Tuesday, June 28, 2016




Лондонд Европын холбоог дэмжсэн жагсаал боллоо

Их Британийн нийслэл Лондон хотод Европын холбооноос гарч буйг эсэргүүцсэн хагас тайван жагсаал болжээ. Лондон хотын Трафалгар талбайг хэдэн мянган хүн дүүргэж “Европын холбоо, бид та нарыг орхихгүй” гэсэн уриа, зурагт хуудас барьсан байв. Жагсаалыг зохион байгуулагчид Facebook-ээр зар түгээсэн ч 50 мянган ирнэ хэмээн бүртгүүлэн тул энэ жагсаал, цуглааныг цуцалсан аж. Трафалгар талбай нь 10 мянган хүний багтаамжтай бөгөөд тэнд 50 мянган хүн цуглавал цагдаа нар аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй ажээ. Гэсэн хэдий ч олон хүн цуглаж, Их Британийг Европын холбооноос гарч буйг эсэргүүцсэн жагсаал болов. Лондон хотын иргэдийн ихэнх нь Британийг Европын холбооноос гаргахын төлөө саналаа өгсөн юм. Эсэргүүцэгчид ирэх хагас сайнд парламентын ордны өмнө томоохон жагсаал хийхээр төлөвлөж байна.

Садио Мане Африкийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч боллоо

Английн Премьер лигийн “Ливерпүүл” клуб “Саутхэмптон”-ы сенегал тоглогч Садио Манег 34 сая паундаар худалдаж авлаа. Ийнхүү 24 настай сенегал залуу хамгийн их үнэ хүрсэн Африкийн хөлбөмбөгч болов. Хөлбөмбөгийн хүрээнээс ирж буй мэдээллээс үзвэл, Манегийн шилжилт, наймааны үнэ 36 сая паундад хүрч магадгүй байна. Тэгвэл Садио Мане “Ливерпүүл”-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болох ажээ. Тус клуб 2011 онд Энди Кэрроллыг 35 сая паундаар худалдан авч байв. Европын хамгийн хүчтэй, том клубын нэгэнд тоглох болсондоо сэтгэл хангалуун байна хэмээн Садио Мане ярилаа. Өнгөрсөн улирлаас эхлэн герман дасгалжуулагч Юрген Клоппыг авчирсан “Ливерпүүл” клуб Премьер лигт наймдугаар байр эзэлсэн юм.

Казахстан Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болов

Казахстан улс 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болж байна. Ерөнхий Ассамблей дээр болсон санал хураалтаар, Казахстан 138 орны санал авсан бол, түүний гол өрсөлдөгч Тайланд 55 орны санал авчээ. Мөн Швед, Этиоп, Болив улс Аюулгүйн зөвлөлийн шинэ гишүүн болсон байна. Тав дахь гишүүний эрхийн төлөө Итали, Голланд улс өрсөлдөж байгаа аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд НҮБ-ын тогтоолд хориг тавих эрхтэй Их Британи, Хятад, Орос, Америк, Франц гэсэн таван улс ордог. Байнгын бус арван гишүүн орныг хоёр жилийн хугацаатай сонгодог ажээ. Аюулгүйн зөвлөлд багтахын тулд тухайн орон Ерөнхий Ассамблейн гишүүдийн саналын гуравны хоёрыг авсан байх ёстой. 2017 онд Ангол, Венесуэль, Испани, Малайз, Шинэ Зеландын байнгын бус гишүүний эрх дуусах ажээ.

Ж.Ленноны цустай цамц 41 мянган доллараар зарагдав

“Битлз” хамтлагийг үүсгэн байгуулагч Жон Ленноныг алуулах үед хажууд нь зогсож байсан харуул Жей Гастингсийн цамц багагүй үнээр зарагдлаа. Ленноны цус үсэрсэн энэхүү цагаан цамцыг дуудлага худалдаагаар оруулж 41 мянган доллараар зарлаа хэмээн The Daily Mail сонин уламжлав. Леннон 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Нью-Йорк хотын “Дакота” барилгын өмнө шүтэн бишрэгч Марк Чапманд буудуулан амиа алдсан юм. Аллаг болох үед ойрхон зогсож байсан хаалгач Гастингс цусанд будагдсан дуучинд туслахаар очсон аж. Ийнхүү түүний цагаан цамцан дээр нэрт дуучин, хөгжимчний цусны толбо үлдсэн ажээ. Энэхүү цамцыг дуудлага худалдаагаар оруулж есөн мянга 300 доллараас эхэлж дуудсан байна. Гастингс энэ цамцаа 30 жилийн турш хэнд хэлэлгүй шүүгээндээ хадгалж байжээ. Саяхан бас Жон Ленноны 10 см урт туг үсийг 35 сая доллараар зарж байсан билээ. 


Стамбулын нисэх буудалд дэлбэрэлт болж 28 хүн амиа алдлаа

Туркийн Стамбул хотын Ататюркийн нэрэмжит нисэх онгоцны буудалд халдлага болж дор хаяж 28 хүн амиа алдлаа хэмээн тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдэв. Шархдаж гэмтсэн хүний тоо 60-д хүрчээ. Халдлага, дэлбэрэлтийг амиа золиослогч хоёр этгээд зохион байгуулсан хэмээн Туркийн хууль сахиулах байгууллага үзэж байна. Хууль зүйн сайд Бекир Боздагийн баталж буйгаар, хоёр этгээдийн нэг нь нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд руу Калашниковын автомат буугаар гал нээсэн аж. Бусад гэрчийн мэдүүлгээс үзвэл, алан хядагчид автомат буугаар хүмүүс рүү гал нээж, дараа нь өөрсдийгөө дэлбэлсэн ажээ.
Ататюркийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр хоёр дэлбэрэлт болжээ. Нэг дэлбэрэлт нь нисэх буудлын гадаа байдаг металл илрүүлэгч бүсэд, олон хүний дунд болсон аж. Түргэн тусламжийн баг гэмтэж, шархадсан хүмүүсийг яаралтай зөөж, цагдаа нар хэргийг газрыг, нисэх буудлыг хамгаалалтад авлаа. Шархдаж бэртсэн зарим хүнийг таксигаар зөөж байсан хэмээн Reuters агентлаг мэдээлэв.

Стамбулд газардахаар ирж, агаарт эргэлдэж байсан нисэх онгоцнуудыг Ататюркийн нисэх онгоцны буудалд газардахыг зөвшөөрсөн аж. Мөн Стамбулаас хөөрөх гэж байсан нислэгүүдийг хойшлуулж, зорчигчдыг  нь зочид буудалд байрлуулжээ. Алан хядах ажиллагаа үйлдэгдсэнээс хойш хэдэн нислэг хойшлоод байгааг зарлахад эрт байна хэмээн нисэх буудлын төлөөлөгч мэдэгдэв. Туркийн эрх баригчид Курдын салан тусгаарлагчид болон “Исламын улс” бүлгийг энэ халдлагад сэжиглэж байна. Ататюркийн нисэх онгоцны буудал нь өнгөрсөн оноос эхлэн Лондоны Хитроу, Парисын Шарль де Голлийн хамт Европын гурван том нисэх буудлын нэг болсон билээ. 2015 онд 61 сая хүн энэ нисэх буудлаар үйлчлүүлжээ.

Sunday, June 26, 2016



Испанид Ардын нам ялалт байгуулжээ

Испанид сүүлийн хагас жилд хоёр дахь удаагаа болж буй парламентын сонгуулийн дүн гарчээ. Ямар ч улс төрийн нам Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх үнэмлэхүй олонх болж чадсангүй. Ерөнхий сайд Мариано Рахойн тэргүүлдэг Ардын нам Испанийн парламентын доод танхим болох депутатуудын конгрессын 350 суудлын 137-г авчээ. Социалист ажилчдын нам өнгөрсөн сонгуулиас таваар бага буюу 85 суудал авч хоёрдугаарт жагсчээ. “Podemos (“Бид чадна”) зүүний эвсэл 71, барууны төвийн үзэлтэй “Иргэд” эвсэл 32 суудал авсан байна. 2015 оны арванхоёрдугаар сард болсон өмнөх сонгуульд парламентад багтсан дөрвөн гол намын аль нь ч үнэмлэхүй олонх болж чадаагүй байсан юм. Намууд эвсэл байгуулах талаар хэдэн сарын турш хэлэлцээ хийсэн ч эвслээ ч, Засгийн газраа ч байгуулж чадаагүй билээ. Ийнхүү тавдугаар сарын эхээр Испанийн хаан VI Фелипе парламентыг тарааж, шинэ сонгуулийг зарлахаас өөр аргагүй болсон юм.

