Monday, February 29, 2016



Амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ

Иракийн Микдад хотод шийт шашинтнуудын оршуулга дээр бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрээд байна. Амь үрэгдэгсдий дотор нутгийн босогчдын отрядын хоёр командлагч байгаа аж. Шархдаж гэмтсэн хүний тоо 50-д хүрчээ. Багдадаас холгүй орших Микдад хотод нэгэн омгийн цэргийн удирдагчийг оршуулж байх үеэр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Халдлагын хариуцлагыг лалын террорист “Исламын улс” бүлэг хүлээсэн байна.
НҮУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Иракт болсон халдлагыг буруутгаж, амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэлэ илэрхийлжээ. Мөн тэрээр Иракийн Засгийн газарт хандаж буруутай этгээдийг олж шийтгэхийг хүсчээ.

Египетийн аялал жуулчлалын орлого 1.3 тэрбум доллараар буурчээ

Оросын нисэх онгоц Синайн хойгт сүйрснээс хойш Египетийн аялал жуулчлалын салбарын орлого 1.3 тэрбум доллараар буурсан тухай тус улсын Ерөнхий сайд Шериф Исмаил мэдэгдэв. Орос, Египетийн тал шууд нислэгээ сэргээх талаар ярилцаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Оросын “Когалымавиа” авиакомпанийн Airbus A321 онгоц 2015 оны аравдугаар сарын 31-нд Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург руу нисч яваад Синайн хойгт дэлбэрэн сүйрсэн юм. Уг онгоцонд явж байсан 217 зорчигч, нисэх багийн долоон гишүүн бүгд амь үрэгджээ. Үүний дараа ОХУ-ын эрх баригчид Египетийн нислэгээ зогсоосон аж. Оросын нисэх онгоц алан хядах ажиллагааны улмаас дэлбэрч сүйрсэн хэмээн үзсэн юм.

Тээвэрлэгч хөлөг онгоцыг хөвөгч зочид буудал болгоно

1982 онд Фолклендийн дайнд оролцсон “Hermes тээвэрлэгч хөлөг онгоцыг хөвөгч зочид буудал болгоно хэмээн The Times сонин мэдээлэв. Одоо ч ажилласаар буй дэлхийн хамгийн эртний энэхүү тээвэрлэгч хөлөг онгоц нь Аргентины эсрэг дайнд Их  Британийн тэнгисийн цэргийн хүчнийг манлайлан оролцож байсан билээ. 1986 онд энэ хөлгийг Энэтхэг улс худалдан авч “Вираат” хэмээн нэрийг нь өөрчилжээ. Энэ зун “Вираат”-ыг Бенгалийн булан дахь тансаг зочид буудал болгон хувиргах гэж байна. Таван одтой хөвөгч “Вираат” нь 600 өрөө, таван зоогийн газар, шөнийн клуб, бассейнтай болох аж. Мөн тэнд казино ажиллах юм. Энэтхэгт эх газар дээр мөрийтэй тоглоомыг хориглодог. Тээвэрлэгч хөлөг онгоцыг зочид буудал болгоход 80 сая доллар зарцуулах ажээ.


Хоёрдугаар сарын 29: Өндөр жилийн тухай таван сонирхолтой баримт

365.2422 өдөр. Дэлхий Нарыг тойрон эргэхдээ яг ийм хугацаа зарцуулдаг аж. Гэвч XVI зууны эцсээр нэвтрүүлсэн өрнийн зурхайн дагуу нэг жил 365 хоногтой хэмээн тогтоосон юм. Жил бүр илүү гардаг таван цаг, 48 минут, 46 секундыг дөрвөн жил тутамд нэмээд нэг илүү өдөр гаргаж ирснээр газар, дэлхийн цагийг зохицуулж иржээ. Ингээд дөрвөн жил тутамд нэг тохиодог хоёрдугаар сарын 29 буюу өндөр жилийн талаар ВВС таван сонирхолтой баримтыг хуваалцаж байна.

1. Эзэн хааны буруу

Манай эрины өмнөх I зуунд Ромын эзэнт гүрний хаан Жулио Цезарь одон орончдыг цуглуулж хоёр жил тутамд 22 өдөртэй илүү нэг сар, 355 өдөртэй хуучин цаглабарыг сайжруулах даалгавар өгчээ. Ийнхүү зурхайчид жилийн дөрвөн улиралтай зохицохгүй байсан хуанлийг жилд 365 өдөртэй болгож, илүү гарсан цагийг нэгтгэн тодорхой жил бүрт нэг өдрийг нэмэх болсноор өндөр жил бий болжээ. Цезарийг залгамжлан гарч ирсэн Августо хаан долдугаар сарыг (Julio) өөрийн сар болгосон Жулиогийн адилаар өөрийн сартай байхыг хүссэнээр наймдугаар сар дээр нэг хоног нэмж хоёрдугаар сарыг өөрийн сар болгожээ.

2. Эмэгтэйчүүдэд алтан боломж

Өндөр жил бүх төрлийн ёслол хүндэтгэл, гэр бүлтэй холбоотой итгэл үнэмшлээр дүүрэн байдаг аж. Грект хосууд ирээдүйд эз, муу үр дагавар авчирдаг хэмээн өндөр жилд гэрлэхээс зайлсхийдэг. Гэвч Их Британид өндөр жил буюу хоёрдугаар сарын 29 нь эмэгтэйчүүд нь эрчүүддээ гэрлэх санал тавьж болдог өдөр хэмээн алдаршжээ. Энэ заншил XIX зуунд дэлгэрч, эмэгтэйчүүд ил захидал дээр гэрлэх саналаа бичээд хайртай залуудаа өгдөг болсон байна. Домогт өгүүлснээр, Ирландын гэгээнтэн Патрик эмэгтэйчүүд дөрвөн жилд нэг удаа эрчүүдийг гуйхыг зөвшөөрсөн лүндэн буулгасан гэдэг. Мөн Шотландын хатан хаан Маргарита 1288 онд ганц бие бүсгүйчүүд өндөр жилд эрчүүдэд гэрлэх санал тавих, энэ саналд татгалзсан эрчүүдийг торгож байх зарлиг гаргаж байсан гэх нь бий.

3. Илүү өдрийн маргаан

Та сар бүр цалин авдаг бол өндөр жил таны хувьд муу мэдээ. Учир нь та нэг өдөр илүү ажиллаад авдаг цалингаа л авна гэсэн үг. Гэвч үүний цаана өндөр жилийн эдийн засгийн үр дагаварыг тооцож гаргах гэсэн адармаатай зүйл байдаг ажээ. Статистикийн шинжээчид хоёрдугаар сарыг харьцуулж, дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэг эдийн засгийн янз бүрийн үзүүлэлтийг хэмжихийн тулд тогтсон тоо баримтыг ашигладаг. Тиймээс өндөр жилийг тооцолгүйгээр хоёрдугаар сарыг 28 хоног + дөрөвний нэг өдөртэй хэмээн тооцдог аж.
АНУ-ын Мэрилэндийн дунд сургуулийн нэгэн багш 2008 онд хоёрдугаар сарын 29-нд амарч байх санал дэвшүүлсэн нь ихээхэн дуулиан тарьсан юм. Эсвэл амралтын хоног дээр нэг хоног нэмэх санал гаргажээ. Гэвч үүнийг дэмжсэн улс орон одоогоор байхгүй байна.

4. Сайн дурын, буяны өдөр

Өндөр жилд өөр сонирхолтой санал, санаачилга их гардаг. Зарим нь carpe diem буюу боломжийг ашигла хэмээн уриалж, хоёрдугаар сарын 29-нд хүмүүсийг сайн дураар ажиллаж, буян үйлдэхийг уриалдаг байна. “Өндөр өдрөө буяны үйлст хандивлана уу” хэмээн Easyfundraising.org болон Европ, Америк дахь бусад сайт, байгууллагууд уриалж, олон нийтийг хамруулдаг болжээ. Үүний цаана хоёрдугаар сарын 29-нийг амралтын өдөр болгож, ажилчиддаа чөлөө олгохыг давхар уриалж байдаг бололтой. АНУ-д гэхэд л энэ өдөр хорт хавдрын эсрэг аян өрнүүлж багагүй хандив цуглуулдаг ажээ.

5. Техаст төрсөн өдрөө үнэгүй тэмдэглэ

Өндөр жил нь хоёрдугаар сарын 29-нд төрсөн хүмүүсийн хувьд том баяр. Энэ хүмүүс дөрвөн жилд нэг л удаа төрсөн өдрөө “үнэн зөвөөр” тэмдэглэж чаддаг. “Хүүхэд байхдаа зарим жилд миний төрсөн өдөр байхгүй байхыг хараад гайхдаг байлаа. Харин одоо үүндээ дасаад, харин ч бүр зугаатай болсон” хэмээн Димитриос Михалополус ВВС-д ярилаа.

