Monday, February 29, 2016



Амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ

Иракийн Микдад хотод шийт шашинтнуудын оршуулга дээр бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрээд байна. Амь үрэгдэгсдий дотор нутгийн босогчдын отрядын хоёр командлагч байгаа аж. Шархдаж гэмтсэн хүний тоо 50-д хүрчээ. Багдадаас холгүй орших Микдад хотод нэгэн омгийн цэргийн удирдагчийг оршуулж байх үеэр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Халдлагын хариуцлагыг лалын террорист “Исламын улс” бүлэг хүлээсэн байна.
НҮУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Иракт болсон халдлагыг буруутгаж, амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэлэ илэрхийлжээ. Мөн тэрээр Иракийн Засгийн газарт хандаж буруутай этгээдийг олж шийтгэхийг хүсчээ.

Египетийн аялал жуулчлалын орлого 1.3 тэрбум доллараар буурчээ

Оросын нисэх онгоц Синайн хойгт сүйрснээс хойш Египетийн аялал жуулчлалын салбарын орлого 1.3 тэрбум доллараар буурсан тухай тус улсын Ерөнхий сайд Шериф Исмаил мэдэгдэв. Орос, Египетийн тал шууд нислэгээ сэргээх талаар ярилцаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Оросын “Когалымавиа” авиакомпанийн Airbus A321 онгоц 2015 оны аравдугаар сарын 31-нд Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург руу нисч яваад Синайн хойгт дэлбэрэн сүйрсэн юм. Уг онгоцонд явж байсан 217 зорчигч, нисэх багийн долоон гишүүн бүгд амь үрэгджээ. Үүний дараа ОХУ-ын эрх баригчид Египетийн нислэгээ зогсоосон аж. Оросын нисэх онгоц алан хядах ажиллагааны улмаас дэлбэрч сүйрсэн хэмээн үзсэн юм.

Тээвэрлэгч хөлөг онгоцыг хөвөгч зочид буудал болгоно

1982 онд Фолклендийн дайнд оролцсон “Hermes тээвэрлэгч хөлөг онгоцыг хөвөгч зочид буудал болгоно хэмээн The Times сонин мэдээлэв. Одоо ч ажилласаар буй дэлхийн хамгийн эртний энэхүү тээвэрлэгч хөлөг онгоц нь Аргентины эсрэг дайнд Их  Британийн тэнгисийн цэргийн хүчнийг манлайлан оролцож байсан билээ. 1986 онд энэ хөлгийг Энэтхэг улс худалдан авч “Вираат” хэмээн нэрийг нь өөрчилжээ. Энэ зун “Вираат”-ыг Бенгалийн булан дахь тансаг зочид буудал болгон хувиргах гэж байна. Таван одтой хөвөгч “Вираат” нь 600 өрөө, таван зоогийн газар, шөнийн клуб, бассейнтай болох аж. Мөн тэнд казино ажиллах юм. Энэтхэгт эх газар дээр мөрийтэй тоглоомыг хориглодог. Тээвэрлэгч хөлөг онгоцыг зочид буудал болгоход 80 сая доллар зарцуулах ажээ.

No comments:

Post a Comment