Tuesday, May 27, 2014



Эндрю Вайс: Хориг арга хэмжээ бол зүгээр л үйл явц

АНУ Украины хямралын улмаас ОХУ-ын эсрэг хамгийн түрүүнд хориг арга хэмжээ авсан билээ. Вашингтон Оросын хэд хэдэн түшмэл болон 17 компанийн АНУ дахь дансыг царцаасан юм. АНУ-ын хориг арга хэмжээний талаар Ерөнхийлөгч Билл Клинтоны үед Оросын талаар зөвлөж байсан Эндрю Вайс ярьж байна. Тэрээр эдүгээ Вашинтон дахь Карнеги сангийн дэд тэргүүний алба хашдаг.

-Яагаад АНУ гагцхүү энэ цаг мөчид Оросын эсрэг хориг арга хэмжээ авах болов оо?

-АНУ-ын засаг захиргаа Украинд жинхэнэ хямрал ажиглагдаж эхэллээ гэж үзээд үүнийг шийдвэрлэхэд дөрвөн талаар дэмжих шаардлагатай гэж тогтсон. Киевийн Засгийн газарт тусламж үзүүлэх, Европын холбоотой үйл ажиллагаагаа уялдуулах, эмх замбараагүй байдлаас болгоомжилж байгаа хуучин ЗХУ-ын орнуудыг дэмжих, тэгээд Оросыг үе шаттайгаар тусгаарлаж, ганцаардуулахыг оролдох.

-Энэ тохиолдолд дахиад хориг арга хэмжээ авах бололтой. Вашингтоноос юу хүлээж болох вэ?

-АНУ болон Европын холбоо үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж чадахаас хамаарна. Өөр хүчин зүйл бас байна. Саяхан АНУ-д янз бүрийн яамны мэргэжилтнүүд, тэр тусмаа Цагаан ордны засаг захиргааныхан оролцсон зөвлөгөөн болсон. Тэнд Оросын эсрэг авч байсан урьд өмнийн, одоогийн хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар ярилцсан хэмээн ойлгогдсон.

-Тэгээд яаж нөлөөлж байна гэсэн юм бол?

-Энэ талаар ярихад эрт байна. Үнэлж, дүгнэхэд цаг хугацаа хэрэгтэй. Оросын ааш авир, үйлдлээс их зүйл хамаарна.

-Тэгэхээр өрнөд дараа нь ямар арга хэмжээ авахаа тодорхойлоогүй, шийдээгүй байгаа бололтой..?

-Хориг арга хэмжээ бол зүгээр л үйл явц. Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сард Манилад мэдэгдэхдээ, одоогийн хориг арга хэмжээ үр дүнгээ өгөх эсэхийг мэдэхгүй байна гэсэн. Ерөнхийлөгч “нэг зэрэг бүх сумаа тавихыг” хүсэхгүй байгаагаа хэлж байсан л даа. Москва Украины зүүн өмнөд нутагт цэргээ оруулах эсэхийг бүгд хүлээж, харж байна.

-Европын холбоо хориг арга хэмжээг дэмжилгүй АНУ-ыг ганцаардуулна гэж байх уу. Европын холбооны хувьд Америкаас илүү Оростой эдийн засгийн сайн харилцааг эрхэмлэж байж болох талтай. Тэгээд ч Европарламентад тавдугаар сарын сүүлчээр сонгууль болно. Европууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь хэр үр дүнтэй юм бол?

-Европын лидерүүд хатуу чанд шийдвэр гаргахыг нөхцөл байдал шаардаад байна. Германы канцлер Ангела Меркел дараагийн арга хэмжээг авахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан. Бусад улстөрч ч энэ талаар дуугарч байна. Хэдийгээр Европын парламентад сонгууль болж, үйл ажиллагааг нь түр саатаад байгаа ч Европын орнууд Оросын эсрэг дахин арга хэмжээ авах ёстой хэмээн үзэж байна.  


No comments:

Post a Comment