Балетийн бүжигчин Б.Энхтуул: Өөрийгөө хүндэлж, үнэлдэг хүн
сонгодог урлагийг сонирхож, ойлгодог
Балетийг гоо сайхан,
төгс төгөлдөрийн илэрхийлэл гэдэг. Сонгодог урлагийн хаан-балетийг монголчууд
ойлгож, сонирхох нь их болсон. Эцэг, эхчүүд ч хүүхэддээ багаас нь балет, төгөлдөр хуур зэрэг сонгодог
урлагийн боловсрол олгоход нэлээдгүй анхаардаг болсон билээ. Улсын Дуурь
бүжгийн эрдмийн театрын балетийн гоцлол бүжигчин Б.Энхтуултай уулзаж ярилцлаа.
-Таныг манайд байдаг мэргэжлийн цөөхөн хэдэн балетчдийн
нэг гэж сонссон. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Баттөмөрийн Энхтуул гэдэг. Би 1996 онд
ОХУ-ын Пермь хотын балетийн сургуулийг төгссөн. Тэнд мэргэжлийн балетийн
бүжигчнээр найман жил сурсан. Сургуулиа төгсөж ирээд л Улсын Дуурь бүжгийн
эрдмийн театрт ажиллаж байна. Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин.
-Гадаадад мэргэжлийн балетийн бүжигчинг багаас нь
бэлтгэдэг. Манайд ямархуу байдаг юм бол?
-Тийм ээ. Мэргэжлийн
балетийн бүжигчдийг багаас нь сургаж бэлтгэх ёстой. Дөрвөн наснаас нь эхлэн
хувийн балетийн сургалтад хамруулж, суурийг нь бага багаар тавьж байгаад 10-12
настайд нь мэргэжлийн сургуульд оруулдаг. Манай Хөгжим бүжгийн коллеж 12 настайд
нь хүүхдүүдээ элсүүлдэг. Балет өөрөө маш нарийн мэргэжил. Бусад бүжгийн төрлөөс
олон талаараа ялгаатай. Учир нь балет бие бялдрын төгс чанарыг шаарддаг юм.
Хамгийн хэцүү нь гэвэл, хүссэн хүн бүхэн тэнцээд байдаггүй.
-Балет бол хүнд, хэцүү урлаг гэсэн ойлголт байдаг л даа.
Балетийн гоё сайхан нь юундаа байдаг вэ?
-Мэдээж сонгодог
урлаг амар байна гэж
байхгүй. Бух урлаг төгс төгөлдөр, гоо
сайхны шаардлага тавьдаг
шүү дээ. Бид үүнд тэмүүлэхийн тулд байнгын бэлтгэл сургуулилт хийдэг. Балет өөрөө тайзан дээр тоглогддогоороо
онцлогтой. Тиймээс байнга “амьд” тоглолт хийдэг гэсэн үг. Тоглолт бүр дээр
төгс сайхан байхын тулд бүжигчин бэлтгэл сургуулилтыг тогтмол сайн хийх хэрэгтэй болдог. Хамаг
хүнд хэцүү, дасгал сургуулилт нь бэлтгэлийн танхимд явагддаг юм. Гэхдээ мэргэжилдээ дуртай
болохоор тийм хүнд хэцүү санагддаггуй. Харин дасгал сургуулилт
хийхгуй удвал бие хөшөөд хэцүү байдаг.
-Балетийн эмэгтэй бүжигчдийн хувьд жингээ барих, хүүхэд
төрүүлэх зэрэгт онцгойлон шаардлага тавьдаг уу?
-Бүжигчин хүний хувьд хэдхэн зуун гр нэмэхэд л мэдэгдээд, өөр болоод явчихдаг. Мэдээж гоолиг сайхан бие дээр л бүжгийн уран
хөдөлгөөн, өгүүлэмж тод сайхан харагдана. Тиймээс байнга хяналт тавьж байхгүй
бол болдоггүй. Харин хүүхэд төрүүлэх тухайд бол ямар нэг хязгаарлалт тавихаа
больсон. Хувь хүний зохион
байгуулалт их чухал.
-Урлаг, спортын хүмүүс эрт тэтгэвэрт гардаг. Балетийн
бүжигчид хэдэн насандаа тэтгэвэрт гардаг вэ?
-Бид 20 жил ажиллаад
тэтгэвэртээ гардаг. Тодорxой насанд хүрээд хурд, хүч саараад эхэлдэг юм. Гэхдээ
мэргэжлээ үнэхээр сайн эзэмшсэн хүмүүс байлгүй яаxав. Тэд 20 жил бүжиглэсэн ч
үргэлжлүүлэн бүжиглэсээр байдаг.
-Балетаараа дэлхийд гайхагддаг улс бол яах аргагүй Орос. Одоо ч хэвээрээ юу?
