Sunday, December 20, 2015



Испанийн сонгуульд эрх баригч нам яллаа

Испанид парламентын сонгууль болж Ерөнхий сайд Мариано Рахойн тэргүүлдэг Ардын нам ялалт байгуулжээ. Тус нам 350 суудалтай парламентын 123 суудлыг авч үнэмлэхүй олонх болж чадсангүй. 2011 оны сонгуульд Ардын нам 186 суудалтай байсан юм. Гол өрсөлдөгч Социалист нам 90 суудал авчээ. Зүүний Podemos нам 69, либерал Ciudadanos нам 40 суудал авсан байна. Ойрын өдрүүдэд Засгийн газраа байгуулах хэлэлцээ эрчимтэй явах бололтой. Засгийн газар байгуулах хугацааг Үндсэн хуулиар зааж өгдөггүй. Үнэмлэхүй олонх болсон нам байхгүй тул эвслийн Засгийн газар байгуулаглахаар болж байна.

Словенийн иргэд ижил хүйстний гэрлэлтийг дэмжсэнгүй

Словени улсад ижил хүйстний гэрлэлтийг дэмжих эсэх талаар бүх нийтийн санал асуулга болж, ихэнх нь эсэргүүцсэн санал өглөө хэмээн Reuters уламжлав. Санал хураалтын комиссоос гаргасан мэдээгээр, иргэдийн 63 хувь нь ижил хүйсний гэрлэлтийг зөвшөөрөхгүй гэжээ. 37 хувь нь дэмжсэн санал өгчээ. Нийт саналын 96 хувийг боловсруулж гаргасан хэмээн мэдээлж байна. Энэ оны гуравдугаар сард Словенийн парламент ижил хүйстний гэрлэлтийн хуулийг хэлэлцэж 51 депутатын саналаар баталж байсан юм. Хууль батлагдсаны дараа хоёр мянга орчим иргэн парламентын ордны өмнө жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

“Барселона” клубүүдийн дэлхийн аварга боллоо

Японд клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв. Аваргын төлөө Өмнөд Америкийн “Либертадорес” цомын эзэн, Аргентины “Ривер Плейт” Аваргуудын лигийн цомын эзэн, Испанийн “Барселона”-тай туллаа. “Барса”-гийн Месси нэг, Луис Суарес хоёр гоол хийж өрсөлдөгчөө илүүрхэн хожиж, гурав дахв удаагаа клубүүдийн дэлхийн аварга болов. Хагас шигшээ болон аваргын төлөөх тоглолтод нийт таван гоол оруулсан Луис Суарес шилдэг тоглогчоор шалгарч Toyota автомашинаар шагнууллаа. Өмнөд Америк, Европын аварга баг ганцхан тоглож аваргаа тодруулдаг байсан Toyota Cup сүүлийн үед өргөжиж, тив бүрийн аварга баг (нийтдээ найман баг) оролцдог болсон юм.

Энхийн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй

Йемен дахь иргэний дайныг зогсоох энхийн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Зөвхөн хэлэлцээний дараагийн шатыг ирэх оны нэгдүгээр сард хийх тохиролцоогоор өндөрлөжээ. НҮБ-ын тусгай элч Исмаил Ахмед Швейцарьт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, хэлэлцээний үеэр гал зогсоох дүрмийг зөрчсөн ч бага зэргийн ахиц дэвшилд хүрсэн гэв. Сөргөлдөгч талууд олзны хүмүүсийг солилцох, зэвсэгт бүлэглэлүүдийг эргүүлэн татах, хүмүүнлэгийн тусламж хүргэх нөхцөлөөр хангах зэрэг асуудлаар ярилцсан байна. Талуудын гал зогсоох хүсэл эрмэлзлээс хэлэлцээний ирээдүй ихээхэн хамаарна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. 

No comments:

Post a Comment