Tuesday, December 15, 2015



Өмнөд Судан тусгаар тогтносон ч энх тайван ирсэнгүй

“Өмнөд Суданд сүйрэл, гамшгаас өөр юм алга” хэмээн Ихаф Куок цөхрөнгүй харцаар өгүүлж байна. “Динка цэргүүд чамайг нуэр гэж мэдэх юм бол тэгээд л дуусаа. Бүх нуэр үндэстнийг хүйс тэмтрэнэ гэж тэд хэлдэг юм. Тэднийг гэрт нь алж, бусдынх нь өмнө шатаадаг” хэмээн ярьж байна. Ихаф эмэгтэй дүү, шинэ гэр бүлийнхээ арван хүний хамтаар Өмнөд Суданы хилээс 100 км-т орших Кенийн Какума дүрвэгсдийн хуаранд амьдардаг. 32 настай Ихаф туулж өнгөрүүлсэн дайн, аймшгийн талаар ярихад хүүхдүүд ихэд гайхан сонсох ажээ.
Тэрээр өөр зургаан хүний хамтаар Юнит мужийн Пайнжар хотоос зугтаажээ. Олон жилийн дайн, аллага хүчирхийллийн дараа Өмнөд Судан нь 2011 оны доолдугаар сард Суданаас салж тусгаар тогтносон юм. Голлох хоёр үндэстэн болох нуэр, динка нарын хооронд эвлэршгүй ширүүн тэмцэл өрнөдөг ч тэд гэгээн сайхан мөрөөдөлтэйгээр тусгаар улсаа зарлаж байв. Дэлхийн хамгийн залуу улс дахь чимээгүй энх тайван тэр дороо л Ерөнхийлөгч Салва Кир (динка), дэд ерөнхийлөгч Риек Машар (нуэр) нарын хоорондох хардалт сэрдэлт болон хувирчээ. 2013 оны арванхоёрдугаар сард Кир Засгийн газраасаа нуэр үндэстнүүдийг хөөн зайлуулсан нь шинэ иргэний дайны эхлэлийг тавьжээ. Тэр цагаас хойш Өмнөд Суданд 50 мянган хүн амиа алдаж, хоёр сая орчим иргэн орон гэрээ орхиж, 50 мянга гаруй хүн орогнол хүсч хил даван дүрвээд байна. Тус улсад хүний эрх зөрчигдөж, иргэдийг тамлаж, хүчирхийлсээр байгааг хүний эрхийн байгууллагууд илчилсээр байгаа юм. Зугтах нь амьд үлдэх цорын ганц баталгаа болж байгаа ч тийм амаргүй аж.
“Тэндээс зугтаж гарахын тулд 1500 доллар зарцуулсан. Амь өрсөн зугтаж буй хүмүүст виз, хил нэвтрэх тал дээр  ямар ч ойлголт байхгүй” хэмээн Угандагаар дамжин  Кенид ирсэн Ихаф хэлж байна. “Зугтаах замдаа динка цэргүүдтэй таараад тэд нарын хэлийг мэдэхгүй бол шууд алуулна. Нэг найз маань алуулсан. Би тэдний хэлийг мэддэг болохоор амьд гарсан” хэмээн өгүүлж байна. Тэр болон бусад олон хүн тусгаар тогтнолыг баярлан хүлээж авчээ. Гэвч долдугаар сарын 9-ний түүхт өдрөөс хойш хэдхэн сарын дараа улс орны лидерүүд харгис, амиа бодсон дарангуйлагч болон хувирч, бүхнийг халааслах болсон аж. Өмнөд Суданы хямралд хүүхдүүд хамгийн ихээр хохирчээ. Түгшүүртэй, баталгаагүй байдлын улмаас улс орон даяар бүх сургууль хаагджээ. Өмнөд Суданд насанд хүрээгүй 15 мянган хүүхэд зэвсэгт бүлэглэлийн эгнээнд хүчээр алба хааж байна хэмээн ЮНИСЕФ-ээс мэдэгдсэн юм.

Кир, Машар нар өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр энхийн гэрээ байгуулсан ч олон улсын хамтын нийгэмлэг үүнийг ээлжит жүжиг хэмээн үзэж байна. Тэд гэрээнд гарын үсэг зурсан ч ямар ч бодитой, нааштай үр дагавар гарахгүй байгаа аж. Юнит мужид ард иргэдийг довтлох нь энгийн үзэгдэл болсныг 22 настай Ребека Найбуот өгүүлж байна. “Нуэр үндэстэн хаагуур байдгийг цэргүүд сайн мэддэг. Тэд нар машинтай, буутай хүрч ирээд л хүмүүсийг алчихаад хурдан арилаад өгдөг. Хүмүүсийг хулгайлдаггүй, тамладаггүй, зүгээр л буудаж алчихаад яваад өгдөг” хэмээн ярьж байна. Какума дүрвэгсдийн хуаран 1992 онд байгуулагджээ. Өнөөдөр 80 мянган хүний багтаамжтай 15 км кв талбайд нь 180 мянган хүн амьдарч байна. Мэдээж энд амьдрах орчин тийм таатай биш ч Дадааб дүрвэгсдийн хуаранг бодвол ус, хүнсний хамгамжаар хамаагүй илүү ажээ. Какума мужийн захиргаа саяхан дахин 25 км кв газрыг дүрвэгсдэд зориулахаар болоод байна. Одоогоор дэлхийн хамгийн залуу улс дахь энх тайван, тоггтвортой байдалд ямар ч дүрвэгч итгэхгүй байгаа юм. “Бид хэзээ ч энх тайвныг харсангүй. Харах ч үгүй байж мэднэ” хэмээн тэд өгүүлж байна.

No comments:

Post a Comment