Wednesday, June 22, 2016



Энэтхэгт 93 хүн аянганд цохиулж нас баржээ

Энэтхэгт сүүлийн хоёр өдөрт 93 хүн аянганд цохиулан нас барж, 20 орчим хүн шархдаж гэмтлээ хэмээн тус улсын эрх баригчид мэдээлэв. Зүүн хойд хэсгийн Бихар мужид 56, Жаркханд, Уттар-Прадеш, Мадхья-Прадеш мужид 37 иргэн тэнгэрийн ниргэлтэд өртжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь талбай дээр ажиллаж байсан фермерүүд, хөдөө аж ахуйн тариаланчид байжээ. Энэтхэгт намар хүртэл үргэлжилдэг борооны улирал эхлээд байгаа юм. Есдүгээр сарын сүүлч хүртэл гурван сар хагас үргэлжилдэг энэ хугацаанд жилийн нийт хур тунадасын 80 хувь нь ордог ажээ.
“Амь үрэгдсэн хүмүүсийн дунд олон хүүхэд, эмэгтэйчүүд байна” хэмээн Бихар мужийн байгалийн гамшигтай тэмцэх төвийн ажилтан мэдэгдэв. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди байгалийн гамшигт амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлэв. Тус улсад жил бүр хоёр мянган хүн аянганд ниргүүлж амиа алддаг ажээ.

Оросын хүндийг өргөгчдийг Риогийн олимпоос хасч магадгүй

ОХУ-ын хүндийн өргөлтийн шигшээ баг Рио-де-Жанейрогийн олимпоос хасагдаж магадгүй хэмээн Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос мэдэгдэв. Тбилисид болсон холбооны гүйцэтгэх зөвлөлийн сэргээшийн асуудлаарх хуралдааны эхний өдөр ийнхүү мэдэгдсэн юм. Сэргээшийн эсрэг дүрэм журмыг нэг бус удаа зөрчсөн бол үндэсний олимпийн хорооны олимпод оролцох эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасах тухай ярьж байгаа аж. 2008, 2012 оны олимпод оролцсон нэг улсын гурван тамирчнаас сэргээш илэрсэн бол Риогийн олимпод оролцуулахгүй. Одоогоор Риогийн олимпоос хасагдаж магадгүй байгаа улсууд нь Орос, Казахстан, Белорусь болж байна. Үүнээс гадна Орос, Белорусь, Солонгос, Молдав, Азербайжан улсын олимпийн квотыг хасчээ. Оросууд хоёр квотоо хасуулсан аж.

Д.Трамп Хилларийг “Худалч авгай” гэжээ

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь бараг тодорхой болоод байгаа тэрбумтан Дональд Трамп өрсөлдөгч Хиллари Клинтоныг “Дэлхийн хэмжээний худалч авгай” хэмээн нэрлэв. Тэрээр Нью-Йоркийн сонгогчдын өмнө үг хэлэхдээ Ардчилсан намын нэр дэвшигчийг буруутгаж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа хувийн ашиг сонирхлоо эрхэмлэж байсан гэжээ. Трамп өрсөлдөгчөө АНУ-ын Ерөнхийлөгч болох хэрсүү ухаан суугаагүй хэмээн шүүмжлэв. Х.Клинтон нэгэн уулзалт дээр Д.Трампыг хатуухан шүүмжилж, түүнд АНУ-ын эдийн засгийг сэргээх тодорхой төлөвлөгөө байхгүй хэмээн мэдэгдсэн юм. Мөн түүнийг АНУ-ыг дампууруулах хүн хэмээн нэрлэсэн ажээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд арваннэгдүгээр сарын 8-нд болно.

Нудистууд дүрвэгсдийн төлөө хувцас өмсөхийг эсэргүүцэв

Германы Familiensport und FKK нудист клубын гишүүд нуурын усанд орохдоо усны хувцас өмсч бай гэсэн эрх баригчдын зөвлөмж, зааврыг хүлээж авчээ. Энэ тухай The Independent сонин мэдээлж байна. Учир нь Дрезден хотоос хойд зүгт байдаг нуурын ойролцоо дүрвэгсдийн хуаран байгуулахаар төлөвлөж байгаа аж. Нүцгэн, шалдан сэлэх дуртай германууд бүр 100 жилийн өмнөөс энэ нууранд сэлдэг уламжлал тогтсон юм. Нудист клубын гишүүд эрх баригчдын санаачилгыг ихэд эгдүүцэн хүлээн авч “Хүний эрхийг зөрчиж байна. Бид энэ шаардлагыг биелүүлэхгүй” хэмээн мэдэгдэв. Европын орнууд 2015 онд цагаач, дүрвэгчдийн хөлд дарагдаж хямрал үүсээд байгаа билээ. Германд хамгийн их буюу нэг сая гаруй цагаач иржээ. НҮБ-ын тооцоолж буйгаар, 2016 онд Европ дахь цагаачлалын давалгаа 2-3 дахин нэмэгдэх ажээ.

No comments:

Post a Comment