Monday, June 13, 2016





Парист цагдааг хөнөөж гэр бүлийг нь барьцаалжээ

Францын тусгай албаныхан Парист хүн барьцаалсан байшин руу дайран орж барьцаалагч этгээдийг устгасан ч тэрээр айлын хоёр хүнийг хөнөөж амжсан байлаа. Урьдчилсан мэдээллээр, үл мэдэгдэх этгээд гэрийнх нь гадаа цагдаагийн офицер руу дайрч олон удаа хутгалан хөнөөгөөд гэрт нь орж эхнэр, бага насны хүүхдийг нь барьцаанд авчээ. Цагдаа нар уг этгээдтэй ярилцсан ч бүтэлгүйтэж дайран орсон аж. Барьцаалагч энэ хугацаанд гэр бүлийн бас нэг хүнийг буюу цагдаагийн офицерийн гэргийг хөнөөж, энэ тухайгаа Твиттерт оруулсан байв.
“Энэ хүн яагаад ийм хэрэг үйлдэх болсныг мэдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” хэмээн Францын Дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ. Энэ өдрүүдэд Францад Европын аварга шалгаруулах тэмцээн явагдаж, аюулгүй байдлын арга хэмжээг дээд хэмжээнд сахиулж байгаа. Хэдийгээр дээрх хэргийн хариуцлагыг “Исламын улс” бүлэг хүлээсэн ч Францын эрх баригчид энэ нь ахуйн хүрээний гэмт хэрэг хэмээн үзэж байгаа аж.

Microsoft LinkedIn -ийг 26 тэрбум доллараар худалдаж авна

Microsoft корпорац LinkedIn нийтийн сүлжээг 26 тэрбум доллараар худалдаж авахаар болсныг гүйцэтгэх захирал Сатья Наделла мэдэгдлээ. Сервис, программ хангамжийн салбарт тэргүүлдэг компани ажил мэргэжил, бизнесийн тэргүүлэх зэргийн олон нийтийн сүлжээтэй нэгдсэнээр асар их боломжийг бий болгож байгаа аж. LinkedIn 400 сая хэрэглэгчтэй. Хэдийгээр хоёр компани нэгдэж байгаа ч өөрсдийн онцлог, брэнд, хараат бус байдлыг хадгалан үлдэж байгаа юм. Microsoft компани нийтийн сүлжээний нэг хувьцааг 196 доллараар худалдан авч буйгаа зарласны дараа тэр өдрийн арилцааны хаалтан дээр хувьцааны үнэ 49.5 хувиар өссөн байна. LinkedIn хувьцаагаа худалдах гэрээгээ цуцалбал Microsoft-т 725 сая доллар төлнө.
Дөрөвдүгээр сарын байдлаар, персонал компьютерийн борлуулалтын уналтын улмаас Microsoft-ийн орлого эрс буурсан ч программ хангамжийн борлуулалт нь өссөн дүн гарчээ. “Программ хангамж, сервис бидний гол зорилго. Пүүс, компаниуд манай үйлчилгээг ашигласнаар ашиг, орлого нь нэмэгдэх болно” хэмээн Microsoft-ийн төлөөлөгч Кевин Тернер мэдэгдлээ.

Барьцаанд байгаа Канадын хоёр дахь иргэнийг хороожээ

Филиппины “Абу Сайяф” лалын бүлгийн дайчид хэдэн сарын турш барьцаанд байлгаж байгаа Канадын иргэн Роберт Холтыг цаазалжээ. Холтын толгойг тасдаж цаазалсныг Канадын радио мэдэгдсэн байна. Удалгүй Канадын Дотоод хэргийн яам энэ мэдээлэл үнэн болохыг баталсан аж. Хэт даврагчид золиосны мөнгөнд 6.5 сая доллар шаардаж байсан бөгөөд өчигдөр хугацаа нь дуусчээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр Канадын иргэн Жон Ридсделийг мөн ийм шалтгаанаар хороосон юм. Филиппины өмнөд хэсэгт төвлөрдөг “Абу Сайяф” бүлэг нь “Аль-Кайда”-тай холбоо, сүлбээтэй ажилладаг. АНУ-ын Засгийн газар тус бүлгийн толгойлогч Иснилон Хапилоны байгаа газрыг зааж өгсөн хүнийг таван сая доллараар шагнана хэмээн амласан билээ.

