Amnesty: ОХУ-ын агаарын довтолгоонд Сирийн 200 иргэн амиа
алдлаа
ОХУ-ын нисэх хүчин есдүгээр сарын сүүлчээс хойш Сирид
явуулсан агаарын довтолгооны улмаас Сирийн 200 орчим энгийн иргэн амиа алдаж,
нөхөж баршгүй хохирол учирсан хэмээн хүний эрхийн Amnesty International
байгууллага мэдэгдлээ. Тус байгууллага 16 гэрч, эмч нар болон хүний эрхийн
бүлгүүдээс авсан ярилцлага, мэдээлэл
дээр үндэслэн дээрх тооцоог гаргасан байна. Amnesty International Оросын нисэх
хүчин есдүгээр сарын 30-наас арваннэгдүгээр сарын 29-ний хооронд Хомс, Хаме,
Идлиб, Латаки, Алеппо хотын дүүргүүдэд өгсөн цохилтод дүн шилжилгээ хийсэн юм. Ойр
хавьд нь цэрэг, дайны ямар ч тодорхой бай байхгүй байхад зургаан цохилт арваад
энгийн иргэний аминд хүрсэн гэжээ. Тухайлбал, агаарын цохилт орон сууц,
эмнэлэг, зах, лалын сүм дээр ирж байсан аж. Арваннэгдүгээр сарын 29-нд Идлиб
мужийн Ариха хотын зах дээр Оросын гурван пуужин унаж 49 энгийн иргэний аминд
хүрсэн хэмээн үзэж байна.
ОХУ-ын эрх баригчид олон улсын хүмүүнлэгийн эрхийг
ноцтойгоор зөрчсөн хэмээн илтгэлд онцолжээ. Мөн оросуудыг хүн ам ихтэй газарт удирдлагагүй
тэсрэх бөмбөг, олон задардаг тэсрэгч ашиглаж асар их хохирол учруулсан хэмээн
буруутгасан юм. Одоогоор Кремль эдгээр буруутгалд ямар нэг хариу тайлбар
хийгээгүй байна. Оросын нисэх хүчний онгоцууд “Исламын улс” болон бусад хэт
даврагч бүлгийн байрлалд цохилт өгч байгаа хэмээн Москва мэдэгдэж байв.
Иймэрхүү илтгэлүүд нь ОХУ-ын Сири дахь ажиллагааг харлуулах гэсэн оролдлого
хэмээн нэрлэж байсан юм.
Сири дахь лалын босогчдын цэрэг, стратегийн байгууламжид
цохилт өгч байгаа Оросын нисэх хүчний довтолгоонд энгийн иргэд амь үрэгдэж
байна гэх буруутгалыг “мэдээллийн довтолгоо” хэмээн Ерөнхийлөгч В.Путин нэрлэсэн
билээ. ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтээр есдүгээр сарын 30-нд
агаарын довтолгоог эхлүүлжээ. Оросын онгоцууд Сирийн тэнгэрт хөөрөхөөс өмнө
оросуудын довтолгоонд энгийн иргэд амь үрэгдлээ гэсэн мэдээлэл гарч байсан аж.
ОХУ “Исламын улс” бүлгийг бус, Б.Асадыг эсэргүүцдэг аядуу сөрөг хүчний
бүлгүүдийг довтолж байна хэмээн өрнөдийн орнууд нэг бус удаа мэдэгдсэн. АНУ
тэргүүтэй холбоотны эвсэл “Исламын улс” бүлгийн байрлалд жил гаруй хугацаанд
цохилт өгч байгаа билээ.
No comments:
Post a Comment