Ерөнхий сайд Мариано Рахой сонгуулийн кампанит ажлын үеэр эдийн засгийн тогтвортой байдал, эсвэл “Podemos” намын санал болгож буй тодорхойгүй, эргэлзээтэй байдлын хооронд сонголт хийхийг иргэддээ уриалсан аж. Испани улс эдийн засгийн хямралаа давахын тулд Европын холбооны шаардлагыг биелүүлж, төсвөө хасч, “иргэдийн бүсийг чангалж” байх үед улс орон даяар үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөний суурин дээр хэт зүүний үзэлтэй “Podemos” нам үүсэн байгуулагдсан юм. Тус намынхан, Мариано Рахой тэргүүтэй Ардын нам 2008 оны санхүүгийн хямралын үр дагаварыг засч, залруулах чадваргүйн улмаас иргэдийн итгэлийг алдсан хэмээн үздэг аж. Гэвч Ардын нам, Испанийн эдийн засаг сэргэх шинж тэмдэг илт ажиглагдах болсон бидний бодлого амжилт олж буйн илрэл хэмээн сонгуулийн кампанийн үеэр цохон тэмдэглэж байсан билээ. Авлигын томоохон шуугианууд, эдийн засгийн уналтын үеэр сонгууль болж өнгөрлөө. 

Wednesday, June 22, 2016



Энэтхэгт 93 хүн аянганд цохиулж нас баржээ

Энэтхэгт сүүлийн хоёр өдөрт 93 хүн аянганд цохиулан нас барж, 20 орчим хүн шархдаж гэмтлээ хэмээн тус улсын эрх баригчид мэдээлэв. Зүүн хойд хэсгийн Бихар мужид 56, Жаркханд, Уттар-Прадеш, Мадхья-Прадеш мужид 37 иргэн тэнгэрийн ниргэлтэд өртжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь талбай дээр ажиллаж байсан фермерүүд, хөдөө аж ахуйн тариаланчид байжээ. Энэтхэгт намар хүртэл үргэлжилдэг борооны улирал эхлээд байгаа юм. Есдүгээр сарын сүүлч хүртэл гурван сар хагас үргэлжилдэг энэ хугацаанд жилийн нийт хур тунадасын 80 хувь нь ордог ажээ.
“Амь үрэгдсэн хүмүүсийн дунд олон хүүхэд, эмэгтэйчүүд байна” хэмээн Бихар мужийн байгалийн гамшигтай тэмцэх төвийн ажилтан мэдэгдэв. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди байгалийн гамшигт амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлэв. Тус улсад жил бүр хоёр мянган хүн аянганд ниргүүлж амиа алддаг ажээ.

Оросын хүндийг өргөгчдийг Риогийн олимпоос хасч магадгүй

ОХУ-ын хүндийн өргөлтийн шигшээ баг Рио-де-Жанейрогийн олимпоос хасагдаж магадгүй хэмээн Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос мэдэгдэв. Тбилисид болсон холбооны гүйцэтгэх зөвлөлийн сэргээшийн асуудлаарх хуралдааны эхний өдөр ийнхүү мэдэгдсэн юм. Сэргээшийн эсрэг дүрэм журмыг нэг бус удаа зөрчсөн бол үндэсний олимпийн хорооны олимпод оролцох эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасах тухай ярьж байгаа аж. 2008, 2012 оны олимпод оролцсон нэг улсын гурван тамирчнаас сэргээш илэрсэн бол Риогийн олимпод оролцуулахгүй. Одоогоор Риогийн олимпоос хасагдаж магадгүй байгаа улсууд нь Орос, Казахстан, Белорусь болж байна. Үүнээс гадна Орос, Белорусь, Солонгос, Молдав, Азербайжан улсын олимпийн квотыг хасчээ. Оросууд хоёр квотоо хасуулсан аж.

Д.Трамп Хилларийг “Худалч авгай” гэжээ

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь бараг тодорхой болоод байгаа тэрбумтан Дональд Трамп өрсөлдөгч Хиллари Клинтоныг “Дэлхийн хэмжээний худалч авгай” хэмээн нэрлэв. Тэрээр Нью-Йоркийн сонгогчдын өмнө үг хэлэхдээ Ардчилсан намын нэр дэвшигчийг буруутгаж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа хувийн ашиг сонирхлоо эрхэмлэж байсан гэжээ. Трамп өрсөлдөгчөө АНУ-ын Ерөнхийлөгч болох хэрсүү ухаан суугаагүй хэмээн шүүмжлэв. Х.Клинтон нэгэн уулзалт дээр Д.Трампыг хатуухан шүүмжилж, түүнд АНУ-ын эдийн засгийг сэргээх тодорхой төлөвлөгөө байхгүй хэмээн мэдэгдсэн юм. Мөн түүнийг АНУ-ыг дампууруулах хүн хэмээн нэрлэсэн ажээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд арваннэгдүгээр сарын 8-нд болно.

Нудистууд дүрвэгсдийн төлөө хувцас өмсөхийг эсэргүүцэв

Германы Familiensport und FKK нудист клубын гишүүд нуурын усанд орохдоо усны хувцас өмсч бай гэсэн эрх баригчдын зөвлөмж, зааврыг хүлээж авчээ. Энэ тухай The Independent сонин мэдээлж байна. Учир нь Дрезден хотоос хойд зүгт байдаг нуурын ойролцоо дүрвэгсдийн хуаран байгуулахаар төлөвлөж байгаа аж. Нүцгэн, шалдан сэлэх дуртай германууд бүр 100 жилийн өмнөөс энэ нууранд сэлдэг уламжлал тогтсон юм. Нудист клубын гишүүд эрх баригчдын санаачилгыг ихэд эгдүүцэн хүлээн авч “Хүний эрхийг зөрчиж байна. Бид энэ шаардлагыг биелүүлэхгүй” хэмээн мэдэгдэв. Европын орнууд 2015 онд цагаач, дүрвэгчдийн хөлд дарагдаж хямрал үүсээд байгаа билээ. Германд хамгийн их буюу нэг сая гаруй цагаач иржээ. НҮБ-ын тооцоолж буйгаар, 2016 онд Европ дахь цагаачлалын давалгаа 2-3 дахин нэмэгдэх ажээ.


