Sunday, June 12, 2016



Ижил хүйстнүүдийн клубт аймшигтай хядлага үйлджээ

АНУ-ын Орландо хотод нэг этгээд Pulse ижил хүйстнүүдийн клубт нэвтэрч гал нээн 50 хүний аминд хүрч, дахиад 50 гаруй хүнийг шархдуулсан хэрэг дэлхий нийтийг цочроогоод байна. Америкийн түүхэнд гарч байгаагүй энэ аймшигтай буудалт, хороолтыг Омар Матин хэмээх “Ганц чоно” үйлджээ. Тэрээр аль 2013 онд террорист үзэл санааг дэмждэг, террорист байгууллагуудтай сүлбээтэй байж магадгүй хэмээн Холбооны мөрдөх товчооны хараа хяналтад орж байжээ. Түүнийг хоёр ч удаа саатуулж байцааж байсан аж. Хоёр дахь удаагаа баривчлахдаа амиа золиослон аллага үйлдэж байсан Абу Салахтай холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж байсан юм. Гэвч тэрээр энэ аллагыг үйлдэхдээ нэг нэгэнтэй хамтраагүй, ганцаараа үйлдсэн бололтой.
29 настай Омар Матин нь афган үндэстэн, АНУ-ын иргэн. Тэрээр 200 хүн бужигнаж байсан шөнийн клуб рүү ороод хүмүүс рүү шууд л гал нээжээ. Омар нэг дор аль болох олон хүн алах зорилготой байсан нь тодорхой байна. АНУ-д олон нийтийн газар үйлдэгдсэн хамгийн аймшигтай зэвсэгт халдлага нь энэ болов. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Флоридад болсон аллагын талаар Цагаан ордонд мэдэгдэл хийлээ. “Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа ч энэ нь өс хорсол, алан хядах ажиллагаа байсан гэдгийг бид мэдэж байна. Омар Матин террористуудтай ямар холбоо, сүлбээтэй байсныг тусгай албад тодруулах болно” гэж хэллээ. Омарын эцэг Мир Седдик NBC телевизэд ярилцлага өгөхдөө, энэ халдлага шашны үзэл бодол, террорист байгууллагатай хамаатай биш, харин Омарын ижил хүйстнүүдийг тэвчдэггүй, үзэн яддаг сэтгэлтэй нь холбоотой байх гэжээ. “Болсон хэрэг явдалд харамсаад барахгүй байна. Бусдын адил би маш их харамсаж байна” хэмээн эцэг нь ярилаа.

Урьдчилсан мэдээллээр, Pulse бааранд 150 гаруй хүн цугласан байжээ. Омар шөнийн хоёр цагт клубт нэвтэрч ороод гал нээжээ. Ижил хүйстний клубын зарим үйлчлүүлэгч жүжигчдийн хувцас солих өрөөнд нуугдаж байхдаа Твиттерт “Баарны бүжгийн талбайд байсан хүмүүс буудуулан унаж байна. Хаалганд ойрхон байсан зарим хүн гарч, зугтаж амжлаа” хэмээн бичиж байжээ. Омар Матин 2007 оноос хойш дэлхийд томд тооцогдох G4S хувийн хамгаалалтын компанид ажиллаж байжээ. G4S компани төрийн бүтцийн аюулгүй байдал, мөн хувийн үйлчлүүлэгч нарт төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Тэр тусмаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн гэрээт компани бөгөөд 2012 оны Лондоны олимпийн аюулгүй байдлыг хамгаалахад оролцож байжээ. G4S компани дэлхий даяар 620 мянган ажилтантай, төв байр нь Лондонд байдаг аж.

No comments:

Post a Comment