-Тийм ээ. Гэхдээ бүх юм хөгжиж байгаатай зэрэгцэн
сонгодог урлаг ч дэлхий даяар жигдхэн хөгжиж байна. Одоо тэр, энэ улс гэхээсээ
тэр театрийн бүжигчид л гэж ярьдаг болсон.
-Одоо гадаадад балетаар сурч байгаа монгол хүүхдүүд байна уу.
Монголчууд Вагановын балетийн их сургууль руу их явдаг байсныг санаж байна...?
-Тийм ээ, Ленинградын
(одоогийн Санкт-Петербург) Вагановын балетийн сургуулийг манай олон залуус
суралцаж төгссөн. Одоо Вагановын нэрэмжит Оросын балетийн академи гэдэг болсон.
Тэд одоо ч Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүжиглэж байна. Эдүгээ Пермь
хотын балетийн сургуульд Монголын 12 хүүхэд суралцаж байна. Тэд дөрөв дэх
жилдээ суралцаж байгаа. Би 1996 онд төгссөн. Түүнээс хойш хэдэн жил тасарч
байгаад 2009 онд монгол хүүхдүүд тийшээ явсан даа.
-Та саяхан балетийн бүжгийн сургууль нээсэн гэсэн. Энэ төрлийн сургууль
цөөнгүй байх шиг байдаг. Сургуулийнхаа талаар сонирхуулаач?
-Би анх сургуулиа 2007
онд байгуулсан. Харамсалтай нь ажлын хажуугаар амжихгүй учир түр завсарлаад
байсан юм. Сонгодог урлагийг үздэг, сонирхдог,
түүний бүх сайхан зүйлийг нь мэдэрдэг бүжигчин, суралцагч, үзэгчдийг бэлтгэх нь
миний зорилго. Балетээр хичээллэж байгаа төдийгүй балет үзэж байгаа хүмүүс
хүртэл нуруу, бие нь тэгшрээд сайхан болоод ирдэг. Хүүхдээ багаас нь сонгодог урлагт дасгаж, үзүүлж,
хичээллүүлснээр хүүхдийн хүмүүжил төлөвшилд
эерэгээр нөлөөлдөг. Манай сургуульд балет төдийгүй төгөлдөр хуур, уран зураг,
калиграф зэрэг сонгодог урлагийн хэд хэдэн төрлөөр сургалт явуулж байна.
-Бүх насныхан танайд хандаж болох уу?
-Дөрвөн наснаас эхлээд
хамрагдаж болно. Томчуудын хувьд насны хязгаар байхгүй. Балетаар хичээллэх
хүсэлтэй хүн бүхэн манайд ирж болно. Манай сургууль балетийн таван багштай.
Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулж цогц сургалт явуулж байна. Бид City Ballet сургуулиа Шинэ Дөл хотхонд нээсэн. Шинэхэн, тохилог орчинд хүүхдүүдээ хүлээн авч байна. Сонирхсон хүмүүс ......... утсаар холбогдож
болно.
-Миний хүүхэд хэдий хугацааны дараа балетчин шиг гоё бие бялдартай
болох бол гэж эцэг эхчүүд сонирхдог ... ?
-Тийм ээ. Ингэж асуух
хүмүүс олон байдаг. Балетийн үндсэн дасгалууд нь бүжиглэх суурийг нь тавьж өгдөг.
Хичээлд яваад нэг сарын дотор л мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Тиймээс эхнээс нь
сууриа зөв тавибал үр дүн нь бие бялдар дээр богино хугацаанд мэдрэгддэг юм.
-Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт ням гариг бүр тоглолттой
байдаг. Монголчууд балет, сонгодог урлагийг аль хэр сонирхож, ойлгож байна вэ?
Таны бодлыг сонирхоё.
-Нэг үеэ бодвол балетийг
харьцангуй их үздэг болсон. Тоглолттой өдрүүдэд кассан дээр тасалбар
дуусчихдаг. Ер нь хүмүүс ойлгож, сонирхож эхэлж байгаа нь харагддаг. Хүмүүс
харьцангуй өөрийгөө боловсруулж, хөгжүүлэхийг хичээдэг болж. Ер нь өөрийгөө
хүндэлж, үнэлдэг хүн сонгодог урлагийг үзэж, сонирхож, ойлгодог. Нөгөө талаар,
Монголын сонгодог урлаг, балетийн хөгжил олон улсын хэмжээнд явж байгааг
хэлмээр байна. Гадаад улс орнуудад тоглогдож байгаа бүхий л балетийг манайд
тавьж байна. Гол дутагдалтай тал нь хүн, хүч багатай. Хөгжим бүжгийн
коллеж балетийн ангидаа элсэлт авдаг ч жил бүхэн төгсөлт хийдэггүй. Хоёр,
гурван жилд нэг удаа төгсөлт хийдэг юм. Сурах хугацааны хувьд ОХУ-д найман жил
байдаг бол манайд зургаан жил. Одоогийн байдлаар манайд мэргэжлийн балетийн
бүжигчин гэхэд 30 орчим л байна.