Saturday, February 6, 2016




Бичин жил, Хятад дахь “Хүүхдийн тэсрэлт”

Бичин жилд төрсөн хүүхдүүд нь сармагчин шиг сэргэлэн, ухаалаг, сониуч байдаг, тэд энэ чанараа ашиглаж аз жаргалтай амьдардаг гэдэгт хятадууд итгэдэг. Энэхүү итгэл үнэмшил дээр өнгөрсөн жил Бээжингийн Засгийн газраас нэг хүүхэд бодлогыг цуцалсныг нэмбэл Азийн аварга улсад дахин “Хүүхдийн тэсрэлт” болох нь тодорхой болоод байна. Хятад улс өнөөдөр буюу даваа гаригт оны хамийн том баяр буюу сарны тооллын шинэ жилээ тэмдэглэнэ. Хонь, тахиа хоёрын дунд байдаг бичин жил нь 12 жилийн хамгийн өгөөжтэй нь биш юм. Хятадууд луу жилийг эрч хүч, эд баялаг авчирдаг гэж үздэг бөгөөд луу жилд төрөлт таван хувиар нэмэгддэг гэсэн тооцоо байдаг. Харин хонь жилд төрсөн хүүхэд ихээхэн хатуу хөтүү амьдрал туулдаг гэж үздэг нь өнгөрсөн онд ердийн дунджаас 320 мянгаар бага хүүхэд мэндэлснээр батлагдаж байгаа аж. Гэвч хятад үндэстний амьдралд багагүй нөлөөтэй мухар сүсэг болон төр, засгийн шинэ бодлого хятад залууст гэрэл гэгээ бэлэглэжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг гэр бүл хоёр хүүхэдтэй байж болохыг зөвшөөрсөн билээ. Хүйсийн харилцаа алдагдаж, хүн ам түгшүүртэйгээр хөгшрөх болсны улмаас Хятадын эрх баригчид гурван аравны турш гамшигт үр дагавар авчирсан нэг хүүхдийн бодлогыг цуцалсан юм.
Нэг хүүхэд бодлогыг цуцалснаар төрөлт жилд 3-6 саяаар нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Хятадын гэр бүл төлөвлөлтийн хорооноос мэдэгдэж буйгаар, 2021 он хүртэл төрөлт 18-21 саяаар нэмэгдэхээр байгаа аж. Төрөлт нэмэгдэж буйн үр дагавар аль хэдийнэ ажиглагдаж эхэлжээ. Бээжингийн эмэгтэйчүүдийн төв эмнэлэг, Шанхайн олон улсын амаржих газар гээд том эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэх оргүй болох нь элбэг болсон тул урьдчилж захиалга авах болсон аж. Жирэмслэлт, төрөлт нэмэгдэхийн хэрээр төрөх эмнэлэг, хүүхдийн эмч, эх баригч нар ихээхэн шаардлагатай болж байна. “Жирэмсэн эмэгтэйчүүд цөөхөн долоо хоногтой байсан ч урьдчилж захиалга өгөх хэрэгтэй боллоо. Учир нь олон эмнэлэгт тэднийг хүлээн авах ор дутагдалтай байна. Энэ онд өнгөрсөн оноос хавьгүй илүү хүүхэд мэндлэхээр байна” хэмээн A Mothers Touch төвийг үүсгэн байгуулагч Лиз Пурнелл өгүүлэв. Тус төв нь эмэгтэйчүүдэд төрөхийн өмнөх болон дараахь зөвлөгөө, арчилгаа, үйлчилгээг Хятад даяар үзүүлдэг аж. Хятадад чинээлэг дундаж ангийн худалдан авах чадвар ихээхэн дээшилсэн тул эрүүл мэнд, арчилгаа сувилгаанд мөнгийг харамгүй зарцуулах болж, энэ чиглэлийн үйлчилгээний салбар хурдацтай өсч байна.

Нэн хурдацтай нэмэгдэж байгаа бас нэг үйлчилгээ нь юуэсао буюу асрагч эмэгтэй. Хятадын уламжлал ёсоор, шинэхэн төрсөн эх дараагийн нэг сард сайн амарч, сэргэж, хүч чадлаа эргүүлэн олж авах ёстой. Орчин үед шинэхэн эхчүүд сэргэж, биеэ тэнхрүүлэхийн тулд мэргэшсэн асрагч хөлслөх нь элбэг болжээ. Мянган жил уламжилж ирсэн гам ёсоор, шинэхэн төрсөн эх нэг сарын турш гэрээсээ гарахгүй, даарч хөрч болохгүйгээс гадна хоол ундаа нарийн тохируулах ёстой байдаг. “Миний асрагч хүч тамир сэлбэх маш амттай шөл, тусгай хоол хийж өгдөг. Би хүйтэн ус, мах ч юм уу, хүйтэн юманд хүрч болохгүй. Асрагч маань өдөр бүр цагаан гаатай усаар биеийг үрж дулаацуулж өгдөг. Тэр их сайн, мэргэжлийн хүн. Тэр үүргээ гүйцэтгэж сарын дараа биднийг орхин явахад би уйлсан” хэмээн 2013 онд ихэр хүүхэд төрүүлсэн Лай Ваней өгүүлж байна. Өнөөдөр сайн асрагч нар эрэлт ихтэй болж, сарын өмнөөс захиалга өгөхгүй бол олдохоо больжээ. Эхэндээ асрагч нар амаар цалин хөлсөө тохироод явдаг байсан бол эрэлт, хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр үнэлгээ нь нэмэгдэж, зарим нь сард хоёр мянган долларын цалин ч авах болжээ. Ийм үйлчилгээ үзүүлдэг компаниуд бичин жилд алгаа үрэн суух нь тодорхой болж байна. Нэг хүүхэдтэй байсан залуу гэр бүлүүд бичин жилд хоёр дахь хүүхдээ өлгийдэж авахаар зэхэж, сармагчин шиг сэргэлэн, ухаалаг “хүүхдийн тэсрэлт” болох гэж байгаа тул хүүхэд, эхийн асрагч, хүүхдийн хуурай сүү, живхний бизнест ч “тэсрэлт” болох нь гарцаагүй ажээ.

No comments:

Post a Comment