М.Жексон Neverland эдлэндээ хүүхдийн порнографийн цуглуулгатай байжээ

АНУ-ын цагдаа нар попын хаан Майкл Жексоны Калифорни дахь Neverland эдлэнд нэгжлэг, шалгалт явуулах үеэр хүүхдийн порнограф, садар самууны өргөн цуглуулгыг олж байжээ. Энэ тухай Британийн The Daily Mail сонин мэдээлж байна. Нэгжлэг 2003 оны арваннэгдүгээр сард, дуучныг Лас-Вегаст байхад нь явагдаж байсан юм. Тухайн үед болсон шүүх хурал дээр попын хааны цуглуулгад байсан зураг, бичлэгийг харуулж, баримт болгон хавсаргаж байсан аж. Тэр үед 13 настай байсан Гэвин Арвизо хэмээх хөвгүүн нэрт дуучны садар самуун явдалд хэд хэдэн удаа уруу татагдсан хэмээн гомдол, хүсэлт гаргасны дараа цагдаа нар Жексоны эдлэн рүү нэвтэрч оржээ.
Майкл Жексоны унтлагын өрөө, угаалгын өрөөнд зарим нь насанд хүрээгүй өсвөр жаалуудын долоон порнограф цуглуулга байсан аж. Үүнээс гадна, амьтдыг тамалж, өргөл барьц болгосон гэрэл зургууд байжээ. “Хүүхэд, томчууд, нүцгэн хүүхдүүдийг тамалж, дур хүслээ хангаж байгаа эвгүй, аймшигтай зурагнууд байсан” хэмээн попын хааны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэргийг шалгаж байсан цагдаагийн багийн гишүүн ярьж байсан юм. “Майкл Жексон цус, эрээ цээргүй секс зургаас таашаал авч, хар тамхи хэрэглэж, амьтад, томчууд, хүүхдүүдийг тамалж, зовоож дур, хүслээ гүйцээсэн гэх баримт, нотолгоо олдож байсан” хэмээн хэргийг шалгасан хүн хэлж байсан удаатай.
Санта Барбара дүүргийн туслах прокурор Рон Зонен “Neverland зуслангаас олдсон баримт материалын ихэнх хэсэг нь хүүхдийн нүцгэн биеийг эрээ цээргүй харуулсан зураг, бичлэг байсан. Майкл хүүхдүүдийг орондоо хамт, зэрэг унтуулдаг байснаа хүлээн зөвшөөрсөн. Түүний садар хүсэлд уруу татагдсан таван хүүхдийг бид илүүлсэн. Миний хувьд, дуучин Майкл Жексон бага насны хүүхдүүдийг садар самуун хүсэлдээ уруу татсан гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн Зонен хэлж байв.

2003 оны арваннэгдүгээр сарын тэрхүү шалгалт, нэгжлэгийн дараа прокурор попын хааныг баривчлах шийдвэр гаргажээ. Жексон Лас-Вегасаас буцаж ирээд цагдаагийн газарт сайн дураараа очсон билээ. 2005 онд хүүхдүүдийг садар самуунд уруу татсан, 14-оос доош насны хүүхдэд хортой бодис нийлүүлсэн зэрэг долоон зүйл ангиар буруутгагдсан. Гэвч эцсийн шийдвэрийг гаргадаг ганц шүүгч эцсийн мөчид түүнийг гэм буруугүй хэмээн зарласнаар попын хаан Майкл Жексон 20 жил шоронд хоригдох ялаас аврагдаж байсан юм. Шийдвэрийг гаргасан шүүгчид эргэлзэх үндэслэл их байсан ч энэ нь эцсийн, давж заалдашгүй шийдвэр байсан билээ. 

Tuesday, June 21, 2016

Ливид дэлбэрэлт болж 25 хүн амь үрэгдэв

Ливийн нийслэл Триполи хотос холгүй орших Гарабулли хотод дэлбэрэлт болж дор хаяж 25 хүний аминд хүрчээ. 30 орчим хүн шархдаж гэмтсэн байна. Зарим мэдээллээр, орон нутгийн иргэд Мисрата хотын зэвсэгт бүлгийнхэнтэй маргалдсаны дараа зэвсгийн агуулах дэлбэрсэн аж. Тус бүлэг зэвсгийн агуулах, эргэн тойронд нь байрлах хуаранг хамгаалж байсан бололтой. Босогчид энэ хэрэг явдлын дараа хуаранг орхиж явжээ. Гарабулли хот орчим байгаа ВВС-ийн сурвалжлагч, тус бүс нутгийн уулын зам хаагдаж, дэлбэрэлт, байлдаан болж буй чимээ сонсогдож байна хэмээн мэдээлэв.
Гарабулли хотын нэг оршин суугч, дэлбэрэх бодистой ачааны машин дэлбэрсэн хэмээн баталж байна. Мисратагийн нэг босогч дэлгүүрээс юм аваад төлбөрөө хийхээс татгалзжээ. Дэлгүүрийн эзэн түүнийг буудсаны дараа босогчид орж ирээд дэлгүүрийг, дэлгүүрийн эзний гэрийг шатаасан аж. Энэ гал түймрийн улмаас тэсрэх бодис ачсан машин дэлбэрчээ. Энэ мэдээллийг бусад эх сурвалж батлаагүй байна. Гарабулли нь Триполи хотоос зүүн тийш 50 км-т оршдог. Тэнд байдаг хөдөлгөөн ихтэй шалган нэвтрүүлэх боомтыг нутгийн иргэд, босогчдын бүлэг хянадаг ажээ.

Хойд Солонгос дунд тусгалын пуужин туршлаа

Хойд Солонгос дунд тусгалын хоёр “Мусудан” пуужин харвалаа хэмээн Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг уламжлав. Эхний пуужинг өглөөний 06.00 цагт, дараагийн пуужинг хэдэн цагийн дараа харважээ. Туршилт амжилтгүй болсон хэмээн Өмнөд Солонгосын цэргийн түшмэл ярьжээ. Хойдууд пуужин харвасныг АНУ-ын Номхон далайн цэргийн командлал бүртгэж авсан байна. Хоёр дахь пуужин 400 км зам туулаад тэнгист унасан бололтой. Японы зэвсэгт хүчин түгшүүр зарлаж, “Patriot пуужингийн цогцолборыг бэлэн байдалд оруулсан аж. Хойд Солонгос дөрөв, тавдугаар сард “Мусудан” пуужинг туршиж байсан ч бүгд амжилтгүй болсон юм. Энэ нь гурван мянган км-т байгаа байг онож устгах үзүүлэлттэй пуужин. Өөрөөр хэлбэл, Японы хаана ч, мөн Америкийн мэдлийн Гуам аралд хүрэх чадалтай ажээ.

Х.Клинтон: Трамп Америкийг дампууруулна

Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч Дональд Трампыг “Тэр Америкийн дампууруулна” хэмээн хатуухан шүүмжлэв. “Тэр Америкийг дампууруулахыг бид зөвшөөрөх учиргүй. АНУ түүний дампуурсан казино шиг болох ёсгүй” хэмээн Хиллари Охайо мужид иргэдтэй уулзахдаа хэлсэн байна. Экс тэргүүн хатагтай Трампыг дахин егөөдөж “Тэр эдийн засгийг удирдах чадваргүй. Трамп бизнесийн олон ном бичсэн. Гэвч тэдгээр нь бүгд 11-р бүлгээр төгсдөг” гэжээ. АНУ-ын дампуурлын хууль 11 бүлэгтэй байдаг аж.
Financial Times сонин саяхан уншигчдынхаа дунд судалгаа явуулахад, Трампад Клинтоноос илүү итгэж байгаа нь харагджээ. Трампыг илүү их ажлын байр бий болгоно хэмээн үзсэн байна. Хиллари мөн Трампыг татвар төлөгчдийн мөнгөөр АНУ-ын санхүүгийн элит ангийн ашиг сонирхлыг хамгаалж байна хэмээн үзжээ. “Дональд Трамп тэрбумтнуудад гурван их наяд долларын хөнгөлөлт эдлүүлэх болно. Тэр Америкийн 120 мянган баян гэр бүлд 120 сая энгийн америк иргэнээс ч их мөн өгнө” хэмээн Хиллари хэлсэн байна.

Н.Мадурог огцруулах гарын үсгийг цуглуулж байна

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах эсэх бүх нийтийн санал асуулга явуулахад шаардлагатай 195 мянган хүний гарын үсэг цуглуулах ажиллагаа эхэлж, эхний өдөр л 72 мянга 150 хүний гарын үсэг цуглаад байна.
Сөрөг хүчний лидер Энрике Каприлесийн хэлж буйгаар, бүх нийтийн санал асуулгын талыг баримтлагчид хоёр хоногийн дотор эдгээр гарын үсэг үнэн, жинхэнэ эсэхийг батлах шаардлагатай болж байгаа аж. Ерөнхийлөгч Мадурогийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны нэгдүгээр сард дуусна. Гэвч парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчин түүнийг хугацаанаас нь өмнө буулгах сонирхолтой байна. Гарын үсэг маш хурдан цуглаж байгаа нь Венесуэлийн иргэд Мадурогоос залхаж байгаагийн илрэл хэмээн Каприлес хэллээ. 


