Sunday, February 14, 2016



Сабрина Пастерски, шинэ Эйнштейн

-Дөнгөж 22 настай Сабрина Пастерски Гонсалесийг дэлхийн хамгийн гайхалтай оюун ухааны нэг хэмээн үзэх болжээ. Тэрээр аль хэдийнэ “шинэ Эйнштейн” хочтой болсон юм. Amazon-ийг үндэслэгч Жефф Безос түүнийг ажилд авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ-

Куба ээж, америк аавтай Пастерски Чикагод төрж өсчээ. Есөн настай байхдаа анхны нисэх онгоцоо зохион бүтээж, 14 насандаа энэ онгоцоороо нисч чадсан юм. Ийнхүү тэрээр физикт шимтэн дурлах болж, өөрийн хийсэн онгоцоороо нисч Массачусетсийн технологийн хүрээлэнгийн (MIT) талбай дээр газардаж байв. Сабринагийн бүтээлийг гайхан шагшсан хүрээлэнгийн захирал Пегги Удден “Би итгэж чадахгүй байсан. Тэр их залуу” хэмээн өгүүлж байсан билээ. MIT-д түүний оюун ухааныг Эйнштейнийхтэй, үр бүтээлч чанарыг нь Леонардо Да Винчигийнхтэй, хүчин чармайлтыг нь Стивен Хокингийнхтой зүйрлэх болжээ. Залуу бүсгүй Америкийн сансар судлалын (NASA) зарим сод эрдэмтний анхааралд өртөөд байна. Сабрина Пастерски Hertz сан, Smith сан болон Шинжлэх ухааны үндэсний сан зэрэг хамгийн нэр хүндтэй хүрээлэнгийн хэдэн сая долларын тэтгэлгийг авч чаджээ. Тэрээр өнөөдөр Массачусетсийн технологийн хүрээлэнг хэзээ ч байгаагүй өндөр дүнтэй төгсөж, Харвардад докторын зэрэг хамгаалахаар сурч байна.
Пастерски эдүгээ хар нүх, таталцал, орон зай-цаг хугацааг судалж байна. Түүний судалгааны гол сэдэв нь квантын таталцал. Тэрээр квант механикийн орчинд энэ үзэгдлийг тайлбарлахаар оролдож байгаа юм. Түүний мэргэжлийн хүсэл мөрөөдөл дотор өөрийн гараар сансрын хөлөг бүтээж, хэн нэгнийг авч Ангараг гариг руу аялах. “Боломжгүй санагдаж байгааг мэдэж байна. Гэвч чи ажиллаж, хичээх юм бол бүх юм боломжтой” хэмээн Сабрина өгүүлэв. Бүсгүй ихээхэн амжилтад хүрсэн ч даруухан байхыг хичээдэг. “Бүтээл, шинэ санаанд минь багш нарын тусламж үргэлж хэрэг болдог. Бүхнийг мэдэж төрнө гэж байдаггүй. Тусламж хүсэх нь зорилгодоо хүрэх хамгийн чухал арга” хэмээн ярилаа.

Сабрина Пастерски мөн үе тэнгийн залуусаас өдөр тутмын арга барилаараа ялгардаг. Түүнд Twitter, Instagram байхгүй, Facebook-т бараг ордоггүй. Тэрээр ухаалаг утасгүй амьдрахаар шийдсэн юм. Интернэтэд ганц хийдэг зүйл нь PhysicsGirl сайтаар өдөр бүр зочилж хамгийн дуртай зүйл болох физикийн ертөнцтэй холбоотой мэдээ, мэдээлэл солилцох. “Фикик бол гайхалтай зүйл. Энэ бол өглөө есөөс орой тав хүртэл хийдэг ажил биш. Ядраад байвал унтчихдаг, ядрахгүй бол физик судлаад байж байдаг” хэмээн өгүүлэв. Сабрина Пастерскийн хийж буй судалгаа, шинжилгээ ирээдүйд орон зай, цаг хугацааны ойлголтыг өөрчилж магадгүй хэмээн түүнтэй хамтран ажилладаг эрдэмтэд үзэж байна. 

No comments:

Post a Comment