Thursday, March 27, 2014

Цайлган Эрендира болон сэтгэлгүй эмээгийнх нь итгэмээргүй бөгөөд гунигтай түүх

                                            
                                                        Габриель Гарсия Маркес


Гай зовлонгийн салхи эргэх үед Эрендира эмээгээ усанд оруулж байлаа. Хүчтэй салхины түрүүч орж ирэхэд цөлийн ганцаардалд төөрсөн сар мэт цагаан өнгөтэй том шавар байшин сууриа хүртэл ганхжээ. Гэвч Эрендира болон түүний эмээ тэрхүү байгалийн өршөөлгүй аюул, эрсдэлд зориулж бүтээгдсэн тул олон тогос болон тоглоомон шигтгээгээр чимсэн Ромын үеийн угаалгын өрөөнд байхдаа салхины хүчийг бараг анзаарсангүй. Нүцгэн, том биетэй эмээ гантиг чулуун онгоцон доторх сайхан цагаан халим шиг харагдах аж. Дөнгөж арвандөрөв хүрээд байсан ач охин нь сул дорой, туяхан биетэйн дээр насандаа баймгүй хүлцэнгүй ноомой. Тэрээр гоё үнэртэй навч, ариусгагч ургамал хийж буцалгасан усаар эмээгээ далдын хүч шингэсэн мэт дэндүү удаан, нямбай гэгч булхаж байхад тэдгээр навч, ургамал нь нойтон нуруу, сул мөнгөлөг үс болон усан цэргүүд хайр найргүй шивээс хийж орхисон хүчирхэг мөрөн дээр нь наалдан хоцорч байлаа.
-Би захиа хүлээж байна гэж урьд шөнө зүүдэллээ гэж эмээ хэллээ.
Зайлшгүй шаардлага гараагүй л бол үг дуугардаггүй Эрендира,
-Ямар гаригт тэгж зүүдэлсэн юм бэ хэмээн асуув.
-Пүрэв гаригт.
-Тэгвэл муу мэдээ дагуулсан захиа байж дээ. Гэвч тэр захиа хэзээ ч ирэхгүй хэмээн Эрендира өгүүлэв.
Охин эмээгээ усанд оруулж дуусаад унтлагын өрөөнд аваачлаа. Тэр их тарган лагс тул зөвхөн ач охиныхоо мөрийг, эсвэл хамба ламынх шиг таяг түшин явдаг байлаа. Ингэхдээ ихэд зүдэргээтэй чармайлт гаргадаг байсан нь хүч чадлынх нь үлдэгдлийг харуулна. Бүхэл бүтэн байшин шиг хэтэрхий, бараг солиорсон гэмээр гоёж чимэглэсэн унтлагын өрөөнд Эрендира эмээгээ арчилж тордох гэж хоёр цаг зарцуулжээ. Үснийх нь ширэлдээг ширхэг ширхэгээр гаргаж, үнэртэй ус түрхэж, самнаж, эргэн тойрон цэцэгтэй хувцас өмсгөн, болор нунтган энгэсэг нүүрэнд нь түрхэж, уруулыг нь улаанаар будлаа. Хацрыг нь өнгөлж, сормуусыг нь дэрвийлгэн, хумсыг нь чийдэв. Охин эмээгээ хүний биеэс том хүүхэлдэй шиг гоёж гоодоод хувцсан дээрх цэцэг шиг нь бүгчим, хиймэл цэцэрлэгт аваачиж хааны сэнтий мэт суурьтай өргөн сандал дээр суулган том яндан шиг дуутай хөгжим тавин орхилоо.
Эмээ өнгөрснөө дурсан гиюүрч байх хооронд Эрендира хачин сонин тавилга, санаанаасаа зохиосон Цезарийн хөшөөнүүд, дотор зэвүүцэм аалз, шаазан сахиусан тэнгэрүүд, алтан эмжээртэй төгөлдөр хуур болон янз бүрийн хэмжээ, хэлбэр бүхий цагтай харанхуй, алаг эрээн байшингаа цэвэрлэхээр явлаа. Довжоон дээр нэлээд зайтай булгийн усыг дусал дуслаар олон жилийн турш хурааж дүүргэсэн том сав байх ба хажуугийн дугуй хашаан дотор тэрхүү зэвэргэн хахир шуургыг тэсч гарч чадсан цорын ганц өдтэй амьтан болох эцэж ядарсан тэмээн хяруул байх аж. Гайтай салхи үлээхэд ганцаардаж, цөхөрсөн ухнууд амь тавьдаг, ядуу тарчиг, халуу шатсан гудамжтай зэрэгцэн орших цөлийн гүнд тэрхүү байшин бүхнээс зайдуу байдаг байлаа.
Тэрхүү үл ойлгогдом оромжийг эмээгийн нөхөр, Амадис хэмээх домогт хууль бус наймаачин барьсан юм. Амадис мөн Амадис хэмээх нэртэй нэг хүүтэй байсан нь Эрендирагийн эцэг ажээ. Энэ гэр бүлийн гарал үүсэл, хүсэл зорилгыг хэн ч мэддэггүй байлаа. Ард иргэд ам дамжуулан ярьдаг нэг зүйл гэвэл, эцэг Амадис Антилийн янхны газарт нэгэн эрийг олон удаа хутгалан алж, үзэсгэлэнт эхнэрээ авч зугтаагаад цөлийн гүнд ирж суурьшжээ. Эцэг, хүү Амадис нэг нь халуурч элийрэн, нөгөө нь өрсөлдөгчдийнхөө суманд сийчүүлэн амиа алдахад эхнэр нь арвандөрвөн хөл нүцгэн үйлчлэгч бүсгүйг алж, нөхөр, хүүгийнхээ цогцсыг довжоон доороо оршуулж, мэндлэхээс нь авахуулаад харж өсгөсөн бутач ач охиныхоо асаргаа сувилгааны ачаар нууц байшингийнхаа сүүдэрт агуу мөрөөдлөө хариулан суух болсон юм.
Эрендира цагны баадууг чангалж, тааруулах гэж зургаан цаг болдог байв. Цагны баадуу маргааш өглөө хүртэл хүрэлцээтэй байдаг тул гай зовлон нь эхэлсэн энэ өдөр тэрээр үүнийг хийх хэрэггүй болсон юм. Үүний оронд эмээгээ усанд оруулж, хувцаслаж, шалаа угааж, өдрийн унд бэлтгэж, шилэн эдлэлээ гялалзуулах хэрэгтэй болжээ. Арваннэгэн цаг болж байхад тэмээн хяруулд тавьж өгдөг усыг сольж, эцэг, хүү Амадисын шарилын хажуу талбайн зүлгийг усалж байхдаа тэвчишгүй болж ирсэн салхийг сөрөн зогсох хэрэгтэй болов. Гэвч энэ нь түүний гай зовлонгийн салхи байсан гэдгийг төсөөлсөн ч үгүй. Арванхоёр цагт дарсны хундагануудыг зүлгээд дуусч байтал шөл зөөлөн буцалж буй үнэр гарч гал тогоо руу гүйж явахдаа Венецийн шилэн эдлэлээ золтой л хагалж орхисонгүй.
Ширмэн дээр дэврэн асгарч байсан савыг бушуухан зайлуулж дөнгөлөө. Дараа нь хөшиглөөд бэлдчихсэн махаа гал дээр тавиад гал тогооны сандал дээр суун түр амсхийх зав гарчээ. Нүдээ аниж, дараа нь ядраагүй мэт нүдээ нээн шөлийг том саванд хийв. Тэр унтаагаараа ажиллаж байлаа.

No comments:

Post a Comment