Латин Америкийн орнуудын нэрний гарал үүсэл

Цуут аялагч Кристобал Колумб Америк тивийг нээхээс өмнө эдгээр улс орнууд үүсээгүй, байгаагүй нь тодорхой. Харин эдгээр улс орны нэр хаанаас, хэрхэн гарч ирсэн бэ? ВВС үүнд хариулж байна.

Аргентин (Argentina)

Тус улсын нэр нь мөнгө (металл) гэсэн утгатай. Латин хэлэнд “argentum”, испанид “argénteo” гэдэг нь мөнгө гэсэн үг ажээ. 1554 онд бичиг цаасан дээр анх Terra Argentea буюу Мөнгөтэй газар хэмээн тэмдэглэж байсан хэмээн Аргентины Батлан хамгаалах яамны веб сайтад бичсэн байдаг. Мөн Аргентины газар зүйн байрлал ч Río de la Plata буюу Мөнгөн голыг дагаж үүссэн ажээ.

Болив (Bolivia)

Латин Америкийн орнуудыг Испанийн дарлалаас чөлөөлөгч, цэргийн жанжин Симон Боливарын нэрийг авсан гэж ярьдаг ч яг тийм гэсэн баталгаа байхгүй.

Бразил (Brasil)

Шатаж буй гал, цог шиг улаан өнгөтэй нэгэн модны нэрнээс Бразил гэсэн нэр үүсчээ. Португалууд энэ газар нутаг дээр ирээд Pau Brasil хэмээн модных нь нэрээр нэрлэж байсан аж. Өмнөд Америкт элбэг таардаг энэ модноос уугуул индианууд улаан будаг гаргаж авдаг байжээ.

Чили (Chile)

Олон хувилбар байдгаас, уугуул кечуа, аймара омгийн индиануудын хэлэнд байдаг chilli буюу төгсгөл гэдэг үгнээс гаралтай гэж зарим түүхч үздэг. Тэр үед Чилийн газар нутгийг эрхшээлдээ байлгаж байсан инкүүдийн хаант улсын төгсгөлийг зөгнөж ийнхүү нэрлэсэн аж. Мөн tchili буюу “цас, хүйтэн” гэсэн утгатай үг ч гэж тайлбарлах нь бий.

Колумб (Colombia)

Энэ нь мэдээж аялагч, нээгч Кристобал Колумбийн дурсгалыг хүндэтгэснээс үүдэлтэй нэр. Түүний удирдсан испаничуудын хөлөг онгоц 1492 онд Америк тивийн эрэг дээр бууж байсан билээ. Колумб улс 153 жилийн өмнөөс энэ нэрээ авчээ. Тэрнээс өмнө Их Гранада, Их Колумб хэмээн нэрлэгдэж байв

Коста Рика (Costa Rica)

Баян эрэг гэсэн испани үг. Колумб анх энэ улсад ирээд ихээхэн алт олно гэж итгэхдээ ийм нэр өгсөн тухай Oxford толь бичигт тэмдэглэсэн байдаг.

Куба (Cuba)

Олон хувилбар байдаг. Тус арал дээр амьдардаг байсан таино индиануудын хэлэнд байдаг Ciba буюу “Чулуу, уул, агуй” гэсэн үг гэдэг. Мөн cohiba гэсэн таино үг ч гэх нь бий. Бас нэг хувилбар нь, таино хэлэнд “Төв газар”-ыг Cubanacan гэдэг аж.

Эквадор (Ecuador)

Мэдээж экваторын бүс буюу дэлхийн бөмбөрцгийг өмнөд, хойд хэмээн хуваадаг зааг дээр оршдог болохоор ингэж нэрлэжээ. Тус улс 1830 онд Их Колумб улсаас тусгаарласны дараа энэ нэрээ авчээ.

Ямайк (Jamaica)

Мөн л Xaymaca, эсвэл Yamaya гэсэн таино үгнээс үүсчээ. Сүүлд энэ үг испани хэлэнд орж ирэхдээ Jamaica буюу Ямайк (Испани хэлэнд Хамайка гэж дуудагдана) болон хувирчээ. “Ой модтой, устай газар” гэсэн утгатай.

Мексик (Mexico)

Ацтекууд өөрсдийн нийслэл хотоо Metztlixihtlico гэж нэрлэдэг байсан нь испани хэлэнд Мексик болон орж ирснээр энэ улсын нэр тогтжээ. Ацтек хэлэнд “Сарны төв дээр” гэсэн утга илэрхийлнэ.

Парагвай (Paraguay)


Тус улсын уугуул гуарани иргэдийн хэлэнд тэнгисийг Para, үүслийг Gua, усыг Y гэдэг ажээ. Тэгэхээр Paraguay гэдэг нь “Тэнгисээс ирж буй ус” гэсэн утгатай болж байгаа аж. Мөн испанинуудтай энхийн гэрээ байгуулсан индиануудын удирдагч Paragua буюу “Одон титэм” гэсэн нэртэй байжээ. 

Monday, June 20, 2016




Д.Трампыг алахыг хүссэнээ хүлээн зөвшөөрөв

Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг Лас-Вегаст уулзалт хийж байхад нууц албаны ажилтны бууг булаан авах гэж оролдсон 19 настай залуу Бүгд найрамдах намын сунгаанд тэргүүлж яваа Трампыг буудах санаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Майкл Стивен хэмээх залуу тэрбумтан улстөрчийг хөнөөх зорилгоор Нью-Жерсигээс Калифорнид ирсэн нь мөрдөн шалгалтаар тодорхой болж байна. Түүний биеэс Их Британид олгосон жолоочийн үнэмлэх гарч иржээ. Тэрээр АНУ-д ирээд хагас жил болж байна хэмээн мэдүүлсэн аж. Майкл Стивен нэр дэвшигч Трампын амь насанд халдах гэж сүүлийн нэг жилийн турш бэлтгэж, зургадугаар сарын 17-нд Лас-Вегаст ирэхдээ буу эзэмших, буудах богино сургалтад хамрагджээ.
Дональд Трампын уулзалт дээр мань залуу хамгаалалтын ажилтны онгорхой гэрээс гар бууг нь авах гэж оролдсон аж. Стивений хэлж буйгаар, үүнийг зэвсгийг гартаа оруулах хамгийн амархан арга хэмээн үзэж байжээ. 19 настай Майкл Стивен гар бууг булаан авч, өөр хамгаалалтын ажилтнууд өөрийг нь буудаж унагахаас өмнө хоёр удаа буудаж амжина хэмээн тооцоолсон байна. Тэрээр Лас-Вегас дахь уулзалт дээр Трампыг алах боломж гарахгүй бол Финиксийн уулзалт дээр санаснаа гүйцээх төлөвлөгөөтэй байжээ. Стивен Финикс дахь уулзалтын тасалбарыг захиалаад авчихсан байсан аж.

Ховдог, хөнөөлтэй загас Туркийн эрэг рүү ойртож байна

Хортой далавчит загасны сүрэг Газар дундын тэнгисийн зүүн хэсгээр тархаж Турк, Киприйн эрэг рүү ойртож байна. Ховдог, хөнөөлтэй энэ загас далай, тэнгисийн амьтны аймаг болон хүнд аюултай хэмээн мэргэжилтнүүд сануулж байна. Байгаль хамгаалах олон улсын холбооноос мэдээлж буйгаар, хөнөөлтэй загас нь саяхнаас л Туркийн эрэг орчмоор ажиглагдаж эхэлжээ. “Энэ загас нүүдэллэж, тархаж байгаа нь батлагдаж байна. Санаа зовоох асуудал гарч ирлээ” хэмээн тус холбооны төлөөлөгч “АР” агентлагт ярьжээ. Далавчит загасны тархалт далай, тэнгисийн эко систем, загасны үйлдвэрлэл чухал байр суурь эзэлдэг орон нутгийн эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж магадгүй байна.
Далавчит загасны эх нутаг нь Карибын тэнгис. 1990-ээд оны эцсээр энэ загасны сүрэг огцом өсчээ. Хүн далавчит загасны хэлэнд хатгуулбал үхэлд ч хүргэх аюултай. Аварга загаснууд хүртэл далавчит загастай тулгарахаас зайлсхийдэг ажээ.

