Sunday, June 5, 2016




Америк сэтгүүлч Афганистанд алуулжээ

Америк сэтгүүлч Давид Гилки Афганистанд амь үрэгдлээ хэмээн АНУ-ын Үндэсний олон нийтийн радио мэдээлэв. Тус радиод ажиллаж байсан Гилки гэрэл дургаар дагнадаг байсан ба Афганы армийн хамтаар улс орноор аялж байжээ. Тэрээр Хелманд мужид явж байхдаа буудалтад өртөж орчуулагчийн хамтаар амь үрэгдэв. Түүнтэй хамт явж байсан Америкийн сэтгүүлч Том Боуман, Моника Евстатиева нар гэмтэж бэртсэнгүй. Давид Гилки байлдааны талбараас хийсэн гэрэл зургаараа олон шагнал авч байсан юм. Тэрээр Ирак, Афганистаны дайн, Газын зурвас дахь “Хамас”, Израилийн хоорондох мөргөлдөөнийг зургийн аппаратаараа сурвалжлан хүргэж байв. Мөн Гаитийн газар хөдлөлт, Сомали дахь өлсгөлөн, Либери дахь Эбола тахлын талаар фото сурвалжлага бэлтгэж байжээ. Америкийн Үндэсний олон нийтийн радио нь мэдээлэл цуглуулж, түгээдэг арилжааны бус байгууллага юм. Мөн Америкийн хэдэн зуун радиод нэвтрүүлэг бэлтгэж өгдөг ажээ.

“Евро-2016”-гийн үеэр халдлага үйлдэгдэж магадгүй

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд зургадугаар сарын 10-нд эхлэх Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр алан хядах ажиллагаа үйлдэгдэх аюул байгааг хүлээн зөвшөөрлөө. Гэвч ард иргэд айж эмээх хэрэггүй гэв. Тэрээр France Inter радиод ярилцлага өгөхдөө, тоглолт явагдах 10 хотод аюулгүйн албаны 90 мянган ажилтныг илгээсэн хэмээн онцлов. “Энэ бол бодит аюул, заналхийлэл. Францад халдлага үйлдэх магадлал байсаар байгааг хэлэхгүй байж чадахгүй. Тиймээс бид “Евро-2016”-г амжилттай явуулахын тулд бүх л арга хэмжээг авч байна. Энэ тэмцээн амжилттай явагдаж дуусах болно” хэмээн Олланд ярилаа. Парис хот өнгөрсөн арваннэгдүгээр сард аймшигтай халдлагад өртсөний дараа аюул, түгшүүрийн дээд түвшинг одоо болтол хадгалсаар байгаа юм. Тэр үед Франц-Английн нөхөрсөг тоглолт болж байсан Парис дахь “Стад де Франс” цэнгэлдэхийн гадаа дэлбэрэлт болсон билээ. Алан хядагчид цэнгэлдэх дотор бөмбөг дэлбэлэх бодолтой байсан ч нэвтэрч чадалгүй гадаа нь дэлбэлсэн аж.

Н.Жокович “Roland Garros”-т аваргаллаа

Сербийн теннисч Новак Жокович Парисын Roland Garros” тэмцээнд түрүүлснээр “Их дуулга”-ын дөрвөн тэмцээнд түрүүлсэн агуу теннисчдийн эгнээнд багтлаа. Тэрээр аваргын төлөөх тоглолтод Шотландын Анди Мюррейг 3:6, 6:1, 6:2, 6:4 харьцаагаар хожжээ. Серб залуу өмнө нь гурван ч удаа энэ тэмцээний финалд гарч ирээд түрүүлж чадаагүй байсан юм. Жокович Australian Open-д зургаа, Wimbledon-д гурав, US Open-д хоёр удаа түрүүлжээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн залуу теннисч Гарбинье Мугуруза дэлхийн шилдэг теннисч Серена Уильямсыг хожиж түрүүлжээ.

Сармагчин үнэт эдлэлийн дэлгүүр дээрэмдэв

Энэтхэгт нэг сармагчин үнэт эдлэлийн дэлгүүрийн дээрэмдээд зугтжээ. Тэрээр дэлгүүрийн цонхоор ороод касснаас арван мянган рупи болон хэд хэдэн алт, мөнгөн эдлэл аваад зугтжээ. Дэлгүүрийн ажилтан сармагчинд хоол өгөөд явуулах гэсэн ч тэрээр хоолыг үл ойшоож касс, лангуу руу дайрч мөнгө, үнэт эдлэл аваад зугтжээ. Тэр нь сургуультай хулгайч сармагчин байсан хэмээн хардаж байна. Энэтхэгт сургуультай сармагчин, нохойгоор хулгай хийлгэх явдал байнга гардаг аж.

No comments:

Post a Comment