баян байх нь ойлгомжтой.

Ливид Оросын хөлөг онгоцыг саатууллаа

Ливийн эрх баригчид Оросын нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг саатуулсан байна. Тусгаар тогтнолоо дангаараа зарласан Триполи дахь эрх баригчид Оросын далбаатай тээвэрлэгч хөлөг онгоцыг Зувар боомт хотоос хууль бусаар нефть тээвэрлэж гарахаар завдсан хэмээн барьцаалжээ. Экипажийн 11 гишүүнийг саатуулж, хөлгийг Триполийн боомтод авчраад байна хэмээн Ливийн тэнгисийн цэргийн түшмэл мэдэгдэв. Ливид саатуулагдаад байгаа “Механик Чеботарев” хөлөг нь ОХУ-ын Росчартеринг компанид харъяалагддаг. 


Унгар улс цагаачдыг зогсоохын тулд цэрэг армиа дайчиллаа

Унгар улс цагаач, дүрвэгчдийн давалгааг зогсоохын тулд цэрэг армиа дайчилж, Сербийн хил орчмыг хамгаалалтад авчээ. Сербийн хил орчимд цагдаа нарын эсрэг үймээн дэгдээж танхайрсан 29 цагаачийг баривчлан саатуулаад байна. Тэдний дотор террорист хэмээх тодотголтой нэг этгээд байгаа аж. Мөргөлдөөний улмаас 20 орчим цагдаа гэмтэж бэртсэн хэмээн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны аюулгүй байдлыг зөвлөх Георги Баконди ярилаа. Сербийн газар нутгаас Унгар руу оруулахыг шаардаж байсан дүрвэгсэд хамгаалалтын ажилтнуудыг чулуу, модоор нүүлгэж, цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Террорист хэмээн нэрлэгдэд байгаа этгээдийн талаар илүү тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Нөгөө талаас Сербийн Дотоод хэргийн сайд Небойша Стефанович Унгартай залгаа хил рүү цагдаа, цэргийн нэмэлт хүч илгээж буйгаа зарлав. Унгарын хүчнийхэн цагаачидтай тулгарч, эмх замбараагүй байдал үүссэний дараа цаашдын үймээн самуунаас сэргийлэхийн тулд хил дээрх хүчээ зузаатгаж байна хэмээн Стефанович онцолжээ. Унгарын тал дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласныг Сербийн эрх баригчид “Тэдэнд тийм эрх байхгүй” хэмээн буруутгалаа.
Сербийн талаас ч гэмтэж бэртсэн хүмүүс байна хэмээн төрийн бус байгууллагууд мэдэгдэж байна. Унгарын цагдаа нар олон улсын хууль дүрмийг зөрчиж Сербийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулсан хэмээн Белград үзэж байгаа юм. Сербүүд цагаачидтай хүнлэг харьцаж, хилийн өргөст тортой бүсээс хүч хэрэглэлгүйгээр холдуулна хэмээн амлаж байна.
Унгарын эрх баригчид гурван машин дүүрэн зэвсэглэсэн цэргүүдээр цагаачид бөөгнөрсөн бүс нутгийг нэмэлт хамгаалалтад аваад байна хэмээн Ройтерс агентлаг уламжлав. Цэргийн автомашинууд замаас гарч, хилээс хэдхэн зуун метрийн зайд байрлаад байгаа аж. Зарим мэдээллээр, цагдаа нартай тулсан цагаачид хил дээрх хаалт саадыг эвдэлж Сербийн хилийн Розке хотоос Унгарын газар нутагт хөл тавиад байгаа ажээ. Дүрвэгч, цагаачид хоёр хэсгээр хаалтыг сэтэлж Унгар руу орж байгаа хэмээн мэдээллээ. 