Өнөөдөр дэлхий даяар хоёрдугаар сарын 29-нд төрсөн 4.1 сая хүн байна. Өндөр өдөр мэндэлсэн хүмүүс АНУ-ын Техас мужийн Антони хотод төрсөн өдрийн баяраа тэмдэглэж болно. Өндөр жилийн дэлхийн нийслэл хэмээн өргөмжлөгдсөн тус хотод өндөр жилд дөрвөн өдрийн турш баяр цэнгээн зохион байгуулж, хоёрдугаар сарын 29-нд төрсөн хүмүүст зориулан тансаг оройн зоог барьдаг ажээ.

Saturday, February 27, 2016



Вашингтонд хагас зууны дараа трамвай эргэж ирлээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотод хагас зууны дараа трамвайны шугамыг дахин ашиглалтад орууллаа. 1962 онд автобусанд зайгаа тавьж өгөөд алга болсон трамвай ийнхүү Вашингтоны гудамжинд эргэн ирж байна. Трамвай 3.9 км шугамаар 80 км/цаг хурдлах боломжтой ч дундаж хурд нь 16-19 км/цаг байх юм. Вашингтоны трамвай 15 минутын зайтай шөнийн 02:00 цаг хүртэл явна. Хагас жилийн хугацаанд үнэгүй байх бөгөөд дараа нь хотын эрх баригчид шаардлагатай тарифыг батлах аж. 1962 онд Вашингтоны иргэд трамвайд 15 центээр явдаг байжээ. Трамвайн шугамыг арван жилийн хугацаанд 200 сая доллараар барьсан юм.

Францад Зика вирус бэлгийн замаар халджээ

Францын газар нутаг дээр Зика вирус бэлгийн замаар халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ хэмээн тус улсын Олон нийтийн эрүүл мэндийг хянах хүрээлэнгийн тэргүүн Франсуа Бурдион мэдэгдлээ. Жирэмсэн биш бүсгүй мексийн хамтрагчаасаа вирусээр халдварласан байна. “Өвчтөн гадаа руу яваагүй байсан. Хамтран амьдрагч нь Бразилаас буцаж ирэхдээ Зика вирусээр халдварласан байсан. Хоёр өвчтөний биеийн байдал сайн байна” хэмээн Бурдион хэвлэлд ярьжээ. Зтка вирус нь ихэвчлэн шумуулын хазалтаар дамжин халдварладаг. Бэлгийн замаар халдварлах нь тун ховор байдаг аж. Зика вирус нь тийм адармаатай, хэцүү вирус биш тул үүний эсрэг вакциныг гаргаж авах боломж их байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Барак мэдэгдсэн билээ.

Х.Клинтон Өмнөд Каролинад ялалт байгууллаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Өмнөд Каролина мужид болсон Ардчилсан намын сунгаанд гол өрсөлдөгч Берни Сандерсийг ялжээ. Хиллари ийнхүү Ардчилсан намын гурван сунгаанд дараалан ялалт байгуулаад байна. Үүний өмнө афро-амерк иргэд ихтэй мужид ялалт байгуулсан нь сонгогчдын дэмжлэгийг хүлээж буйн баталгаа болжээ. Х.Клинтон, Б.Сандерс нарын нэг нь Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь бараг тодорхой болоод байна. Судалгаагаар, Хиллари иргэдийн дунд 49, Сандерс 47 хувийн нэр хүндтэй байгаа юм.
Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийг тэрбумтан Дональд Трамп тэргүүлж байна. АНУ-ын хоёр том нам 2016 оны долдугаар сард үндэсний хурлаараа нэр дэвшигчээ тодруулна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд болох юм.


Японы хүн ам нэг саяаар багасчээ

Японы хүн ам сүүлийн таван жилд бараг нэг саяаар багассан нь дайн байлдаан болон үхлийг нэмэгдүүлдэг ямар нэг хямралд өртөөгүй орны хувьд түгшмээр үзүүлэлт юм. 2015 оны хүн амын тооллогын дүнгээс харахад, тус улсын иргэдийн тоо 0.7 хувиар буурчээ. Токиогийн эрх баригчид 1920 оноос хойш хүн амаа тоолж эхэлснээс хойш анхны бууралт нь энэ болж байна. Дотоод хэргийн яамнаас гаргасан тоо баримтаар, 2015 онд 127.1 сая иргэн бүртгэгдсэн нь 2010 оны тооллогоос 947 мянгаар бага байгаа аж. Энэхүү буруу хандлагын үр дүн эдийн засаг болон улс төрд ажиглагдаж эхэлжээ.
Төрөлтийн хамгийн бага түвшин, хүн амын хурдацтай хөгшрөлт болон газар нутаг дээрээ цагаачдыг тун цөөн хүлээж авдаг Япон орон ийм нөхцөл байдалтай тулгарах нь олон жилийн өмнөөс тодорхой болсон билээ. Засгийн газраас эмэгтэйчүүдийг илүү олон хүүхэдтэй болохыг уриалан, хүчин чармайлт гаргасан ч олигтой үр дүн өгсөнгүй. Гадаадын иргэд, цагаачдад хаалгаа томоор нээх тухай ярьж байгаа ч япон иргэдийн ихэнх нь үүнийг дэмжихгүй байгаа юм. Ерөнхий сайд Шинзо Абэ хүн ам буурсан үзүүлэлтийн дараа мэдэгдэл хийхдээ, хүн амынхаа тоог 100 саяаас буулгахгүй байх урт хугацааны зорилго тавьж буйгаа дуулгав. Гэсэн хэдий ч НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын үзэж буйгаар энэ зорилгод хүрэхэд тун хэцүү ажээ. Энэ зууны эцэс гэхэд Японы хүн ам одоогийнхоос 40 хувиар буурч 83 саяд хүрнэ хэмээн үзэж байна. Абэ энэ зорилгодоо хүрэхийн тулд 2012 онд нэг эмэгтэйд 1.4 хүүхэд ногдож байсан төрөлтийн түвшинг 1.8 болгохоор эрмэлзэж байгаа аж. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад энэ үзүүлэлт бага ч гэсэн өссөн ч япон эмэгтэйчүүд ажил, мэргэжлийнхээ замналаас татгалзах дарамт шахалтад орохгүйн тулд улам орой гэрлэх хандлагатай болж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, жинхэнэ бэрхшээл, асуудал нь хүн амын тоо, хэмжээ биш, харин “Ард иргэдийн пирамид” хэмээн нэрлэгдсэн хуваарилалтын систем ажээ. Төрөлтийн бага түвшний улмаас дараагийн үе нь өмнөхөөсөө цөөрч, залуусыг пирамидын суурь гэж үзвэл дээр байгаа хөгшин хүмүүсийг тулж түшиж байна гэсэн үг. Залуусаас бүрдсэн суурь улам бүр олширсоор байгаа хөгшин хүмүүсийг тулж, даах хэрэгтэй болж байна. Өнөөдөр японуудын дөрөвний нэг нь 65-аас дээш настай, 2060 он гэхэд тэд 40 хувийг эзэлж тэтгэвэр, эрүүл ахуйн зардал нь улам нэмэгдэнэ. Ажиллах хүч улам буурсаар байгаа Япон оронд хөгшин хүмүүсийг асарч тэтгэх ажил хийх хүн улам цөөрсөөр байгаа юм. Хүн амын бууралт улс орны муж, нутаг бүрт ажиглагдахгүй байна. Жишээ нь, Фукушима зэрэг хөдөө нутгийн хүн ам цөөрсөн бол, хүн амын суурьшил ихтэй хотуудын хүн ам улам өсчээ. Хамгийн том хот Токиогийн хувьд, оршин суугчид нь 13.5 саяд хүрч 2010 оныхоос 2.7 хувиар нэмэгджээ. Нийслэл хотын дагуул хотуудын хүн амыг нийтэд нь тоолбол Их Токиогийн хүн ам 36 саяд (2010 оныхоос 1.4 хувиар илүү) хүрчээ. Япон улс нь хүн амынхаа тоогоор дэлхийд аравт орж байгаа ч эхний 20 улсаас хүн ам нь цөөрч байгаа цорын ганц улс ажээ.

Wednesday, February 24, 2016

Тэрс үзэлтнүүдийг гадаадад гарахыг зөвшөөрчээ

Кубын Засгийн газар “Хар хавар” бүлгэмийн хэдэ хэдэн тэрс үзэлтнийг улс орноос гарч явахыг зөвшөөрчээ. Тус бүлгийн долоон гишүүнийг гадаад руу явахыг зөвшөөрсөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гуравдугаар сарын 21-22-нд эрх чөлөөний аралд хийх айлчлалыг угтсан алхам болсон хэмээн үзэж байна. 2003 оны хавар Кубад сөрөг хүчний идэвхтнүүдийг хоморголон баривчилж, 75 хүнийг шоронд хорьсон юм. Хэдэн жилийн дараа тэднийг ихэнхийг улс орны орхиж явах болзолтойгоор сулласан ажээ. Гэвч 11 тэрс үзэлтэй энэ өршөөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж Кубадаа үлджээ. Эрх баригчид тэдэнд ял шийтгэлээ шоронгоос гадуур эдлэхийг зөвшөөрсөн аж. Тэдний долоод нь гадаад руу явахыг зөвшөөрсөн ч үлдсэн дөрөвт нь хориг тавьсан хэвээр байна.

