Sunday, February 21, 2016



Хүүхдүүд нь танк зурдаг Газын зурвас

-2008 оноос хойшх бүслэн хаалт, Израилийн армийн гурван ажиллагаа 400 мянга орчим хүүхдийг сэтгэцийн эмгэгтэй болгожээ-

Ихад 13 настай, шөнө бүр орноосоо босч гал тогооны өрөө рүү орж хутга авдаг. Дараа нь ах нарынхаа өрөө рүү явж хаалга онгойлгох тэр агшинд эцэг нь зогсоогоод зүүдэлсээр буй Ихадын гараас аюултай хэрэгслийг салгаж авдаг аж. Хэдэн сарын өмнө израиль цэргүүд гэрт нь дайран орж бүх эрчүүдийг нь гаргаад жаахан хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнө дайран доромжилсонд хорсохдоо тэрээр ийнхүү зүүдэн өвчтэй болжээ.
Энэ бол хоёрдугаар интифадын (Ираилийн эсрэг палестинуудын хөдөлгөөн) үед израиль цэргүүд Газын зурваст нэвтэрч тусгай ажиллагаа явуулж байх үеэр сэтгэцийн эмгэгтэй болсон олон мянган палестин жаалын нэг бодит жишээ юм. 2008 оноос хойшх бүслэн хаалт, Израилийн армийн гурван довтолгооны улмаас 400 мянга орчим хүүхэд сэтгэцийн гажигтай болж хоцорсон ажээ. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл тэднийг ийм болгосон юм. Палестины Рафа хотод 18-аас доош насны хүүхдүүдийн сэтгэцийн байдлын талаарх олон улсын хурал болов. Газын зурвас дахь хүүхдүүдийг сэтгэцийн эмчид авчирч үзүүлэхийг уриалдаг ч ээжүүд үүнд тун ч хойрго ханддаг аж. Израилийн бүслэлтэд байдаг Газын зурваст сэтгэцийн эмчийн тусламж шаардлагатай олон хүүхэд байдаг хэмээн сэтгэцийн эмч Юсуф Авадала ярилаа. Ийм хүүхдүүдийг эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй эмч Ханин “Газад сэтгэц нь доголдсон олон хүүхэд байдаг. Бид 10-15 насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эхлээд бид танилцуулга хийж, дараа нь хүүхдүүдэд нааштай болон сөрөг зураг үзүүлж, тайлбарлуулдаг. Палестин хүүхдүүд нааштай, гоё зургийг ч сөргөөр тайлбарлах гээд байдаг” хэмээн тэрээр өгүүлэв.
Израилийн бөмбөгдөлтөд өртөж эрэмдэг болсон гишүүнтэй гэр бүлийн хүүхдүүдэд Гэмтлийн дараахь сэтгэцийн өөрчлөлтийг эмчлэх эмчилгээ хийж байна. “Гэмтлийн дараахь сэтгэцийн өөрчлөлт нь эмнэлэгт хэвтэхээс илүүтэй үр нөлөөг үзүүлж байна. Хүүхдүүд тоглож, эсвэл зурж өөрсдийгөө илэрхийлдэг. Газа хүүхдүүд танк, нисдэг тэрэг, израиль цэргүүдийг зурж байна. Нэг, хоёрдугаар интифадын үеэр хүүхдүүд цус, шархадсан хүмүүсийг цөөн зурдаг байлаа. Харин одоо цуст бөмбөгдөлт, түргэн тусламжийн тэрэг, эвдэрч сүйрсэн байшинг их зурж байна” хэмээн Палестины дүрвэгсдэд зориулсан НҮБ-ын эмнэлгийн сэтгэл судлаач, эмч Утман  ярьж байна.
Нэгэн сорилт дээр палестин жаалуудыг суулгаж хүүхэлдэйн кино үзүүлжээ. Дараа нь зөөлөн тоглоомтой өрөөнд оруулж, үзсэн зүйлээ зурахыг даалгав. Гэтэл хүүхдүүд зөвхөн хүчирхийллийн дүр зургийг нь цаасан дээр буулгасан байлаа. Израилийн бүслэн хаалт дайнаас илүү муу үр дагавартай байгааг энэ нь харуулж байгаа аж. Бөмбөгдөлт, сүйтгэл, хичээл завсардалт, үер, бороо зэрэг байгалийн гамшиг, чингэлэг дамжин амьдрах, хий, цахилгааны хомсдол нь Газын зурвас дахь хүүхдүүдийн сэтгэл, тархинд хамгийн муугаар нөлөөлж байна. “Дайн дууссан ч бүслэн хаалт үргэлжилж, томчууд, хүүхэдгүй бүгдэд хортой нөлөө үзүүлж байна” хэмээн Утман онцлов.

“Хамас” хөдөлгөөн 2006 оны нэгдүгээр сард сонгуульд ялж Газын зурвасыг хяналтдаа авсны дараа Израилийн бүслэн хаалт улам идэвхжсэн билээ. Бүслэн хаалтын бодлого нэг зөөлөрч, нэг чангарч ирсэн ч тэвчишгүй дарамт шахалт доорх байнгын сэтгэгдэл нь Газа дахь иргэдийн, тэр тусмаа хүүхдүүдийн сэтгэцэд өөрчлөлт оруулж байна хэмээн эмч Авадала үзэж байгаа аж. Үүнийг эмнэлгийн хэллэгээр гэмтлийн дараахь үргэлжилсэн синдром хэмээн нэрлэдэг. Израилийн дайралт, довтолгооны улмаас өнчирч хоцорсон хүүхдүүдийн байдал бүр эмзэг байдаг аж.

No comments:

Post a Comment