Tuesday, September 15, 2015





Нобелийн шагналтны шинэ дурлал

Нобелийн уран зохиолын шагналт Марио Варгас Жоса 50 жил ханилсан эхнэрээ орхиж, Испанийн гоо үзэсгэлэнгийн нэг, бизнесмэн Исабель Преслэртэй хамт амьдрах болжээ. Гуравхан сарын өмнө хамтын амьдралынхаа 50 жилийн ойг АНУ-д дуулиантай тэмдэглэж байсан Варгас Жосагийн “гэнэтийн эргэлт” бүгдийг цочирдуулсан юм. Гэвч шинэхэн хос нам гүм байдлаа эвдэж “Hola” сэтгүүлд зураг хөргөө авахуулж, ярилцлага өгчээ.
“Бид гаргасан шийдвэртээ итгэлтэй байгаа. Бид одоо нэг хүн болсон. Нэг ч минут алдмааргүй байна” хэмээн Нобелийн шагналт өгүүлэв. Филиппин гаралтай Исабель Преслэр нь Европ болон Америкт танигдсан тансаг тавилга, өрөөний гоёл чимэглэлийн компанитай. Тэрээр алдарт дуучин Хулио Иглесиасын анхны эхнэр бөгөөд тэдний дундаас гарсан Энрике Иглесиас мөн л алдартай дуучин болсон билээ.

Цукерберг Facebook “dislike” нэмэхээ амлав

Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг Калифорнид хуралд оролцох үеэрээ dislike буюу Таалагдахгүй байна сонголтыг оруулахаа амлалаа. Facebook компани энэ тал дээр ажиллаж байгаа бөгөөд мөдхөн туршилтын журмаар оруулах аж. Dislike-ийг оруулах эсэх асуудал олон жилийн турш яригдаж байгаа. Үүнийг оруулах нь жаахан түвэгтэй хэмээн Цукерберг хэлж байсан. Хүмүүсийн зураг, постонд Таалагдахгүй байна хэмээн дарах боломжийг олговол жинхэнэ эмх замбараагүй болно хэмээн үзэх ч хүмүүс байна. Dislike-ийг турших хугацаанд хэрэглэгчид ихээр таашаавал байнгын болгох ажээ.

Ж.Керри: Оросууд Асадыг дэмжсэнээр хямралыг хурцатгаж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярилцахдаа, Кремлийн эрх баригчид Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжсэнээр хямралыг өргөтгөж, байдлыг улам хурцатгаж байна хэмээн онцолжээ. Асадыг дэмжсэнээр терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэлд амжилт олохгүй хэмээн Керри үзжээ. АНУ 60 орчим орныг татан оролцуулсан “Исламын улс”-ын эсрэг тэмцэлдээ үнэнч үлдэнэ хэмээн батлав. ОХУ “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд идэвхтэй оролцвол АНУ талархан хүлээж авна хэмээн дамжууллаа. Сирийн хямралыг шийдэх ганц гарц нь Асадыг эрх мэдлээс зайлуулах хэмээн Вашингтон үзэж байгаа юм. Москва Сирийн Ерөнхийлөгчийг дэмжсээр байвал АНУ Оросыг ганцаардуулах бодлогоо үргэлжлүүлнэ хэмээн Төрийн департаментаас хэд хоногийн өмнө мэдэгдэж байсан билээ.

Хойд Солонгос цөмийн реактороо ажиллуулж эхлэв

Хойд Солонгос Йонбен дахь цөмийн реактороо бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэллээ хэмээн тус улсын мэдээллийн агентлаг уламжлав. Йонбен дахь цөмийн байгууламжийн уран баяжуулах үйлдвэр, таван мегаваттын бал чулууны реакторыг шинээр, орчин үеийн технологиор барьж бүрэн хүчин чадлаараа ажиллах боллоо хэмээн Хойд Солонгосын Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн захирал ярьжээ. Пхеньян цөмийн реактороо ажиллуулж эхэлснийг Америкийн мэргэжилтнүүд сануулж байсан нь ийнхүү батлагдав. “АНУ болон бусад дайсагнагч хүчнүүд Хойд Солонгосын эсрэг утгагүй, хорлонтой бодлогоо үргэлжлүүлсээр байвал бид ямар ч үед тэдэнтэй тооцоо бодож, цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн” хэмээн мэдэгдэлд онцолсон байна.
Йонбен дахь цөмийн реактор 1980 онд баригдсан. 1994 онд Пхеньян хүнсний тусламж авахын тулд реактороо зогсоож байв. Дараа нь 2002, 2007 онд дахин ажиллуулж, дэлхий нийтээс эрчим хүчний тусламж авахын тулд дахин зогсоож байжээ. Реакторыг ажиллуулах явцдаа нийтдээ 34-36 кг плутони (Цөмийн зэвсгийн гол бүрэлдэхүүн) гаргаж авсан гэж үздэг. Хойд Солонгос Йонбений цөмийн реакторын тусламжтайгаар 2006, 2009 онд плутонийн цөмийн зэвэг туршиж байсан юм. 


