Wednesday, May 21, 2014




М.Кабалье 508 мянган еврогийн татварын өр барагдуулжээ

Дэлхийн дуурийн нэртэй дуучин Монсеррат Кабалье Испанийн Татварын албанд 508 мянган еврогийн татварын өрөө барагдуулж дуусчээ. Тэрээр Андоррад амьдарч байгаа дүр эсгэж тоглолтын орлогоос төлөх татвараа бултуулж байсан нь илэрсэн юм. Кабалье энэ сарын эхээр 300 мянган евро төлөөд байсан бөгөөд өчигдөр 208 мянган евро нэмж Татварын албатай тооцоо дуусчээ. Эдүгээ 81 настай нэрт дуучин татварын өргүй болсон ч татвараас зайлсхийсэн хэргээр шүүхийн танхимд дуудагдаж магадгүй байна. Мөн татвараа цаг хугацаанд нь төлөөгүй хэмээн торгуульд унах бололтой.   
Монсеррат Кабалье дэлхийн бүх алдартай, том театрт уригдаж, Паваротти, Доминго, Каррерас нартай хамтран дуулж байв. Тэрээр 1988 онд Queen хамтлагийн Фредди Меркуритэй хамтран Barcelona хэмээх дууг оркестр хөгжимтэй дуулсан нь тэр үедээ хит болж UK Singles Chart-д дээгүүр орж байжээ. 1991 онд Меркури нас барж, 1992 онд Барселонад зуны олимп болсноор Barcelona сингл болон Монсеррат Кабальегийн нэр хүнд “хаданд гарсан” билээ.

Google хамгийн үнэтэй брэнд боллоо

Америкийн интернет-компани Google дэлхийн хамгийн үнэтэй брэнд боллоо. Тус компанийн үнэ цэнэ өнгөрсөн нэг жилийн дотор 40 хувиар өсч 159 тэрбум долларт хүрч Apple-ийг тэргүүн сэнтийгээс нь буулгалаа. Цахим тоног төхөөрөмжийн Аpple компани гурван жил дараалан дэлхийн шилдэг брэндээр нэрлэгдэж байсан юм. Google компани Google нүдний шил, Android үйлдлийн систем зэрэг технологийн дэвшил гаргаж ирснээрээ лидер боллоо хэмээн Millward Brown Optimor судалгааны байгууллагын тэргүүн Ник Купер ярилаа. Энэ оны дэлхийн шилдэг арван брэндээр IBM, Microsoft, McDonald's, Coca-Cola, Visa, AT&T, Marlboro и Amazon шалгарчээ.

Гэлэнмаа нар хүүхдийн садар самууны эсрэг тэмцэнэ

Шашны байгууллагууд энэ зун Бразилд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хүүхдийн садар самууны эсрэг тэмцэл өрнүүлэхээр болов. Бразилд энэ үзэгдэл идэвхжих хандлагатай байгаад итали гэлэнмаа Габриэлла Боттани санаа зовниж байна. Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн зэрэг олон нийтийн томоохон арга хэмжээний үеэр гэмт хэргийн байдал, хүүхдүүдийг муу зүйлд уруу татах нь эрс нэмэгддэг аж. 2006 онд Германд, 2010 онд Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн хамгийн том баяр, цэнгүүний үеэр хүүхдийг садар самуун зорилгоор ашигласан хэрэг нэлээн гарч байсан хэмээн гэлэнмаа ярилаа. Тэд нисэх онгоцны буудал зэрэг олон хүн цугласан газраас явж мэдээлэл, товхимол тараах ажээ.

“Дэлхийн цом”-ын хуулбарыг сүйтгэжээ


Үл мэдэгдэх балмад этгээдүүд Рио-де-Жанейро хотод хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын цомын зургаан метр өндөр хуулбарыг шатааж сүйтгэжээ. “Алтан дагина”-ын гоёмёог, том хуулбар хотын гол гудамжийг чимж, аялагч, жуулчдын нүдийг хужирлаж байсан ч ийнхүү байхгүй болжээ. Хөшөө байсан газраас хэдхэн км-ийн зайд Бразилийн шигшээгийн бэлтгэлийн бааз байдаг аж. Зарим сүсэг бишрэлтэй хүмүүс “Бразил аварга болохгүй юм байна” гэж байгаа бол “Харин ч өлзийтэй юм боллоо. Бразил аварга болох юм байна” хэмээн ярих хүмүүс ч байна. Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ хэсгийн эхний тоглолтоо Хорваттай хийх юм. 

No comments:

Post a Comment