Tuesday, June 14, 2016




Б.Обама Далай ламыг Цагаан ордонд хүлээж авлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Түвдийн оюун санааны лидер Далай лам Данзанжамцыг Цагаан ордонд хүлээж авчээ. Уулзалт хувийн шинж чанар агуулсан хэмээн мэдээлж байна. Далай лам даваа гаригт АНУ-д гурван өдрийн айлчлалаар ирсэн юм. Далай ламыг аюултай салан тусгаарлагч, турхирагч гэж үздэг Хятадын эрх баригчид энэ уулзалтыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм. XIV Далай лам энэ удаагийн айлчлалынхаа үеэр лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг хориглоё хэмээн уриалсан Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг шүүмжилжээ. Түвдийн цөллөг дахь Засгийн газрын тэргүүн, оюун санааны лидер Далай лам 1959 онд Хятадын эсрэг бослого гаргаж бүтэлгүйтсэнийхээ дараа Түвдээс зугтаж гарсан юм.

Зика вирусээр халдварлах аюул буурчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Рио-де-Жанейрогийн олимпийн тоглолтын үеэр Зика вирусээр халдварлах аюул эрс буурсан хэмээн мэдэгдлээ. Тиймээс өвчний аюул, эрсдэлийн улмаас наймдугаар сард болох олимпийн наадмыг хойшлуулах шаардлага байхгүй хэмээн үзжээ. Бразил нь Кика вирусын халдварын голомт болоод байгаа билээ. ДЭМБ-аас ч вакцинийг нь одоо болтол гаргаж авч чадаагүй байгаа Зика вирусыг глобал аюул, заналхийлэл хэмээн нэрлэж байсан юм. Зика нь ихэвчлэн жирэмсэн бүсгүйчүүдээр дамжиж шинээр төрсөн хүүхдүүдийн толгой, тархийг жижигрүүлдэг өвчин юм. Риогийн олимпод хөл хүнд бүсгүйчүүд ирэхгүй байхыг зөвлөж, мөн шумуулаас хамгаалах арга хэмжээ авахыг уриалж байна.

Орландогийн алуурчны эхнэрийг шүүхэд дуудаж магадгүй


Орландо хотын Pulse гей-клубт 49 хүнийг буудаж алсан Омар Матины эхнэрийг нөхрийнхөө аллага үйлдэх санаархлыг мэдэж байсан гэх үндэслэлээр шүүхэд дуудаж магадгүй болжээ. 30 настай Нур Матин нөхрөө дор хаяж нэг удаа ижил хүйстний клубт хүргэж өгсөн, мөн олон хүн алах санаанаасаа буцахыг гуйж, ятгаж байсан хэмээн NBC телевиз мэдээлэв. Мөн Омар Матин зэвсгийн дэлгүүрээс сум худалдаж авахад эхнэр нь дэлгүүрт байж байсан бололтой. Гей-клубт шархадсан хүмүүсээс 27 нь эмнэлэгт байгаа бөгөөд тэдний зургаагийн амь нас хүнд байна. Омар Матин Pulse клубт нэг бус удаа очиж, юм ууж сууж байхыг хүмүүс харсан гэж мэдүүлжээ. Нэг удаа тэрээр архи ууж, клубт байгаа хүмүүстэй маргалдаж, агсамнаж байсан аж. 

No comments:

Post a Comment