Башар Асад: “Европ дүрвэгчдэд санаа зовж байгаа бол мөн террористуудыг дэмжихээ болих хэрэгтэй

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Европын бодлогыг хатуухан шүүмжлэв. “Сирийн дүрвэгчид хэдэн зуугаараа Европ руу орж, тэд ихээхэн сандарч байх шиг байна. Яагаад ийм байдалд хүрэв ээ гэдгийг сайн эргэцүүлээрэй. Тэд үнэхээр цагаачид, дүрвэгсдийн асуудалд санаа зовниод байгаа бол террористуудыг дэмждэгээ бас болих хэрэгтэй. Эдүгээ Европ тивийг донсолгоод байгаа асуудал болон Сирийн хямралын талаар бид ийм бодолтой байна. Дүрвэгсэд, цагаачдын бэрхшээлийн гол учиг, зангилаа нь энд байгаа юм” хэмээн Дамаскийн лидер ярьсныг Оросын “РИА Новости” агентлаг уламжлав. АНУ болон Европын тэргүүлэх гүрнүүд Башар Асадын дэглэмийг унагахын тулд Сирийн босогчдыг дэмжиж, өөгшүүлснээр Сирид иргэний дайн дэгдэж, улмаар олон зуун мянган хүн дүрвэхэд хүргэсэн хэмээн үзэх хүмүүс байдаг аж. Европ руу орж ирж байгаа олон мянган цагаач, дүрвэгч нь Сирийн дотоодын дайн, хямралаас зугтсан хүмүүс юм.
Б.Асад бүх хүч, хөдөлгөөнийг Сири дахь терроризмын эсрэг нэгдэхийг уриалаад “Сиричүүд бид яриа хэлэлцээ, улс төрийн арга замаар энхийн зорилгодоо хүрэх ганцхан зам бол хүчээ нэгтгэх. Бид олон хэсэг болж хоорондоо арцалдсанаар зөвхөн эмгэнэл, гамшигт хүрнэ” хэмээн онцоллоо. Гэвч Сири дахь терроризм, алан хядагч, хэт даврагсдыг устгаагүй цагт зөвшилцөлд хүрч, улс төрийн яриа хэлэлцээг эхлүүлж чадахгүй хэмээн тэрээр хэлж байна. “Хүмүүс алуулж хядуулж, цус урсалт зогсоогүй, хүмүүс аюулгүй гэдгээ мэдрээгүй цагт ямар ч зүйл хийх боломжгүй” хэмээн Сирийн Ерөнхийлөгч Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Дамаскийн засаг төрийн тэргүүн Сирийн улс төрийн хүчнүүд, Засгийн газарт байгаа болон эрх мэдлээс гадуур байгаа хүчнүүд ч, улс орны эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах ёстой хэмээн үзэж байгаа аж. “Жирийн нэгэн сири иргэнээс асуугаад үзээрэй, та одоо юу хүсч байна гэж. Тэр эргэлзэх юмгүй “Бүгдэд аюулгүй, тогтвортой байдал” гэж хариулна” хэмээн Асад өгүүлэв. Ерөнхийлөгч мөн Сирийн нийгэм дахь олон үндэстний асуудлыг хөндлөө. “Курд үндэстнүүд нь Сирийн нийгмийн нэг хэсэг, тэд гадаад, харь хүмүүс биш. Курдууд энэ газар нутаг дээр арабууд, сиркасян, армян болон бусад үндэстэн, шашинтны хамтаар амьдарсаар ирсэн. Бидний хамтын амьдрал бид санах ч үгүй эрт дээр үеэс эхэлсэн” хэмээн ярилаа.