Бахрейн шиит шашны лидерийн иргэншлийг хасчээ

Бахрейны Засгийн газар шийт шашны лидер Иса Кассимийг гадаадын тагнуул, гар хөл хэмээн буруутгаж иргэншлийг нь хүчингүй болгожээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдэгдэлд, шашны лидерийг “Гадаадын ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс төрд шашин, итгэл үнэмшлийг ашигласан” хэмээн дурджээ. Тэрээр Ираны шийт шашныхны ашиг сонирхолд үйлчилсэн хэмээн ажиглагчид таамаглаж байна. Кассим ийнхүү Бахрейний иргэншлээ хураалгаж апатрид буюу ямар ч улсын харъяалалгүй иргэн болжээ. Улс орны аюулгүй байдалд хор хохирол учруулбал иргэншлийг нь хасна гэсэн хуулийн дагуу эрх баригчид ийм шийдвэр гаргаад байна. Мөн улс оронд хэт даврах үзэгдэл гаарахаас сэргийлж байгаа аж. Бахрейны иргэдийн дийлэнх нь шийт шашинтай. Иса Кассимийн иргэншлийг хассаныг Персийн булангийн хөрш араб орнууд сайшаан хүлээж авчээ. Харин хүний эрхийн Human Rights Watch байгууллага шашны зүтгэлтний иргэншлийг хассан нь хүний эрхийг зөрчсөн явдал хэмээн шүүмжилсэн байна.

Ф.Олландын амрагт төсвөөс 400 мянган евро зарцуулж байна

Францын Ерөнхийлөгчийн амраг Жюли Гайегийн аюулгүй байдлыг хангахад Францын төсвөөс жилд 400 мянган евро зарцуулж байна. Жүжигчин бүсгүйг цагдаа, тусгай албаны хоёр баг байнга харж, хамгаалж байгаа аж. Төрийн тэргүүний нууц амрагт (одоо бараг ил болсон) төсвөөс багагүй мөнгө зарцуулж байна гэсэн шуугиан дэгдэж хүчээ авсны дараа Татвар, тооцооны шүүх энэ зардлыг тодруулан гаргасан юм. Албаны баримтад тулгуурлан гаргасан тооцоогоор, Олландын сэтгэлийн амрагийн аюулгүй байдалд татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр 287- 400 мянган евро зарцуулж байгаа аж. Олланд, Гайегийн нууц харилцаанд зөвхөн аюулгүй байдал бус, мөн өөр олон зардал гарч байгаа ажээ. 



ХМТ “Орландогийн алуурчин”-ы утасны яриаг ил болгов

Зургадугаар сарын 12-нд Орландо хотын ижил хүйстний шөнийн клубт олон хүнийг буудаж алсан Омар Матины утасны яриаг Холбооны мөрдөх товчоо ил болголоо. Тэрээр эхлээд аврах албаны 911 дугаар руу залгаж гэмт хэрэг үйлдсэнээ дуулгажээ. Матин Pulse клубт аллага үйлдчихээд хагас цагийн дараа 911-ийн оператортой холбогдож “Аллахын алдар бадартугай. Агуу Аллахтай хамт мөргөснөөр энх тайван ирэх болно” гэсэн байна. Цааш нь “Би Орландод олон хүнийг буудаж алснаа танд мэдээлж байна” гэжээ. Холбооны мөрдөх товчооны шалгалтаар, Омар Матин хотын цагдаагийн газрын терроризмын эсрэг төвтэй гурван удаа холбогдсон нь тогтоогджээ. Эдгээр ярианыхаа нэгэнд тэрээр, клубын гадаа машинд дэлбэрэх бодис тавьсан байгаа, одоо дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ. Мөн “Надад Францад ашигласантай адил тэсрэх бодистой хантааз байгаа” хэмээн хэлсэн ч энэ нь хожим батлагдаагүй юм. Дараа нь хийсэн шалгалтаар ямар ч тэсэрч, дэлбэрэх бодис илрээгүй ч Омар Матин ийнхүү худлаа сүрдүүлж цаг хожиж байжээ.

Алуурчны утасны яриатай холбогдуулж Холбооны мөрдөх товчооноос хийсэн хэвлэлийн бага хурал дээр, АНУ-ын эрх баригчид Матиныг гадаадын ямар нэг террорист байгууллагатай холбоотой гэж үзэхгүй байгааг онцолсон байна. Матин аймшигт аллага үйлдэхээсээ өмнө ОХУ, АНУ-ыг “Исламын улс” бүлгийг бөмбөгдөхөө зогсоо хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн аж. Зургадугаар сарын 12-нд афган гаралтай Америкийн иргэн Омар Матин Орландо хотын Pulse клубт олон сумаар цэнэглэсэн буутай нэвтэрч ороод гал нээсэн юм. Тэрээр мөн дээд зэргийн сум үл нэвтрэх хантаазтай ирэх гэж байсан ч орон нутгийн дэлгүүрт байхгүй байсан нь хожим тогтоогдсон. Матин клубт нэвтэрч ороод тэнд байсан хүмүүсийг барьцаанд аваад буудаж эхэлжээ. Цагдаа нар удалгүй байшинг бүсэлсэн ч гурван цагийн дараа л дайралтаа эхлүүлсэн юм. Клуб дотор тэсрэх бөмбөг байгаа гэсэн мэдээлэл авсан тул тийшээ илрүүлэгч робот оруулах гэж ихээхэн цаг алджээ. Ийнхүү Матиныг тэсрэх бөмбөгөө дэлбэлнэ хэмээн сүрдүүлсний дараа л цагдаа нар дайрч орсон юм. Цагдаа, тусгайгийн ажилтнууд эхлээд клубын барилгын ханыг тусгай машинаар эвдэх гэж оролдоод бүтэлгүйтсэн байна. Дараа нь клубт нэвтрэн орж Омар Матиныг буудаж устгасан ч тэрээр аль хэдийнэ 49 хүнийг алж, 53 хүнийг шархдуулаад амжсан байсан билээ. Энэ нь есдүгээр сарын 11-ны халдлагаас хойш АНУ-ын газар нутаг дээр гарсан хамгийн аймшигтай аллага, гэмт хэрэг болжээ.

Sunday, June 19, 2016




Хүүхдүүд завиар аялж яваад энджээ

ОХУ-ын Карели мужид нууранд завиар аялж явсан хүүхдүүдийн завь хөмөрч 14 хүүхэд амь насаа алджээ. Үүнтэй холбогдуулж Москвад гашуудлын өдөр зарлаж байгааг хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна. Урьдчилсан мэдээллээр, зусланд амарч байсан 50 орчим хүүхэд гурван завинд хуваагдан сууж нуураар аялж байхад гэнэт шуурга дэгдэж хоёр завь нь хөмөрчээ. Гурван завинд 47 хүүхэд, дөрвөн зааварлагч явж байсан аж. Мөрдөн шалгах хорооноос мэдэгдсэнээр, одоогоор 14 хүүхдийн цогцсыг нуураас олж гаргаад байна. Тэд бүгд зусланд амарч байсан 12-14 насны хүүхдүүд аж.

Энэтхэгт согтууруулах ундааг хориглов

Энэтхэгийн зүүн өмнөд Тамилнад мужийн захиргаа нийгэм дахь хүчирхийллийг багасгах зорилгоор архи, согтууруулах ундаа худалддаг улсын 500 орчим дэлгүүр, цэгийг хаах шийдвэр гаргалаа. Архи зардаг бусад дэлгүүрийн ажиллах цагийг хязгаарлаж байгаа аж. Мужийн захирагч Жаялалита Жаярам тавдугаар сарын сонгуулийн кампанийнхаа үеэр ийм амлалт өгч байсан юм.
Энэ арга хэмжээ нь сексийн хүчирхийлэлд ихээхэн өртөх болсон мужийн охид, эмэгтэйчүүдийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай байгаа ажээ. Учир нь эмэгтэй хүнийг зодох, хүчирхийлэх гэмт хэрэгт архи, согтууруулах ундаа ихээхэн нөлөөлж байгааг тогтоосон юм. Энэтхэгийн хэд хэдэн муж архины худалдааг хориглоод байна. Хөрш Керала мужид 2014 оноос хойш ихэнх зочид буудалд архи худалдаалахыг хориглосон юм. Гэвч ийм арга хэмжээний эцэст гэрийн аргаар үйлдвэрлэсэн архи, контрбандын архины худалдаа цэцэглэн хөгждөг нь жам билээ.