Мөсөн борооны улмаас нислэг саатжээ

Канадын Онтарио, Квебек мужид мөсөн борооны улмаас хэдэн зуун нислэг хойшиллоо хэмээн CBC телевиз мэдээлэв. Торонтогийн Пирсон олон улсын нисэх буудал 150 орчим нислэгийг цуцалжээ. Монреал, Оттава хотод хэдэн арван нислэг цуцлагдсаны дотор Нью-Йорк, Чикаго, Бостон, Филадельфи, Вашингтон хотын нислэгүүд байгаа аж. Зорчигчдыг нисэх буудал дээр ирэхээсээ өмнө нислэгийн байдлыг нягтлан шалгаж байхыг зөвлөжээ. Канадын цаг уурын албанаас мэдээлж буйгаар, мөсөн бороо үргэлжлэн орохоор байна. Зарим нутагт 15-20 мм тунадас унажээ. Мөн Японд хүчтэй салхины улмаас 66 нислэг хойшилжээ.

Коммунист намын гишүүдийг оршуулах журмыг чангатгана

Хятадын эрх баригчид авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Коммунист намын гишүүдийн оршуулгыг хийх журмыг чангатгахаар төлөвлөж байна. Сангийн яам зэрэг есөн яамнаас гаргасан зааврын дагуу намын гишүүд оршуулах ёслолыг байгаль экологид хор учруулахгүйгээр хийх ёстой болж байна. “Олон түшмэлийн шарил үндэсний стандартад зааж өгснөөс хэд дахин том талбай эзэлж байна. Зарим нь хэтэрхий их гоёл чимэглэлтэй байна. Энэ нь авлигын нэг хэлбэр байж болох юм” хэмээн мэргэжилтэн Ян Гэнхай ярилаа. Оршуулгын зарим компани нэр алдар олохын тулд дарга, түшмэдийн оршуулгыг тансаг маягаар хийж байна хэмээн тэрээр үзэж байгаа аж. Оршуулах зааврыг зөрчвөл шийтгэл онооно хэмээн эх сурвалж мэдээлэв.



Оскарын шаналын тухай мэдэхгүй ч байж болох 10 баримт

Холливудын кино урлагийн академийн (AMPAS) шагнал гардуулах ёслол хоёрхон хоногийн дараа болох гэж байна. 88 дахь удаагийн Оскар мөнхийн азгүй Леонардо Ди Каприогийнх (“The Revenant”) болох магадлал өндөр байна. Оскар есөн аравны турш оршин тогтнохдоо кино урлагийн хамгийн чухал шагнал болон хувирч, дэлхийн даяар хамгийн их үздэг телевизийн нэвтрүүлэг болсон билээ. 1929 оноос хойш олгож байгаа Холливудын кино урлагийн академийн (AMPAS) шагнал гардуулах ёслолын сонин хачнаас дуулгаж байна.

1. Хэн хамгийн их Оскартай вэ?

Алдарт Уолт Дисней хүүхэлдэйн киноны гайхамшигтай замналынхаа явцад 59 ангилалд 22 Оскар авчээ. Үүнээс гадна дөрвөн хүндэт өргөмжлөлийн эзэн. Түүний араас алдарт алтлаг хөшөөхний загварыг гаргасан зургийн дарга Седрик Гибсон 11 Оскартай жагсдаг.

2. Нэг Оскар ямар үнэтэй вэ?

Хэдийгээр худал мэт санагдах ч Оскар нэг долларын үнэтэй ажээ. 1950 оноос хойш шагналын эзэд жижигхэн хөшөөгөө AMPASнэг доллараар санал болгохоос нааш зарж, худалдахыг хориглосон гэрээ байгуулах болжээ. Ийм дүрэм журам байдаг ч арваад Оскарын шагналыг Академийн зөвшөөрөлгүйгээр хар зах дээр худалдсан юм. 1950 оноос өмнө олгож байсан Оскар тун цөөхөн байдаг тул дуудлага худалдаан дээр ихээхэн үнэ хүрдэг ажээ.

3. Оскарын шагналын анхны дамжуулалт

Оскарын шагнал гардуулах ёслолыг 1953 оны гуравдугаар сарын 19-нд NBC телевиз анх удаа Нью-Йоркийн Манхэттан дахь NBC Internacional театр болон Лос-Анжелесийн Hollywood Pantages театраас зэрэг хар, цагаан дүрсээр дамжуулжээ. 1953 онд Сесил Демилийн “Дэлхийн хамгийн том жүжиг” кино Оскар авсан ба олон шүүмжлэгч үүнийг Оскарын шагналтай хамгийн муу кино хэмээн үздэг байна.

4. Нас барсныхаа дараа Оскар авсан жүжигчин хэн бэ?

Оскарын 86 жилийн түүхэнд хоёр жүжигчинд л жижиг хөшөөг нэхэн олгосон байдаг. 1976 онд Британийн жүжигчин Питр Финч “Хөнөөх хүч” киноны гол дүрээр шилдэг жүжигчний шагналыг авчээ. 2006 онд Австралийн жүжигчин Хит Лежер “Харанхуйн хөлөг баатар” киноны туслах дүрээр Оскар авсан юм. Финч 60 насандаа зүрхний өвчнөөр өөд болсон бол, Лежер 28 насандаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэж нас баржээ.

5. Хамгийн олон Оскартай кино

Хамгийн олон Оскар авсан гурван кино байдаг. “Бен Хур” (1959), Tитаник (1997), “Бөгжний эзэн: Хаан буцаж ирсэн нь” (2003) тус бүр 11 Оскар авчээ. “Салхинд туугдагсад” (1939) “West Side Story” (1961) тус бүр арван Оскартай удаалж байна.

6. Оскарт нэр дэвшсэн эмэгтэй кино найруулагчид

Оскарын 86 жилийн түүхэнд ердөө дөрвөн эмэгтэй найруулагч шилдэг кино найруулагчид нэр дэвшиж байжээ. Италийн Лина Вертмюллер (1977), Шинэ Зеландын Жейн Кампион (1994), Америкийн Софи Коппола (2004), Кэтрин Бигелоу (2010) нар нэр дэвшиж байв. Тэднээс Оскар авсан нь ганцхан Бигелоу (“Айдсын бүс”) ажээ.

7. Англиас өөр хэлний киногоор хамгийн олон Оскар авсан улс

Англиас өөр хэлний киногоор хамгийн олон Оскар авсан улс нь Итали юм. Италичууд киногоороо 13 Оскар авчээ. Франц 12, Испани, Япон тус бүр дөрвөн Оскартай. Аргентин хоёр Оскар авч байв. Мексик улсын кино найман удаа нэр дэвшиж байсан ч ганц удаа шагнал авч чадаагүй юм. Энэ удаагийн Оскарт Колумб улс Сиро Гэррагийн “Могойн тэврэлт”-ээр англиас өөр хэлний шилдэг кинонд анх удаа нэр дэвшлээ.

8. Оскартай цорын ганц Оскар хэн бэ?

Хөгжмийн зохиолч Оскар Хаммерштейн 1942 онд Оскарын шагнал авсан нь Оскар нэртэй хүн Оскар авсан цорын ганц тохиолдол болсон юм. Тэрээр 1946 онд дахин нэг Оскар авчээ.

9. Хамгийн олон Оскартай эмэгтэй жүжигчин

Хэдийгээр Мерил Стрип Оскарын шагналд 19 удаа нэрлэгдэж байсан ч хамгийн олон Оскартай эмэгтэй жүжигчин бол Америкийн домогт Кэтрин Хэпбурн юм. Тэрээр 1934-1982 онд шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг дөрвөн удаа авчээ. Араас нь Мерил Стрип, швед гаралтай Ингрид Бергман нар гурван Оскартай нэхэж байдаг.

10. Хамгийн олон Оскартай эрэгтэй жүжигчин


Энэ ангилалд америк эр Жек Николсон маргаангүй манлайлдаг. Тэрээр Оскарт 12 удаа нэр дэвшиж гурван удаа гардан авч байжээ. Даниель Льюис мөн гурван удаа шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан бол, Валтер Бреннан гурван удаа шилдэг эрэгтэй туслах дүрийн Оскар авч байсан юм.

