Thursday, May 29, 2014

Сноуден жинхэнэ тагнуулчаар бэлтгэгдсэн байжээ

Тагнуулын мэдээлэл цуглуулан хадгалдаг тун хүчтэй програмд нэвтрэн хулгайлсан мэдээллээ олон нийтэд түгээсэн АНУ-ын Үндэсний тагнуулын агентлагийн (NSA) экс ажилтан Эдвард Сноуден тагнуулчаар бэлтгэгдэж, Вашингтоны тусгай алба, тагнуудын агентлагуудад нууцаар ажилладаг байснаа хүлээн зөвшөөрлөө. Америкийн NBC телевиз Москвад очиж хийж, өчигдөр эфирээр цацсан ярилцлагын хэсэг ийнхүү хэвлэлээр тараад байна. Тэрээр бага түвшний, сайн биш шинжээч байсан гэх яриаг эрс няцаасан юм.
“Би тагнуулчаар бэлтгэгдсэн. Энэ үг ямар утгатай байдаг билээ дээ, яг л тэрүүгээр буюу тагнуулчаар бэлтгэгдсэн хүн. Гадаадад дүр эсгэж тагнуулчийн ажлаа хийж, амьдарч үзсэн. Үүний тулд таньж мэддэггүй ажлаа хүртэл хийх гэж оролдож явлаа. Тэр бүү хэл, надад өөр нэртэй паспорт олгож гадаад руу явуулж байв” хэмээн Сноуден ярьжээ. АНУ-ын Төрийн департаментын нууц мэдээллийг ил болгоод эх орноосоо зугтан Орост ирж бүгээд байгаа экс тагнуулч өөрийгөө “техникийн шинжээч” хэмээн тодорхойлов. “Би хүмүүстэй цуг сууж ажилладаггүй. Би тагнуулч элсүүлдэггүй. Миний хийдэг зүйл бол Америкийн нэгдсэн улсад зориулсан үйл ажиллагааны систем, программ хангамжийг хариуцах. Би энэ ажлыг бүр багаас нь  эхлээд дээд түвшинд нь хүртэл ажиллаж байсан” хэмээн Эдвард ярилаа.
Мань эр гадаадад Тагнуулын төв газарт ч, Үндэсний тагнуулын агентлагт ч ажиллаж байсан гэдгээ онцолж хэлсэн юм. Тэрээр “мэдээллийг хадгалах” арга хэлбэр, эх үүсвэрийг хөгжүүлэх тал дээр ажилладаг байв.
Э.Сноуден АНУ-ын төрийн нууц мэдээллийг задруулсныхаа дараа эхлээд Хонконг руу зугтсан юм. Дараа нь Москвад очихдоо 1.7 сая маш нууц баримт, материалыг цахим хэлбэрээр авч очсон хэмээн үздэг. Америкийн Үндэсний тагнуулын агентлаг иргэдийн цахим шуудан, гар утасны дуудлага зэргийг хянаж, чагнадаг байсан тухай мэдээлэл ийнхүү алдагдсан юм. Вашингтоны эрх баригчид хэдэн сая иргэнийхээ интернэтийн хэрэглээг тагнахын тулд тусгай программ, хөтөлбөр боловсруулан ажилладаг нь одоо нууц биш болжээ.

Сноуден албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн өмчийг хулгайлсан, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чанартай мэдээллийг санаатайгаар тараасан, бусдад дамжуулсан хэрэгт буруутгагдаад байгаа. Тэрээр Орост түр буюу хоёр жилийн хугацаагаар оршин суух эрх аваад байгаа билээ. Сноуден Оросыг орхиж Герман руу гарах санаатай байсан ч бүтээгүй аж. 

No comments:

Post a Comment