Tuesday, December 15, 2015




Ж.Керри, В.Путин нар уулзжээ

Москва, Вашингтон хоёр Сирийн асуудлаар байр сууриа ойртууллаа хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. “Зарим талбар дээр бид санаагаа нэгтгэсэн. Сири дахь террорист бүлгүүдийг ангилж ялгах тал дээр санал зөрсөн. Бид хоёр талын хэлэлцээн дээр ямар тохиролцоонд хүрснийг одоо хэлж чадахгүй нь. Бид байр сууриа ойртуулж, хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх талаар ярилцсан” хэмээн Керри хэлжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  В.Путин, Ж.Керри нарын уулзалтыг үр дүнтэй болсон, Сирийн асуудлаар урагш алхсан хэмээн дүгнэжээ. Арванхоёрдугаар сарын 18-нд Нью-Йоркт Гадаад хэргийн сайд нарын түвшинд Сирийг дэмждэг бүлгүүдийн ээлжит уулзалт болох юм.

Адель тайзан дээр гараад уйлжээ

Британийн дуучин Адель сүүлийн дөрвөн жилд анх удаа тайзан дээр гарахдаа сэтгэл нь хөдөлж уйлжээ. Тэрээр арванхоёрдугаар сарын 14-нд Нью-Йоркт тайзан дээр гарсан юм. Адель When We Were Young дуулсны дараа үзэгчид босож алга ташин баяр хүргэжээ. “Би дуу, хөгжмөө санажээ. Бишрэн шүтэгчдээ гайхуулахын тулд гэнэт буцаж ирэхийг хүссэн. Энэ бол шинэ эхлэл гэдгийг мэдэрч байна” хэмээн дуучин бүсгүй өгүүлэв. Адель 2016 оны хоёрдугаар сард гаргах шинэ цомгоо сурталчилж томоохон хэмжээний аялан тоглолтоо эхлүүлээд байна. Түүний студид бичүүлсэн шинэ дуу Британийн, дэлхийн хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

120 кг цулбуурт загас барьжээ

Италийн Режо хотын загасчин Гризенди 120 кг жинтэй цулбуурт загас барилаа хэмээн Daily Mail уламжлав. Тэрээр Мантуи хотоос холгүй байдаг голоос энэ аварга загасыг барьжээ. 38 настай итали эр Гризенди 20 орчим жил загасчлалаар хичээллэж байгаа аж. “Би ийм загас хэзээ ч харж байгаагүй. Энэ бол зүгээр л мангас” хэмээн өгүүлэв. Тэрээр цулбуурт загасыг гаргах гэж цаг орчим ноцолджээ. Шведийн загасчин Эрик Акснер 100 кг жинтэй цулбуурт загас барьж байсан аж. Голоос ийм том цулбуурт загас гаргаж байсан тохиолдол анх удаа бүртгэгдэж байгаа ажээ.

НҮБ-ын тэргүүний сонгууль эхэллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөөх сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ. Одоогийн тэргүүн, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд асан Пан Ги Муны бүрэн эрхийн хугацаа 2016 оны эцсээр дуусах юм. Бүс нутгийн төлөөллийг ээлжлэн сонгодог журмын дагуу энэ удаа Зүүн Европын орны иргэн НҮБ-ын тэргүүн болох юм. Аюулгүйн зөвлөлийн ерөнхийлөгч, АНУ-ын элчин сайд Саманта Пауэр, Ерөнхий Ассамблейн тэргүүн, Данийн иргэн Могенс Люккетофт нар НҮБ-ын гишүүн орнуудад хандаж сонгуулийн шударга, ил тод байдлыг дээшлүүлэхийг уриалжээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд эмэгтэйчүүдийн өрсөлдөх боломжийг эрх тэгш байлгах санал дэвшүүлэв. 1945 оноос хойш зөвхөн эрэгтэйчүүд энэ албыг хашиж байгаа юм.

No comments:

Post a Comment