Шведийн хаан, хатан хоёр 40 жилийн ойгоо тэмдэглэв

Шведийн хаан XVI Карл Густаф, хатан хаан Сильвиа Зоммерлат нар гэрлэлтийн 40 жилийн ойгоо төрөл төрөгсөд, найз нөхдийн хүрээнд тэмлэглэжээ. Ойн баярын арга хэмжээ Эланд арал дээрх Соллиден шилтгээнд болсон байна. Хаан Карл Густав ордонд хувийн “Феррари”-гаа хөлөглөн ирсэн аж.
XVI Карл Густаф Сильвиа Зоммерлаттай 1972 оны Мюнхений зуны олимп дээр танилцжээ. Герман бүсгүй Сильвиа олимпт орчуулаг-хөтөчөөр ажиллаж байсан юм. Карл Густав энэ харилцаагаа нэлээд хэдэн жилийн турш нууцалж байжээ. 1973 онд хаан ширээнд суусныхаа дараа ч Сильвиатай хэдэн жилийн турш нууц харилцаатай байсан аж. Тэд 1976 онд гэрлэжээ.

Ж.Ассанж, Лондон дахь Экваодорын ЭСЯ-нд дөрвөн жил

АНУ-ын Төрийн департаментын нууц мэдээллийг ил болгосон WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны байранд хоргодоод дөрвөн жилийг өнгөрүүлээд байна. Эдүгээ 44 настай Ассанж Шведийн талаас гаргасан хүсэлтээр Европолоос гаргасан тушаалын дагуу 2010 онд Лондонд баривчлагдсан юм. Түүнийг хүчингийн хэрэгт буруутгаж байгаа аж. Гэвч тэрээр шүүх хурал болтол гэрийн хорионд байсан билээ. Хоёр жилийн дараа Английн дээд шүүх түүний хүсэлтийг няцааж Шведийн талд шилжүүлэн өгөх шийдвэр гарсны дараа Ассанж гэрийн хорионоос зугтаж Лондон дахь Эквадорын дилломат төлөөлөгчийн газар руу орж хоргодсон юм. Швед улсын шүүх түүнийг хүчингийн хэрэгт буруутгасан хэвээрээ, шилжүүлж авах хүсэлт нь ч хэвээр байгаа аж. Харин Ассанж Швед улсыг АНУ-ын заавраар ажиллаж байна, Швед улс шилжүүлж авчихаад дараа нь АНУ-д шилжүүлж өгөх гэж байна, энэ бол төрийн нууц мэдээлэл, хууль бус, дэлхийн нийтийг доромжилсон үйлдэл, хуйвалдааныг нь ил болгосны төлөө хорссон Вашингтоны үйл ажиллагаа хэмээн мэдэгдсэн юм.
Европын олон хотод Эквадорын ЭСЯ-нд “хоригдсоор” байгаа Ассанжийг дэмжих үйл ажиллагаа болж, Патти Смит, Брайан Ино, Ноам Чомски, Янис Варуфакис, Ай Вейвей, Вивьен Вествуд зэрэг алдартнууд Ассанжид эрх чөлөө олгохыг шаардаж байна. 



Израиль Баруун эрэгт 18 сая долларын санхүүжилт олгоно

Израилийн Засгийн газар Иордан голын баруун эргийн еврейн тосгон, сууринд зориулж 18 сая долларын нэмэлт санхүүжилт олгохоор болжээ. Тель-Авивын эрх баригчид, еврей иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэмэгдүүлэхэд энэ хөрөнгө мөнгийг зарцуулна хэмээн мэдэгдлээ. Олон улсын эрх зүйн үүднээс, Палестины эзлэгдсэн газар нутаг дээрх еврейн тосгон, сууринг хууль бус гэж үздэг ч Изралиь улс үүнийг эсэргүүцэж “Бид ийм эрхтэй” гэдэг аж. Израиль, Палестины засаг захиргааны хооронд энхийн гэрээ байгуулахад Баруун эрэг дахь хүн ам зүйн асуудал саад болсоор ирсэн юм. АНУ, Европын холбоо Израильд хандаж эзлэгдсэн газар нутаг дээр еврейн тосгон суурин барих, өргөжүүлэхээ зогсоохыг шаардсаар байна.  

5640 кв км газар, 220 кв км ус, мөн Зүүн Иерусалимыг багтаадаг Баруун эрэг нь Палестины газар нутгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг билээ. Баруун эрэг нь баруун, хойд болон өмнөд тал руугаа Иордан-Израилийн 1949 оны гал зогсоох гэрээгээр тогтоогдсон хил хязгаарыг Израильтай хуваан эзэмшдэг. Мөн зүүн талаараа Иордан голоор Иордантай хиллэдэг. Мөн Баруун эрэг нь Мөхсөн тэнгисийн баруун эргийн ихэнх хэсгийг эзэмшилдээ багтаадаг аж. 2015 оны долдугаар сарын байдлаар, Баруун эрэгт хоёр сая 785 мянган палестин, 371 мянган еврей үндэстэн оршин сууж байна. Үүнээс гадна, Зүүн Иерусалимд 212 мянган еврей амьдарч байгаа аж. Баруун эрэг дахь еврей суурин, тэр тусмаа Зүүн Иерусалим дахь еврей нийгэмлэгийг дэлхийн улс орнууд хууль бус хэмээн үздэг ч Израиль үүнийг эсэргүүцсээр байдаг. Израиль улс 1967 онд Баруун эргийг эзэлснээс хойш тэнд еврей хүмүүсийг суурьшуулж, еврей тосгон, суурин барьж, өргөжүүлсээр байгаа юм. Израилиуд эзэлсэн газар нутаг дээрээ өөрсдийн хот, тосгодыг байгуулахыг олон улсын эрх зүйн гэрээ, Ослогийн гэрээгээр хориглодог ч Тель-Авив үүнийг үл ойшоодог юм. Үүнээс болж палестинууд Израилийн эсрэг босч, эцэст нь зөвхөн Израиль улсыг эсэргүүцэж, устгах зорилго тавьсан “Хамас” бүлэг үүсч байсан билээ. Палестин иргэдийн уур хилэн, өс хорсол нэмэгдэхийн хэрээр Интифад буюу Израилийн эсрэг өргөн хүрээтэй бослого, партизаны дайн хэд хэдэн удаа дэгдэж байв. Израилийн эрх баригчид хариуд нь Палестины газар нутгийг бүсэлж, агаараас бөмбөгдөж олон хүний аминд хүрч байсан билээ.

Wednesday, June 15, 2016




АНУ Украинд 220 сая долларын тусламж үзүүлнэ

АНУ энэ онд Украинд 220 сая долларын санхүүгийн тусламж үзүүлнэ хэмээн мэдэгдлээ. Дэд ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхий сайд Владимир Гройсмантай утсаар ярихдаа энэ тухай дуулгажээ. Вашингтон мөн Киевийн шинэ Засгийн газраас дэвшүүлж буй шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжихээ мэдэгдэв. Украин улс төсвийн хүндрэл бэрхшээлээ багасгахын тулд Дэлхийн валютын сангаас тэрбум долларын тусламж авах шаардлагатай байгаа юм. Гэвч Киевийн эрх баригчид Дэлхийн валютын сангаас амлаж байгаа 1.7 тэрбум долларын буцалтгүй тусламжийг авахын тулд шинэчлэлийн нэмэлт хөтөлбөр батлах хэрэгтэй байгаа ажээ.

