Wednesday, February 3, 2016




Зөвхөн дарс уусаар 107 наслажээ

Испанийн Виго хотын иргэн Антонио Докампо Гарсия 107 насандаа өөд болов. Атаархмаар эрүүл саруул биетэй испани өвөө бүх амьдралынхаа туршид зөвхөн улаан дарс ууж байсан юм. Тэрээр хоолон дээрээ 1.5 литр улаан дарс заалттай уудаг байсан аж. Өнгөрсөн долоо хоногт хадан гэртээ очсон Антонио ямар ч хадгалагч бодисгүй, өөрийн гараар гэртээ нэрсэн дарс уудаг байсан. Түүний өвөрмөц түүх, амьдралын хэв маяг өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд “Галисиа мужийн дуу хоолой” нэвтрүүлгээр олонд ил болсны дараа нийгмийн сүлжээгээр хүчээ авсан билээ. Антониогийн эцэг Мануэль Докампо амьдралынхаа сүүлчийн жилүүдэд дусал ч ус амсалгүй зөвхөн дарс ууж байжээ. “Аавтайгаа гэртээ байхдаа бид хоёр хамтдаа сард 200 литр улаан дарс уучихдаг байсан” хэмээн тэрээр дурсан ярьж байв. Энэ ундаанд дурлах сэтгэлд нь хязгаар байсангүй. Тэрээр улаан дарсны ачаар үргэлжийн залуу, эрүүл саруул байж, амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хүртэл атаархмаар эрүүл биетэй байжээ. Антонио 103 нас хүртлээ ганц ч удаа эм ууж, тариа хийлгэж байгаагүй юм.

Багдад хамгаалалтын хана хэрэмтэй болно

Иракийн аюулгүйн хүчнийхэн нийслэл Багдад хотыг “Исламын улс” бүлгийн босогчдын дайралтаас хамгаалахын тулд хана хэрэм барьж эхлээд байна хэмээн Иракийн армийн төлөөлөгч, дэслэгч генерал Абдул Амир ярилаа. Аюулгүй байдлын хана хэрэм Багдадыг бүх талаас нь хамгаалах юм. Барилгын бэлтгэл ажил энэ долоо хоногт эхэлжээ. “Багдадыг тойрсон хамгаалалтын хэрэм террористууд нэвтрэх, хотод тэсэрч, дэлбэрэх бодис оруулахаас сэргийлнэ” хэмээн Абдул онцлов. “Исламын улс”-ын хяналтад байдаг Эль-Фаллужа хотоос холгүй орших Аль-Субайхат дүүрэгт (Багдадаас 30 км-ийн зайтай) хамгаалалтын хана хэрэм босгох ажил эхлээд байна.

М.Цукерберг дөрөвт орж ирлээ

Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукербергийн хөрөнгө 50 тэрбум долларт хүрч дэлхийн баячуудын жагсаалтад дөрөвдүгээрт орж иржээ. Facebook 2015 оны санхүүгийн тайлангаа нийтэлсний дараа тус компанийн үнэт цаасны ханш өсчээ. 2015 оны сүүлчийн улиралд Facebook-ийн орлого 44 хувиар өсчээ. 31 настай Цукерберг Amazon-ийг үндэслэгч Жефф Безос (49.1 тэрбум долларын хөрөнгөтэй), Movil SAB компанийн эзэн Карлос Слим (49 тэрбум) нарыг ардаа орхилоо. Дэлхийн баячуудын жагсаалтыг Microsoft-ийг үндэслэгч Билл Гейтс, Inditex буюу Zara дэлгүүрийн сүлжээний эзэн Амансио Ортега (Испани), Америкийн нэртэй хөрөнгө оруулагч Уоррен Баффет нар тэргүүлж байна. Он гарсаар эхний таван баянаас зөвхөн Цукерберг хөрөнгөө чинээгээ нэмэгдүүлж (9.5 хувиар) чаджээ.

Владимир Путиний дүрд хэн тоглох вэ?

Америкийн Knights bridge Entertainment кинокомпани ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тухай кино хийхээр болсон билээ. Оросын лидерийн дүрд хэд хэдэн алдартай жүжигчин тоглохоор өрсөлдөж байна. “Зураг авалт нь энэ хавар эхлэх Путиний тухай кинонд өндөр зэрэглэлийн дөрвөн жүжигчин өрсөлдөж байна” хэмээн кинокомпанийн менежер Валерий Саарян “РИА Новости”-д ярьжээ.
Зарим мэдээллээр, Холливудын од Леонардо Ди Каприо Кремлийн эзний дүрийг бүтээхийг хүсч байгаа аж. Тэрээр саяхан Германы Welt am Sonntag сонинд ярилцлага өгөхдөө ОХУ-ын Ерөнхийлөгч болон дэлхийн пролетарийн лидер Лениний дүрд тоглохоос татгалзахгүй гэсэн юм.
В.Путиний тухай кино 2017 онд бэлэн болох бололтой. Зураг авалтыг Орос, Америк, Европт авах аж. Гол дүрийн жүжигчин тодроогүй байгаа ч найруулагчаар хоёр удаагийн “Оскар”-ийн шагналт Марк Дэймон ажиллахаар болжээ. Кинонд Путин КГБ-ийн тагнуулчаас Ерөнхий сайд, улмаар хэрхэн Ерөнхийлөгч болсныг харуулах юм. Харин Владимир Путин энэ төсөлд хэрхэн хандаж байгаа нь тодорхойгүй байна. “Энэ бол уран сайхны кино. Тиймээс ярилцах, зөвшилцөх шаардлага байхгүй. Ерөнхийлөгчтэй энэ талаар ярилцаагүй. Харин бүх асуудлыг хуульчидтай ярилцаж, зөвшилцсөн” хэмээн Knights bridge Entertainment-ийн төлөөлөгч ярьжээ.

Энэтхэгт Зика вирусын эсрэг вакцин гаргаж авчээ


Энэтхэгийн Bharat Biotech International компани дэлхий дахиныг түгшээж байгаа Зика вирусын эсрэг вакцин гаргаж авлаа хэмээн The Times of India сонин мэдээлэв. Компанийн төлөөлөгчийн хэлж буйгаар, шинэ вакциныг эхлээд амьтан дээр туршиж үзэх юм. Ямартай ч шинэ вакцин нь вирусын эсрэг тэмцэлд түлхэц өгнө хэмээн мэдээлж байна. Bharat Biotech International компани вакциныг сайжруулах судалгаа, шинжилгээн дээр Засгийн газраас тусламж хүсчээ. Дөрвөн сарын дотор нэг сая тун вакцин үйлдвэрлэн нийлүүлж чадна хэмээн тус компанийн төлөөлөгч мэдэгдлээ.

No comments:

Post a Comment