Tuesday, February 23, 2016



АНУ-д Зика вирусын шинэ тохиолдлыг судалж байна

АНУ-ын өвчнөөс уртдчилсан сэргийлэх, хянах төв бэлгийн замаар Зика вирус халдсан байж болох 14 тохиолдлыг судлан шалгаж байна. Тэдний зарим нь жирэмсэн эмэгтэйчүүд байгаа аж. АНУ-д энэ вирусыг анх тээгч нь гадаад руу яваагүй, халдвартай хүнтэй хавьтсан байж болзошгүй байсан нь тогтоогдсоны дараа Зика вирус нь бэлгийн замаар дамждаг байж магадгүй хэмээн Өвчнөөс урьдчилсан сэргийлэх, хянах төвөөс үзжээ. Зика вирусын халдвар илэрсэн бүс нутагт эрчүүдийг бэлгэвч хэрэглэхийг, эмэгтэйчүүдийг жирэмсэн үедээ сексээс татгалзахыг зөвлөж байна. Зика вирус нь Латин Америк тэр тусмаа Бразилд ихээхэн тархжээ. АНУ, Европ, Орост анхны тохиолдол илрээд байна.

Фидель, Раулын ах өөд болжээ

Кубын хувьсгалын лидер Фидель Кастро, өнөөгийн удирдагч Рауль Кастро нарын ах Рамон Кастро 91 насандаа өөд болов. Рамон Кастро Рус 1953-59 оны Кубын хувьсгалын дайн байлдааны үйл ажиллагаанд оролцож байсангүй. Том хүүгийн ёсоор гэр бүлийн аж ахуйгаа удирдаж, эцэг эхээ асрахаар гэртээ үлдэж байжээ. Гэсэн хэдий ч тэрээр дүү Фиделийнхээ зэвсэгт отрядуудад хүнс, зэвсэг, түлш нийлүүлдэг байжээ. Бензин дуусвал Рамон спиртээр бензин нэрж нийлүүлдэг байв. Хувьсгал ялсны дараа Рамон Кастро арлын хөдөө аж ахуйн салбарт зөвлөхийн ажил хийжээ. Тэрээр хэзээ ч сайд, дарга болоогүй ч Кубын эдийн засаг дахь социалист шинэчлэлийг санаачилсан хүний нэгд тооцогддог юм.

40 мянган доллараар барьсан жорлонг ашигласангүй

Камбожийн Ратаникири мужийн эрх баригчид хөрш Тайландын гүнж Махи Чакри Сириндорны айлчлалд тусгайлан зориулж барьсан бие засах газрыг ашигласангүй хэмээн мэдэгдэв. Тайландаас авчирсан материалаар найман метр кв талбай, агааржуулагч болон бусад тохижилттой ариун цэврийн өрөөг барихад 40 мянган доллар зарцуулжээ. Тайландын гүнжийн хувийн хүсэлтээр үүнийг барьсан ч тэрээр айлчлалынхаа үеэр тэрүүгээр шагайсан ч үгүй. Харин гаднаас нь хараад хэдэн зураг даржээ. Хөдөөгийн хүн амын 80 хувь нь жорлон, ус цэвэрлэх суваггүй байдаг Камбожид энэ явдал ихээхэн шуугиан дэгдээж байна. Тусгай жорлонг Тайландын хөрөнгөөр барьсан хэмээн эрх баригчид мэдэгдэв. Энэ нь зөвхөн Тайландын хааны гэр бүлд зориулагдсан тул буцааж нураахаар болжээ.

Балбын ууланд нисэх онгоц алга болов

Балбын уулархаг бүс нутагт 21 хүнтэй явж байсан жижиг нисэх онгоц алга болжээ. Энэ тухай орон нутгийн эрх баригчид Associated Press агентлагт мэдэгдсэн байна. Tara Air авиакомпанийн Twin Otter нисэх онгоц нислэгийг удирдах төвөөс холбоо тасарсан хэмээн Балбын төв хэсгийн уулархаг Покхара хотын нисэх буудлын төлөөлөгч уламжилжээ. 18 зорчигч, нисэх багийн гурван гишүүнтэй нисэх онгоц Покхара хотоос Жомс хот орохоор хөөрчээ. Tara Air авиакомпани нийслэл Катманду хотод байрладаг аж.



Б.Обама Гуантанамогийн шоронг хаах төлөвлөгөөг танилцуулав

Барак Обама 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа есдүгээр сарын 11-ны халдлагын дараа Гуантанамод (Куба) байгуулагдсан АНУ-ын шоронг хаана хэмээн амлаж байсан билээ. Тэрээр өчигдөр энэ шоронг бүрмөсөн хаах төлөвлөгөөг Конгресст танилцуулахдаа “Манай түүхийн нэг бүлгийг хаах тухай ярьж байна. Есдүгээр сарын 11-нээс хойш суралцсан хичээл биднийг урагш нь хөтлөх ёстой” хэмээн мэдэгджээ. Тэрээр Цагаан ордны Рузвельтийн танхимаас онцлохдоо өмнөх Ерөнхийлөгч Жорж Буш Гуантанамогийн шоронг хаагдаасай гэж хүсч байсныг нэг бус удаа дурджээ. 2002 оноос хойш 800 орчим хоригдол дамжсан, асар их хэл ам дагуулдаг шоронг бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө хаах төлөвлөгөөг Конгресс рүү илгээгээд байна.

30 дахин их өртөгтэй хоригдлууд

Гуантанамогийн шоронд Америкийн татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр 400-450 сая доллар зарцуулдаг. Ардчилсан намын сенатч Дианне Фейнштейн нэг жилийн өмнө танилцуулсан судалгаандаа, Гуантанамогийн нэг хоригдол АНУ-ын чанга дэглэмтэй шоронгийн хоригдлоос 30 дахин их өртөгтэй байгааг дурдаж байжээ. Б.Обамагийн засаг захиргаанаас үзэж буйгаар, терроризмд сэжиглэгдсэн хүмүүсийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр хорьсноор жилд 100 сая доллар хэмнэх аж.

Дайсны дайчид

Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Афганистан, Иракт явуулсан цэргийн ажиллагааны явцад баривчлагдсан сэжигтнүүдийг хүлээж авахын тулд баривчилгааны төвийг Куба арлын зүүн өмнөд эрэг дахь АНУ-ын тэнгисийн цэргийн бааз дээр 2002 онд байгуулжээ. Тэдгээр сэжигтнүүдийг Жорж Бушийн засаг захиргааны зүгээс “Дайсны дайчид” хэмээн тодотгож, дайны олзлогдогсдын адилаар үндсэн эрхийг нь хязгаарласан юм.

1903 онд Кубаас АНУ-д найр тавьсан газар нутаг

АНУ-ын тэнгисийн цэргийн бааз байрладаг Гуантанамо муж дахь газар нутгийг Куба улс 1903 онд Испанийн эсрэг дайнд тусласанд нь талархаж АНУ-д өгсөн юм. АНУ-д найр тавьсан газар нутаг нь нийтдээ 117 км кв талбайтай, үүнээс 49 нь хатуу газар байдаг аж. Гуантанамогийн хойг Гавана хотоос 1000 км зайтай. Кубын одоогийн эрх баригчид тэр үед найр тавьсан газар нутгаа буцааж авахыг шаардаж байгаа юм.

Өнөөдөр 91 хоригдол үлджээ


Өнөөдөр Гуантанамогийн шоронд 91 хоригдол үлджээ. 2003 онд гэхэд л 680 хоригдол хүлээн авч байв. Нийтдээ 800 орчим хоригдол хүлээж авснаас 85 хувийг нь өөр шорон руу шилжүүлжээ. Өнөөдөр үлдсэн 91 хоригдлын 35-ыг нь өөр улс руу шилжүүлэхээр болоод байна. Үлдсэн нь АНУ дахь шоронд ял шийтгэлээ эдэлж дуусгах ажээ. Б.Обамагийн засаг захиргааны үед 147 хоригдол энэ шоронг орхиж, ихэнх нь буюу 81 нь Ойрхи Дорнод, Африк, Арабын хойгийг зорьжээ.

Monday, February 22, 2016

3 мэдээ хийлээ. Өчигдрийнгол материалтайгаа хийчихээрэй



Б.Обама Сирид гал зогсоох тохиролцоонд баяр хүргэв

Америк, Оросын тал Сирид гал зогсоох тохиролцоонд хүрснийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сайшаан баяр хүргэжээ. “АНУ, ОХУ болон Сирийг дэмжих олон улсын бүлгийн бусад хамтрагч гал зогсоох нөхцөл, загварыг ярилцаж тохирсонд Ерөнхийлөгч Обама баяр хүргэж байна” хэмээн Цагаан ордны албаны мэдэгдэлд онцолжээ. Гал зогсоох асуудал дээр Сирийн удирдлага болон зэвсэгт сөрөг хүчнээс нааштай хариу өгч, эвлэрлийн гэрээг бүх талууд шударгаар мөрдөхөөр болсон нь хамгийн гол ололт болж байна хэмээн Б.Обама үзсэн байна. Гэвч Сирид гал зогсоох тохиролцоонд “Исламын улс” болон “Фронт Ан-Нусра” бүлэг оролцоогүй ажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний батлан хэлснээр, Сирид тулалдаж буй талууд хоёрдугаар сарын 27-нээс гал зогсоох гэрээг мөрдөж эхлэнэ. Америк, Оросын цэргийнхэн хамтран гал зогсоолт явагдахгүй нутаг дэвсгэрийг газрын зураг дээр тэмдэглэж, тэнд террорист бүлгүүдийн эсрэг ажиллагааг явуулсаар байх болно хэмээн мэдэгдлээ.

