Monday, May 12, 2014



“Лос Анжелес Клипперс”-ийн эзэн уучлал гуйлаа

НБА-гийн “Лос Анжелес Клипперс” багийн эзэн Дональд Стерлинг арьс өнгөөр ялгаварласан үзэл гаргаж шуугиан тарьсныхаа дараа анх удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө уучлалт гуйжээ. “Би арьс өнгөөр ялгаварлагч биш. Би том алдаа гаргасан, тэр алдаа дахиж давтагдахгүй. Би уучлал гуйхаар энд ирлээ” хэмээн тэрээр ярилаа. Калифорнийн клубын тэргүүний суудлаа алдах дээрээ хүрээд байгаа Стерлинг НБА-гийн бусад багийн удирдлагуудад хандаж дэмжлэг хүсчээ.
Стерлинг хар арьстнуудыг доромжилсон ярианыхаа төлөө НБА-гийн тоглолт үзэх эрхээ насан туршдаа хасуулж, 2.5 сая доллараар торгуулсан юм. Тэрээр найз бүсгүйдээ хандаж “Хар арьстнууд байдаг “Клипперс”-ийн тоглолтод намайг битгий авчирч бай. Харуудтай хамт битгий зураг аваад бай” гэх зэргээр ярьж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан юм. Стерлингийн мэдэгдлийг сагсан бөмбөгийн олон нэртэй зүтгэлтэн, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шүүмжилсэн билээ. НБА-гийн удирдлага мөн Стерлингийн эхнэр Рошельд хориг тавьж, “Лос Анжелес Клипперс”-ийн хувьцааны хяналтын багцыг эзэмшихийг хориглосон гэсэн мэдээлэл байна. 

No comments:

Post a Comment