Азербайжанд сөрөг хүчнийг мөрдөж мөшгисөөр байна

Азербайжанд хүний эрх зөрчигдөж, сөрөг хүчнийг мөрдөж мөшгисөөр байна хэмээн хүний эрхийн Amnesty International байгууллагаас мэдэгдлээ. Эрх баригчид сүүлийн үед хэд хэдэн улс төрийн хоригдлыг сулласны 12 нь огт гэм буруугүй хүмүүс байгаа аж. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дансыг царцааж, олон нийтийн байгууллагын ажлын өрөөг битүүмжилжээ. Хэдийгээр зарим хоригдлыг суллаж байгаа ч иргэдийг улс төрийн үзлээс нь болж баривчилж, саатуулсаар байна.
Тус улс дахь иргэний нийгмийн үйл ажиллагаа зогсож, Сэтгүүлчдийн эрх чөлөө, аюулгүй байдлын хүрээлэн, Сонгуулийн мониторингийн төв, Ардчилсан судалгааны хүрээлэн зэрэг байгууллагууд “үүдээ барьжээ”. Одоо ажиллаж буй байгууллагууд улс төрийг шүүмлэхээ больсон аж. Эрх баригчид Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээг хянаж, цагдах нь ихэсчээ.

Mossack Fonseca фирмийн ажилтныг баривчилжээ

Панамын Mossack Fonseca фирмийн IT хэлтсийн ажилтныг Швейцарийн Женев хот дахь албан өргөөнөөс нь баривчилжээ. Тус фирмийн нууц мэдээлэл алдагдсаны улмаас дэлхий даяар офшор шуугиан дэгдсэн билээ. Швейцарьт баривчлагдсан ажилтныг хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, хулгайлж, түгээсэн хэрэгт буруутгаж байна. Харин энэ ажилтан дөрөвдүгээр сард дэлхий даяар тарсан “Панамын баримт бичиг”-т хамаатай эсэх нь тодорхойгүй байна. “Панамын баримт бичиг”-ээр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүрээллийн хүмүүс, Исландын Ерөнхий сайд, хөлбөмбөгч Лионель Месси, жүжигчин Жеки Чан зэрэг олон алдартны офшор данс, хөрөнгө ил болж шуугиан дэгдсэн юм. Фирмийг үндэслэгч Рамон Фонсека, офшор компаниудын мэдээлэл алдагдсан нь гаднаас довтолсон хакеруудын үйл ажиллагаа хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.

Мексикийн баян эр сурагчдыг хуучин утсаар хангана

Мексикийн тэрбумтан, дэлхийн тэргүүн баячуудын нэг Карлос Слим сурагчдыг боловсролын мэдээлэл, материалаар хангахын тулд эдэлж, хэрэглэж байсан ухаалаг гар утаснуудыг цуглуулах хөтөлбөрийг эхлүүлээд байна. Дэлхийд томоохонд тооцогдох гар утасны операторын компанийн эзэн Слим бүх насныханд зориулсан мэдээ, материалтай үнэгүй танилцах боломжийг олгоно гэжээ. Тус компани 1-2 жил хэрэглэсэн гар утсыг 500 песо буюу 26 доллараар санал болгож байна. Энэ нь сурагчдыг хэрэгтэй мэдээллээр хангах хамгийн үр дүнтэй, өгөөжтэй, хэмнэлттэй арга хэмээн ярилаа. Мексикт үйл ажиллагаа явуулдаг Испанийн Telefonica, Америкийн AT&T операторууд мөн сургалтын материалыг гар утсаараа үнэгүй үзэх боломжийг олгоно гэдэгт итгэж буйгаа Карлос Слим онцоллоо. Тэрээр дэлхийн баячуудын жагсаалтад дөрөвдүгээрт бичигддэг ажээ.

Хятадад үер бууж олон хүний аминд хүрчээ

Хятадын зүүн өмнөд нутагт хүчтэй аадар бороо олон цагаар орж хөрсний нуралт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алдлаа хэмээн “Синьхуа” агентлаг уламжиллаа. Өөр арав гаруй хүн сураггүй алга болжээ. Хэд хэдэн байшин, барилга нурж, усанд автаж ихээхэн хохирол учраад байна. Зүүн болон өмнөд нутгийн хэд хэдэн тосгон, суурин үеэрт автаж, аврагчид, машин техник очиход хүндрэлтэй болжээ. Хоёр хоногийн өмнө Хятадын хойд хэсгийн нэгэн хотод аварга том мөндөр орж 18 мянган автомашинд хохирол учруулсан юм. 


Д.Трамп зэвсгийн худалдааг хязгаарлах талаар дуугарав

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп зарим иргэдийн зэвсэг худалдаж авах эрхийг хязгаарлах хэрэгтэй хэмээн ярьжээ. “Би Буу, зэвсгийн үндэсний холбооны төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа. Террорист ажиллагаа явуулах магадлалтай хүмүүсийн жагсаалтад бичигддэг, сэжигтэй, цагдаагийн хараа хяналтад байдаг хүмүүст буу зэвсэг худалдахыг бүрэн хориглох хэрэгтэй гэдэг дээр санал нийллээ” хэмээн Твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
Дональд Трамп өмнө нь АНУ-д зэвсгийн худалдаанд ямар нэг хориг тавихыг эсэргүүцэж байсан юм. “Зэвсэг худалдаж авах, зэвсэг эзэмших нь АНУ-ын Үндсэн хуулийн хоёр дахь шинэчлэлээр олгогдсон эрх. Энэ бол ямар ч америк иргэний үндсэн, буцаан авч болшгүй эрх” хэмээн ярьж байсан билээ. Орландо хотын ижил хүйстний клубт афган гаралтай америк иргэн Омар Матин 50 хүнийг аймшигтай хядсаны дараа Трампын байр суурь өөрчлөгдсөн бололтой. Матин нь ХМТ-ны хараа хяналтад байсан аюултай этгээд байсан юм.

Орландогийн алуурчны талаар шинэ мэдээлэл гарсаар байна. 29 настай Омар Матин “Исламын улс” бүлэг болон түүний лидер Абу Бакр Аль-Багдадид үнэнчээ илэрхийлэн тангараглаж “Жинхэнэ лал шашинтан хэзээ ч өрнөдийн бохир замаар явахгүй” хэмээн баталж байсан нь түүний Facebook хуудаснаас ил болсныг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн Рон Жонсон ярьжээ. Омар Матин нийтийн цахим сүлжээнд таван хуудас ажиллуулж “Та нар нисэх онгоцноос бөмбөгдөж гэмгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг алж байна. Та нарт “Исламын улс”-ын өс хонзонг амсуулах болно. Америк, Орос “Исламын улс”-ыг бөмбөгдөхөө зогсоо” хэмээн бичиж байжээ. Тэрээр интернэтээс “Исламын улс” бүлгийн толгойлогчийн хэлсэн үг, Сан-Бернардиногийн алуурчдын талаар хайлт хийж байсан нь ил болоод байна. Матин Pulse шөнийн клубээс 16 удаа утсаар ярьсан ба холбогдож ярьсан хүмүүсийг нь ХМТ шалгаж байгаа аж. 

Tuesday, June 14, 2016




Б.Обама Далай ламыг Цагаан ордонд хүлээж авлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Түвдийн оюун санааны лидер Далай лам Данзанжамцыг Цагаан ордонд хүлээж авчээ. Уулзалт хувийн шинж чанар агуулсан хэмээн мэдээлж байна. Далай лам даваа гаригт АНУ-д гурван өдрийн айлчлалаар ирсэн юм. Далай ламыг аюултай салан тусгаарлагч, турхирагч гэж үздэг Хятадын эрх баригчид энэ уулзалтыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм. XIV Далай лам энэ удаагийн айлчлалынхаа үеэр лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг хориглоё хэмээн уриалсан Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг шүүмжилжээ. Түвдийн цөллөг дахь Засгийн газрын тэргүүн, оюун санааны лидер Далай лам 1959 онд Хятадын эсрэг бослого гаргаж бүтэлгүйтсэнийхээ дараа Түвдээс зугтаж гарсан юм.

