Tuesday, December 22, 2015



Хамгийн алдартай улаан дэнлүүний газрын эзэн нас баржээ

Францын хамгийн алдартай улаан дэнлүүний газрын эзэгтэй, алдарт мадам Клод Ницца  хотод 92 насандаа өөд болов. Парисын Елисейн талбайн хажууд байдаг дээд зэрэглэлийн “Хайрын шилтгээн”-д 500 гаруй бүсгүй ажиллаж байжээ. Мадам Клод дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүст бүсгүйчүүдийг “нийлүүлж” байснаа нэг бус удаа батлан ярьж байв. Францын хэвлэлд бичиж буйгаар, түүний үйлчлүүлэгч дотор АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, Ливийн лидер Муаммар Каддафи, жүжигчин Марлон Брандо, Ираны шах болон өөр олон алдартнууд байсан аж. Эсэргүүцлийн хөдөлгөөний дайчин байсан мадам Клод “Хүмүүс үргэлж мөнгөөр ав ч байдаг хоёр л зүйл байдаг, хоол, секс. Хоол миний хийх ажил биш” хэмээн хэлж байжээ. Мадам Клод татвараас зайлсхийсэн, биеэ үнэлэгчдийг зуучилсан хэргээр хоёр удаа шүүхэд дуудагдаж байжээ.

Иракийн арми Рамади хотыг чөлөөлөхөөр дайрлаа

Иракийн цэрэг тавдугаар сараас хойш “Исламын улс” бүлгийн хяналтад байгаа Рамади хот руу томоорон дайралтыг эхлүүлжээ. Зэвсэгт босогчид болон АНУ тэргүүтэй холбоотны агаарын хүчний дэмжлэгтэй дайралтад орсон Иракийн цэргүүд хотын төв хэсэг рүү хөдөлж байгаа мэдээ ирж байна. Рамади хотыг чөлөөлөх ажиллагаанд хэдэн сарын турш бэлдсэн юм. Энэ үеэр лалын босогчдыг нийлүүлдэг замыг хааж чадсан бөгөөд энгийн иргэдийг Рамади хотоос гарахыг  уриалжээ. Анбар мужийн нийслэл Рамади хотод өнөөдөр “Исламын улс” бүлгийн хэдэн зуун дайчин байрлаж байгаа аж. Иракийн арми тус хотыг нэг сарын дотор чөлөөлөх зорилт тавьж байна.

60 цагийн дараа амьд олдлоо

Хятадын Шэнжэнь хотод хөрсний нуралт болсноос хойш 60 цагийн дараа барилгын нуранги дороос нэг хүнийг амьд байхыг олжээ. 19 настай залуу нурангид даруулсан ч амьд үлдэж чадсан байна. Уулын хөрс нурсны улмаас тус хотын 30 орчим байшин барилга нурсан юм. Нэг хүн амиа алдаж, 70 орчим хүн сураггүй болоод байна. 100 орчим метрийн өндөр толгод дээр асгаж байсан барилгын хог хоёр жил хуримтлагдсаны эцэст хөрсний нуралт үүсгэсэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Бороо ихээр орж, хөрсийг зөөлрүүлсэн тул барилгын хог гулсаж нурсан бололтой. Аврах ажиллагаанд мянга орчим хүн оролцож байна.

Грекийн эрэг дээр дүрвэгчид живжээ

Ойрхи Дорнодын дүрвэгчидтэй завь Грекийн Фармакониси арал орчмын Эгийн тэнгист сүйрч арван хүн амиа алдлаа хэмээн Reuters мэдээлэв. Эргийн харуулын цэргүүд 13 хүнийг аварч чадсан байна. Аврах ажиллагаанд нисдэг тэрэг, эргүүлийн хурдан завь, хувийн хөлөг онгоц оролцжээ. Цагаачдын зургаан метр урт завь хөмөрч живсний дараа тэднийг илрүүлсэн аж. Фармакониси арал нь Туркийн хилээс холгүй байдаг ба Сири болон бусад хөрш орны иргэд Европ руу орохын тулд тус арлыг зорих нь элбэг байдаг. Сүүлийн нэг жилд Еврод руу орсон цагаач, дүрвэгчдийн тоо нэг саяыг даваад байна. 

No comments:

Post a Comment