BHP Billiton 5.5 тэрбум долларын алдагдал хүлээжээ

Уул уурхайн олборлолтоор дэлхийд дээгүүр ордог BHP Billiton компани хагас жилийн хугацаанд 5.5 тэрбум долларын алдагдал хүлээснээ мэдэгдлээ. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт компанийн бизнест сөргөөр нөлөөлжээ. Улмаар BHP Billiton хувьцаа эзэмшигчиддээ өгдөг ногдол ашгаа 75 хувиар бууруулахаас өөр аргагүй болж, нэгж хувьцааны үнэ 16 цент болсон байна. Хамгийн сүүлд 1988 онд ногдол ашгийн хэмжээгээ багасгаж байсан юм. Нефть, хий, нүүрсний үнэ 2014 оноос хойш унаж, 2016 оны эхээр уналт түргэсчээ. 2001 онд Британийн Billiton, Австралийн BHP компани нийлж уул уурхайн дэлхийн хамгийн том компанийг үүсгэж байжээ.

Ж.Ассанжийг баривчлах тушаалыг цуцлахыг хүслээ

WikiLeaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн өмгөөлөгчид Шведийн шүүхт хандаж түүнийг баривчлах шийдвэрийг цуцлахыг хүслээ. “Шинэ нөхцөл байдал гарч ирсэн тул өмнө нь гаргасан шийдвэрийг эргэж харах үндэслэл гарч ирлээ” хэмээн өмгөөлөгч Томас Олссон мэдэгдэв.
Хууль бусаар эрх чөлөөг боогдуулж буй асуудлаарх НҮБ-ын ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд Их Британи, Швед улс Ассанжийг 2010 оноос хойш хууль бусаар хорьж, саатуулж байсан гэж үзсэн юм. Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яамыг орхиж, Их Британи, Шведийн эрх баригчдаас нөхөн төлбөр авах эрхтэй хэмээн НҮБ-ын шинжээчид үзжээ. Британийн тал “НҮБ-ын хорооны шийдвэрийг биелүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ассанжийг Шведэд шилжүүлж өгөх үүргээ гүйцэтгэнэ” хэмээн хариу барьсан аж. Шведийн мөрдөгчид Ассанжийг 2010 онд Wikileaks-т сайн дураар ажиллаж байсан хоёр бүсгүйг хүчирхийлсэн гэх хэргээр байцаахыг хүсч байгаа юм. Wikileaks сайт Пентагон, Төрийн департамент болон АНУ-ын төрийн байгууллагуудын нууц материалуудыг нийтэлж нэрд гарсан билээ.

Sunday, February 21, 2016



Боливчууд Эво Моралесийг эсэргүүцэж байна

Боливт Ерөнхийлөгч Эво Моралест дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх боломжийг олгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болж өнгөрлөө. Санал асуулгын урьдчилсан дүнгээр, тус улсын иргэдийн 66.1 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцжээ. 33.8 хувь нь Үндсэн хуульд зохих өөрчлөлт оруулж Моралесийг дахин нэр дэвшихийг дэмжсэн байна. Боливийн Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдсон Э.Моралес дахин нэр дэвшиж өрсөлдөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан юм. Гэвч Боливийн иргэд түүнээс залхсан бололтой, түүнийг дахин төрийн тэргүүнд өрсөлдөхийг дэмжсэнгүй.

Дэлбэрэлтэд 140 хүн амиа алджээ

Сирийн нийслэл Дамаск хотын Саид Зейнаб дүүрэгт дөрвөн дэлбэрэлт болж 83 хүн амиа алдлаа хэмээн төрийн мэдлийн телевиз дамжуулав. Үүний өмнө Хомс хотод халдлага болж 53 хүн амиа алдсаныг Сирийн хүний эрхийн ажиглалтын хорооноос мэдээлсэн юм. Лалын алан хядагч “Исламын улс” бүлэг дээрх хоёр халдлагыг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ. Дэлбэрэлт “Исламын улс” бүлгийг эсэргүүцдэг лалын шашны урсгалынхан амьдардаг дүүрэгт болсон аж. Саид Зейнаб дүүрэгт лалын шашныг үндэслэгч Мохамедийн ач хүүгийн бунхан байрладаг шийт шашны хамгийн ариун, том сүм байдаг ажээ.

Македон Афганистаны иргэдэд хилээ хаалаа

Македон улс Афганистаны иргэдэд хилээ хааж, зөвхөн сири, иракуудыг газар нутаг руугаа нэвтрүүлж байна хэмээн Грекийн цагдаагийн газраас мэдээлэв. Серб улс афган иргэдийг оруулахгүй байгаа тул Македонийн эрх баригчид арга буюу ийм арга хэмжээ авсан хэмээн АР агентлаг уламжилжээ. Македон улс өнгөрсөн бямба гаригаас эхлэн цагаачдыг паспортоо үзүүлэхийг шаардаж, хяналт, шалгалтаа чангатгаад байгаа юм. Өмнө цагаачид зөвхөн Грек улсаас олгосон бүртгэлийн баримт бичгээр Македоны хилийг давж байсан аж. Хил хаасны улмаас Грекийн тал дээр бөөгнөрөл үүсээд байна. Нийтдээ дөрвөн мянга орчим хүн Македоны хил дээр ирээд байгаа ажээ. 


Хүүхдүүд нь танк зурдаг Газын зурвас

-2008 оноос хойшх бүслэн хаалт, Израилийн армийн гурван ажиллагаа 400 мянга орчим хүүхдийг сэтгэцийн эмгэгтэй болгожээ-

Ихад 13 настай, шөнө бүр орноосоо босч гал тогооны өрөө рүү орж хутга авдаг. Дараа нь ах нарынхаа өрөө рүү явж хаалга онгойлгох тэр агшинд эцэг нь зогсоогоод зүүдэлсээр буй Ихадын гараас аюултай хэрэгслийг салгаж авдаг аж. Хэдэн сарын өмнө израиль цэргүүд гэрт нь дайран орж бүх эрчүүдийг нь гаргаад жаахан хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнө дайран доромжилсонд хорсохдоо тэрээр ийнхүү зүүдэн өвчтэй болжээ.
Энэ бол хоёрдугаар интифадын (Ираилийн эсрэг палестинуудын хөдөлгөөн) үед израиль цэргүүд Газын зурваст нэвтэрч тусгай ажиллагаа явуулж байх үеэр сэтгэцийн эмгэгтэй болсон олон мянган палестин жаалын нэг бодит жишээ юм. 2008 оноос хойшх бүслэн хаалт, Израилийн армийн гурван довтолгооны улмаас 400 мянга орчим хүүхэд сэтгэцийн гажигтай болж хоцорсон ажээ. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл тэднийг ийм болгосон юм. Палестины Рафа хотод 18-аас доош насны хүүхдүүдийн сэтгэцийн байдлын талаарх олон улсын хурал болов. Газын зурвас дахь хүүхдүүдийг сэтгэцийн эмчид авчирч үзүүлэхийг уриалдаг ч ээжүүд үүнд тун ч хойрго ханддаг аж. Израилийн бүслэлтэд байдаг Газын зурваст сэтгэцийн эмчийн тусламж шаардлагатай олон хүүхэд байдаг хэмээн сэтгэцийн эмч Юсуф Авадала ярилаа. Ийм хүүхдүүдийг эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй эмч Ханин “Газад сэтгэц нь доголдсон олон хүүхэд байдаг. Бид 10-15 насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эхлээд бид танилцуулга хийж, дараа нь хүүхдүүдэд нааштай болон сөрөг зураг үзүүлж, тайлбарлуулдаг. Палестин хүүхдүүд нааштай, гоё зургийг ч сөргөөр тайлбарлах гээд байдаг” хэмээн тэрээр өгүүлэв.
Израилийн бөмбөгдөлтөд өртөж эрэмдэг болсон гишүүнтэй гэр бүлийн хүүхдүүдэд Гэмтлийн дараахь сэтгэцийн өөрчлөлтийг эмчлэх эмчилгээ хийж байна. “Гэмтлийн дараахь сэтгэцийн өөрчлөлт нь эмнэлэгт хэвтэхээс илүүтэй үр нөлөөг үзүүлж байна. Хүүхдүүд тоглож, эсвэл зурж өөрсдийгөө илэрхийлдэг. Газа хүүхдүүд танк, нисдэг тэрэг, израиль цэргүүдийг зурж байна. Нэг, хоёрдугаар интифадын үеэр хүүхдүүд цус, шархадсан хүмүүсийг цөөн зурдаг байлаа. Харин одоо цуст бөмбөгдөлт, түргэн тусламжийн тэрэг, эвдэрч сүйрсэн байшинг их зурж байна” хэмээн Палестины дүрвэгсдэд зориулсан НҮБ-ын эмнэлгийн сэтгэл судлаач, эмч Утман  ярьж байна.
Нэгэн сорилт дээр палестин жаалуудыг суулгаж хүүхэлдэйн кино үзүүлжээ. Дараа нь зөөлөн тоглоомтой өрөөнд оруулж, үзсэн зүйлээ зурахыг даалгав. Гэтэл хүүхдүүд зөвхөн хүчирхийллийн дүр зургийг нь цаасан дээр буулгасан байлаа. Израилийн бүслэн хаалт дайнаас илүү муу үр дагавартай байгааг энэ нь харуулж байгаа аж. Бөмбөгдөлт, сүйтгэл, хичээл завсардалт, үер, бороо зэрэг байгалийн гамшиг, чингэлэг дамжин амьдрах, хий, цахилгааны хомсдол нь Газын зурвас дахь хүүхдүүдийн сэтгэл, тархинд хамгийн муугаар нөлөөлж байна. “Дайн дууссан ч бүслэн хаалт үргэлжилж, томчууд, хүүхэдгүй бүгдэд хортой нөлөө үзүүлж байна” хэмээн Утман онцлов.