Зика вирусээр халдварлах аюул буурчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Рио-де-Жанейрогийн олимпийн тоглолтын үеэр Зика вирусээр халдварлах аюул эрс буурсан хэмээн мэдэгдлээ. Тиймээс өвчний аюул, эрсдэлийн улмаас наймдугаар сард болох олимпийн наадмыг хойшлуулах шаардлага байхгүй хэмээн үзжээ. Бразил нь Кика вирусын халдварын голомт болоод байгаа билээ. ДЭМБ-аас ч вакцинийг нь одоо болтол гаргаж авч чадаагүй байгаа Зика вирусыг глобал аюул, заналхийлэл хэмээн нэрлэж байсан юм. Зика нь ихэвчлэн жирэмсэн бүсгүйчүүдээр дамжиж шинээр төрсөн хүүхдүүдийн толгой, тархийг жижигрүүлдэг өвчин юм. Риогийн олимпод хөл хүнд бүсгүйчүүд ирэхгүй байхыг зөвлөж, мөн шумуулаас хамгаалах арга хэмжээ авахыг уриалж байна.

Орландогийн алуурчны эхнэрийг шүүхэд дуудаж магадгүй


Орландо хотын Pulse гей-клубт 49 хүнийг буудаж алсан Омар Матины эхнэрийг нөхрийнхөө аллага үйлдэх санаархлыг мэдэж байсан гэх үндэслэлээр шүүхэд дуудаж магадгүй болжээ. 30 настай Нур Матин нөхрөө дор хаяж нэг удаа ижил хүйстний клубт хүргэж өгсөн, мөн олон хүн алах санаанаасаа буцахыг гуйж, ятгаж байсан хэмээн NBC телевиз мэдээлэв. Мөн Омар Матин зэвсгийн дэлгүүрээс сум худалдаж авахад эхнэр нь дэлгүүрт байж байсан бололтой. Гей-клубт шархадсан хүмүүсээс 27 нь эмнэлэгт байгаа бөгөөд тэдний зургаагийн амь нас хүнд байна. Омар Матин Pulse клубт нэг бус удаа очиж, юм ууж сууж байхыг хүмүүс харсан гэж мэдүүлжээ. Нэг удаа тэрээр архи ууж, клубт байгаа хүмүүстэй маргалдаж, агсамнаж байсан аж. 


Сайн унтахгүй бол дуршилгүй, аз жаргалгүй

1. Гэнэтийн цочилт

Яг сайхан зүүрмэглээд эхэлж байтал гэнэт цочиж сэрдэг. Бүгд ингэдэг, ноцтой зүйл биш. Энэ нь зөвхөн унтаж байхад тохиолддог ховст нөлөө хэмээн нэрлэгддэг үзэгдэл юм. Зүүд нойронд бие организм өөрчлөлтөд орохын өмнө бэлтгэгдэж байна гэсэн үг. Бие организмийн үйл ажиллагаа удааширч, түүнийг нь тархи хүлээн авч хариу үйлдэл үзүүлж буй нь энэ ажээ.

2. Зүүдэндээ баригдах, саатуулагдах

Олон хүнд тохиолддог. Зөвхөн гүн нойрсох үед тохиолдох энэ зүйлийг REM (Rapid Eye Movement, нүд хурдан хөдлөх) гэж нэрлэдэг. Зүүдэлж буйгаа мэдсэн ч сэрж чаддаггүй, тэрхүү зүүдний үйл явдалд хариу өгч, хөдөлж чадахгүй гар, хөл нь баригдаж, саатуулагддаг. Харин нүд нь маш хурдан эргэлдэж, хөдөлж байдаг аж. Энэ нь заримдаа ихээхэн аймшиг төрүүлэх нь бий. Нэг үгээр хар дарсан зүүд юм.

3. Шүдээ хавирах, хурхирах

Унтаж байхдаа хурхирч, шүдээ хавирч дуугаргадаг хүмүүс бий. Ядаргаа, эсвэл эрүү, шүдний буруу, тэнцвэргүй байдлын улмаас хурхирч, шүдээ хавирдаг. Нойрондоо шүдээ хавирснаар эрүү өвдөх, мөн шүдний бусад асуудал үүсч болно.

4. Чанга дуугаар ярих

Та ингэдэггүй бол хэн нэгнийг зүүд нойрондоо чанга ярихыг сонссон нь лавтай. Энэ бол нийтлэг зүйл юм. Бид зүүдэндээ нэг үг, өгүүлбэрийг ч чангаар хэлдэг, заримдаа бүр харилцан яриа өрнүүлдэг. Харин үүнийгээ саналгүй, мартах нь элбэг тохиолдоно.

5. Сексийн ханамж

Энэ бол ямар ч сонин зүйл биш. Тэр тусмаа эрчүүд зүүд нойрондоо хөвчирч, загас наадуулж байна хэмээн зүүдэлж дур тавьдаг. Энэ нь бие организм, цусанд агаар, тэжээл дутагдаж гэнэт хөвчрүүлэн дур тавиулж буй эрүүл, зүй ёсны үзэгдэл юм. Гэхдээ эмэгтэйчүүдэд ч бас тохиолдоно. Эмэгтэй хүний тодорхой даавар нь цугларч бөөгнөрсний дараа эротик зүүд зүүдэлж ханамж авах нь байдаг аж.

6. Зүүдэндээ өндөр болчихдог

Зүгээр л бид зүүдэндээ яльгүй өндөр болчихдог аж. 6-8 цаг хэвтэж, амарч, амьсгалсаар байх зуур нуруу тэнийж, тэр тусмаа нурууны үе, ууцны уулзварын үе сунаж өндөр болдог ажээ. Гэвч өглөө болоод босоход л сунаж, зайтай болсон үеүүд байрандаа орж, бид буцаад “намхан” болчихдог.

7. Тархины хор арилдаг

Унтах нь эрүүл мэндэд хамгийн чухал, ялангуяа тархинд. Тархи, мэдрэл нь шөнийн турш идэвхтэй ажиллаж байдаг ч мөн хажуугаар нь хамгийн сайн амарч чаддаг аж. Унтаж байхад тархи, мэдрэлийн систем зөвхөн нэг чиглэлтэй болдог тул мэдээллийг ангилж, хэрэггүйг нь толгойноос шууд шахан гаргаж, нэг үгээр тархийг хоргүйжүүлдэг аж. Харин нас ахих тусам энэ системийн ажиллагаа муудаж, тархин дахь хор ихэссэнээр Алцгеймер буюу мартаж, үл санаж эхэлдэг байна.

8. Хүүхдийн өсөлтийн даавар ялгардаг

Хүүхэд өсч, том болохын тулд унтах хэрэгтэй болдог. Хүний биеийн булчин, ясыг суллаж, чөлөөлж, улмаар өсөх, томрох боломжийг олгодог HGH даавар нь зөвхөн унтаж байхад ялгардаг аж. Хэрвээ хүн унтдаггүй байсан бол хэзээ ч том болохгүй, хүүхдээрээ л байна гэсэн үг. Мөн унтаж байхад бидний эд эс үржиж, нөхөн төлжиж байдаг. Гэхдээ зөвхөн гүн нойрон дунд гэж байна шүү!

9. Сайн унтахгүй бол дуршилгүй, аз жаргалгүй


Унтаж, хөдөлгөөнгүй хэвтэж байна гэдэг нь хүч зарцуулахгүй, калори шатаахгүй байна гэсэн үг биш. Харин ч их эрч хүч зарцуулж байдаг ажээ. Нойрсож байхад бдний бие организм хорыг зайлуулах, тархи мэдрэлийг амраах зэргээр олон үндсэн үүргээ гүйцэтгэж байдаг. Нэг үгээр их цэвэрлэгээ явагддаг. Цэвэрлэгээ явагдахгүй бол бөөр үрэвсэхээс эхлээд түмэн зовлон үүсдэг. Тиймээс бид унтахгүй, эсвэл муу унтаад байвал грелин хэмээх даавар үүсэхээ больдог. Энэ яадаг даавар юм гэж үү? Энэ нь дуршил, хүслийг өдөөдөг сэтгэл ханамжийн, аз жаргалын даавар ажээ.