Uber Бразилд такси-нисдэг тэрэгний үйлчилгээг нэвтрүүлэв

Гар утсаараа таксийн дуудлага өгдөг Uber үйлчилгээний систем Бразилд нисдэг тэрэгний дуудлага авдаг үйлчилгээг нэвтрүүлээд байна хэмээн Folha de Sao Paolo сонин мэдээлэв. Хэрэглэгчид гар утсанд суулгасан Uber программын тусламжтайгаар нисдэг тэрэг захиалан таксидах ажээ. Гэвч энэ үйлчилгээг Сан-Паулу мужийн газар нутаг дээр нисдэг тэрэг бууж болох есөн цэгт л нэвтрүүлээд байгаа юм. Такси-нисдэг тэрэгний үйлчилгээ өглөө долоогоос оройны наймаг цаг хүртэл нээлттэй. Нисдэг тэргээр таксидах үйлчилгээ жирийн таксинаас үнэтэй ч дөрөв дахин хурдан хэмээн Uber компани мэдэгдлээ. Сүүлийн үед дэлхий даяар ихээхэн дэлгэрээд байгаа Uber саяхан Казахстанд нэвтэрчээ.

Клое Кардашиан Ламар Одомоос салахыг хүсч байна

Клое Кардашиан экс сагсан бөмбөгч Ламар Одомоос салахаар дахин хуулийн дагуу хөөцөлдөж эхэлжээ. Хар тамхичин, хайр халамжгүй Одомоос залхсан Клое амьдралаа хоёр тийш болгохоор зүтгэж байгаа ч “Лос-Анжелес Лейкерс”-ийн экс тоглогч “Дахиад жаахан хугацаа өгөөч” хэмээн аргацаасаар байгаа аж. “Энэ гэрлэлт хурдан дуусаасай. Маш их дарамттай байна. Надад ямар байгааг хэн ч сонирхохгүй байх шиг байна. Ламарыг л яаж байна, ийж байна гэх юм” хэмээн алдарт Ким Кардашианы дүү Клое өгүүлж байна. “Одоо би түүнтэй байж чадахгүй ээ. Түүнд сайн сайхныг хүсч байна. Дараа нь дахин гэрлэж хүүхэдтэй болмоор байна” хэмээн нэмж хэлэв. Өнгөрсөн онд Ламар Одом янхны газарт хар тамхи хэрэглэн үхлийн ирмэг дээр ирэхэд бараг салах гэж байсан Клое ирж гарыг нь атган эргэн нийлсэн билээ. Гэвч Ламар засрахгүй бололтой, хар тамхиа хэрэглэсээр байгаа аж. Домогт Коби Брайантын хамтаар НБА-д түрүүлж явсан Ламар Одом хар тамхинд толгойгоо мэдүүлж, тамирчны замналаа орхисон юм.

Нисгэгчгүй зорчигч тээврийн онгоц анхны нислэгтээ бэлэн

Нисгэгчгүй нисдэг төхөөрөмж үйлдвэрлэгч Хятадын Ehang фирм ойрын үед туршилтын нислэгээ АНУ-ын Невада мужид хийхэд бэлэн болоод байна. Одоогоор нисгэгчгүй нисэх онгоц нь нэг зорчигчийн багтаамжтай, 100 кг-аас илүүгүй ачаа тээвэрлэх чадалтай. Ийм ачаатай нисгэгчгүй нисэх онгоц 200 метрийн өндөрт гарч 100км/цаг хурдтай нисч чадна. 2-4 цагт хүрэлцэх цэнэглэгч, зайн тусламжтайгаар шинэ нисэх онгоц ажиллах ажээ. Нэг дутагдалтай тал байгаа нь уг төхөөрөмж агаарт 23 минутаас илүү хугацаагаар байж чадахгүй.
Зорчигч тээврийн дроныг ухаалаг гар утсанд суулгасан тусгай программын тусламжтайгаар удирдах юм. Газраас, хөдөлж буй тээврийн хэрэгслийн бүхээгнээс ч удирдах боломтой ажээ. Америкууд нисэгчгүй нисдэг төхөөрөмжийн судалгаа, хөгжилд ихээхэн хүч, хөрөнгө зарцуулж байна. Энэ туршилт амжилттай болвол нисгэгчгүй агаарын такси нь Невада мужийн тээврийн системийн нэг хэсэг болох ажээ. Нисгэгчгүй төхөөрөмжийн агаарт байх хугацааг уртасгаж, мөн гар удирдлагын нөөцийн систем суулгаж өгөх шаардлага гарч байна. Ehang 184 дроныг 2016 оны нэгдүгээр сард Невадагийн технологийн үзэсгэлэн яармаг дээр анх танилцуулж байжээ. Ийм нисдэг төхөөрөмж 200-300 мянган доллараар үнэлэгдэж байгаа аж. 

No comments:

Post a Comment