“Хамас” хөдөлгөөн 2006 оны нэгдүгээр сард сонгуульд ялж Газын зурвасыг хяналтдаа авсны дараа Израилийн бүслэн хаалт улам идэвхжсэн билээ. Бүслэн хаалтын бодлого нэг зөөлөрч, нэг чангарч ирсэн ч тэвчишгүй дарамт шахалт доорх байнгын сэтгэгдэл нь Газа дахь иргэдийн, тэр тусмаа хүүхдүүдийн сэтгэцэд өөрчлөлт оруулж байна хэмээн эмч Авадала үзэж байгаа аж. Үүнийг эмнэлгийн хэллэгээр гэмтлийн дараахь үргэлжилсэн синдром хэмээн нэрлэдэг. Израилийн дайралт, довтолгооны улмаас өнчирч хоцорсон хүүхдүүдийн байдал бүр эмзэг байдаг аж.

Wednesday, February 17, 2016

Б.Обама гуравдугаар сард Кубад айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2016 оны гуравдугаар сард Кубад айлчлахаар төлөвлөж байна. Энэ тухай төрийн тэргүүний айлчлалыг мэдэж байгаа эх сурвалж Reuters агентлагт уламжилжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн Кубад хийх түүхэн айлчлал Латин Америкт тархаад байгаа Зика вирусын улмаас хойшлогдож магадгүй хэмээн New York Times мэдээлж байсан юм. Гэвч Цагаан ордны эзэн Гаванад заавал айлчлах бололтой. Б.Обама Кубад очвол АНУ-ын Ерөнхийлөгч сүүлийн 80 жилд анх удаагаа эрх чөлөөний аралд хөл тавих юм. АНУ Кубын хувьсгалаас хойш анх удаа Кубад Америкийн үйлдвэрийг нээх талаар тохиролцоонд хүрчээ. Мөн Кубын экспорт, реэкспортод тавьж байсан хэд хэдэн хязгаарлалтыг цуцлахаар болжээ.

Анкарад дэлбэрэлт болжээ

Туркийн нийслэл Анкара хотод автомашинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас 30 орчим хүн амиа алдаж, 61 хүн шархаджээ. Эрх баригчид энэ халдлагад хэнийг хардаж байгааг мэдэгдсэнгүй. Засгийн газрын төлөөлөгч Нуманы хэлснээр, дэлбэрэлт Батлан хамгаалах яамны төв байрны ойролцоо, цэргийн нийтийн байрны орчимд болжээ. Халдлагын улмаас Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Азербайжанд хийх айлчлалаа хойшлуулав. Мөн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Брюссельд хийж байсан айлчлалаа зогсоож эх орондоо яаралтай буцаж ирсэн байна. НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун Анкара дахь халдлагыг террорист үйлдэл хэмээн буруутгаж, гэмт этгээдүүдийг олж шийтгэх ёстой хэмээн мэдэгджээ.


Гарри Каспаровын талаар мэдэхгүй байж магадгүй зургаан баримт

Гарри Каспаров шатрын дэлхийн аварга болсноос хойш 30 жил өнгөрчээ. Тэрээр хамгийн залуу (22 нас) дэлхийн аварга юм. Түүнийг шатрын түүхэн дахь хамгийн шилдэг тоглогч гэж үздэг билээ. Каспаровын талаар мэдэхгүй байж болох зарим баримтыг дэлгэе.

Еврей гарал

Каспаров 1963 оны дөрөвдүгээр сарын 13-нд Азербайжаны Баку хотод төржээ. Эцэг нь долоон настайд нь нас барсан тул эхийнхээ Гаспарян овгийг авч, дараа нь оросчилж Каспаров болгожээ. Эцэг нь еврей хүн байсан учраас улс төрийн шалтгааны улмаас овгоо сольсон юм уу хэмээн асуухад “Цэвэр гэр бүлийн шийдвэр байсан” хэмээн хариулжээ. “Би ээжийнхээ гэр бүлтэй, өвөөтэйгээ өссөн. Намайг хагас еврей, хагас армян гэж бүгд мэддэг байсан. Гарал үүслээ нуугаад байх ямар ч шаардлага байгаагүй” хэмээн Каспаров өгүүлж байв. ЗХУ задарсны дараа Каспаров Оросын иргэншилтэй болжээ. 1990 онд Азербайжанд армянуудын эсрэг үзэл дэгдсэний улмаас гэр бүлийн хамт Москвад шилжиж иржээ.

Ээжийн голлох үүрэг

Каспаров аав, ээжийгээ шатар тоглож байхыг харсаар таван настайдаа шатар тоглож сурчээ. Хоёр жилийн дараа ээж нь өнчин хоцорсон хүүгийнхээ сэтгэлийг сэргээхээр шатрын дугуйланд оруулжээ. Ээж Клара нь хүүгээ дэлхийн аварга болгохын тулд автомат зэвсгийн инженерийн ажлаа орхисон хэмээн Каспаров ярьдаг. Тэр үед шатрын авъяаслаг тоглогчид хамгийн тохиромжтой газар нь ЗХУ байсан юм. Өрнөдөөс оюун ухаанаараа илүү гэдгээ харуулах нэг талбар нь шатар байсан билээ. 1976 онд (13 настайдаа) ЗХУ-ын өсвөрийн шатрын бүх тэмцээнд түрүүлж, 14 настайдаа сайн шатарчин болно гэдгээ ойлгосон гэдэг. “Би сайн гэдгээ, бүр онцгой гэдгээ мэдэж байсан” хэмээн Каспаров ярьж байлаа.

Таван сар үргэлжилсэн тулаан

Каспаров 1984 онд дэлхийн аварга Анатолий Карповтой аваргын төлөө тоглох эрх олж авлаа. Москвад болсон тоглолтод хэн түрүүлж зургаа хожсон нь аварга болох байв. Карпов 3, 6, 7, 9-р өрөгт хожсон ч дараагийн өргүүдэд тэнцсээр 27 дахь өрөгт тав дахь хожлоо авчээ. Карпов аваргаа хамгаалах нь бараг тодорхой байсан ч Каспаров 32 дахь өрөгт анхны хожлоо авч, 48 дахь өрөгт гурав дахь хожлоо авч харьцааг 5-3 болгожээ.
Ийнхүү тэдний тулаан таван сарын турш үргэлжлэхэд Олон улсын шатрын холбооны тэргүүн Кампоманес тэдний эрүүл мэндийг хамгаалж байна хэмээн тулааныг ялагчгүйгээр зогсоох шийдвэр гаргажээ. Карпов энэ хугацаанд 10 кг турж, Каспаров өрсөлдөгчөөсөө илүү сайн харагдаж байсан юм. Хоёр тоглогч хоёул тэмцээнээ үргэлжлүүлэх хүсэлтэй байсан тул дээрх шийдвэр ихээхэн маргаан дагуулсан билээ.

Даагаа нэхэв

Дараа жил нь Москвад даагаа нэхэхээр ирлээ. Олон улсын шатрын холбоо дэлхийн аваргын тоглолтын форматыг батлахаар Тунист хуралдаж, өмнөх форматаар цагийн хязгаартай, гэхдээ хамгийн ихдээ 24 өрөг тоглуулах шийдвэр гаргажээ. 24 өрөг тоглоод тэнцсэн тохиолдолд тэр үеийн дэлхийн аварга Карпов цолоо хамгаалж үлдэх байв. Тулаан 1985 оны есдүгээр сарын 3-нд Чайковскийн театрт эхэлж Каспаров 24 дэх өрөгт хараар тоглож хожсоноор 13-11 харьцаагаар хамгийн залуу дэлхийн аварга болсон юм. Тэрээр аварга болсныхоо дараа “El Pais” сонинд ярилцлага өгөхдөө Кампоманесийг “Дарангуйлагч” хэмээн нэрлэжээ.

