Цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал өндөрлөв
Парист цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаарх
бага хурал өндөрлөж, оролцогчид эцсийн тохиролцооны төслийг боловсруулан гаргажээ.
Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус дээрх тохиролцоо батлагдвал түүхэн
баримт бичиг болно хэмээн мэдэгдэв. Төслийн дагуу 2020 он гэхэд агаар мандалд
цацдаг хорт хаягдлын эсрэг тэмцэлд хөгжиж буй орнуудад 100 тэрбум долларын
тусламж үзүүлэх юм. Ингэснээр дэлхийн дулаарлыг сааруулахад ихээхэн хувь нэмэр
болно хэмээн Фабиус үзэж байна.
Төслийн дагуу дэлхийн улс орнууд дулаарлын хэмжээг
үйлдвэрлэлийн өмнөх эрин үеийн хэмжээнд барьж, 1.5-2.0 градусаас илүү нэмэхгүй
байх үүрэг хүлээж байна. Бага хурлын оролцогчид хоёр долоо хоногийн турш
эрчимтэй хэлэлцээ хийсний эцэст төгсгөлийн баримт бичгийг боловсруулж чаджээ.
Хамгийн сүүлчийн хуралдаан хагас сайны шөнө төлөвлөснөөс 16 цагийн дараа
дууссан юм. Парисын бага хуралд дэлхийн 195 орны төлөөлөгч оролцжээ.
Одоо энэ баримт бичиг агаар мандалд цацагддаг хорт
хаягдлын 55 хувийг “хариуцдаг” 55 улсын парламентаар батлагдсанаар хүчин
төгөлдөр болох юм.
Хөгжингүй болон хөгжиж буй хамгийн олон улс орон цаг
агаарын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаар ийнхүү анх удаа тохиролцоонд хүрч
байна.
Агаар мандал дахь хорт хийн цацалт, хаягдлыг бууруулахад
баян орнууд нь ядуу орнууддаа туслахаар тохиролцлоо. 2020 он хүртэл энэ
зорилгоор 100 тэрбум доллар хандивлахыг зөвшөөрсөн нь хамгийн том амжилтад
тооцогдож байна. Дэлхийн улс орнууд хэдийгээр тун чухал тохиролцоонд хүрсэн ч
амлалтаа биелүүлээгүй улс орнуудыг хэрхэн шийтгэх талаар ярьсангүй. “Одооноос
эхлэн бид эх дэлхийгээ аврах жинхэнэ бааз, суурьтай болж байна. Дэлхий даяараа
ийм тохиролцоонд хүрэх зайлшгүй шаардлагатай байсан” хэмээн Францын Гадаад
хэргийн сайд Лоран Фабиус цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үр
дүнг нэгтгэн дүгнэхдээ онцолсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Парисын тохиролцоог “Эх
дэлхийгээ аврах хамгийн шилдэг боломж” хэмээн нэрлэжээ. “Манай үеийнхэн цэвэр
эрчим хүч дээр үндэслэсэн эдийн засгийн хэдхэн давуу талыг харж байна. Ажлын
байр, мөнгөний эдийн засаг зэрэг. Магадгүй бид амжилт ололтоо амьдралд бүрэн
хэрэгжүүлж чадалгүй хорвоогоос явж болно. Гэхдээ аймшигтай юм юу ч алга” хэмээн
тэрээр хэлжээ. Хамгийн гол нь эх дэлхийгээ дараагийн үедээ хамгийн сайнаар
хадгалан үлдээх бат итгэл юм хэмээн Обама онцолж байна.
No comments:
Post a Comment