Улс төрийн тэмцэл, цөллөг

Каспаров Оросын Ерөнхийлөгч В.Путинийг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг болсон юм. 2005 онд Иргэний нэгдсэн фронтыг байгуулж, Өөр Орос эвслийг толгойлж чөлөөт, шударга сонгуулийг шаардахын тулд сөрөг хүчнүүдийг нэгтгэх оролдлого хийж байв. 2007 оны дөрөвдүгээр сард нэгэн жагсаалд оролцох гэж яваад баривчлагдаж, тусгай албаныханд байцаагджээ. Тэрээр Орост хэд хэдэн удаа баривчлагдаж байв. Өөр Орос намын нэр дэвшигчдийг парламентын сонгуульд өрсөлдөхийг хориглосны дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж цагдаагийн хамгаалалтын сэтлэх гэж оролдсоныхоо төлөө тав хоног хоригдох ялаар шийтгүүлжээ. 2007 оны арванхоёрдугаар сард сонгуульд өрсөлдөх боломжгүй гэдгээ мэдээд улс төрийн тэмцлээ орхихоор шийдлээ. 2013 онд ОХУ дахь амьдрал нь аюулд орсон хэмээн үзэж сайн дураараа АНУ руу дүрвэжээ.

Харь гаригийнханд барьцаалагдсан нь


Каспаров 2014 онд Олон улсын шатрын холбооны тэргүүнд санаархав. Гэвч тэрбумтан Кирсан Илюмжиновт ялагдсаныхаа дараа саналыг луйвардсан хэмээн үзэж, Илюмжиновыг Оросын Ерөнхийлөгч Путиний ойрын хүн хэмээн буруутгажээ. “Энэ бол шатрын бус, улс төрийн тулаан” хэмээн Каспаров хэлсэн аж. Илюмжинов Каспаровыг “Харь гаригийнханд барьцаалагдсан хүн. Харь гаригийн хүмүүс түүнийг аварга том хөлгөөр өөр гариг руу аваачсан” хэмээн ярьсан юм.

Tuesday, February 16, 2016



Өмнөд Солонгост Америкийн сөнөөгч онгоцууд иржээ

Хойд Солонгос цөмийн туршилт хийж, пуужин харвасны дараа Өмнөд Солонгост АНУ-ын нисэх хүчний дөрвөн F-22 Raptor сөнөөгч онгоц иржээ. Радарт илэрдэггүй тав дахь үеийн сөнөөгч онгоцууд Кёнгидо муж дахь АНУ-ын цэргийн Осан нисэх хүчний баазын дээгүүр нам өндөрт нисч өнгөрчээ. Үүнээс өмнө Өмнөд Солонгосын тал хойдуудын довтолгооноос хамгаалахын тулд гурван ЗРК Patriot пуужинг байрлуулсан юм.
Пхеньян нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, хоёрдугаар сард пуужин харвасны дараа дэлхий нийттэй харилцах нь харилцаа нь дахин хурцдаад байна. Хойд Солонгосыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэмээн Өмнөд Солонгос, Хятад, Орос, АНУ, Австрали, Япон улс мэдэгдээд байна.

Онц байдлыг тавдугаар сарын 26 хүртэл сунгав

Францын парламент онц байдлыг дахин гурван сараар буюу тавдугаар сарын 26 хүртэл сунгажээ. 212 депутат дэмжиж, 31 нь эсэргүүцсэн байна. Парис хот 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд аймшигт халдлагад өртөж 130 хүн амиа алдсаны дараа Францад онц байдал зарласан юм. Дахин халдлага гарах магадлал их байгаа хэмээн үзэж байгаа аж. Онц байдлын хуулиар, ямар ч хүнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, мөн сэжигтэй орон гэрийг нэгжих боломжийг олгожээ. Арваннэгдүгээр сараас хойш гурван мянга гаруй байшин барилгыг нэгжиж, 578 зэвсэг хурааж, 340 хүнийг саатуулж, 285 хүнийг гэрийн хорионд оруулаад байна.

Б.Обама: Трамп Ерөнхийлөгч болохгүй, би Америкийн ард түмэнд итгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэрбумтан Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёсгүй хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ. “Ноён Трамп Ерөнхийлөгч болохгүй гэдэгт би итгэсэн хэвээр байна. Учир нь би Америкийн ард түмэнд үнэхээр итгэж байна” хэмээн Обама ярьжээ. “Улс орны Ерөнхийлөгч гэдэг тун амаргүй ажил. Энэ бол ток-шоу, эсвэл реалити-шоу ч биш. Маркетинг ч биш. Энэ бол хүнд ажил” хэмээн нэмж хэлжээ. Зөвхөн Дональд Трамп бус, мөн Бүгд найрамдах намын өөр нэр дэвшигч нарын үг, мэдэгдэл маргаан дэгдээж байгааг тэрээр онцоллоо. “Трамп лалын шашны эсрэг үзлийг дэвэргэж магадгүй. Бусад нэр дэвшигчдийн үг ч түгшүүр төрүүлж байна” хэмээн Цагаан ордны эзэн хэллээ. Трамп хамгийн сүүлд Мексикийн хил дагуу найман тэрбум доллараар хана хэрэм босгох санал дэвшүүлсэн нь ихээхэн маргаан дэгдээж байна. 


Израиль газар доорх хонгилыг устгах аргыг хайж байна

Газар дор ямар нэг юм хөдөлж байна. Сүүлийн хоёр долоо хоногт лалын “Хамас” бүлгийн зэвсэгт жигүүрийн 11 гишүүн Газын зурвас дахь газар доогуурх хонгил нурсны улмаас “ажлын ослоор” амиа алджээ. Израилийн хил дээрх тосгоны оршин суугчид гэрийн ойролцоо “хачирхалтай дуу чимээ” гарсныг илчилж байгаа юм. “Хамас”-ын пуужингаас илүүтэй зэвсэгтэй этгээд хонгилоос шууд гал тогооны өрөө рүү нь гарч ирэх вий хэмээн айдаг аж. Газар доорх доргилт дайны бөмбөрийг нүдэж байна. “Хамас”-ын тусгай нэгтгэлийн мянга орчим цэрэг өдөр бүр хонгил ухаж, Израилийн цэргүүд нүх сүв болгоныг нууц хонгил байх вий хэмээн хардах болов. “Газар доорх хонгилын аюул заналхийллийн өмнө манай тагнуулын алба урьдчилан сэргийлэх нууц ажиллагаа явуулж байгаа” хэмээн Израилийн армийн тэргүүн, генерал Гади Эйзенкот өгүүлэв.
Израиль улс Газын зурвас, Египетийн хилийн доогуур байдаг олон зуун хонгилыг устгах гэж олон жил оролдож байгаа юм. Египетийн эрх баригчид Синайн хойгийг Палестины дайчидтай холбодог 1200 орчим хонгилыг устгаж байсан билээ.  “Хамгаалагч зурвас” тусгай ажиллагааны явцад Израиль улс өөрийн газар нутаг руу орж ирсэн 33 хонгилыг устгаснаас хойш “газар доорх цаган бөмбөг”-ийг идэвхгүй болгох шинэ технологи бүтээхийн тулд хэдэн зуун сая доллар зарцуулаад байна. Газар доорх нүх, хонгилыг илрүүлж, барилгын ажлыг нь “зогсоодог” технологийг израилиуд боловсруулж байгаа аж. Батлан хамгаалах яам 400 орчим санал, санаачилгыг судалсны дараа энэ онд зохих арга хэлбэрийг олно хэмээн найдаж байгаа аж.
“Бид ард түмнээ хамгаалж, Аль-Акса сүмийг чөлөөлөхийн тулд Газын зурвас даяар хонгил барих болно. Бид ариун газруудыг чөлөөлөхөөс нааш зосгохгүй” хэмээн Палестины босогчдын лидер Исмаил Хания мэдэгджээ. Хания “Гал зогсоох нь унтах, амрахад бус, харин Израильтай цаашид хийх тулгаралтад бэлтгэнэ гэсэн үг. Газын зүүн хэсэгт баатрууд хонгил ухаж, баруун хэсэгт нь пуужин харвах сургуулилт хийдэг” хэмээн хэлж байсан удаатай. 2006 оны дайнаас хойш “Хезболла” бүлэг газраас пуужин харваж, газар доорх хонгил дээр суурилсан партизаны дайныг Израилийн эсрэг хэрхэн өрнүүлэх “хичээл”-ийг “Хамас”-т заасан юм. Өнөөдөр Газын зурвасаас Египетийн хилийг өнгөрүүлэн ухсан олон хонгил нь гэрэл цахилгаантай, харилцаа холбоотой болжээ. Өндөр нь хоёр, өргөн нь 1.5 метртэй хонгил 25 метрийн гүнд байрлана. Тель-Авив дахь трамвайнаас ч хурдан барьдаг “Хамас”-ын бүтээн байгуулалт нь лалын бүлгүүдэд Израилийн нисэх хүчний довтолгооноос бултах, мөн газар дээр гаралгүйгээр Израилийн өмнөд нутаг руу пуужин харвах боломжийг олгодог. Лалын террористууд 2006 онд газар доорх хонгилоор Израиль руу нэвтэрч хоёр цэргийг алж, Гилад Шалитыг барьцаалснаас хойш Тель-Авив хонгилуудад ихээхэн анхаарал хандуулах болж, Израилийн талд илэрсэн хонгил бүрийг устгаж иржээ. Газын зурвасыг хянадаг “Хамас” бүлэг тэдгээр хонгилоор зэвсэг, техник, хууль бус бараа зөөхдөө зөвхөн Израилийн эсрэг үйл ажиллагаа явуулахад ашигладаг аж. “Тэд Газын зурваст ирж байгаа цементээр байшин барихын оронд Израилийн эсрэг хонгил барихад л ашигладаг. Лалын босогчдын ийм үйлдлийн улмаас Газын зурвасын хоёр сая хүний амьдрал огт дээшилдэггүй” хэмээн Израилийн армийн тусгай ажиллагааны дарга, генерал Ницан Алон ярилаа.

Израилийн тал одоогоор Газын зурваст гал зогсоогоод байгаа ч энэ тун хэврэг, эмзэг эд юм. Учир нь, лалын босогчдын довтолгооноос сэргийлэхийн тулд нэг хонгилыг бөмбөгдөх юм бол гал зогсоох гэрээ зөрчигдөнө. Бөмбөгдөхгүй бол газар доогуурх хонгил нэмэгдсээр, террористууд алан хядах ажиллагаандаа ашигласаар байх нь ойлгомжтой. Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху энэ тал дээр ацан шалаанд ороод байгаа юм.

Monday, February 15, 2016



Иран ОХУ-аас зэвсэглэл худалдан авахыг хүсч байна

Москвад хүрэлцэн ирсэн Ираны Батлан хамгаалахын сайд Хосейн Дехган ОХУ-ын сайд Сергей Шойгу, Дмитрий Рогозин нартай уулзаж цэргийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцав. Тегеран ОХУ-аас найман тэрбум долларын зэвсэг, техник худалдан авах хүсэлтэй байна. Тэд Су-30СМ загварын сөнөөгч онгоц, сургуулилт-байлдааны Як-130 нисэх онгоц, Ми-8, Ми-17 нисдэг тэрэг, “Бастион” пуужингийн цогцолбор, дизель-цахилгаан шумбагч хөлөг авахаар төлөвлөжээ. Гэвч цэргийн салбар дахь хамтын ажиллагаанд хоёр хүчин зүйл саад болж магадгүй. Иран эдгээр зэвсэглэлийг зээлээр авах сонирхолтой байгаа ч Москва эдийн засаг дахь хямралынхаа улмаас бэлэн мөнгөөр арилжих сонирхолтой байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231-р тогтоолоор Иранд зэвсэг нийлүүлэхийг 2020 он хүртэл хориглосон байгаа. Тиймээс ОХУ энэ хугацаанаас өмнө Иранд зэвсэг, техник нийлүүлэх боломжгүй юм.

2016 онд Германд 500 мянган дүрвэгч ирнэ

2016 онд улс оронд 500 мянган дүрвэгч ирнэ хэмээн Германы Засгийн газар таамаглаж байна. Германы Дотоод хэргийн сайд Томас де Мезьер Цагаачлал, дүрвэгсдийн товчооны тэргүүн Франц-Юрген Вайст хандаж 2016 оны дүрвэгсдийн урсгалд бэлтгэлтэй байхыг уриалжээ. 2015 онд Сири, Ойрхи Дорнодын дайн самуунаас дүрвэсэн нэг сая орчим цагаач Европт орж ирсний 350 мянга нь Германд ирсэн юм. НҮБ-ын элч Жорж Клуни, гэргий Амаль Клунийн хамтаар Германы канцлер Ангела Меркельтэй Европ дахь дүрвэгсдийн асуудлаар ярилцжээ. Берлины эрх баригчид 2016 онд дүрвэгсдийг хүлээж авах, байрлуулах, нийгэмшүүлэхэд 50 тэрбум евро зарцуулахаар төлөвлөсөн байна.

Имельда Маркосын үнэт эдлэл дуудлага худалдаанд

Филиппины тэргүүн хатагтай асан Имельда Маркост харъяалагдаж байсан 21 сая доллараар үнэлэгдэх үнэт эдлэл дуудлага худалдаанд тавигдахаар болжээ. Тэдгээрийн дотор 25 каратын маш ховор ягаан алмааз байгаа аж. Ерөнхийлөгч Фердинанд Маркос 1986 онд эрх мэдлээсээ зайлуулагдсаны дараа хатагтай Имельда Маркосын үнэт эдлэлийн цуглуулгыг эрх баригчид хурааж авсан юм. Имельда үнэт эдлэлийн дуудлага худалдааг эсэргүүцэж байна. Филиппины Засгийн газар дуудлага худалдааг яаралтай зохион байгуулах хүсэлтэй байгаа бололтой. Учир нь бага Фердинанд Маркос сонгуульд ялж дэд ерөнхийлөгч болвол дуудлага худалдааг цуцалж магадгүй байгаа юм. 



Усан доорх хот, газар доорх өндөр барилгууд: 100 жилийн дараа амьдрал яаж өөрчлөгдөх вэ

Технологийн аварга компани Samsung-т харъяалагддаг SmartThings фирмийн уран барилгачдаас бүрдсэн баг, Их Британийн Вестминстерийн их сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтөн 100 жилийн дараа хэрхэн амьдрах талаар сонирхолтой судалгаа хийжээ. 100 жилийн дараа усан доорх хот, газар доорх “тэнгэр баганадсан” барилгууд, хэвлэдэг хоол хүнс бий болох уу?

Усан доорх хот

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 2116 онд усан доорх “Бөмбөлөг хот”-ууд бий болж, бидний үр хүүхэд далай дотор амьдрах боломжтой болох ажээ. Далай, тэнгис доторх эдгээр хотод маш хурдан барьж, босгодог технологи давамгайлахаас гадна нисгэгчгүй онгоц хэрэглэж аж. “Бөмбөлөг хотыг байгуулахад хамгийн тохиромжтой газрыг хайх болно. Далай дор хот байгуулах нь ирээдүйн амьдралын нэг хэсэг байх болно” хэмээн судалгааны удирдагчдын нэг, сансар судлаач Магги Адерин-Покок ВВС-д ярилаа. “Усаар хүрээлсэн шумбагч цамхаг дотор амьдарч буй мэт л байх болно” хэмээн эрдэмтэн, шинжээчид баталж байна.

Газар доорх өндөр барилгууд

100 жилийн дараа тэнгэр баганадсан барилгууд зөвхөн газар дээр дээшээ биш, мөн газар доор ч дээшээ ургана хэмээн судлаачид өгүүлж байна. Газар доор 25 давхар барилга барих боломж гарч ирнэ хэмээн үзэж байгаа аж. “Хотууд өргөжин тэлж, олшрохын хэрээр амьдрах шинэ орон зай хэрэгтэй болно. Тиймээс далай тэнгисийг ашиглах нь зайлшгүй” хэмээн Адерин-Покок онцоллоо.

Нисдэг байшин

Ойрын ирээдүйд нисдэг байшин гарч ирнэ хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл дрон буюу нисдэг төхөөрөмжөөр байшингаа зөөж дуртай газраа аваачих ажээ. “Аварга том дроны тусламжтайгаар бидний байшин нисч, дуртай газраа очдог болно. Хээр, ууланд, өөр улсад ч юм уу амарч, зугаалахад гэртэйгээ хамт явдаг болно. Гэр, байшингаа тээвэрлэж, гэртэйгээ хамт зугаалдаг болно” хэмээн Адерин-Покок ярилаа.

Хэвлэдэг хоол хүнс, байшин


Гурван хэмжээст хэвлэгчийн хэрэглээ хөгжсөөр хоол хүнс, байшин барилгыг ч хэдхэн хормын дотор интернэтээс “татаж” хэвлэж гаргах боломжтой болно хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Жишээ нь, хачиртай талхыг хэвлэгч машинаар хэвлэж гаргаад л идэх ажээ. “Саяхан Хятадад нэгэн үзэсгэлэн дээр зөвхөн 3D хэвлэгч болон хавтан ашиглаж 24 цагийн дотор нэг өрөөтэй арван байшин барьж байсан. Ухаалаг эсийн хувьсгал ухаалаг гэрийн хувьсгалын эхлэлийг тавьж, бидний амьдралын хэв маягт тун нааштай өөрчлөлт авчрах болно” Их Британи дахь SmartThings-ийн ажилтан Жеймс Морган өгүүлж байна. Хоол хүнсний тухайд, хэрэглэгчид шилдэг тогоочийн цэснээс харж байгаад дуртай хоол хүнсээ гэртээ хэвлэж гаргах аж. Эцэст нь, технологийн хөгжлийн ачаар хүн төрөлхтөн сансар огторгуйг байлдан дагуулж, эхлээд сар болон Ангараг гаригийг, дараа нь огторгуйн өөр газруудыг эзлэх ажээ.